-Энэ өдрийн мэндийг хүргэе. “Хамгийн азтай үе” кинонд Болд АНУ-д найман жил амьдраад эх орондоо ирдэг. Харин өөрөө БНХАУ-д найман жил амьдарсан юм билээ?
-Баярлалаа. Би Багануур дүүргийн хүүхэд. Нэг эгчтэй, айлын бага. Намайг бага ангиа төгсөхөд манайх хот руу шилжиж ирсэн. Дараа нь 12 настайдаа урд хөршид дунд сургуульд сурсан юм. Анх БНХАУ-ын Эрээн хотод хоёр жил хэлний бэлтгэлд хамрагдсан. Тухайн үеэс л биеэ дааж эхэлсэн байх. Хятадын ахлах, дунд сургуулиуд хагас цэрэгжилтийн дүрэмтэй гэж хэлэхэд болно. Хичээл нь маш шахуу хуваарьтай ордог болохоор 06:30-22:00 цаг хүртэл тасралтгүй хичээлээ хийдэг. Хэлээ сурчхаад Бээжингийн “Ритан” ахлах сургуульд элссэн. Төгсөөд 2011 онд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Харбин хотын их сургуульд барилгын инженерийн ангид сурсан.
-Хятадад амьд хөгжмийн хамтлагтай байсан юм билээ. Багаасаа хөгжим тоглодог байсан уу?
-Харбинд монгол найзуудтайгаа нийлээд амьд хөгжмийн “Domates” нэртэй хамтлаг байгуулсан. Манай аав төгөлдөр хуур, гитар тоглодог. Би аавынхаа хөгжмийн авьяасыг өвлөсөн гэж боддог. Манай хамтлаг анх жижиг уушийн газруудын эздээс зөвшөөрөл аваад тоглодог байлаа. Төгсөх курстээ тодорхой тооны сонсогчтой болсон. Анх би соло гитар тоглодог байснаа дараа нь басс гитарчин болсон. Сүүлдээ төгөлдөр хуур тоглосон. 2015 оны хавар гэхэд манай хамтлаг 50 юанийн такстай тоглолт хийх хэмжээнд оччихсон шүү. Хятадад их сургуулиа төгсөөд 2015-2017 онд “Буянт-Ухаа” орон сууцны хороолол баригдахад мэргэжлээрээ 20 мянган метр.куб талбайд хяналтын инженерээр ажилласан. Энэ үедээ дуу хөгжмөөс түр холдсон л доо. Ажиллах хугацаандаа урд хөршөөс шилэн хоолой анх нэвтрүүлж, Монгол Улсын стандартад бүртгүүлсэн. Тухайн үед Монголд шилэн хоолой ашигладаггүй байсан юм. Мөн ажлынхаа хажуугаар Худалдаа, аж үйлдвэрийн танхимд гадаад худалдааны менежер мэргэжлээр сурсан. Өнгөрсөн онд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт дахин тэнцсэн. Одоо Бээжингийн технологийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрын ангид сурч байгаа. Саяхан хамтлагийнхаа Э.Сэргэлэн найзтайгаа хамтарч “Puzzle” гэдэг дуу гаргасан.
“Хамгийн азтай үе” киноны Болд, Азтайзаяад тоглох жүжигчнийг нэлээн удаан хугацаанд хайсан юм билээ. Өөрөө кино багийнхантай хэрхэн холбогдсон бэ?
-Анх зургийн дарга Б.Мөнхзул эгчээр дамжуулж кино багийнхантай холбогдсон. Дараа нь Н.Байгал найруулагчтай холбогдож, онлайнаар проб өгсөн. Намайг төрийн шагналт, дуучин Д.Болдын “Бидний амьдардаг ертөнц” дуу (“Хамгийн азтай үе” киноны дундуур дуулдаг)-г дуулж байгаа бичлэг явуул гэсэн. Дараа нь киноны хоёрдугаар ангид гардаг дүрэм танилцуулдаг хэсгийг жүжиглээд бичлэгээ явуулсан. Тухайн үед Бээжинд найруулагчийн мэргэжлээр сурдаг “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Чука (Б.Болорчулуун) найзаасаа тусламж гуйж, хамт бэлдээд бичлэгээ явууллаа. Гэтэл хоёр долоо хоног өнгөрсөн ч хариу ирэхгүй болохоор нь мэргэжлийн жүжигчин биш болохоор намайг хасчихлаа гэж бодсон (инээв). Гэтэл долоо хоногийн дараа гол дүрд сонгогдлоо гэсэн баяртай мэдээ ирсэн.
-Тухайн үед ямар мэдрэмж төрсөн бэ?
-Маш их баярласан. Зохиолоо уншсаны дараа Болдын дүр надад маш ойрхон, би энэ дүрийг гаргаж чадна гэж санагдсан. Үзэгчид манай киног шимтэн үзэж байгаатай адил би кино зохиолоо уншиж эхлэхдээ л амтанд нь орчихсон. Бүр эхлүүлсэн өдрөө 16 ангитай зохиолоо нэг дор уншиж дууссан.
-Болдын дүр Маргадаас юугаараа өөр вэ?
-Болдын дүр түргэн ууртай. Уурлахаараа хашхирч загнадаг. Би тэгж гадагшаа уурладаггүй болохоор уурладаг хэсгүүдэд тоглох хүнд байсан. Манай кино багийнхан зураг авалтын дараа даруухан хүүхдийг хэрүүлч, тайван хүнийг ууртай болгочихлоо гэж хэлсэн. Кино зохиолд Болдын дүр туранхай гэж бичигдсэн учир би зураг авалт эхлэх хүртэлх 23 хоногт долоо кг турсан. Мөн би харааны шил зүүдэггүй. Харин Болд хараа муутай. Би анх шилэндээ дасаагүй. Тиймээс кино багийнхантай анх уулзсан үеэсээ л байнга харааны шил зүүж өөрийгөө дасгасан. Зураг авалт эхлэхийн өмнө 20 орчим хоног уншлага хийхдээ ч шилнээсээ ерөөсөө салаагүй.
-Хэрвээ Болдод тохиолдсон шиг чиний хайртай хүн найзтай чинь үерхсэн бол яах байсан бэ?
-Надад тийм зүйл тохиолдсон бол хайртай хүнийхээ сонголтыг хүндэлнэ. Гэхдээ тухайн хүндээ цаг алдалгүй сэтгэлээ илчилнэ. Болд Азтайзаяад хайртай болсноо бүр сүүлд хэлдэг. Харин би хайртай хүндээ шууд сэтгэлээ илчлэх зүрх зоригтой.
-Болд цөөхөн найзтай. Харин та хэр олон найзтай вэ?
-Би маш олон найзтай. Жинхэнэ найз ямар байдгийг найзууддаа үлгэрлэхийг хичээдэг. Мөн “Хамгийн азтай үе” кинонд Билгүүний дүрд тоглосон О.Самданпүрэв, Тэмкагийн дүрд тоглодог С.Гэндэнжамц бид гурав амьдрал дээр ч найзууд. Самдаатай долоон жил, Гэндэнжамцтай дөрвөн жил найзалж байгаа. Би анх их сургуульд элсэхийнхээ өмнө Самдаатай танилцсан. Сүүлд кино багийнхантай уулзахдаа Самдааг хараад, хамт кинонд тоглохоор болсноо мэдээд бөөн баяр болсон.
-Өөр найруулагч нараас кинондоо тоглуулах санал ирвэл зөвшөөрөх үү?
-Би кино урлагт дуртай. Тиймдээ ч энэ урлаг ирээдүйд миний амьдралын салшгүй нэг хэсэг байгаасай гэж хүсдэг. Би цаашдаа эзэмшсэн мэргэжлээрээ ажиллана. Гэхдээ дахин боломж олдвол кинонд тоглох хүсэл бий. Сониноос урд хөршийн жүүсний брендийн нүүр царай болох, рекламд тоглох санал хүлээж аваад гэрээ хийсэн. Ирэх есдүгээр сард зураг авалтад орно.
-Та БНХАУ-д найман жил сурч, амьдарсан одоо ч сурч байгаа. Хятад орон өөрт тань ямар сэтгэгдэл үлдээсэн бэ?
-Анх Хятадад очихдоо дунд сургуулийн хүүхэд байсан. Тухайн үед аав ээжийгээ, гэрээ санах гээд хэцүү зүйлс байсан. Гэлээ ч тэр бүгдийг даван туулж, ахлах сургуулиа дүүргээд их сургуульд элсэж, төгссөн. Энэ хугацаанд би Хятад улсаас юуг олж харсан бэ гэхээр тэр том улс олон сая иргэнээ удирдаж буй төрийн бодлого нь агуу. Урд хөршөөс суралцах зүйл олон байдаг. Монгол Улсаа хөгжүүлье гэвэл бид хажуу дахь том гүрнээсээ тодорхой хэмжээнд үлгэр дууриалал авах хэрэгтэй. Тухайлбал, тэр олон сая хүн хэрхэн эв нэгдэлтэй амьдарч чадаж байна гэх мэтчилэн бидэнд байхгүй давуу талыг олж хараад өөрийн оронд хэрэгжүүлээд явбал зүйтэй санагдсан. Өнөөдөр гадаадад сурч буй оюутан залуус нийгмээ, улсаа хөгжүүлэхийн тулд гэрээсээ, гэр бүлээсээ хол байгаа гэж боддог.
-Монголчууд, хятад хүнээс юугаараа илүү давуу талтай вэ?
-Хятад хүмүүс маш тууштай. Тиймдээ ч нэг мэргэжил эзэмшээд өмнөх ажлаа төгс хийдэг. Гэтэл 2-3 мэргэжил эзэмшсэн, 2-3 ажил хийдэг монгол хүн олон байдаг. Энэ бол монгол хүнд байдаг давуу тал, авьяас чадвар гэж хэлэхэд болох байх. Гэтэл миний ажигласнаар Хятадад тийм хүн цөөхөн юм билээ.
Мөн Азийн бусад орон хүн ам ихтэй учир багаасаа л сайн сурч, хичээлээ байнга давтаж бэлдэхгүй л бол хүссэн бүхэн их сургуульд элсэж чаддаггүй. Их сургуульд элссэнийхээ дараа ч дөрвөн жил өдөр бүр номын санд сууж, хичээлээ давтаж өөр хоорондоо өрсөлдөж байж их сургуулиа төгсөнө. Цаашлаад бакалавраа төгссөн бүх оюутанд үргэлжлүүлэн магистрт сурах боломж гардаггүй. Тиймээс олон сая хүнтэй улсын иргэд багаасаа зорьж буй зүйл, хийж буй ажилдаа төвлөрч тууштай байдаг. Энэ зан чанар, дадлыг монгол залуус эзэмшээсэй гэж боддог.
-Гадны оронд сурч, амьдарч байгаад эх орондоо ирсэн залуус шүүмжлэлтэй ханддаг. Өөрийн тань хувьд тийм сэтгэгдэл төрж байв уу?
-Хүний нутагт удаан хугацаагаар сурч, амьдарна гэдэг тийм ч таатай амьдрал биш. Мэдээж эх орон гэдэг бол энэ дэлхийн хамгийн сайхан газар орнуудын нэг. Өндөр хөгжилтэй оронд сурч, амьдарч байгаад амралтаараа эх орондоо ирэхдээ тухайн газартайгаа харьцуулж харах тохиолдол бий. Миний хувьд гадны улсад амьдарч байгаад ирсэн хүмүүс эх орноосоо болж бүтэхгүй зүйлс олж харвал шүүмжлээд өнгөрөх бус өөрчлөхийг эрмэлзэх хэрэгтэй гэж боддог. Учир нь би энд байгаа асуудлын шийдлийг гадны оронд очоод харчихсан учраас ингэж засаж, янзалж болох юм байна гэж харьцуулж хардаг. Түүнээс гадаад гоё, Монгол муухай гэж шүүмжилж болохгүй байх. Тиймээс гадны оронд сурч, ажиллаж, амьдарч байгаад ирж буй хүн бусдыгаа уриалах хэрэгтэй, үүрэгтэй гэж боддог.
-Аав, ээжийгээ хамгийн ихээр хэрхэн баярлуулж байв?
-Оюутан байхдаа л баярлуулсан гэж боддог. Яагаад гэвэл би эрт биеэ даасан л даа. 16 настайгаасаа эхлэн санхүүгийн хувьд хараат бус болсон. Гадаадад сурахад санхүүгийн хувьд асар өндөр зардал гарна. Би БНХАУ-ын Засгийн газрын 100 хувийн тэтгэлгээр бакалавр, магистрт сурсан. Сурахынхаа хажуугаар хамтлагаараа жижиг, том тоглолт зохион байгуулаад орлогоороо хэрэглээний мөнгөө олчихдог байсан. Тийм дээ ч аав, ээж миний төлбөр болон бусад санхүүгийн асуудалд санаа зовдоггүй байсан болохоор баярладаг байсан байх.
Ер нь аав, ээж нар хүүхдийнхээ амжилтаар бахархаж баярладаг. Тиймээс онц сурах, зөв дадал хэвшил эзэмших, ажилдаа амжилт гаргах нь аав, ээжийнхээ ачийг хариулж буй үйлдэл гэж боддог. Мөн “Хамгийн азтай үе” кинонд тоглоход аав, ээж хоёр бөөн баяр болсон. Одоо орой болгон аав, ээж хоёр намайг хажуудаа суулгаад хамтдаа киногоо үздэг.
Ээж залуудаа модел байсан юм. Багаасаа кинонд тоглохыг мөрөөддөг байсан. Миний хүү ээжийнхээ мөрөөдлийг биелүүллээ гэсэн.
-Энэ жил нэлээн одтой байгаа юм байна?
-Тиймээ. Би БНХАУ-д сурдаг гадаад оюутнуудын дунд зохион байгуулдаг “Хятад хэлний од” тэмцээнд энэ жил орж байгаа. Хятаддаа нэлээд томд тооцогддог, нэг жилийн хугацаанд дөрвөн үе шаттай зохион байгуулагддаг тэмцээн. Эхний хоёр шатыг амжилттай давж, топ-60 оролцогчийн нэг болсон. Ирэх аравдугаар сард болох хагас финалд орох эрхээ авсан байгаа.
-Амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Хүн чанартай, бусдад муу санахгүй байх, эргэн тойрныхоо хүмүүсийг хүндэлж, бусдын итгэлийг алдахгүй байхыг хичээдэг. Мөн хийсэн шиг хий, хариуцлагатай бай гэж гэрийнхэн минь надад захиж хэлдэг байсан.
-“Role model” бий юу?
-Теслагийн гүйцэтгэх захирал Илон Маскын намтрыг уншсан. Сүүлийн үед ном сайн уншиж байгаа. Илон Маскаас үлгэр жишээ авдаг. Хүн хүсч зоривол бүтэхгүй зүйл байхгүй гэдгийг Илон Маск нотолж чадсан.
-Бусдаас сонссон хамгийн үнэтэй, мартдаггүй зөвлөгөө юу вэ?
-Нэг удаа аав надад залуу хүний цаг хугацаа хязгаартай байдаг гэж хэлээд ширээн дээр таван аяга, устай сав тавьсан. Энэ таван аяга чиний гэр бүл, хичээл сургууль, найз нөхөд, урлаг, спортын хобби. Чи нэг өдөрт энэ савтай уснаас зөвхөн таван дуслыг л хүссэн аягандаа хийнэ. Таван дуслаа таван аягандаа хийх үү эсвэл хамгийн чухал гэсэн аягандаа илүү олон дуслыг хийгээд бусдыг нь хоосон орхих уу чиний дур гэж хэлж байсан. Энэ зөвлөгөөг баримталснаар цаг хугацааг маш үр дүнтэй өнгөрөөдөг болсон.
-Чи аль “аяга”-нд илүү олон “дусал” хийсэн бэ?
-Хичээл сургууль, сонгосон мэргэжилдээ илүү их цаг хугацаа зарцуулдаг.
-Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе.
-Анх тоглосон уран бүтээлийг минь эерэгээр хүлээж авсан үзэгч нарт баярлалаа. Миний кинонд тоглоод олж авсан хамгийн гоё мэдрэмж бол үзэгчдээс тавьж буй дүн, өгч буй үнэлгээ. Миний урам зоригийг усалсан мөн надад итгэж, тодорхой хэмжээний эрсдэл хүлээж гол дүрээр сонгосон, кино багийнхандаа маш их баярлалаа.
Г.Маргад: “Хамгийн азтай үе” кинонд тоглосноор ээжийнхээ мөрөөдлийг биелүүлсэн | ||
Үзсэн: 21451 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.