Шууд Chart

Б.Гангаамаа: Ууланд хоёр дахь алдаа гэж байдаггүй

2014-02-28 12:56:43

-Эверестийн оргил дээр өдөр, шөнө хоёрыг зэрэг харсан маань үнэхээр гайхалтай-   

“Монголын Уулчдын үндэсний холбоо”-ны тэргүүлэгч гишүүн, Монгол Улсын Гавьяат тамирчин, Олон улсын хэмжээний мастер Б.Гангаамааг редакцдаа урьж ярилцлаа.   
 
-Дэлхийн зулай Эверестийн оргилд гарсан таны амжилтаас яриагаа эхлэе?
-Анх 2005 онд манай эрэгтэй уулчид Эверестэд гарсан. Үүний дараа 2006 онд би эмэгтэй уулчдаа бэлтгээд анхны оролдлогоо хийж байлаа. Бид чадвал багаараа, эс чадвал хэн нэг нь оргилд хүрэх зорилго тавьсан. Д.Эрдэнэтогтох маань Оргилд хүрэхэд 168 метр дутуу байхад буцсан юм. Анхны оролдлого ингээд бүтэлгүйтсэн ч уулчид маань 8680 метрийн өндөрт гарч эмэгтэйчүүдийн амжилтаа эвдсэн. Баг зохион байгуулж явна гэдэг их хүнд ажил. Багийн бэлтгэл, зохион байгуулалт, аюулгүй байдал, хөрөнгө мөнгө гээд бүх асуудлыг хариуцах болдог. Үнэнийг хэлэхэд, надад Эверест, К2 зэрэг өндөр ууланд баг зохион байгуулж явах нь дэндүү хүндэдсэн ажил байсан. Тиймээс бэлтгэлээ базааж байгаад 2011 онд би ганцаараа Эверестийг зорьсон. Зөвхөн өөрийгөө авч явахад ачаалал хамаагүй бага байдаг. Амь насаа ч гэсэн өөрөө л хариуцна. Хэн нэгний төлөө санаа зовох хэрэггүй болдог. Ганцаараа оргилд гарсан ч ач холбогдол нь бол асар их л дээ. Монгол Улсын болоод Монголын уулчдын чин хүсэл зорилгыг биелүүлнэ гэдэг нь нэр хүндтэй асуудал шүү дээ. Дэлхийн зулайд гарсан анхны монгол эмэгтэй уулчин болоход монголчууд маань надаас илүү баярласан юм шиг байна билээ.  
 
-Таны амьдрал уулын спорттой хэрхэн холбогдсон нь сонирхол татдаг. Энэ талаараа яриач?  
-Би бурханаас заасан замаараа л явж байгаад уулчин болсон гэж боддог. Багаасаа уулчин болно гэж мөрөөдөж байсангүй. Манай гэр бүлийнхэн дунд уулчин хүн байгаагүй. Хэн нэгэн хүн надад багшлаад, би уулчин болно гэж зорьсонгүй. Би чинь Завхан аймагт төрж, өссөн хөдөөний хүүхэд шүү дээ. Тэр үед уулын спорт битгий хэл зун цастай уул байдаг гэдгийг ч мэддэггүй байлаа. Гэтэл 1989 онд намайг арван жилээ төгсөх зун “Отгонтэнгэр хайрханд уулчид ирж авирах гэж байна. Чи явахгүй юм уу” гэж нэг ах маань хэлсэн. Би юу ч бодолгүй “Тэгье, тэгье” гээд яваад очсон. Тэгсэн уулчдын багийн ахлагчаар нь явсан Найдан багш намайг дээрээс доош нь гүйлгэж нэг их сүрхий харснаа “Чи чадах юм уу” гэж асуудаг юм байна. Би яахав, хүүхэд юм чинь учрыг нь сайн мэдэхгүй ч гэсэн “Чадна аа” гээд толгойгоо илээд зогслоо. Тэгээд уулчидтай хамт явсан. Энэ миний ууланд авирсан анхны тохиолдол байсан юм. Тэр жилээ би Отгонтэнгэр хайрхандаа хоёр удаа гарч билээ. Түүнээс хойш унтахаараа эрээн алаг майхан зүүдлээд эхэлсэн дээ. Одоо бодоход ууланд орж байсан нь тэр юм байлгүй.   
 
-Анх оргил дээр гарахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?  
-Тэгэхэд хүүхэд байсан болохоор юун тэр олон юм бодох. Уулчдын урд нь гарч гүйгээд л, ахмадууддаа загнуулж голд нь ороод явж байлаа. Яг оргил дээр гараад би юу бодсоноо санадаггүй ш дээ. Ямар ч байсан оргил дээр зургаа авахуулсан  байдаг юм. Тэр зурган дээр өмссөн хувцас маань их инээдтэй. Гараар ширээд хийчихсэн өмд, малгай. Би тэр үед гараа буулгаад номхон зогсчихсон, яг л япон хүн шиг гарсан байдаг. Тэр үеэс хойш 25 жил ууланд авчирч байна даа. Анхны хоёр авиралтын тухайд тэгж их гүн гүнзгийгээр санаандаа тогтоож аваагүй юм шиг байгаа юм. Одоо бол оргил дээр гараад яасан их юм бодож, алсыг ширтэн зогсох бол.
 
-Уулчин хүний хамгийн жаргалтай болон хэцүү үеийн талаар яриач?
-Нэг оргил дээр гарна гэж зориод тэр оргил дээрээ гарчихаад амжилттай бууж ирэх л хамгийн жаргалтай үе байдаг юм. Бүх зүйл ард үлдчихсэн болохоор сэтгэл амар байдаг. Хэцүү үе, бэрхшээл бол уулчдад байнга шахуу тохиолддог. Өлсөх даарах, ядрах бидний хувьд энгийн л зүйл. Уулчдын хувьд цаг зуурын бэрхшээл бол асуудал биш. Миний хувьд эрсдэл гарсан байх л хамгийн хэцүү байдаг. Ер нь цуг явж байгаа уулчин амь насаа алдах үе л уулчдад хамгийн хүнд.   
 
-Танд тийм хэцүү үе тохиолдож байв уу?
-Тохиолдсон. 1994 онд бид Увс аймгийн Цагаан дэглий ууланд авираад буцаж байхдаа уулын үерт орж, манай нэг ахмад уулчин нас барсан. Тэр жил маш их үертэй. Бараг уулын ам болгоноос үерийн ус урсаж байсан. Тэгэхэд бид нэг ч хуурай хувцас, майхангүй, хоол унд дуусаад сүүлдээ гялгар уутны ёроолд үлдсэн жаахан элсэн чихрийг аяганд хийгээд голын уснаас хутгаж найруулаад хувааж ууж байлаа. Тэр үед үнэхээр хүнд байсан. Хамгийн сүүлд К2-т авирахад манай багаас гурван тамирчин оргил дээр гарчихаад бууж чадалгүй нас барсан. Ираны тамирчид л даа. Бид найзууд байсан юм. Тэгэхэд бас хэцүү байсан.  Ер нь өнгөрсөн зуны К2-ийн авиралт миний хамгийн гунигтай, хэцүү авиралт байлаа.
 
-Уулын спортыг хүмүүс хэр ойлгож хүлээж авдаг вэ. Ер нь манай улсад уулын спорт хэр хөгжиж байна гэж та бодож байна?   
-Манайд сүүлийн үед уул руу алхдаг хүмүүс нэмэгдсэн. Гэхдээ үүнийг спорт гэж хэлэхэд хэцүү. Яг мэргэжлийн түвшинд уулын спорт хөгжих боломж бол нээлттэй байгаа. Мэргэжлийн түвшний уулчин болохын тулд олон жилийн бэлтгэл, хөдөлмөр шаарддаг. Нэг, хоёр удаа уул руу авирчихаад уулчин боллоо гэж бодож байгаа бол маш том эндүүрэл. Уулын спорт чинь дотроо өндөр уулын, спорт авиралт гэсэн хоёр төрөлтэй. Спорт авиралт нь дотроо мөсний авиралт, ханан хадны авиралт, хиймэл хадны авиралт гэж хуваагддаг. Тэгэхээр спорт авиралтын төрлөөр улсын чанартай уралдаан тэмцээн зохион байгуулагдаж медаль, мөнгөн шагналыг бусад спортын адил өгдөг. Харин өндөр ууланд зөвхөн Монголынхоо авиралтад медаль өгдөг. Гэхдээ сүүлийн үед бид шинэчлэл хийхийг оролдож байгаа. Спорт авиралтын чиглэл манай улсад сүүлийн үед түлхүү хөгжиж эхэлж байна. Хүүхэд, залуус ч их сонирхох болсон.   
 
 -Төр засгийн зүгээс уулын спортыг хэр дэмждэг вэ?
-Сүүлийн үед уулын спортын хөгжлийг төр засгаас дэмждэг болж байгаа. Бид чинь нэг авиралт хийхдээ бараг л бэлтгэл сургуулилтаа яаж хийх вэ гэхээсээ илүү мөнгөө яаж олох вэ гэж санаа зовдог. Заримдаа нисэх гээд онгоцны шатан дээр хөл тавьж байхад мөнгөний сураг гарах жишээтэй. Сүүлийн үед төр засгийн зүгээс манайд нааштай хандаж байгаа ч бусад спорттой харьцуулахад муу хэвээр байна.  
-Манай уулчид гадны оргилуудад авирахад өртөг нь ямар байдаг бол. Тэр зардлаа хэрхэн бүрдүүлдэг вэ?  
-Бидэнд тогтмол цалин гэж байхгүй болохоор мэдээж маш хэцүү. Уулын өртөг их өндөр байдаг. Хамгийн багадаа л арван мянган ам.доллараас эхэлдэг. Тухайн орноосоо мэдээлэл нь ирдэг юм. Тэр мөнгийг олох гээд л баахан дарга нарын хаалгыг татаж гүйнэ шүү дээ. Ингээд цаанаас ирүүлсэн мөнгөн дүнд хүрэхгүй бол танаж эхэлдэг. Хамгийн эхлээд даатгалаа, за тэгээд хоол хүнс, өмсөх хувцаснаасаа танадаг даа.
 
-Манай улсад өндөр уулын авиралт хэр байна. Албан ёсны бүртгэлтэй хэдэн уулчин байдаг вэ?
-Сүүлийн үед манайд өндөр уул руу алхдаг хүмүүс их нэмэгдсэн. Тэд нараас өөрсдийгөө бэлтгэж байгаад өндрийн авиралтын тамирчин болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ мэргэжлийн түвшинд хүртэл их олон жилийн бэлтгэл, туршлага шаардлагатай. Ер нь яг бүх зүйлээ зориулж, олон зүйлийг золиослоод өндрийн мэргэжлийн тамирчин болох хүмүүс их цөөхөн байдаг юм. Анх намайг уулын спорт руу орж байхад манай баг таван хүнтэй байсан. Одоо үлдсэн нь би л байна. Зарим нь шантардаг, зарим нь ар гэрийн боломжгүй учраас тууштай ганц, нэгхэн хүн л үлддэг юм даа. Харин тэр албан ёсны уулчдын тоог би сайн хэлж мэдэхгүй байна. Манай ерөнхий нарийн бичиг дээр тэр мэдээллийн архив байгаа байх.  
 
-Та “Монголын Уулчдын үндэсний холбоо”-ны тэргүүлэгч гишүүн. Холбооныхоо талаар танилцуулаач?  
 -“Монголын Уулчдын үндэсний холбоо” бол төрийн бус байгууллага. Ирэх 2015 онд 60 жилийн ой тохионо. Их олон жилийн түүхтэй газар л даа. Манай ахмадууд уулын спортыг хөгжүүлэхэд тухайн цаг үедээ бүх зүйлийг хийдэг байсан. Миний бодлоор уулын спорт 1998 оноос хойш нийтэд нэлээн түгж эхэлсэн. Ингээд 2004 оноос хойш тэсрэлтийн жилүүд нь эхэлсэн.
   
-Монголын уулчид уул руу авирахдаа танай холбооноос албан ёсны зөвшөөрөл авч авирдаг уу?
-Ер нь бол заавал мэдэгдэх ёстой.
 
-Холбоонд гишүүнчлэл гэж байдаг уу?
-Монгол Улсад уулчин гээд явж л байгаа бол “Монголын Уулчдын үндэсний холбоо”-ндоо харьяалагдах л ёстой. Энэ нь уулчдад их хэрэгтэй л дээ. Яагаад гэхээр тэр уулчинд эргээд ямар нэг асуудал гарах юм бол, төртэй холбогдох ямар нэг шаардлага гарах юм бол холбоогоороо л дамжуулна. Тэрнээс уулчин болгон ганц ганцаараа төртэй харьцана гэж байхгүй шүү дээ.
-Хэдхэн хоногийн өмнө Монголын ард түмэн төдийгүй уулчдын хувьд их том гарз тохиолоо. ОУХМ, МУГТ Л.Болдбаатар агсан танай холбооны гишүүн байсан уу?
-Манай холбооны дэд ерөнхийлөгч гэж явдаг байсан. Л.Болдбаатар агсан намайг дөнгөж Отгонтэнгэр ууланд гарч байхад нэг их том уулчин ах байсан. Монголын уулчдын түүхэнд хамгийн анх гадагшаа гарч тивүүдийн оргил дээр хөл тавьсан хүн. Бас анхны 8000 метрээс дээш өндөртэй ууланд хөл тавьсан хүн шүү дээ.  Уулын спортын тамирчин гэдгээрээ мөн л манай анхны гавьяат. Аль ч талаараа биднээс түрүүлж гадагшаа харсан, илүү чадварлаг хүн байсан. Манай уулчдад их том гарз тохиолоо. Гэхдээ уулчин хүн тавилангаараа ууландаа төгссөн болохоор нэг талаараа бид болсон үйл явдлыг тайван хүлээж авч байгаа.
 
-Та Л.Болдбаатар агсныг тэр авиралтыг хийхийг мэдэж байсан уу?
-Холбоонд мэдэгдээд явсан гэсэн. Яг тэр үед нь би эзгүй байсан. Ирээд явсан гэдгийг нь сонссон. Дараа нь нийслэлийн аваргын тэмцээнтэй байсан үеэр ийм юм болчихлоо гэж сонссон.   
 
-Уулчдын даатгалын тухай хөндөхгүй өнгөрч боломгүй санагдах юм. Манай уулчдын даатгалын асуудал хэр шийдэгдсэн байдаг вэ?  
-Ер нь бол даатгуулж байх ёстой. Манайхан хэт өндөр уул руу л биш бол даатгалыг нэг их тоодоггүй. Эрсдэл хэзээ ч ирдэг гэдгийг мартах учиргүй. Бид Таванбогдод гарахдаа хэзээ ч даатгуулж байгаагүй. Миний хувьд бол уулчдынхаа багийг гадагшаа авч явахдаа үргэлж даатгуулдаг. Би өөрөө эрсдэлтэй юм хийх их дуртай учраас даатгалд их дуртай хүн. Эверестэд гарахдаа би анх удаа “Миг”  даатгалд даатгуулж байсан. Одоо дандаа тэнд даатгуулдаг. К2-т гарахдаа ч гэсэн энэ компаниар даатгуулсан. Үнэндээ уулчдыг даатгах газар олдоггүй юм. Эрсдэл ихтэй болохоор тэгдэг байх л даа. Анх бид 2006 онд явахдаа даатгуулах гээд даатгах газар олдоогүй нэлээд явж байж “Прайм” даатгалд зөвхөн аяллын даатгал хийж байсан түүх бий.   
-Нууц биш бол та сүүлд К2 оргил руу авирахдаа хэдэн төгрөгөөр даатгуулсан бэ?
-Нууцлаад байх ч юу байх вэ. Би зуун саяар даатгуулсан.Тэгээд манай даатгалын хүн дараа нь надад “Би авиралт зогслоо” гэхэд үнэндээ их баярласан шүү гэж хэлсэн /инээв/. Намайг ямар ч байсан эрсдэлээс гарсан гэж бодсон байх. Эрсдэл их болохоор их хэцүү шүү дээ. ССЖЯ-ныхан ч гэсэн гол нь эсэн мэнд буцаж ирэх  шүү гэж захьсан. К2 руу явахад их олон хүн түгшиж хүлээсэн байх.   
 
-Таныг К2-ыг зорих үед олон уулчныг хороосон мэдээ дуулдаж байсан. Энэ мэдээ олон хүний сэтгэлийг түгшээсэн?  
-Тийм хэрэг гарсан. Бидний авирч байсан Броуд Пик, К2 гэдэг оргилоос жаахан зайтай Нанга Парбат оргилд авирч байсан 11 уулчныг Талибанчууд буудаж хороосон. Биднийг кэмп дээрээ байж байхад манай менежерт ийм хэрэг боллоо гэсэн мэдээ ирсэн. Анхны муу мэдээ тэр байсан. Тэгээд л хажуугийн кэмпээс тэдэн хүн алга боллоо, тэдэн хүн нас барлаа гээд л мэдээ ирээд эхэлсэн. Манай Броуд Пикийн багт 13 орны 60 гаруй уулчин байснаас  надтай нийлээд гуравхан эмэгтэй уулчин байсан. Нэг герман уулчин эмэгтэй нас барсан. Авиралтаа эхлээгүй дөнгөж өндрөө авч эхэлж байсан тэр үед ийм хэрэг болсон юм. Их хэцүү, хүнд цохилт болдог юм билээ. Мөн К2 ууланд 14 орны 30 гаруй уулчин авирсан. Нэг ч уулчин оргилд гараагүй. Харин аав,  хүү хоёр уулчин амь насаа алдсан.
 
-Та гадны орны уулчидтай авиралт их хийдэг. Тэгэхээр тэднийг харж байхад ер нь хөрөнгө санхүүгийн асуудлаа тухайлбал, даатгалаа хэрхэн шийддэг юм байна?
-Харж байхад гадны уулчид юунд хэдэн төгрөг зарцуулахаа яг биччихсэн байдаг юм билээ. Тэгээд яг л тэр бичсэнийхээ дагуу зарцуулна. Манайхан шиг танаж хасдаг юм байхгүй байх. Харин тооцоолсон мөнгөнөөс нь бага зэрэг дутах ч юм уу,  илүү гарчихвал гайхаад байдаг. Гадныхан нэг тийм хайрцагласан сэтгэлгээтэй хүмүүс шүү дээ. Харин манайхан бол ийш, тийш нь аргалаад л зохицуулчихдаг. Монголчууд угаасаа аливаа юманд зохицох чадвар өндөртэй хүмүүс.   
 
-Нэг баг болоод авирч байгаа уулчдад хоорондоо өрсөлдөх тохиолдол гардаг уу?
-Өндөр ууланд өрсөлдөөн гэж байвал үхнэ шүү дээ. Хэзээ ч өндөр ууланд өрсөлдөөн гэж байдаггүй юм. Оргил руу 60 уулчин авирлаа гэж бодоход баталгаат авиралтын нэг л замаар ар араасаа авирна. Буцаад нэг л замаараа буух учраас өрсөлдөнө гэсэн ойлголт байхгүй.   
 
-Танай гэрийнхэн таны эрсдэлтэй энэ ажлыг хэр дэмждэг вэ?
-Одоо бол дэмжихгүй байхаас ч өөр аргагүй болсон. Галт тэрэг аль хэдийнэ хөдөлсөн гэдэг шиг. Одоогоос арваад жилийн өмнө бол аав, ээж хоёр юу хийгээд тэнээд яваад байгаа юм гээд уурладаг л байлаа. Би багаасаа л биеэ даасан хүүхэд байсан. Тэгээд тусдаа амьдардаг байсан болохоор намайг яг юу хийгээд яваад байгааг төдийлөн мэддэггүй байсан л даа, манайхан. Сүүлийн арваад жилийн хугацаанд хот, хөдөө гэлтгүй л мэдээлэл хурдан түгдэг болж. Ингээд миний юу хийгээд яваад байгаа минь бүгдийн нүдэн дээр ил болсон учраас гэрийнхэн маань мэддэг болсон.
 
-Монголчууд таныг уулчин Б.Гангаамаа гэдгийг сайн мэднэ. Харин таны хувийн амьдрал бусад тамирчдыг бодвол нууцлаг байх юм?
-Гэрлэж амжаагүй явна аа. Яг уулын спортоор мэргэшээд амжилтын оргилд хүрнэ гэвэл их зүйлийг золиослох болдог. Яагаад гэвэл энэ спорт маш их цаг хугацаа шаарддаг. Миний хувьд бэлтгэлээс бэлтгэлийн хооронд, авиралтаас авиралтын хооронд л бүх амьдрал маань дуусчихаж байгаа байхгүй юу. Тэгээд авиралт бэлтгэлгүй үедээ бол дараа авиралтынхаа мөнгийг олох гэж хөөцөлдөнө. Ийм завгүй хэмнэл дунд л бүх цаг хугацаа дуусчихаж байгаа юм чинь хүнтэй гэрлэж, гэрийн эзэгтэй болвол ар гэр маань хэцүүднэ биз дээ. Ер нь ямар ч спортод амжилт гаргана гэвэл их зүйлийг золиослох болдог.  
 
-Таны амьдралын утга учир юу вэ?
-Нэгэнт л хамаг юмаа золиослож энд хүрсэн юм чинь цаашид өөрийн санаж бодсон хэдэн амжилтуудаа гүйцээх л байна даа. Мэдээж энэ тухайгаа ганцхан өөрөөрөө дуусгалгүй хүмүүст хүргэхийн тулд ном зохиол бичих, кино хийх гэсэн зорилго байна. Нэг юм хийж дуусаад дараагийн зорилгоо бодоод л ажилдаа орохоор өөр юм бодох зав тун бага байх юм.  
 
-Яг одоо таны мөрөөдөлд байгаа оргил хаана байна вэ?
-Миний мөрөөдлийн оргил өндрөөшөө бол дууссан. Гэвч өргөнөөрөө бол зөндөө байна. Дэлхийн долоон тивийн долоон өндөр оргил гэж байдаг. Одоохондоо тэр л байна даа. Харин тэрийгээ хийсний дараа миний санаанд өөр юу ч орж ирж магадгүй.  
 
-Ойрын төлөвлөгөөндөө ханьтай болох гэсэн “заалт” оруулсан болов уу?
-Тэгэхээр чинь миний оргилуудад гарах төлөвлөгөө хойшилж эхлэх учраас энэ асуудлыг түр хойш нь тавиад байгаа. Өөрийнхөө зорилгуудыг биелүүлсний дараа гэр бүлтэй болох талаараа бодолгүй яах вэ. Ер нь бол бодож байгаа.
-Уулын спорт тамирчдаас тэсвэр хатуужил их шаарддаг. Бас хүнийг их хүнлэг болгодог гэдэг юм билээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ?  
-Ер нь уулын спортоор хичээллэдэг, энэ спорт руу гүнзгий орсон хүмүүс төлөвшил их сайтай байдаг. Биеэ авч явах чадвар, хүнлэг байдал уулын спортод их нөлөөлдөг. Уулны “амьдралыг” таашгүй. Тэнд зарим хүн амь үрэгдэнэ, зарим нь оргилд гараад баярлана, заримынх нь авиралт амжилтгүй болоод буцна, зарим нь гэмтэж бэртэнэ. Энэ бүхэнд хүн нэг талаараа хатууждаг нөгөө талаараа их хүнлэг болдог. Уулчид 8000 метрээс дээш хэт өндрийг үхлийн бүс гэж нэрлэдэг. Үүнтэй холбоотой бичигдээгүй хууль бас бий. Үхлийн бүс рүү орох гэж байгаа бол сайн бодож шийдэх хэрэгтэй. Яагаад гэвэл үхэл, амьдралын зааг учраас. Харин тэр бүс рүү нэвтэрсний дараа эрсдэл учирвал хэн нэгнээс тусламж хүснэ гэж горьдоод ч хэрэггүй. Хүн болгон өөр өөрсдийгөө л авч явах ёстой. Хууль шиг яригддаг зүйл нь нэгдүгээрт, тэнд та эхлээд өөрийгөө авч гарах ёстой. Хоёрдугаарт, туслаж чадах хэн нэгэндээ тусла. Гуравдугаарт, хэн амьд үлдэх найдвартайд нь тусла гэсэн зарчим үйлчилдэг. Гэвч хүссэн хүсээгүй нэгдүгээр зарчим үйлчилдэг. Зарим хүн үүнийг уншаад ямар харгис юм бэ гэж бодож магадгүй л дээ. Гэхдээ тэр өндөрт тийм нөхцөл байдалтай байхаас өөр арга байхгүй. Бүр энэрэнгүй сэтгэл гаргаад хэн нэгэнд туслах болвол харж байгаад биеийн байдал нь хамгийн сайн байгаа, амьд үлдэх магадлалтай хүнд нь л туслах хэрэгтэй.   
 
-Та хамт явсан уулчдынхаа хэн нэгнийг нь амьд үлдээх сонголттой таарч байв уу?  
-Захын нэг жишээ яръя. Эверестэд авирч байхад тохиолдсон явдал байгаа юм. Өндөрт гарахдаа үүрч явах ачаандаа хийх хоол, ус, газ гээд бүх зүйлийг граммаар нарийн тооцож авч явдаг. Тэр хүнд нөхцөлд ачаа үүрээд битгий хэл ганцаараа явахад ч хэцүү. Тэгэхээр тэгж зовж үүрч гарсан ачаанаас, хоол хүнснээс хэн нэгэн авна гэдэг шударга бус явдал юм. Яг тэдэн удаа тийм хэмжээтэй ус буцалгаж ууна гэж тооцоолсон газан дээр өөр нэг хүн нэг удаа ус буцаалгаад авна гэдэг бол уулчин өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулж байна гэсэн үг. Эверестэд авирч байхдаа буудаллаж байсан чинь нэг уулчин над руу мөстэй аягаа сарвайгаад үүнийг халаагаад өгөөч гэсэн. Би яаж ч чадахгүй өөрийнхөө ширпа руу л харсан. Ширпа маань намайг амьд гаргах гэж миний юмыг хаа байсан хол газраас үүрч ирсэн, бүх тооцооллыг хийсэн хүн. Гэтэл ширпа шууд үгүй гэсэн. Би яах ч аргагүй дуугуй л болсон. Эмэгтэй хүн чинь өрөвч байдаг болохоор бас хэцүү шүү дээ. Тэгээд ширпагаа майхнаас гараад явахаар нөгөө уулчинд буцалгасан усаа сарвайсан чинь ширпа маань буцаад ороод ирсэн. Тэгээд надад яах ч арга байгаагүй. Би усаа өөрөө уусан.
 
-Ширпа гэдэг нь уулчдын туслах гэсэн үг үү?
-Нэг ёсондоо тийм. Уулчдад өндөр ууланд авирахад зайлшгүй ширпа хэрэгтэй. Гэхдээ ширпагүй явдаг хүмүүс ч байдаг. Мөнгө төлж аваад ууланд авирахад миний амь нас болон авч яваа бүх зүйлийг хариуцна. Хоол унд хийж өгнө, майхан босгож өгнө гээд ширпагийн үүрэг их байдаг.
 
-Монголд ширпа байдаг уу?
-Байгаа. Гэхдээ яг ширпа биш ачаа үүрэгч гэдэг. Анх би Таванбогдод ачаа үүрэгчийг бий болгосон юм. Таванбогдод авирч байгаа гадны уулчид бас ачаа бараагаа үүрүүлдэг. Энэ ажлыг нутгийн залуус гүйцэтгэдэг юм. Зуны дэлгэр цагт хөдөө ажил гайгүй учраас хэдэн төгрөг нь ч гэсэн тэр хүмүүст хэрэгтэй байж таарна. Тэднийг л Монгол ширпа гэх юм уу даа.
 
-Манай улсад гадаадын уулчид хэр ирдэг вэ. Аль хайрханыг зорьж ирэх юм?
-Ирдэг. Ирэхдээ ихэвчлэн л Таванбогдод авирдаг. Би тав, зургаан сар гэж Таванбогд уул руугаа жуулчид дагуулж яваад намар есдүгээр сард хотод орж ирдэг. Ер нь бол тэнд л зусдаг даа. Харин өнгөрсөн жил яваагүй. Тэгсэн нутгийнхан “Б.Гангаамаа яагаад зусландаа ирэхгүй байна” гээд сураглаж байна гэсэн.  
 
-Зунжингаа бэлтгэл хийдэг байх нь ээ?
-Зун би жуулчдад авиралтын хөтөч хийдэг юм. Тэгж бодвол ажлаа хийж байна гэсэн үг. Авиралтын хөтөч хийж байгаа маань харин миний бэлтгэл болчихож байгаа юм.  
 
-Ер нь ямар улирлыг сонгож ууланд авирдаг вэ?  
-Улс орон болгоны ууланд авирдаг улирал гэж байдаг. Монголын ууланд бол ихэнхдээ 5-9 сард авирдаг. Эверестэд бол хавар тавдугаар сард, намар 10 дугаар  сард авирдаг. Гэхдээ намрын авиралт бараг хийгддэггүй. Харин Африкийн Климанжарод бол нэгдүгээр сараас гуравдугаар сарын хооронд авирдаг байх жишээтэй.
 
-Хүмүүс оргилд гараад буух нь авирахаасаа илүү хэцүү гэж яриад байдаг. Энэ үнэн болов уу?
-Аль аль нь л хэцүү. Уулчид оргил руу авирахдаа хамаг эрч хүч, тамир тэнхээгээ барчихсан байдаг. Тийм учраас буухад ядарсан, сульдсан байдаг. Нөгөө талаас оргил дээр гарсан хүн сэтгэлийн хөдөлгөөн ихдээд, тэр эмоциороо буухдаа анхаарал болгоомж алдаж эрсдэх тохиолдол цөөнгүй гардаг. Тэрнээс биш авирахад амархан, буухад хэцүү гэж хэлж болохгүй. Уул эрсдэл ихтэй шүү дээ.  Өгсөж байхдаа ч, бууж байхдаа ч гишгэсэн чулуу болгоноо дахин, дахин гишгэж шалгах хэрэгтэй. Ууланд хоёр дахь алдаа гэж байдаггүй. Нэг л алдвал амь насаа алдана.  
 
-Та хэр их сүсэг бишрэлтэй хүн бэ. Монголчууд уул, овоо, газар дэлхийтэйгээ харьцахдаа их сүсэглэдэг шүү дээ?
-Би ямар ч ууланд авирах гээд очихдоо эхлээд тэр уулнаасаа гуйж, дотоод сэтгэлдээ аргаддаг. Хэзээ ч омогдож болохгүй. Дэнзэнноров гуай хэлсэн байдаг шүү дээ. “Эверестэд би долоон удаа авирч долоо дахь удаагийн оролдлогоороо  оргилд нь гарсан. Гарах болгондоо би эхийнхээ энгэр өөд мацаж байгаа хүүхэд шиг авирч гардаг байсан” гэж. Би ч гэсэн яг л ийм бодолтой авирдаг. Гадна, дотны аль ч уулыг зорихдоо уулыг нь баярлуулъя гэвэл тэр нутгийнх нь иргэдийг баярлуулж хүндлэх ёстой гэж боддог. Тэр нутгийн хүүхдэд нэг чихэр өгөхөөс эхлүүлээд аль болохоор хүмүүсийг баярлуулахыг хичээдэг. Мэдээж монгол хүн учраас арц, хүж уугиулж, хайрханд сүүгээ өргөнө. Би Эверестэд гарахдаа ч, К2 руу авирахдаа ч нутгийнх нь иргэдтэй их сайхан харьцаж байсан. Хүмүүс нь ч надад их сайн ханддаг. Монголд ч гэсэн адилхан. Би Баян-Өлгий аймгийн Цагаан гол суманд сүүлийн долоо, найман жил зусч байна. Нутгийнхан нь намайг манай нутгийн хүн гэдэг. Би анх гавьяатын найраа тэр сумын иргэдтэй хийж байсан. Уулын хормойд багахан найр хийж байлаа. Хэдий Отгонтэнгэр Очирваань хайрхан намайг хүн болгосон ч Алтай Таванбогд намайг уулчин болгосон. Тэгэхээр би тэр хайрханг, тэр нутгийн ард түмнийг хүндлэж явдаг.  
 
-Монголд эмэгтэй хүн гарч болдоггүй хайрхан гэж байдаг. Нутгийн иргэд ч тийм хайрхандаа эмэгтэй хүн ойртуулдаггүй. Танд ер нь ийм зүйл тохиолдож байв уу?
-Уул бол нүдтэй, чихтэй, сонсч, мэдэрдэг амьтай зүйл. Зөвхөн манай уулчид сүсэг бишрэлтэй биш юм билээ. Гадны уулчид ч гэсэн сүсэг бишрэлтэй. Би нэг жишээ хэлье. 1996 оны тавдугаар сарын 9-10-ны шөнө Эверестэд урд болон хойд талаас нь авирч байсан уулчид нэг мөчид зэрэг осолдсон тохиолдол гарсан. Цаг агаар гэнэт өөрчлөгдөж маш том сүйрэл болсон байдаг. Одоо ч тэрийг хүмүүс домог шиг ярьдаг юм. Урд талаас нь авирсан Шинэ Зеландын Роб Холл, АНУ-ын Скот Фишер гээд мундаг хоёр уулчин байсан юм. Тэр хоёр найзууд хэдий ч өрсөлдөгчид байсан. Хоёулаа мэргэжлийн компанитай байсан байгаа юм. Тэгээд тус тусдаа найм, найман үйлчлүүлэгч, тав, таван ширпа аваад бас адилхан хоёр, хоёр хөтөч авсан байдаг. Тэгээд нэг нь үйлчлүүлэгчдэдээ “Эверест бол зуун хувийн амжилт” гэж хэлсэн байдаг. Харин нөгөөх нь Эверестийг нэг жижиг уултай зүйрлэж хэлсэн байдаг юм. Хоёулаа Эверестийг маш том бассан, ам гарсан. Түүнийг нь уул сонссон. Тийм ч учраас тэр хоёрыг хөмөрсөн. Тэнд их том сүйрэл болсон. Уулын авиралтыг бизнес болгох гэсэн хамгийн анхны оролдого тэр байсан гэж уулчид үздэг. Яагаад гэхээр хоёр уулчин Эверестийн оргилд найдвартай гаргана гээд үйлчлүүлэгч бүрээсээ 65 мянган ам.доллар авсан байсан. Уул хайрханууд гаргах хүнээ гаргадаг, гаргахгүй хүнээ бол гаргадаггүй гэж ярьдаг. Гэвч тэр хүн ууланд хэр үнэн сэтгэлээсээ хандаж байна, түүнээс гадна зам мөр нь хэр зөв байна гэдгээс бас их шалтгаалдаг гэж би боддог. Яг тэгж эмэгтэй хүн гардаггүй гэдэг зүйл уулчин миний хувьд бол байхгүй. Намайг уулын хүн ууландаа ирлээ л гэж боддог байх. Надтай тийм гаргахгүй гэсэн явдал нэг ч удаа тохиолдож байгаагүй. Очирваань хайрхандаа би долоон удаа зорьж очоод таван удаа авирч байсан. Хоёр тохиолдолд нь би хайрхандаа мөргөх гэж очсон. Харин Алтай Таванбогддоо бол 1998 оноос хойш 50-иад удаагийн авиралт хийсэн. Яг Хүйтний оргил руу 34 удаа авиралт хийснээс долоо нь амжилтгүй болсон байдаг юм билээ. Би саяхан нэг тооцож үзсэн.  
-Эмэгтэй хүн ууланд авирна гэдэг мэдээж амаргүй. Эрэгтэй хүнтэй харьцуулахад хүч дутах үе байдаг уу? 
-Бусад спортуудад эмэгтэй, эрэгтэй төрөл нь тусдаа байдаг. Харин өндөр уулын авиралтад эрэгтэй, эмэгтэй гэж ялгах зүйл нэг ч байхгүй. Яг л ижилхэн замаар явна. Яг л ижилхэн хоол, унд идэж орчин нөхцөлд байна, ямар ч ялгаа байхгүй. Адилхан л гарчихаад энэ надад туслах ёстой гэж болохгүй. Эрэгтэй хүн авирлаа гээд уул өндөрсөж, эмэгтэй хүн авирлаа гэж уул намсахгүй. Тэгэхээр уулын спорт бүх хүнээс адилхан хүч чадал шаарддаг. Ер нь нэг ийм ойлголт байдаг. Сайн уулчин нэгдүгээрт, муу хамтрагчаасаа болж, хоёрдугаарт, өөртөө эрдэж явж эрсддэг гэж. Тэгэхээр би муу хамтрагч байхгүй юмсан гэж их хичээдэг. 
 
-Та К2 руу дахиж гарах уу?
-Тэрийг би хэлж мэдэхгүй байна. Тэгж том ам гарч болохгүй.
 
-Та яг оргилд гарахдаа үүргэвчиндээ юу авч явдаг вэ?
 -Ямар ч ууланд авирч байлаа гэсэн яг оргил дээр гарахын өмнөх кэмпд үүргэвчээ цэгцэлнэ. Тэгэхэд илүү дутуу зүйл авч явах ямар ч боломжгүй байдаг. Эверестийн оргилд гарахад бол миний цүнхэнд би өөртөө захиалж арьсан дээр хийлгэсэн Монгол Улсын газрын зураг, Засгийн газраас өгсөн төрийн далбаа, Iridum утас, хүчилтөрөгчийн баллон, зургийн аппарат, савтай ус л байсан. Харин гадуур хувцасны халааснуудад дүүрэн мөнгө байсан шүү. Хүмүүс оргил дээр гаргаад аваад ирээрэй гээд мөнгө дайж явуулдаг. Хүмүүсийн тэр захиасыг биелүүлэх үүднээс халаас дүүрэн мөнгөтэй л явдаг даа.
  
-Оргил дээр гараад эд зүйлсээ мартаж буусан тохиолдол бий юу?
-Байхгүй. Угаасаа мартахаар олон юм байх ч биш. Юм гаргаж тавибал хийсээд алга болчих учраас буцаагаад цүнхэндээ хурдхан хийдэг. Яг оргил дээр бол тухлаад суух ямар ч боломж байхгүй.  
 
-Эверестийн оргилд гарахад салхи хэдэн м/сек байв?  
-Би шөнө авирсан. Шөнө их тогтуун байдаг. Ер нь өндрийн авиралтыг шөнө хийдэг юм. Уулчин хүн үүр цайхад оргил дээр гараад, нар мандаад цаг агаар муудаж эхлэхэд буцаад буух ёстой. Өндрийн авиралтад эхлэх цаг, эргэх цаг гэж байдаг. Ийм авиралт хийхийн тулд шөнө дундаас хойш авираад өдрийн 12 цаг гэхэд кэмп дээрээ ирсэн байх ёстой. Яагаад гэхээр өндөр ууланд үдээс хойш цаг агаар мууддаг. Үүнийгээ тооцоолоогүйгээс л болж уулчид осолддог. Түрүүний хэлсэн 1996 оны Эверестийг зорьсон уулчдын осол сүсэг бишрэлтэй холбоотой мэт боловч яг үнэндээ энэ тооцооллыг хийгээгүйтэй холбоотой. Тэдний сүүлийн хүн нь өдрийн гурав, дөрвөн цагт оргил дээр гарсан байдаг юм. Тэр чинь цаг агаар аль хэдийнэ муудаад эхэлчихсэн үе байхгүй юу. Тэгээд л хамаг тамираа барчихсан хүмүүс буухдаа осолдсон байдаг. 8000 метрийн өндөр дэх 30 метр секундын салхи гэдэг чинь бараг сансрын салхи л гэсэн үг. Тэгээд -40, -50 хэмийн хүйтэнтэй, хүчилтөрөгч байхгүй болсон байна. Тиймээс зарим нь хөлдөж, зарим нь салхинд туугдаж нисээд, зарим нь өндрийн өвчин тусаад олон хүн нас барцгаасан байдаг.  
-Оргил дээр гараад хэр уддаг вэ?
-Удах шаардлага байхгүй шүү дээ. Гараад л зураг авч бичлэг хийж баримтжуулаад л болно. Яг оргил дээр зай багатай учраас ядаж л араасаа ирж байгаа уулчдадаа зай тавьж өгөх хэрэгтэй. Бас хүчилтөрөгчөө ч гэсэн бодох хэрэгтэй шүү дээ.
 
-Та гарын шавьтай юу. Таниас суралцаж хамт авирдаг Монголын залуу уулчид бий юу?
-Ууланд дагуулж яваад цуг авирахдаа явцын дунд юмаа хэлээд л заагаад явдаг залуус бий. Бодвол тэд надаас суралцаж л байгаа байх даа.
 
-Та ингэхэд хэдэн хэл мэддэг вэ. Гадаад, дотоодын уулчидтай авиралт хийдэг болохоор хэлний мэдлэг их шаардагддаг байх?
-Нэг их олон хэл мэдэхгүй ээ. Оросоор бол ойлгоно, ярина. Англиар бол хоолоо олоод идчих хэмжээний хэлтэй гэж болно. Учир зүггүй шинжлэх ухаан яриад байвал мэдэхгүй. Одоо тэгээд аль ч оронд очоод олон орны уулчидтай хамт байсан ч англи хэлээр ярьдаг болохоор ойлголцчихдог юм. Гэхдээ нөгөө сайн байна уу, баяртайгаа бол их олон хэлээр хэлнэ шүү дээ. Манай хэлээр сайн уу,  баяртай гэхийг ч гадны олон уулчин мэднэ. Асуугаад л заалгадаг юм.  
 
-Та Монголынхоо бүх өндөр хайрханд авирсан уу?  
-Сутай хайрханаас бусдад нь авирсан. Очих боломж гарахгүй байсаар байгаад Сутай хайрхандаа авираагүй байна. Харин энэ зун манай уулчид тэнд очиж уулзалт авиралтаа хийнэ. Тэгэхээр л надад авирах боломж тохиох байх даа.
 
-Та зунаас бусад улиралд бэлтгэлээ яаж хийдэг вэ?
-Заалны бэлтгэл хийдэг. Тэрнээс гадна формоо хадгална гэдэг нэг асуудал байдаг. Гэхдээ хоол, ундаа сойж болохгүй. Уулчид бие бялдрын хувьд хүч тэнхээтэй, эрүүл мэндийн хувьд маш сайн байх ёстой учраас тэжээл ихтэй хоол, унд сайн иддэг. Харин идсэнийгээ шатааж, хөдөлгөөн хийж жингээ тогтмол барих хэрэгтэй.
 
-Өндрийн өвчин гээд яриад байдаг. Яг ямар өвчин байдаг юм бэ?  
-Өндрийн өвчний хамгийн дээд хэлбэр нь ухаан санаа нь самуураад өөрийгөө удирдах чадваргүй болдог. Тэгээд наад зах нь өндөрт маш их шингэн алдана, ханиалгана, уушги устана. Өндөр рүү авираад бууж ирсэний дараа үс маш амархан цайна, хугарч унана. Бага зэргийн мартамхай болох зэрэг асуудал гардаг.  
 
-Өндрийн өвчин айдсаас үүдэлтэй гэдэг нь худлаа байх нь ээ?
-Ууланд авирахдаа айна гэсэн ойлголтыг толгойноосоо авч хаясан байх ёстой. Айдастай байвал оргилд ч гарч чадахгүй бараг авирч эхлээгүй байхдаа л үхнэ шүү дээ. Ер нь уулчид эхний удаад оргил дээр гарахдаа айдастай байдаг. Тэгээд хоёр дахиасаа бол гайгүй болчихдог. Би анх 2006 онд Эверестэд гарахдаа за дөрвүүлээ ирсэн, дөрвүүлээ амьд л буцах юмсан. Үхчихгүй л бол гэсэн айдас байсан. Харин 2011 онд гарахдаа бол огт тийм айдасгүй болчихсон. За үхтлээ ч хаа юм гэж бодож байгаа юм чинь. Гэхдээ нэг удаа надад зурвасхан нэг тийм бодол орж ирж байсан шүү. Эверестэд гарахдаа яг шийдвэрлэх авиралт хийхийн өмнө кэмп дээрээ байж байгаад буцаж явж байгаа хүмүүсийг хараад “Би хэзээ ингээд буцах бол. Ер нь буцах л байгаа даа” гэж бодсон. Тэгж бодонгуутаа шууд л юун дэмий юм бодоод байгаа юм гээд өөрийгөө сатааруулсан. Уулчид ер нь өндөрт гарчихаад нэг их юм бодож чаддаггүй болчихдог юм. Зүгээр биеэ дасгаад л, нүдээ бэлчээгээд алхах нь сайхан байдаг.
 
-Оргил дээр гайхалтай сонин тохиолтой таарч байв уу?       
-Эверестийн оргил дээр байхдаа би нэг агшинд нэг цэг дээрээс өдөр, шөнө хоёрыг яг зэрэг харж байсан. Тийм ховор тохиолдлыг олон хүн харж чадахгүй байх аа. Үнэхээр гайхалтай санагдсан. Биднийг оргил дээр гарахад яг үүр цайж байсан болохоор нэг талдаа харанхуй, нөгөө талдаа нар мандаж байсан. Би зүүн тал руугаа хараад суучихсан байсан болохоор миний зурагны ард харанхуй байсан. Би өөдөөс маань хараад сууж байсан ширпагийнхаа зургийг авахад цаана нь нар мандаж байсан. Тэгээд би бас туршлагагүй л байгаа байхгүй юу. Нөгөө талдаа гарч суугаад зургаа авахуулчихгүй.
 
-Та Эверестэд дахиж авирах уу?  
-Нөгөө тийшээ харж суусан зургаа авахуулах гэж үү. Тэр хол байх аа.
 
-Танд баярлалаа.   
Нийтэлсэн: О.Энхмаа

Б.Гангаамаа: Ууланд хоёр дахь алдаа гэж байдаггүй  
Үзсэн: 14208 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-01-10 21:03
Өөрийнхөө мэдлэгийн хэмжээнд их итгэлтэй ярьжээ. Харамсалтай нь хоцрогдсон хүн хоцрогдсон юмаа ярьсаар мэдэхгүй хүмүүсийн толгойг угаах юм. Өндөр ууланд спорт авиралт бас бий, Түүнийг нь монголд хийдэг нэг ч уулчин байхгүй. Мэргэжлийн юм бол Гангаамаа та өндөр ууланд бас алхахаа больчих, авиралдаа. Та алхаад ч гэсэн чадахгүй 3 уулнаас буцсан шүү дээ, юун мэргэжлийн гэж хүмүүсийн толгой угаагаад бнааа
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-03 19:35
Айяаяа, үнэхээр л амь нас, эрүүл мэндээрээ дэнчин тавьж явдаг эрсдэлтэй спорт байна даа
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-03-25 11:01
Дүү минь бид чамаараа бахархаж байгаа шүү.. цаашдийн чин ажилд амжилт хүсьев
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2014-03-21 15:45
uneheer gaihaltai yma. gangaama egchee tanaar baharhaj bna.
202.179.18.xxx [202.179.18.xxx] 2014-03-16 16:36
mash shan yariltslaga bolj .setgel mash ih hudulj bna
119.40.102.xxx [119.40.102.xxx] 2014-03-14 14:18
ямар сайхан ярилцлага вэ. өөө энэ бол үнэн гайхамшиг агуу юмаа. бишрээд барамгүй ямар мундаг эмэгтэй вэ. одоо болноо гэж хэлмээр байна сайхан хань ижилтэй өнөр бүл монголынхоо ард түмэнд дуурсагдаад явж баймаар байна. Маш хүнд мэргэжил гэх үү ажил юмаа. гайхаад барамгүй үйл юм.
202.131.248.xxx [202.131.248.xxx] 2014-03-10 16:43
Saihan yariltslaga bolj. Ta uneheer er zorigton yum aa
49.0.130.xxx [49.0.130.xxx] 2014-03-06 20:03
Mongolian MNF/Mongoliin uulchdiin undesnii holboo/
49.0.130.xxx [49.0.130.xxx] 2014-03-06 20:01
Uuliin holboonii tsahim yamar nertei yum bol?
116.202.18.xxx [116.202.18.xxx] 2014-03-03 07:59
Sunny Христ Зээлийн санд тавтай морилно уу, бид бүх төрлийн зээл өгч байна. бол Та өөрийнхөө талаар таны зээлээр одоо бидэнтэй холбоо барина яаралтай зээл хэрэгтэй байгаа дөнгөж 2% нь хүүний яаралтай батлах. ӨРГӨДЛИЙН МАЯГТ НЭР ........... Улс ........ ХЭМЖЭЭ ........ ТОО ......... ХАЯГ ........ ХУГАЦАА ....... ЗОРИЛГО ........ И-мэйл: sunnychristloanfund@gmail.com Шууд Line: +919654986437
116.202.18.xxx [116.202.18.xxx] 2014-03-03 07:56
ASSA Нүүр Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Соёл урлаг Спорт Шар мэдээ Боловсрол Энтертайнмент Нийгэм
116.202.18.xxx [116.202.18.xxx] 2014-03-03 07:56
ASSA Нүүр Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Соёл урлаг Спорт Шар мэдээ Боловсрол Энтертайнмент Нийгэм
116.202.18.xxx [116.202.18.xxx] 2014-03-03 07:56
ASSA Нүүр Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Соёл урлаг Спорт Шар мэдээ Боловсрол Энтертайнмент Нийгэм
116.202.18.xxx [116.202.18.xxx] 2014-03-03 07:56
ASSA Нүүр Улс төр Эдийн засаг Уул уурхай Дэлхий дахинд Соёл урлаг Спорт Шар мэдээ Боловсрол Энтертайнмент Нийгэм
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-02 20:52
Mash gaihamshigtai emegtei. Amjilt husie
49.0.130.xxx [49.0.130.xxx] 2014-03-02 08:38
Mash saihan yariltslaga boljee.amjilt husie busgui mini
75.37.31.xxx [75.37.31.xxx] 2014-03-02 05:50
uneheer sonirholtoi yariltslaga baina, ih adal yavdal ch taardag yum bna, nom bichvel mash sonirholtoi nom boloh baihaa. Gangaamaag ih hundeldeg, uneheer zorig tevcheertei busgui shuu, hir bargiin em baitugai erchuud ch ingej zoriglohgui shuu. Amjilt husie, az jargaltai ailin gergii bolooroi
182.160.1.xxx [182.160.1.xxx] 2014-03-01 21:34
Ёстой урамтай сайхан ярилцлага болжээ.Монголын минь бахархал Гангаамаа та шүү.Сайн ханьтай болж олон сайхан хүүхэдтэй болоорой.Амжилт хүсье.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-03-01 16:43
mash ikh taalagdlaa. Saikhan yariltslaga boljee. Mundag mundag heleh yg alga. Burkhan iveeg dee taniig. Amjilt hysie
182.160.8.xxx [182.160.8.xxx] 2014-03-01 15:54
yum unshsan yum shig bolloo.oird iim sdaihan sonirholtoi yariltslaga unshaagui yum bn shu.mongoliin baharhal bolson gaihamshigtai emegtei.gehdee hund ur huuhed,hani ijil yunyunaas ch iluu chuhal.nasnii etsest chamd ur huuhed l uldene.hangalttai amjilttai yavlaa,busgui mine odoo zogsolt hiij amidral zohioson ni tulaas chuahl bh aa gej saihan setgeleer zuvlumuur bn
202.179.10.xxx [202.179.10.xxx] 2014-03-01 11:47
Saihan yariltslaga bna. Sherfa gej Gimalain uuland amidardag tuvdiin neg yastan. Denzen norov sherfa undesten shuudee
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-01 01:11
mash sonirholtoi yariltslaga bna. uulchin busguidee amjilt husie
106.188.5.xxx [106.188.5.xxx] 2014-02-28 22:01
uneheer mundag emegtei yumaa Amjilt , az jargal sain saihniig husie
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-02-28 21:09
АМЖИЛТ ХҮСЬЕ
182.160.8.xxx [182.160.8.xxx] 2014-02-28 16:58
aimaar ymoo. bi bol avirahgui ee. gertee uureer untaj bdag shd kkk. za za amjilt nutgiin huuhend
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-02-28 16:41
ЗӨВ ШҮҮ
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-02-28 16:06
Мундаг эмэгтэй шүү та. Танд амжилт хүсье
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-02-28 15:48
сонирхолтой ярилцлага болжээ. тиймээ мундаг эмэгтэй юм. хоёрдахь сонголтгүй тийм их эрсдэлийг сөрөөд ганцараа алхаж буй эмэгтэйг хүндлэхээс яах билээ
202.126.95.xxx [202.126.95.xxx] 2014-02-28 14:18
mundag emegtei yumaa
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-02-28 14:02
HM. MASH SAIHAN YARILTSLAGA BOLSON BNA.
180.149.97.xxx [180.149.97.xxx] 2014-02-28 14:01
mundag emegtei gej bi hundeldeg amjilt husye ukhaantai yariltslaga bna Bi uuland awirakh durtai zugeer l hobbi yum daa jijig tolgodiin oroi deer garakhaas hetrekhgui l dee gekhdee l uuliin oroi deer garlaa geed urtaar amisgaa awakh unekheer saikhan shu .Amjilt dallad ajil uils butekhiin uram ikh energiin ursgal bied irekh shig boldog

Бидэнтэй нэгдээрэй