Шууд Chart

Хүчирхийлэл хэмээх “Бөөсөн ороолт”-оо тайлцгаая № 1

2014-02-25 11:05:31

- Нийгмийн зан төлөв дэх бодит байдлыг тунгаан үзэхгүйгээр ирээдүйн зөв баримтлалыг хэрхэн харж чадах  билээ-

Хүчирхийлэл гэж юу бэ?

Онол талаасаа гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь нөгөөгөө хүч, эрх мэдлээр давамгайлж бие болон сэтгэл санаа, бэлгийн харилцаа, эдийн засгийн хувьд хохирол учруулж, санаатайгаар доромжлон хүч хэрэглэж байгаа үйлдэл  гэх.  
 
Харин миний зүгээс маш энгийнээр, хоёрхон үгэнд багтаан тодорхойлж болмоор санагдана. Хүчирхийлэл гэгч чухамдаа “Бөөсөн ороолт” юм.
 
Ахуй талаасаа бодох ахул бид ороолтыг хүйтэн сэрүүний улиралд даарч хөрөхгүйн тулд, халуун дулаан цагт дал мөрөө наранд түлчихгүйн тулд ороох буюу зүүдэг. Басхүү гангараа, гоёл чимэглэлүүдийн утгыг хаяж болохгүй. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд ороолт нь хүний ХҮСЛЭНТ хэрэгцээ болж таарна.
 
Харин миний бодож олсон Хүчирхийлэл хэмээх үгний илэрхийлэгч утга болох “Бөөсөн ороолт” гэгч бол бүсгүйчүүдийн энгэр цээжинд өөрийн дураар авирч, нэг л байр сууриа тогтоогоод авбал өвөл зунгүй зүүгдээстэй явдаг “этгээд”. Цаг минут урагшлахын хэрээр тэрхүү бөөсөн ороолт улам бүр зузаарч, үржин олширч, паразит хэлбэрээр өөр бусдад тархан суурьшсаар байдаг, хүний ХҮСЛЭНТ БУС хэрэгцээ юм.
 
Эр эмийн хооронд илжиг бүү жороол – нийтийн сэтгэлгээн дэх зан төлөв
 
1.      Ард иргэд
 
Хэрэгцээ гэхээр их л бүдүүлэг, хэт өрөөсгөл санагдаж магад. Гэвч бодит байдал дээр хажуу айлынх нь нөхөр эхнэрээ зодож, хүүхэд нь уйлсаар байхад хөршүүд нам. Тийн бүгэх зуураа “Тоосоо гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ”, “сайн эхнэрийн тоосыг сардаа нэг гөв” гэх аяны юм ярьсан шигээ сууцгаана. Энэ бол гэр бүлийн амьдралд хүчирхийлэл гэгч их, бага хэмжээгээр байх ёстой гэх үзлийг бодгаль хүмүүс өөрсдөө хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.
 
Нөгөө талаас, гэр бүлийн хүчирхийллийг үнэхээр байж болохгүй гэж үздэг хувь хүмүүс байдаг. Харамсалтай нь тэдний ихэнх нь уг асуудал дээр ихэд цөхөрсөн, дуугаа хураасан байдалд орсон байх нь бий. Учир нь, нөхөртөө хэдэн цагийн турш зодуулж буй эмэгтэйг өмөөрч, хаалга үүдийг нь тогшин, цагдаагийн байгууллагад өгснийхөө төлөө өнөөх эмэгтэй нь түүн рүү “Бидний амьдрал чамд ямар хамаатай юм. Хэн чамайг цагдаа дууд гэж хэлээв” хэмээн дайрч доромжлох, нөхөр нь цохиод авах нь энүүхэнд.
 
Тэгэхээр гэр бүл дэх хүчирхийллийг нэг их юманд боддоггүй нийгмийн нэгэн хэсэг, эсэргүүцдэг хэдий ч өөрөө эргээд хохирогч болж амаа үдүүлдэг нөгөө талууд “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэх үгэн дээр яв цав нийцэн зогсжээ. Өөрөөр хэлбэл, энэ л  үг хүний эрх үүрэг, хариуцлагаас ч илүү нөлөөллийг үзүүлсээр байна. 
 
Энэ нь нийт олны буюу нийгмийн сэтгэлгээ болж, он удаан жилийн туршид төлөвшин тогтсон учраас гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх ард түмний үүрэг оролцоо хомс хэвээр байна.
 
2.      Төрийн үйлчилгээ үзүүлэгчид
 
Өөрөө нөхөртөө зодуулж, хөөрхий үр хүүхэд нь айн дагжиж байх ахуйд 102 руу залгаж аврал эрэхэд “Өөрсдөө учраа ол” гээд харилцуураа таслах тохиолдол цөөнгүй. Тэр ч байтугай гэр бүлийн тухай хуулийн 14.4 дэх хэсэгт "Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсвэл учирсан нь тогтоогдсон бол шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцална" гэсэн заалт байсаар байтал гэрлэсэн цагаасаа хойш нөхөртөө зодуулсан эмэгтэйд эвлэрлийн хугацааг шүүгч нь өгчих жишээтэй.
 
Тухайлбал, 2012 онд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нэгэн эмэгтэй олны нүдэн дээр нөхөртөө хутгалуулж амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Хохирогч эмэгтэй шүүхэд нөхрөөсөө салах өргөдөл гаргахдаа түүний харгис үйлдлийн тухай хангалттай баримтууд дурдсан байхад шүүгч хоёр сарын эвлэрүүлэх хугацаа өгснөөр бүсгүй амиа алдах шалтгаан нь болсон. Бүр тодруулбал, мэргэн шүүгчийн эвлэрлийн хугацаа дуусч дараагийн удаагийн шүүх хуралд ирж байх замыг “хүчирхийлэгч” амдан байж хөнөөсөн.  
 
Энэ эмэгтэй нөхөртөө эрх хязгаарлах арга хэмжээ авахуулахаар удаа дараа шүүхэд хандсан боловч мөн л  шүүгч “нотлох баримтгүй” гэх шалтгаанаар буцаасаар байсан.
 
Өөрөөр хэлбэл, хүчирхийлэлд өртөгч хэн нэгэн төрийн үйлчилгээ үзүүлж буй ажилтан дээр хөх няц болтлоо зодуулсан, тархи толгойгоо хагалуулсан, үе мөчөө хугалуулсан байдалтай очвол тэр нь нотлох баримт болох юм байх.
 
Гэтэл бүрэг ичимхий монгол эмэгтэйчүүд нөхөртөө зодуулсан үедээ гэрээсээ гарахаас ч ичдэг. Хөх няц болтлоо зодуулсан үедээ хоолойтой цамц өмсөж, хар нүдний шил зүүгээд нөхрөө худлаа магтсаар явдаг зан араншинтай. Тийм хүмүүс нотлох баримт нь энэ байна гээд хуулийнхны өмнө очих уу? Хүчирхийллийн далд хэлбэр яг ийм нөхцөл байдлаас үүдээд нам дараастай олон жил болох нь бий. Нэг хандаж үзээд, зүрх нь үхсэн эмэгтэй дахин төрөөс өмгөлөөлөл хүсэх итгэлгүй болчихдог.
 
Эндээс 102-ын утас авч байгаа цагдаагийн албан хаагч, шүүхийн дүгнэлт үйлдэж буй шүүгч нь хүртэл “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэх үгтэй мах цусаараа эвлэрдэг гэсэн дүр зураг харагдана.
 
3.      Хууль эрх зүйн орчин
 
Гэр бүлийн хүчирхийллийн төрлийн гэмт хэрэгт Монгол Улс ял өгдөггүй тогтолцоотой. Утгачилбал, он удаан жил эхнэрээ зоддог байсан этгээд хуулийн өмнө очлоо ч түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж тооцохгүй. Харин тийн тэссээр явснаа нэг л өдөр тэсрээд, нөхрийнхөө амь насыг хөнөөж орхисон үед нь хүн амины хэргээр яллаж орхино. Хүн амины хэргээр ял эдлэж буй эмэгтэйчүүдийн 80 хувийнх гэмт хэргийн түүх ийм.
 
Монгол Улс 2004 онд  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-тай http://www.legalinfo.mn/law/details/227 болсноор төр нь гэр бүлийн хүрээнд иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалах үүрэг хариуцлагыг албан ёсоор хүлээх болсон. Гэтэл энэ үүрэг хариуцлагыг төр үүрэх нь битгий хэл, өөгшүүлэх, хүчирхийлэл үйлдэгчийг дураар нь тавих эрхзүйн орчинг үүсгээд өгчихсөн болж таарч байна.
 
Эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй  “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” нь ердөө 20 зүйлтэй.  Уг хууль  хэт ерөнхий, шүүхийн шийдвэрийг хэн, хэрхэн, яаж биелүүлэх зэрэг процедурын шинжтэй арга хэмжээнүүдийг орхигдуулсан, уг хууль батлагдсантай холбогдуулан бусад дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулаагүй зэрэг шалтгааны улмаас хүчирхийлэлд өртөгчдийг улам бүр аюулд ороход хүргэдэг.
 
Тиймээс л хууль нь байхад яагаад хохирогч хамгаалагдаж чадахгүй байгаа шалтгаан нь тодорхой болж ирнэ. Хууль эрхзүйн орчинтой холбогдох маш олон асуудал байгаа хэдий ч эндээс товчлон сийрүүлж гол санаан дээрээ очмоор санагдлаа.
 
Асуудлыг илүү тодорхой нүдэнд харагдахуйц болгох үүднээс Ард иргэд­ + Төрийн үйлчилгээ үзүүлэгчид + Хууль эрх зүйн орчин гэсэн гурван багцад ангилан бодит байдалд дүгнэлт хийж үзэхийг зорив.
 
Гаргалгаа нь, эдгээр бүхэл цул эсүүд өнөөх л “Эр эмийн хооронд илжиг бүү жороол” гэх үзэл дээр нэгдсэн нь харагдана. Ингэж явсаар бид нэг л мэдэхэд нийт олноороо хүчирхийлэгч хэмээх бөөсөн ороолтоор хүсээгүй мөртлөө дал мөрөө давхарлан ороолгуулсан байна. Бүр төр засаг, хууль хяналт, ард иргэд нийтээрээ шүү. Хаанаас хийсээд ирсэн нь мэдэгдэхгүй энэ л илжиг жороолдоггүйн үлгэрээс болоод ийн боймлуулахад хүрч.
 
Хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдэд тусалж буй бодит байдал
 
Төрийн зүгээс хүчирхийлэлд өртөгсдөд туслах зорилгоор гурван цэгт “Нэг цэгийн үйлчилгээ” гэх нэртэй хэлтсүүд ажиллуулж эхэллээ гэж ирээд баахан шоу хийсэн. Гэтэл бодит байдал дээр эдгээр төвүүд өнгөрсөн оны 12 дугаар сард гарсан Н.Алтанхүүгийн гэх аймшигт хэргийн үеэр  үйл ажиллагаа нь бүрэн зогссон байв. Тэрхүү байдлыг нь  холбогдох албаныхан нь бараг л мэдээ ч үгүй сууж байх жишээтэй. 
 
Шүүх эмнэлэг, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгүүд дээр “Нэг цэгийн үйлчилгээ” үзүүлэхээ болиод гурван сар болж байгаа бол ГСҮТ дээр байрлаж байсан өрөө нь засварт орох нэрийдлээр ажил нь саармагжсан байв. Эдүгээ харин ажил нь жаахан  жигдэрч үйл ажиллагаа нь үргэлжилж байна .Үйлчилгээ үзүүлдэг  ажилчид нь бүгд давхар ажилтай  гэх.
 
Улмаар “Нэг цэгийн үйлчилгээ”-нд хандан түр хамгаалах байр хүссэн иргэд зөвхөн гурав хоног байрлах боломжтой бөгөөд хоол ундыг нь үйлчилгээний ажилчид эр зоригоороо олж өгдөг гэж байгаа. Тодруулбал, тухайн эмнэлгийн хэвтэн эмчлүүлэгчдийн хоолноос авч өгдөг. Тусгайлан төсөвлөсөн ямар ч мөнгө байхгүй болохоор тэр.
 
Төр үнэхээр харамсмаар муу ажиллаж байгаагийн бодит жишээ энэ. Хүний эрх тэгш байдал, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааны талаар олон нийтийн мэдээлэл туйлаас бага. Гэр бүлийн хүчирхийэлтэй тэмцэх тухай хууль байдаг гэдгийг ч бараг мэддэггүй, агсам согтуу тавьсан нөхрөө хааяа нэг эрүүлжүүлэх дуудаж өгөхөөс өөр арга мэддэггүй, сүрдүүлгэн дор амьдарч буй эмэгтэйчүүд  рүү чиглэсэн төрийн бодлого үгүйлэгдсээр байгаа юм.
 
Нөгөө талд цагдаа дуудаад ирэхгүй, шүүгч нь бодит байдлыг харгалзан үзэхгүй болохоор аргаа барж, амьд явах гэсэндээ эмэгтэйчүүд нэг л байгууллагад хандана. Тэр нь “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”. Иргэд энэ байгууллагын талаар буруу ойлголттой явдаг. Үндэсний гэх үг орсон нэг их том данхайсан нэртэй болохоор нь тус байгууллагыг төрийн өмчийн гэж боддог бололтой. Тэгээд нэг хэрэг мандахаар “Танайх юу хийж байсан юм бэ” гэж шуурна.
 
Анх 1995 онд ХЭҮТ-д 29 хүн хандаж байсан бол 2013 онд хоёр мянга гаруй хүчирхийлэлд өртөгсөд хандсан байх жишээтэй. Тэдгээрийн ная гаруй хувь нь 18-55 настай гэх судалгаа сүүлийн хэдэн сарын турш гарч байна.
 
18-55 нас гэгч Монгол эмэгтэйчүүдийн хувьд аз жаргалтай сайхан гэр бүлийн амьдралыг цогцлоож, үр хүүхдийнхээ төлөө хөдөлмөрлөж явдаг цаг. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэлд өртөж буй ихэнх эмэгтэйчүүд “гэр бүлийн”   бүлэгт хамаарч байна. Далд хэлбэрийг гурван айлын нэг нь гэсэн тооцооллоор баримжаа гаргавал толгой эргэмээр их тоо гарна.
 
ХЭҮТ-ийнхөн хамгаалах байр, зөвлөгөө өгөх утасны санхүүжилт зэргээ Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамнаас өгдөг өчүүхэн бага мөнгийг эс тооцвол  мөн л эр зоригоороо, гадны хандив тусламжаар олдог.
 
Ийнхүү Монгол улсын хүн амын ихэнх  тал нь амьдарч буй Нийслэл хотын хэмжээнд ХЭҮТ-ийн хамгаалах байр ердөө 20-хон ортойгоор нийслэлд дэх хүчирхийлэлд өртөгчдөө хамгаалж байсан. Харин саяхан Хууль зүйн яамнаас санхүүжүүлж  Нийслэлийн цагдаагийн газрын харьяа Хүүхэд хамгаалал, хаяг тогтоох төвийн дотуур байрны найман өрөөг хохирогчийг хамгаалах байрны стандарт, “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн зөвлөмжийн дагуу засварлан тохижуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдыг хамгаалах байр болгосон байгаа.
 
Цаашлаад тус төв 16 аймаг, нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайхад салбараа ажиллуулж байгаагаар Монгол Улсын хүчирхийлэлд өртөгчдөө хамгаалсан байдал өндөрлөх шатандаа орно.
 
Байдал ийм л байна. Бодит байдлыг тунгаан үзэхгүйгээр ирээдүйн зөв баримтлалыг хэрхэн харж чадах билээ. Тиймээс л хүчирхийллийн өнөөгийн байдал, нийгмийн ухамсар, төлөвшил үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц ноцтой асуудал болсон гэдгийг нь энд хэлэх нь зүйтэй болов уу. 
 
Түүнчлэн эр эмийн хооронд илжиг жороолдгүйн үлгэрээр ард иргэд, төрийн үйлчилгээ үзүүлэгчид, хууль эрхзүйн орчин нь өвчилсний улмаас Хүчирхийлэл хэмээх бөөсөн ороолт хоолой дээр тулсан хутга лугаа өнөө маргаашийн амьдралд заналхийлсээр байгааг эхний нийтлэлдээ онцлосноор, өндөрлүүлье.
 
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Хүчирхийлэл хэмээх “Бөөсөн ороолт”-оо тайлцгаая № 1  
Үзсэн: 5330 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-02-28 01:14
Ene yyl n ih zøw sedew! Daanch ichinnorow ene hergiig zowhon ooriin ner hundiin toloo ashiglaj bga n tyn haramsaltai! Ter balai show hiigchiig oroltsuulahgui bwal ene hereg baga zereg ch gesen ajil boloh bh
Ariunzaya Urtbayar [112.72.11.xxx] 2014-02-25 19:51
tiimdee minii naiz ih zuw asuudal barij awchee daraa daraagiin niitleldni amjilt husie. ene asuudald nileed nuhatstai handah tsag irsen baih shuu daanch hiiheesee iluu yrihni ih humuus shu dee manaihan chin
203.194.116.xxx [203.194.116.xxx] 2014-02-25 16:52
Сайн уу? Энэ нийтлэлийг бичихдээ ямар хугацаа зарцуулсан бэ? Мөн ямар ямар баримт, эх сурвалж ашигласан бэ гэдгийг л сонирхмоор байна. Хариуг bmaa010@gmail.com ruu өгч болох уу?
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-02-25 15:42
jinhene mongol huuliar bol er emin hoorond iljig buu jorool gedgiimaa odoogiin ger buliin huulias j deer huuli sh dee
202.70.33.xxx [202.70.33.xxx] 2014-02-25 15:06
Хөдөө орон нутагт амьдарч буй эрчүүдэд оюуны хөрөнгө оруулалт дутагдаж байгаа нь харагдсан шүү. Тэднийг энэ талаар хөгжүүлэх нь "эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг хамтдаа" гэх уриалга бага ч гэсэн биелэлээ олох байх.
Saranrtuya Suren [202.21.117.xxx] 2014-02-25 12:52
Эмэгтэйчүүд хүүхдүүд хүч мөхөс учраас тэнэг эрчүүд эр бяр гаргадаг. Тиймээс хамгаалалт заавал хэрэгтэй
202.179.20.xxx [202.179.20.xxx] 2014-02-25 11:49
erchuud yagaad huchirhiileld ortdogui yum bolooo yagaad iim baga huvitai bnaa. setguulchee chi bas neg l ontsoos haraad ban uu daaa

Бидэнтэй нэгдээрэй