![](/uploads/201402/news/thumb/b1f6ff4c037c9eb04fb7997d1541a531_x3.jpg)
-Сонгуулийн сурталчилгаа, чихэр жимс, эд барааны гоё сайхныг шүлэг мэт цээжлүүлдэг сурталчилгааны хүчтэй өгөөжийг "хүчирхийллийг үл тэвчих" зан төлөвт хэрхэн ашиглаж болох гарцыг энэ мэтээр хайж болно-
Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбогдох асуудлуудын хүрээнд ЭХНИЙ нийтлэлээ өнөөгийн нийгмийн зан төлвийн гажуудалтай холбон бичсэн.
Тэгвэл энэ удаад эгэл жирийн ард иргэд, төрийн үйлчилгээ үзүүлэгчид хийгээд хууль эрхзүйн орчинг өвчлүүлсээр байгаа нийгмийн зан төлвийн гажуудлууд үүсэж буй шалтгаан нөхцлүүдийн тухай, тэдгээрээс хэрхэн ангижрах арга замыг төрийн бодлогын хүрээнд өөрчилж болох гарцуудыг эрэлхийлэхийг зорилоо.
Хэрэгцээ байна, хүсэл байна. Тэднийг уулзуулаад өг
Гэр бүлийн сэтгэл зүйчээр дагнан ажилладаг эмэгтэйгээс “Таны үйлчлүүлэгчдийн дунд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд байдаг уу” гэж асуухад шууд л толгой сэгсрээд “Тийм хүмүүс, ХЭҮТ дээрээ л очдог байх” гэж хэлсэн нь туйлаас хүнлэг бус сонсогдож билээ. Гэвч бүгдийг тийн хамруулж болохгүй.
Манай улсад сэтгэлзүйчид мэргэжлээрээ ажиллах хүсэл байгаа хэдий ч орчин нөхцөл муу, ажлын байр цөөн гэхчилэн асуудлаар байнга гомдоллодог. Үйлчлүүлэгчийн хүрээлэл гадны орнуудыг бодвол харьцангуй бага. Сэтгэлзүйчдийн үйл ажиллагааг нийтэд хүртээмжтэй байдлаар идэвхжүүлэх тал дээр төрийн зүгээс анхаарахыг уриалсаар байна.
Нөгөө талд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүд хэн нэгэнд зовлонгоо ярьж, цээжээ уужруулснаар зөв шийдвэр гаргах, хууль эрхзүйн зөвлөгөө авахтайгаа болдог. Сэтгэлзүйчид тэдэнд ус, агаар мэт хэрэгцээтэй байгаа.
Тэгвэл төрийн зүгээс иргэнийхээ эрхийг хамгаалах үндсэн үүргийнхээ дагуу тэднийг уулзуулах арга зам, бодлогоо зөв тодорхойлж, орчин нөхцлөөр нь хангаад өгчих боломжгүй юу гэсэн асуулт гарч ирнэ. Мэдээж, тэр олон сэтгэлзүйчийг төрийн албан хаагч болгочих нөхцөл бололцоо байхгүй, орон тооны асуудал батална гэвэл бүр худлаа.
Зохицуулж болох гарц нь энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй сэтгэлзүйчдээ нэгтгээд иргэний нийгэм, төрийн бус байгууллагын зохион байгуулалтад оруулчих хэрэгтэй. Тэгээд л “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-д /уг хуулийн 11.1- 12.2.3/ зааснаар болон бусад хуулиудын дагуу эрх, үүргийг нь илүү боловсронгуй байдлаар тодорхойлоод өгчих юм.
Ингэснээр гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, эмэгтэйчүүдийн хувь хүний эрх, эрх чөлөөгөө дээдлэн үзэх үзэл зэрэг асуудалд Монгол Улс нэг шат ахина гэх гэрэл харагдана.
Түүнчлэн ХЭҮТ-ийн зүгээс сэтгэлзүйчидтэй хамтран ажиллах орчин нь нээлттэй байдаг. Дан ганц сэтгэлзүйчид гэлтгүй хуульч, өмгөөлөгчдийг энэ үзэл баримтлалаар татан оруулах боломжийг мөн үүсгэх хэрэгтэйг дурдая.
Сургалтыг бүгдэд
Сургалт гэхээр манайхан хүчирхийлэгч этгээдийн зан төлвийг өөрчлөх, хүчирхийлэлд өртсөн хохирогчийн хууль эрхзүйн мэдлэгт анхаарлаа хандуулсан шинжтэй зөвхөн тэдэнд зориулсан сургалт зохион байгуулах тухай яридаг.
Гэтэл үгүй юм байна. Жишээ татъя. Иргэн Б хааяа архи уусан үедээ эхнэрээ ганц нэг гөвчихдөг. Маргааш нь цагааддаг. Тэгээд л амьдрал урсдагаараа л урсана. Дахин давтагддаг. Эхнэр гомдож, туних ч тэгсгээд өнгөрнө. Яг энэ тохиолдолд эхнэр нөхөр хоёул гэр бүлийн хүчирхийлэл гэгч чухам юу юм гэдгээ өөрсдөө огт мэдэхгүй байна гэсэн үг. Тэдний хувьд эрхээ хамгаалуулах, албадан саатуулах асуудлууд бол бүүр хол.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 13.1-д зааснаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, эмнэлгийн мэргэжилтэн албан үүргээ биелүүлж байх үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй байгаа нь илэрхий болсон тохиолдолд цагдаагийн байгууллага, боломжгүй бол нутгийн захиргааны байгууллагад мэдээлэх үүрэгтэй” гэжээ. Өмнөх ажлаа арай ядан аргалж, чадваргүйгээрээ дуудуулдаг багш, баг, хороодын эмч, цэцэрлэгийн багш нар иргэн Б-ийн нүдэндээ нулимстай хүүг анзаарах уу. Анзаарлаа ч тэд энэ хуулийн заалтыг мэддэг эсэх нь асар эргэлзээтэй.
Баг, хороо бүрт ажиллаж буй нийгмийн ажилтнуудын чадавхи, тэдний хууль эрхзүйн мэдлэгийн түвшин өнөөдөр хэт доогуур байна.
Цаашлаад цагдаа нар хүчирхийлэл гарсан айлд дуудлагаар очоод баахан хэрүүл сонсоод эцэст нь бүр залхаж “Өөрсдөө учраа ол. Гэр бүлийн маргааныг бид шийдвэрлэхгүй” гээд яваад өгнө. Сайндаа нөхрийг нь эрүүлжүүлэхэд хүргэж өгөх төдийхөн. Маргааш нь хүчирхийлэл үргэлжилдгээрээ үргэлжилнэ.
Шүүгч нар гэртээ орохоос ч айдаг, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа эмэгтэйчүүд салах өргөдлөө бариад очиход эвлэрэх хугацаа өгөх буюу хүчирхийлэлд өртөж буй нь нотлох баримтгүй шалтгаанаар тусгаарлах арга хэмжээ авахаас татгалзана. Тэд хуулийн заалт байсаар байтал, гажсан шийдвэр гаргах нь олонтаа.
Хөршийнхөө эхнэрийг хэдхэн цаг уйлж, ёолоод байхад цагдаа дууддаг иргэн хэд билээ, бас л ярилтгүй. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэл үйлдэгч, өртөгч, иргэд, цагдаа сэргийлэх, багш, эмч, шүүгч, хууль боловсруулагчдыг алийг нь ялгаварлалгүйгээр сургалтад хамруулах шаардлагатэй байгааг хэлээд байна. Тэдэнд өөрсдийн албан тушаалын онцлогоос хамаарч, эрх үүргийнхээ дагуу хүчирхийлэлд өртсөн иргэнд ямар туслалцаа үзүүлэх ёстой байдгийг нь хэлж өгөх, ухуулан таниулах үйл хэргийг бүхэл бүтэн аян, шинэчилсэн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах хэрэгтэй мэт.
Гэхдээ нийт олноор нь албадан аваачаад, цаас харандаа бариулж суулгахгүйгээр...
Олон нийтэд чиглэсэн “гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих” агуулга бүхий мэдээ, мэдээлэл, сургалт, танин мэдэхүйн шинжтэй мессежүүдийг хүргэх нь зохистой хэлбэрийг олох нь зүйтэй.
Ингэхийн тулд...(тодруулсан хэсгээс уншина уу)
Хувийн хэвшлүүдтэй найзлая - үүрэг хүлээх систем
Хувийн хэвшил гэхээр их өргөн цар хүрээтэй. Энд төр сайн менежер байгаад тэдэнд харилцан ашигтай зарчмаар ажил хэрэг өрнүүлэх механизмыг боловсруулж өгөх үүргээ системтэйгээр хийх санааг тусгаж байна.
Нийгэмд үзүүлдэг нөлөөллийн хэмжээнээс хамаарч, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа телевизүүдийг онцлон жишээ авлаа.
Телевизүүд өнөөдөр ийм нөлөөллийг үзүүлж байгаа. Гадны олон ангит кинонууд суваг алгасахгүй гарна. Кинон дундуур явдаг олон рекламууд тэдний амьдрах эх үүсвэр нь болдог. Дэлгэцийн бүтээлүүд гэмт хэргийн, хүчирхийллийн, бэлгийн зохисгүй харилцааны талаар өгүүлэмжүүдийг хэт нарийвчлан тусгаж өгсөн байдаг.
Үүнийхээ үр шимээр бидний хүүхдүүд хүн хөнөөх, эхнэрээ араар нь тавих, бүдүүлэг хараал хэлэхийг “энгийн үзэгдэл” болгон харж сурч, сэтгэж эхэлж байна. Алив муу муухайг бага наснаас нь өгсүүлээд жигшүүлж өсгөдөг байсан Монгол ухаан тэртээд шидэгджээ. Мөн энэ л тархи угаалтад автсан томчууд нь “ухаанаа нарийсгасаар”.
Гадны орнуудад хориглогддог хүүхэлдэйн кинонууд манайд чөлөөтэй, хаанаас яаж авсан мэдэгдэхгүй асар их сөрөг контентуудыг орчуулаад эфирт цацаад л байдаг.
Эдгээр бүх байдлыг Төр харсаар байгаа ч юу ч хийж чаддаггүй. Ямар ч хяналт тавих систем, төрийн бодлогын нөлөөлөл тэнд байхгүй.
Тэгвэл нэг ийм арга байна. Олон ангит кинон дундуур гардаг тоо томшгүй рекламуудын завсар “гэр бүлийн хүчирхийллийг үл тэвчих” зан төлөв рүү чиглэсэн танин мэдэхүйн реклам, сурталчилгаа явж байя л даа. Цаашлаад реклам цацуулж буй арилжааны компаниудтай ч бодлогын хүрээнд зохицон ажиллаж болох арга замыг нэвтрүүлэх. Түүнчлэн эфирийн тодорхой цагт энэ сэдвээр хэлэлцүүлэг, баримтат нэвтрүүлгүүдийг бэлтгэн гаргаж байхаар тусгаж ч болох. Бусад байгууллагуудыг татан оролцуулах.
"Өег нүнжиг тослогтой өтгөн сайхан цэвэр сүү" гэдэг рекламыг манай орны хүн бүр мэднэ. Хүүхдүүд яг ингэж дуржигнатал хэлээд, сүү нэхдэг. Яг ийм нөлөөллийг үзүүлэх арга хэлбэрийг яриад байгаа хэрэг. Сонгуулийн сурталчилгаа, чихэр жимс, эд барааны гоё сайхныг шүлэг мэт цээжлүүлдэг сурталчилгааны хүчтэй өгөөжийг "хүчирхийллийг үл тэвчих" зан төлөвт хэрхэн ашиглаж болох гарцыг энэ мэтээр хайж болно.
Өөрөөр хэлбэл, төр хувийн хэвшлүүдийн эдийн засгийн эрх чөлөөт байдлыг хөндөхгүйгээр үүрэг хүлээлгэх системийг хуулийнхаа хүрээнд боловсруулан гаргаж ирэх гарц байна.
Мэдээж энэ санаа маш дураараа сонсогдоно. Гэхдээ үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, монгол хүний сэтгэлгээний онцлогт харшилсан олон арван кино, контентуудыг ямар ч хараа хяналтгүй нэвтрүүлж байгаагийнх нь төлөө ийм хэмжээний тулгалтыг төрийн зүгээс яагаад хийж болохгүй гэх өнцгийг онцлоё. Яг яаж хамтрах вэ гэдгээ л сайн боловсруулах хэрэгтэй.
Хэнийг ч бүү ялга
Хүчирхийллийн эсрэг нэгдэх санал, санаачилгатай, үйл ажиллагааны зорилтот чиглэл бүхий хувь хүн, албан байгууллагыг хөхиүлэн дэмжих үйлсийг уриалагч нь ТӨР ӨӨРӨӨ байх учиртай.
Иргэд ихэнх төрийн байгууллагуудын бүтэн нэр, хаяг байршлыг бараг мэддэггүй. Хамгийн түгээмэл үйлчилгээ үзүүлдэг дүүрэг,
нэгдсэн эмнэлгүүд дээрээ төөрөх шахам явцгаана. Хажуудах хүнээсээ асуусан лавласан, үйлчилгээнийх нь горимыг мэдэхгүй гайхсан иргэд тэрүүгээр нэг.
Энэ юуг хэлээд байна бэ? Иргэдэд төрийн үйлчилгээний горим, стандартын талаарх мэдээлэл маш бага хүрч байна л гэсэн үг. Өдөр тутам үзсээр байгаад цээжилж орхидог реклам шиг нь тодорхой байдаггүй юм аа гэхэд үйл ажиллагааны хүрээг нь нийтэд нээлттэй, ил тод, мэдээлэлтэй байх тал дээр анхаарах нь чухал болчихоод байна.
Яг үүнтэй нэгэн адил гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсөд чухам хаана, хэнд хандаж болох, хүний эрх, жендэрийн тэгш бус байдлын талаарх мэдээлэл үйлчилгээг хаанаас авч болохыг тэр бүр мэдэхгүй байна.
Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг өнөөдөр цөөн хэдхэн иргэний нийгэм, хүний хөгжил, жендэрийн асуудал хариуцсан төрийн болоод ТББ-ууд нуруун дээрээ үүрээд явж байгаа. Эдгээр байгууллагуудын нийтэд чиглэсэн үйл ажиллагааны зардал, санхүүжилтийн асуудлууд нь асар бүрхэг байдлаар тусгагддаг. Эсвэл эр зоригоороо олдог байдлыг нь халах, тэдгээр байгууллагуудыг дээр дурдсанчлан хувийн хэвшлүүдтэй нягт холбоотой ажиллах эрхзүйн орчинг бүрдүүлж өгөх тал дээр төр үүргээ гүйцэтгэх орон зай дутагдаж байгаа юм.
Айл бүрийн хаалгыг тогших тандалт судалгаа
Гэр бүлийн хүчирхийллийн далд хэлбэр бол хэн хүний толгой өвтгөсөн асуудал. Тэр дундаа хөдөө орон нутагт энэ байдал газар авч, уламжлалт ёс мэт оршин тогтносоор байна.
Сүүлийн гурван жилийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 43 хүн амь насаа алдаж, 982 хүн гэмтэж хохирсны 87 хувь нь эмэгтэйчүүд байна. Энэ бол зөвхөн ил байгаа тоо баримт. Гэр бүлийн хүчирхийллийн далд хэлбэрийг илчлэх тандалт судалгаа, хөдөө орон нутаг дахь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендэрийн тэгш бус байдлыг халах ажлуудыг эрчимжүүлэх үүднээс дахиад л өнөөх олон нийтийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого үгүйлэгдэж байна. Тэр дундаа хүчирхийллийн далд хэлбэрийг илрүүлэхэд тухайн оршин суугаа газраа мэдэх сайн дурын иргэдийн оролцоо нэн чухал юм. Энэ хүрээнд хөдөө орон нутаг, нийслэлийн хороо, хэсгүүдэд ажиллах хууль эрхзүйн мэдлэг бүхий сайн дурын ажилтнуудыг цалинжуулан ажиллуулах системийг бий болгох боломж нөхцлийн талаар төр санаачлага гаргах хэрэгтэй.
Түүнчлэн хөдөө орон нутаг, тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд, архидалтын хүрээнд хүчирхийллийн далд хэлбэр ноёрхож байгаа талаар тандалт судалгаа байдаг. Тэгвэл эрхэлсэн ажилтай, албан тушаалын боломжийн нөлөөлөл бүхий иргэд хүчирхийллийн далд хэлбэрийг жинхэнэ утгаар нь үйлдэж, нийгэмд эмх замбараагүй бэлгийн харилцааг үүсгэх эх суурийг тавиж байгаа гэдгийг мартаж болохгүй. Тэрхүү чиглэлд тандалтын судалгааг тухайн байгууллагын үйлдвэрчний эвлэлээр дамжуулан тодорхой хугацааны үечлэлтэйгээр “Таны эргэн тойронд хүчирхийлэлд өртөж байгаа хэн нэгэн байна уу” гэсэн агуулгын дор явуулж болох талтай.
Далд хэлбэрийг илрүүлэх нь эргээд хүчирхийллийг таслан зогсоох үндэс суурь нь болж өгнө гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй.
Хууль эрхзүйн орчин бүхнийг удирдана
Дээр яригдсан бүх асуудлууд эргээд хууль эрхзүйн орчин, бодлого хөтөлбөр дээр эргэн зангидагдаж, төрийн үйлчилгээний хүртээмжээр нийтэд түгэх учиртай.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэнэ. Түүнчлэн уг хууль батлагдсантай холбогдуулан бусад дагалдах хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхлэх буй за.
Ямартай ч бид дээрх хуулиудаас хүчирхийлэгч этгээдийг гэмт хэрэгтнээр тооцон, хуулийн хариуцлага хүлээлгэдэг байх, тусгаарлах үйлчилгээ, хохирогчид үзүүлэгч төрийн үйлчилгээний хүртээмж, голч байдал зэрэгт эрс өөрчлөлт гарна гэж найдаж байгаа.
Хамгийн гол нь энэ асуудалд Монгол улс эзэнгүй айл мэт байдгаа больж, хуулиараа хүчирхийлэгчийг сайтар шийтгэдэг, хохирогчийн талд нийт олноороо зогсдог байх орчинг эдгээр хуулиуд бий болгох шаардлагатай.
Нөгөө талд хууль эрхзүйн орчноос гадна ахуй, нийгэм рүү чиглэсэн бодлого хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах зайлшгүй шаардлага үүсээд байгааг дээрх бүх санаанууд гэрчлэнэ.
Манай улс 2007 онд “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж байсан. Гурван үе шаттайгаар хэрэгжиж буй гэх уг хөтөлбөр эдүгээ сүүлийн шат руугаа оржээ. Уг нь нарийн судлаад үзэхэд маш сайн боловсруулагдсан хэрнээ зорилтот хөрсөндөө бууж, миний, хажуу айлын амьдралд харагдахуйц хэрэгжилт алга байгаа нь асуудал дагуулна.
Өөрөөр хэлбэл, мянгантаа хууль, хөтөлбөр боловсруулаад ч нийтийн зан төлөв, хүчирхийллийг үл тэвчих ухамсар бүрэлдэн бий болоход чиглэсэн тэрхүү үзэл баримтлалууд ажил хэрэг болохгүй байна гэсэн үг.
Эцэст нь, Төр сайн менежерийнхээ үүргийг биелүүлэхийн тулд олгогдсон эрхээ сайтар ашигла. Нийт олноороо өвчилчихөөд байгаа хүчирхийлэл хэмээх ороолтноос салахын тулд шийдвэр гаргахдаа эр зоригтой байх хэрэгтэй.
Бөөсийг алж устгаж болдог, ороолтыг хүсээгүй үедээ тайлаад шатаачихаж бас болно. Бүр анхандаа ийм төрлийн ороолт ч үгүй байснаа, түүнээсээ өдөр хоногоор алсарсаар байгаагаа нухацтайгаар бодоцгооё. Хүслэнт бус хэрэгцээ болчихоод байгаа нийгмийн энэ тахлаас ангижрахын тулд иргэн, төрийн үйлчилгээ үзүүлэгчид, хууль эрхзүйн орчин, төрийн болоод хувийн хэвшлүүд үйл ажиллагааны зорилтот хүрээнд нэгдмэл байдлыг үүсгэснээр асуудалд бодитой гарц олох юм. Ерөөс энэ цаг үед элдэв хууль эрхзүйн орчин, мөнгө санхүү, сэтгэлзүйн дарамт сэлтээс нийт олноороо эмээгээд байлгүй, эр зоригоороо асуудалд хатуухан, нухацтай хандах болжээ.
Эр зориг...
Хүчирхийлэл хэмээх “Бөөсөн ороолт”-оо тайлцгаая № 2 | ||
Үзсэн: 5085 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.