Өвөр Монголын Одон телевизийн “Нахиа” хүүхдийн нэвтрүүлгийн даамал Б.Цэнгэлтэй ярилцлаа.
-Танай телевизийн хэчнээн хүнтэй уран бүтээлчдийн баг Монголд ирсэн бэ?
-Одон телевизийн “Замд гаръя” нэвтрүүлгийн даамал Бөхөө, сэтгүүлч Хорвоо, зураглаач Алдар, Хосоо болон миний бие аяллын нэвтрүүлэг бэлтгэх зорилгоор ирсэн. Миний хувьд аялагчийн хувиар энэ багт багтсан. Бид “Бидний цөөхөн Монголчууд” телевизийн багтай хамтран ажиллаж байна. Аяллаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас машинтай эхэлсэн. Дорноговь-Хөвсгөл-Улаанбаатар гэсэн маршрутаар аялахдаа найман аймгаар орсон. 20 минутын таван цуврал нэвтрүүлэг бэлтгэхээр төлөвлөж байна. Монгол нутаг болоод, хүн ардын соёл, байгалийн үзэмж, мал сүрэг, цаашлаад говь, хангай, Хөвсгөл далайг туулах замын бүх л сонин сайхныг багтаасан нэвтрүүлэг Өвөр Монголчууддаа өргөн барина. Цаашлаад Монголын аялал жуулчлалыг дэмжих, сурталчлах нэвтрүүлэг болох учир дэлхийн бусад орны аялагчид үзэж сонирхох байх. Бид өнгөрсөн сарын 26-нд Эрээн хотоос Монгол руу хөдөлсөн. Хоёр долоо хоног Монголоор явна.
-Өвөр Монголд Монголын хэдэн телевиз гардаг вэ. Танай үзэгчид Монголын ямар нэвтрүүлгийг үзэж, сонирхдог вэ?
-Өвөр Монголд цацагддаг телевизийн сүлжээнд монгол суваг байдаггүй. Зөвхөн Эрээн хот, хойд хилийн малчин айлууд тогоон антенаар монгол сувгууд үздэг. Хөх хотод монгол суваг үзэх сонирхолтой, энэ сонирхлынхоо дагуу тогоон антен авсан айлууд байдаг. Манай гэр мөн тогоон антентай. Энэ төрлийн антентай айлд 40 орчим монгол суваг гардаг. Манай үзэгчид монгол кино үзэх дуртай. Мөн дээрх төрлийн сувгаас МҮОНТ-ийг түлхүү үздэг. Тэр дундаа мэдээ, мэдээллийн хөтөлбөр болон UBS телевизээс зохион байгуулдаг уралдаан, шоу тэмцээнийг их сонирхдог. Түүнчлэн миний насныхны хувьд хуучны монгол кинонууд үзэх дуртай. Харин би Улаанбаатар хотын талаарх мэдээ мэдээлэл, тэр дундаа утаа, замын түгжрэл зэрэг асуудал хөндсөн мэдээг байнга хардаг. Учир нь би Монголд зургаа дахь удаагаа ирж байгаа болохоор Улаанбаатар хотын иргэдэд тулгарч буй асуудлыг тодорхой хэмжээнд мэддэг л дээ.
-Та МҮОНТ-ийн “Соно” студид ажиллаж, туршлага судалж байсан гэсэн.
-10 гаруй жилийн өмнө ирж, 20 хоног туршлага судалсан. “Соно” студи “Маамуу нааш ир” хүүхдийн хөтөлбөр бэлтгэдэг байлаа. Би хүүхдийн нэвтрүүлэг хэрхэн бэлтгэх талаар олон зүйл сурч, мэдэж авсан. Мөн миний анзаарсан нэг зүйл бол цөөхөн уран бүтээлч, ажилтан ажилладаг хэрнээ маш олон ажил амжуулж байсан.
Тухайн үед Монгол Улсын хэмжээнд хүүхдийн нэвтрүүлэг, уран бүтээл туурвидаг уран бүтээлчид “Соно” студид цуглардаг нь сайхан санагдаж билээ. Тухайн жил би Соно” студитэй хамтарч Өвөр Монголд долоо хоногт нэг, жилд 52 дугаар үзэгчдэд хүрсэн “Үлгэрийн ертөнц” хүүхдийн нэвтрүүлэг бэлдсэн. Соёлын гавьяат зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Бямбаа тэргүүтэй маш мундаг хүмүүсээр хоолойг нь уншуулсан.
-Монгол болон Өвөр Монголын дунд сургуулийн хичээллэх цаг, агууламж харилцан адилгүй юм билээ. Хоёр орны хүүхдүүдийн онцлог болон зөрүүтэй тал юу вэ?
-Өвөр Монгол хүүхдүүд өглөөнөөс орой хүртэл хичээлтэй байдаг. Мөн хичээлээ тараад гэртээ дасгал, даалгавраа хийдэг. Манайд хүүхдийн нэвтрүүлгээр хичээл, сургуулийн агуулгатай хөтөлбөр хүргэвэл үзэгч хүүхдүүдийн ачаалал нэмэгдэнэ. Тиймээс манай уран бүтээлчид үзэж, судалсан хичээлээс нь ургуулж, амьдралтай холбосон болон тоглоомтой холбосон нэвтрүүлэг бэлддэг. Тухайлбал, цэцэрлэг, бага анги, дунд сургуулийн сурагчдад гээд нас насанд нь тохирсон тархийг нь сэргээх, ядаргааг нь тайлах болоод зөвхөн Өвөр Монголоо тойрсон мэдээ мэдээлэл бэлтгэх бус Монгол, Хятад, Япон зэрэг дэлхийн олон орны хүүхдүүд хэрхэн сурч, амьдардаг талаарх өргөн хэмжээний бүтээл хүргэх зорилготой ажилладаг.
Би арав гаруй жилийн өмнө анх Монголд ирсэн. Тухайн үед монгол хүүхдүүдийг анзаарахад камерын өөдөөс эгц хардаг, бичлэг хийхэд сандрахгүй ярьж байсан л даа. Энэ бол маш авууштай зүйл. Харин Өвөр Монголд ийм нээлттэй хүүхэд ганц хоёр л байсан. Бусад нь бүрэг гэж хэлэх юм уу, камер харахаараа ичдэг, айдаг байсан. Одоо бол манай хүүхдүүд, монгол хүүхдүүдтэй адил камерын өмнө инээж, жүжиглэж, өөрийнхөөрөө байж чаддаг. Тэгэхээр хоёр орны хүүхдүүдийн зөрүү ойролцоо болж байна. Мөн бид технологийн хөгжлөөр дамжуулан өөр орны хүүхдүүд хэрхэн сурч боловсордог, юу сонирхож буйг өөрийн хүүхдүүдэд харуулах боломж нээгдчихсэн.
-Та яагаад хүүхдийн нэвтрүүлгийн уран бүтээлч болохоор шийдсэн бэ. Хүүхдэд зориулсан нэвтрүүлэг бэлдэхийн жаргал, зовлон нь юу вэ?
-Би их сургуульд сэтгэл зүй, сурган хүмүүжлийн ухаан судалсан л даа. Их сургуулиа төгсөөд, таван жил багшилсны дараа телевизэд ажилд орсон. Би телевизэд ирээд арван жил мэдээ уншлаа. Манай дарга, найзууд “Чи хүүхдийн нэвтрүүлгийн редакцад ажил. Чиний мэргэжилтэй ойр ажил” гэж зөвлөсөн юм. Харин би өөрөө их сургуулиа төгсөөд олон жил болчихсон болохоор мэргэжлээсээ хөндийрчихсөн гэж бодож байсан. Тухайн үед манай хүү зургаан настай байсан. Дарга “Чиний хүү чиний багш” гэж хэлэхээр нь би хүүгээ судалдаг болсон. Миний хийсэн нэвтрүүлэг зурагтаар гарахаар хүүгээ дуудаж үзүүлнэ. Сонирхож үзэж байвал сайн нэвтрүүлэг бэлджээ гэж бодно. Үзэж байгаад дундаас нь босоод гүйчихвэл, өөр тийшээ явчихвал өшөө сайжруулах хэрэгтэй гэж өөртөө хэлдэг байлаа. Одоо бол хүүхдийн нэвтрүүлэг бэлдээд 10 гаруй жил болж байна.
Хүүхдийн нэвтрүүлэг бэлтгэхийн хамгийн жаргалтай зүйл юу вэ гэвэл бүх ажлаа жин тан болгочхоод зурагтаар нэвтрүүлэх л хамгийн жаргалтай мөч. Хүүхдүүдтэй ажиллана гэдэг насанд хүрсэн хүнтэй ажиллах шиг амархан биш. Нэг удаа л дүрсээ авна гэсэн ойлголт байхгүй. Маш олон удаа зааж зөвлөж, давтаж байж, ахин дахин дүрс бичлэг хийсний ард нэвтрүүлэг бэлэн болно. Тэр хэрээр их хөдөлмөр ордог. Заримдаа нэвтрүүлэгт оролцож байгаа хүүхдүүд ядрах, уйлах тохиолдол гардаг. Бид аргадна, чихэр жимс амттан авч өгнө. Ингээд бодохоор жаахан зовлонтой ч юм шиг. Гэхдээ хүүхэдтэй ажиллахын тулд байнга залуу сэтгэхүйтэй байх хэрэгтэй болно. Мөн хүүхэдтэй ажилласнаар цэвэр ариун зүйлийг хадгалж байнаа гэсэн үг. Энэ л миний ажлаасаа авдаг аз жаргал.
-Ихэнх өвөр монгол хүн Улаанбаатарт ирэх, Монгол орноор аялах хүсэлтэй байдаг юм билээ. Танай телевизийн үзэгчид Монголын тухай ямар нэвтрүүлэг үзэхийг хүсдэг вэ. Үзэгчдээс хэр их хүсэлт очдог вэ?
-Би тав, зургаа дахь удаагаа Монголд ирж байна. Монголын хүүхдийн зусланд Өвөр Монголоос хүүхдүүд ирж амардаг. Би ч мөн Монгол зусланд очиж, монгол хүүхдүүд хэрхэн амардаг талаар нэвтрүүлэг бэлдэж байсан. Хүүхдүүдийн хувьд Монголын сургууль, хичээлийн танхим гэхээсээ илүү монгол хүүхдүүд амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэхийг мэдэхийг хүсдэг.
Би энэ удаад “Замд гаръя” нэвтрүүлгийн багтай хамт аялагчийн хувиар ирсэн гэдгээ хэлсэн. Мөн “Бидний цөөхөн монголчууд” нэвтрүүлгийн багтай хамт Хөвсгөл аймагт очсон. Энэ удаад энгийн аялагчдын очиж, үзэж харж чадаагүй хэсэгт очиж нэвтрүүлгээ бэлдсэн. Тухайлбал, Хөвсгөл далайн баруун хөвөөний өндөр хайрхан дээр монгол аялагчид ч өөрсдөө маш цөөхөн гарсан юм билээ. Бид тэнд очиж нэвтрүүлгийнхээ зарим хэсгийн зураг авалтыг хийсэн.
Аялагчид Хөвсгөл далайн наана нь очоод л буцчихдаг гэсэн. Бид цаашаа 70 гаруй км явж, нэвтрүүлгээ бэлдсэн. Энэ цуврал нэвтрүүлгээр дамжуулж, Одон телевизийн үзэгчид аяллаар явахын зовлон, ядрахыг алгасан монгол орноор “аялах” боломжтой. Манай телевизийг зөвхөн өвөр монголчууд гэлтгүй монголын үзэгчид өөр бусад улсын хүмүүс ч үздэг. Тэд мөн Монгол орноор аялах болно.
-Та анх хэдэн настайдаа Монголд ирсэн бэ. Монголд ирэхэд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Би бол хил нутгийн говийн хүн л дээ. Хилийн шугамын цаана байдаг. Хилийн тэнгэрээр нүүж ирэх үүлийг хараад Монголын үүл байхдаа гэж боддог байсан. Удам угсаа нэг юм болохоор Монголд ирэх хүсэл байсан. Анх 35 настай Монголд ирээд Зүүнхараа хүртэл явсан. Мөн Улаанбаатарт анх ирэхэд “Улаанбаатарын үдэш” дууны үгс бодитоор нүдэнд харагдсан. Өмнө нь би “Улаанбаатарт байгаа миний аав” киног үзэж байсан. Нэг өгүүлбэрээр хэлэхэд миний хүсэл, бодолд л байсан Монголд ирээд хүн ардтай нь танилцах сайхан байдаг.
Би МҮОНРТ-ийн байранд хамгийн сүүлд арав гаруй жилийн өмнө ирсэн байна. Тэр үеийг бодвол үндэсний телевизийн барилга засвар хийсэн, тоног төхөөрөмжүүд шинэчлэгдсэн байна. Үүний адилаар намайг ирэх бүрт Улаанбаатар хот, Монгол Улс эрчтэй хөгжиж байгаа нь мэдрэгддэг. Аяллын нэвтрүүлэг бэлдсэн аялагчийн хувиар хэлэхэд ах дүү, гэр бүл найз нөхдөөрөө Монголд ирж аялах хүсэл төрсөн.
Б.Цэнгэл: Хилийн тэнгэрээр нүүж ирэх үүлсийг хараад Монголын үүл гэж боддог байсан | ||
Үзсэн: 4371 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.