Шууд Chart

С.Ренчинсэнгээ: Инженерийн боловсрол эзэмшчихээд сэлбэгийн наймаа хийгээд явдаг хүн олон байна

2014-04-08 10:28:55

-Энэ жил улсын хэмжээнд 370 мянган тонн ургац хураана-

Газар тариалалтын ажил эхлэх болсонтой холбогдуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Газар тариалангийн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Ренчинсэнгээтэй ярилцлаа.   

-Тариалалтын бэлтгэл ажил хэр байна вэ?
-Одоогийн байдлаар нарийн ногооны үр, үрсэлгээ бойжуулах, хүлэмжийн ажлууд эхэлчихсэн байна. Харин ил талбайн тариалалт бол тавдугаар сарын эхээр явагдана. Заримыг нь дөрөвдүгээр сарын сүүлээр хийчихдэг. Монголчууд өдөр судар хардаг болохоор түүндээ тааруулаад тариалалтаа эхэлдэг юм. 

-Энэ жилийн хувьд гадаадаас үр импортлож байгаа. Хэдий хэмжээний үр импортлож байгаа вэ?
-Манай улсад сүүлийн хоёр жил цаг агаарын таагүй нөхцөл байдал үүссэний улмаас аж ахуйн нэгжүүдийн хэмжээнд буудайн үрийн чанар муудсан. Ерөнхийдөө хөгширсөн байгаа. Тиймээс манай яам өнгөрсөн өвөл УИХ-аар 100 мянган тонн хүнсний буудай импортлох асуудлыг оруулсан юм. Гэтэл УИХ-ын гишүүд үрэндээ шинэчлэл хийх хэрэгтэй гэсэн асуудлыг тавиад одоо үр оруулж ирэх ажлыг хийж байна. Үр оруулж ирнэ гэдэг бол зүгээр нэг хийдэг ажил биш. Өөрийн эх орны байгаль цаг агаар, хөрс шороонд нутагшсан, элит бөгөөд нэгдүгээр үеийн үрийг импортлож аж ахуйн нэгжүүддээ өөрийн гэсэн үрийн бат суурьтай болоход нь зориулж олгодог. Энэ жилийн хувьд бол дөрвөөс таван  мянган тонн элит үр авах ерөнхий төлөвлөгөө байна. Үр тавдугаар сарын нэгний дотор орж ирэхгүй бол тэрнээс хойш  тариалах боломжгүй. Тийм учраас манай Тариалан эрхлэлтийг дэмжих сан, аж ахуйн нэгжүүд үүн дээр хамтарч ажиллаж байгаа. Хүнсний тухай хуулийн зүйл заалтын дагуу Ерөнхий сайдаар ахлуулсан хүнсний аюулгүй байдлын зөвлөл үүн дээр ажиллаж тарианы үрийг тусгай зөвшөөрлөөр импортлодог. Энэ жил үр импортлоход УИХ-аас онцгой анхаарч гаалийн болон НӨАТ-ын албан татвараас чөлөөлж байгаа. Бас элит үр гэдэг маань бидний хүссэн зоргоор гадаад зах зээл дээр 10, 20 мянган тонноороо байдаггүй. Байсан ч гэсэн маш олон шат дамжлага, шинжилгээ, хяналт шалгалт дор оруулж ирдэг. Бидний үр худалдаж авч байгаа тэр аж ахуйн нэгж ч гэсэн тухайн бүс нутагтаа, тухайн улсдаа үрийн чиглэлээр бизнес хийдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуй байдаг. Жишээ нь, Буриадад бол улсын статустай гурав, дөрвөн үр үржүүлгийн аж ахуйн нэгж бий. ОХУ манай улсыг бодвол үрийн асуудал дээр маш ухаалаг, шинжлэх ухаанчаар ханддаг.

-Тухайлбал, энэ жилийн хувьд манайх аль улсаас үр импортлож байна?
-Манай орны нөхцөлд хамгийн их дасан зохицдог үр нь Оросын Сибирийн бүс нутаг, Буриадынх. Буриадад үржүүлж байгаа сортуудаас манай оронд гурав, дөрвөн сорт нь сайн нутагшсан байдаг. Тэнд гаргасан сортоос манайх үндэснийхээ сортыг эрлийзжүүлж гаргах зорилгоор гаргасан Дархан 34, Дархан 144, Дархан 164 ч гэдэг юм уу сортууд байгаа. Манай улсын нөхцөл байдалд тохирсон ган тэсвэрлэх, хүйтэнд дасан зохицсон сортуудыг манай эрдэмтэд гаргаж авдаг. Дарханы ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн селекцийн эрдэмтэд бол өөрийн эх орны болон бүс нутгийн газар тариалангийн онцлог, далайн түвшнээс хэр өргөгдсөн байдал, хур тунадасны хэмжээ гэх мэтчилэн олон хүчин зүйлийг харгалзаж байж шинэ сортуудыг туршиж гаргадаг. Манайд гаргаж байгаа хэмжээ нь арай бага байдаг. Эхлээд суперэлитээ гаргаж авна. Үүнийг лабораторийн нөхцөлд тав8 аравхан кг-ийг гаргаж авдаг. Энэ үрээ тусгай зориулалтын ариутгасан, ямар нэг өвчний голомт байхгүй хөрсөнд маш бага хэмжээгээр үржүүлж байж элит үр гаргаж авдаг. Манайд бол жилдээ 100 тонн элит үр гаргаж авах хүчин чадалтай.

-Үрийг хэдэн жил тутамд сэлгэх ёстой вэ?
-Энэ жил авч тариалсан буудайн элит үр таван жил тариалагдаж байж зайлшгүй солих шаардлагатай болдог. Өөрөөр хэлбэл, элит дээрээ, мөн нэг, хоёр, гуравдугаар үе дээрээ таригдаад дөрөвдүгээр үе дээрээ таригдана гэж бараг байхгүй. Ургац нь буурна, үрийн сортын шинж чанараа алдана, хөгширнө, өвчинд өртөмтгий болдог. Түүхий эдийн чанар сулардаг ч тохиолдол бий. Энэ мэт олон сөрөг үр дагавартай. Тиймээс үрийг байнга шинэчилж байх ёстой. 

-Ер нь манай улс жилд хичнээн тонн үр импортлодог вэ? 
-Таваас арван мянган тонн элит үр байвал нэг жил тариалаад 40-50 мянга орчим тонн үртэй болох боломжтой. Элит үрээс нэгдүгээр үеийн үр гарна. Түүнээс нэгдүгээр зэргийн үр болж байж өндөр ургац өгнө. Элит үр бол эхний жилдээ нэгдүгээр үеийн үр гаргахдаа маш их ажиллагаа шаарддаг. Өөр сорттой холихгүй ургамал хамгааллын арга хэмжээг сайн авах ёстой. Мөн бэлтгэсэн уринш, хөрсний хангамжийн чийг сайн хангагдсан байх ёстой. Технологийн хугацааг чанд баримтлах ёстой. Жишээ нь, тавдугаар сарын 15-ны дотор тариад намар хугацаанд нь хураавал сайн болно. Энэ ажлыг компани болгон хийж чаддаггүй, маш нарийн агротехнологи шаардлагатай. Тийм учраас үр үржүүлгийн аж ахуйн нэгжүүдийг тусгай зөвшөөрлөөр яам сонгож тэр компанийн техник мэргэжилтэн, эзэмшиж байгаа талбай зэрэг олон зүйлийг нь аттестатчилж, дээрээс нь Эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхээ селекцийн эрдэмтдийн хяналт дор үржүүлгийн ажлыг хийдэг. Тэндээс гарсан үрийг харин манай аж ахуйн нэгжүүд аваад өөрсдөө үржүүлж цаашид таваарынхаа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлж ажилладаг. 

-Энэ жил импортлож байгаа таван мянган тонн элит үрд Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хэдэн төгрөг зарцуулж байгаа вэ?
-Уг нь бол 20 мянган тонн буудай импортлох зөвшөөрөлтэй. Гэхдээ яаж ч эрэл хайгуул хийгээд тэр хэмжээний үр импортлож чадахгүй байх. Манай Тариалан эрхлэлтийг дэмжих сан зарим аж ахуйн нэгжтэйгээ нийлээд 10 мянган тонн үр авчих болов уу гэж бодож байна. 10 мянган тонн үр импортлочихвол эхний ээлжинд үүсээд байгаа үрийнхээ хэрэгцээ шаардлагыг хангана гэж үзэж байгаа. Гадаад зах зээл дээр элит үр их өндөр үнэтэй. Европт бол нэг тонн элит үр 700-800 евро, Хойд Америкт 500-600 доллар байдаг. Харин манай улсын авдаг Сибирийн бүс нутагт харьцангуй хямд. Манай хил  дээр ирж байгаа үнэ нь  500 доллар дотор багтаад ирэх боломж байна гэж үзэж байгаа. Тэндээс авах нэг тонн үр 10 тонн үр болдог. Тэгэхээр энэ үнэндээ багтаагаад авчихвал манай аж ахуйн нэгжүүд  дараагийн хоёр,  гурван жилдээ ургац өндөртэй буудайгаа тариалах боломжтой. Тийм учраас бид үрэндээ их ач холбогдол өгч ажиллаж байна. Бид мөн ижил төстэй уур амьсгалтай Канадаас бага хэмжээний буудайны үр авчирч туршиж үзэх ажил эхлүүлж байгаа.   

-Дотооддоо тэр элит үрийг гаргах, шинэ сорт гаргах ажлыг хийх боломж хэр байдаг вэ?
 -Ер нь үр үржүүлэх сорт гаргахад хугацаа их шаарддаг юм. 10 жилээс доошгүй хугацаа хэрэгтэй. Дандаа генийн түвшинд ажилладаг учраас их хүнд хөдөлмөр л дөө. Шинэ сортыг бол Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны эрдэмтдийн зөвлөлөөр мөн Сортын зөвлөл, Патентын газар, гадаадын экспертүүд  гээд олон хүчин зүйлийн нөлөөллөөр шалгаж туршиж байж гаргадаг. Энэ ганц буудайн дээр яригддаг асуудал биш. Бүх төрлийн таримал дээр ийм байдаг. Төмсөн дээр бол генийн инженерчлэлийн аргаар бичил  булцуу үйлдвэрлэж төмсний суперэлит үр гаргах ажлыг өнгөрсөн 2012 оноос эхлүүлсэн. Хөрсгүй орчинд лабораторийн аргаар төмсний нэг жижиг болжморын өндөг шиг хэмжээтэй булцуу гаргаж аваад түүнийгээ дараа нь хөрсөнд ургуулж суперэлит үр гаргаж авдаг. Үүнтэй ижил лууван, сонгино, манжин гээд бүх төрлийн ногоо өөр өөрийн үр үржүүлгийн аргатай. Ер нь манай улсад боломж бий.

-Манай улсын хувьд газар тариалан хувийн сектор дээр тогтож байгаа юм шиг харагддаг. Энэ нь хэр зөв юм бэ?
-Манай улсад газар тариалангийн бизнес нь 100 хувь хувийн сектор дээр тогтдог. Бид хүрээлэнгээсээ тусгай зөвшөөрөл өгч аж ахуйн нэгжүүдэд чиглэл өгч хяналт тавьж ажилладаг. Цаашдаа ч бид улсын үрийн аж ахуй гэсэн сектор байгуулахгүй. Тэгэх боломж ч байхгүй. Өөрөөр хэлбэл, хувийн сектортоо эрхийг нь сайн олгоод өгчихвөл хувийн секторууд өөрөө үүнийгээ аваад явчих бололцоо манай орны хувьд байгаа юм. Яагаад гэхээр манай орны хэрэглээ нь хөрш зэргэлдээ орнуудтай харьцуулбал их бага. Жилдээ дөрөв, таван зуун мянган тонн буудай хураагаад авчихвал нийт иргэдийнхээ бүтэн жилийн хэрэгцээг хангах боломжтой. Тэгэхээр энэ хэмжээнд таарсан 50 мянган тонн үрээ хувийн секторынхан төвөггүйхэн аваад явчихаж чадна.

-Хавар тариалангаа хэлэхдээ намар тийм хэмжээний буудай хурааж авна гэсэн тооцоо гаргадаг уу?
-Бид сүүлийн гурав, дөрвөн жилийн дунджаар дээрээс нь тухайн жилийн бэлтгэсэн уриншийн чанар байдал мөн цаг уурын прогноз зэргийг харгалзаж тооцоо гаргадаг.

-Тухайлбал, энэ онд хичнээн тонн буудай хураахаар төлөвлөсөн бэ?
-Улаан буудайны хувьд  өнгөрсөн жил хийсэн уриншийн чанар зэргийг харгалзаж энэ жил 305 мянга орчим га талбайд улаан буудай тариалахаар төлөвлөж байна. Аж ахуйн нэгжүүд маань бас шийдлээ гаргахдаа биднээр нэг их заалгахгүй. Гэхдээ газар нь улсын өмч учраас улсын хэмжээнд хэрэгцээтэй байгаа таримлын хэмжээг гаргаж аймгууддаа хэлдэг. Хэрвээ 305 мянга орчим га талбайд буудай тариалвал бункерийн жингээр 370 мянган тонн ургац авах прогноз байна. Нэг га-аас 13, 14 орчим центр ургац хураана гэсэн үг.

-Энэ жилийн хурааж авахаар төлөвлөсөн ургацын хэмжээг өнгөрсөн онд хураасан ургацын хэмжээтэй харьцуулбал ямар байгаа вэ?
-Өнгөрсөн жилийн хувьд мал 30, 40 мянган тонн буудайг маань идчихсэн. Цаг агаар бас тэр хэмжээний ургацыг алдуулчихсан. Тэгэхээр тэр эрсдлүүдийг тооцохоор бид жил болгон тарьсан ургацынхаа 15-20 хувийг алдчихаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 70-80 мянган тонн ургац алдаж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ургацаа малдаа идүүлчихэлгүй, тэнгэр бурхандаа сайн залбираад энэ хэмжээний талбайдаа алдахгүй тарьчихаад байвал дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах хэмжээний ургацыг хураах боломжтой. 

-Манай улсад хичнээн тариалан эрхлэгч аж ахуйн нэгж байдаг вэ?
-Улсын хэмжээнд нийтдээ 1100 гаруй иргэн, аж ахуйн нэгж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг. Тариалан эрхлэгчдийн 70-80 хувь нь жижиг, дунд тариаланчид байдаг. Тариаланчид маань үүгээрээ амьдралаа залгуулдаг. Нэг хэсэг нь хашаандаа, нөгөө нь талбайд, бүр нэг хэсэг нь хүлэмжинд тариалан эрхэлж байна. Энэ хүмүүсээ бид тал бүрээр дэмжих ёстой. Тэгж байж орон нутагт ажлын байр бий болж байна шүү дээ. 

-Тариалан эрхлэгчид санхүүгийн асуудал нэлээд тулгардаг гэж ярьдаг юм билээ?
-Ний нуугүй хэлэхэд манай тариалан эрхлэгчид ялангуяа жижиг тариалан эрхлэгчдэд банкны зээл тэр болгон олддоггүй. Эрсдэл ихтэй гэж үздэг учраас банкныхан тэдэнд зээл олгох их дургүй байдаг. Дээр нь хүү их өндөр. Өөрөөр хэлбэр, энэ санхүүгийн систем манай салбарыг хөгжихөд их саад болж байгаа. Тариалангийн салбар чинь нэг их мөнгө зарчихаад орлого олохгүй байж байж жилийн эцэст орлого олдог. Энэ хугацаанд тариаланчид маань зээл авсан бол хамгийн багадаа зургаан сар зээлийн хүү төлнө, дээрээс нь шатвал эрсдлээ яах билээ гэх мэтчилэн олон асуудал тулгардаг. Тэгээд жилийн эцэст нэг орлого олохоороо зээлээ төлнө, хүүхдийнхээ сургалтыг төлбөрийг төлнө гээд зарцуулсаар байтал дараа жил ургацаа эхлүүлэх хуримтлалгүй болчихдог. Одоо манай тариаланчдад бол хоёроос дээш хувийн хүүтэй зээл олддоггүй. Зээлийн хүү нь сарын хоёр хувь байдаг. Тэгээд урт хугацаатай зээл өгөхгүй. Зургаан сар, дээд тал нь нэг жилийн хугацаатай л зээл олгоно. Энэ бүхэн тариаланчдад үнэхээр хүнд тусдаг.

-Тэгэхээр энэ тогтолцоог өөрчлөх шаардлага тулгарч байгаа гэж ойлгож болох уу?
-Би банк санхүүгийн салбарынхыг муулах гэж байгаа юм биш. Тогтолцоо нь өөрөө хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэхэд саад болж байна. Банкныхан малчдад бол өөр ханддаг гэж байгаа юм. Яагаад гэхээр мал барьцаа болдог. Бүр болохгүй бол махаа зараад зээлээ төлчихнө. Харин тариаланчдыг болохоор чи намар тариагаа мөндөрт цохиулчихвал зээлсэн мөнгөө  авах уу, газар чинь улсын өмч болохоор газрыг чинь барьцаалахгүй, чиний энэ комбайн чинь явах үгүй нь мэдэгдэхгүй байна, үүнийг чинь барьцаалахаар сая төгрөг хүрэх юм уу гэдэг. Тэгэхээр үүнийг өөрчлөх хэрэгтэй. Иймэрхүү олон зовлон өнөөдөр манай тариаланчдад байгаа учраас бид аль болох үүнийг хөнгөвчлөхийн төлөө л ажиллаж байна. Би өнөөдөр тэнд очоод тариаг нь тариад өгөх биш. Энэ хүмүүст тариа тарих, бизнес эрхлэх таатай орчинг нь бүрдүүлэхийн тулд л бид ажиллаж байна. Тийм учраас бид энэ Тариалангийн тухай хууль, Тариалангийн даатгалын тухай хууль, Тариалангийн үр сортын тухай хууль, Ургамал хамгааллын тухай хуулиуд дээр ажиллахын сацуу шинэчлэн боловсруулах ажлыг хийж байна. Манайд байгаа хуулиуд нь 10 жилийн өмнөх, цаг үеэсээ хоцорчихсон байна. Гэхдээ аль нэг улсын хуулийг авчраад хуулах биш, манай оронд зохицсон сайн хууль боловсруулах хэрэгтэй учраас тодорхой хэмжээний хугацаа  шаардана.

-Тариаланчдын нийгмийн даатгалын асуудал ер нь яаж шийдэгддэг вэ, Хувиараа тариалан эрхлэгчид сайн дурын даатгалд хэр даатгуулдаг юм бол?
-Даатгалын асуудал гайгүй ээ. Аж ахуйн нэгжүүд өөрсдөө даатгадаг. Одоо ч бас нэг үеэ бодвол өөрсдөө сайн дураараа даатгуулдаг тогтолцоо эрүүл болсон байна. Үүндээ их анхаардаг болж. Орлого нь л байвал тэд нар даатгалаа төлөхөөс хэзээ ч буцахгүй. 

-Манай улсын хэмжээнд газар тариалангийн мэргэжилтэн хэр хангалттай байдаг юм бэ. Шинээр сургууль төгсөж байгаа мэргэжилтэн олон юм уу, аж ахуйн нэгжүүд тариалан эрхэлдэг нутагтаа хүнээ сургаж ажиллуулж байна уу?
-Газар тариалангийн үйлдвэрлэл бол мэдлэгтэй байж хийдэг үйлдвэрлэл. Сэтгэлийн хөөрлөөр эсвэл хүн дууриаж хийдэг юм биш. Улсын хэмжээнд ХААИС, Эко-Ази гэх мэтчилэн улсын болон хувийн сургуулиуд мэргэжилтэн бэлтгэж байна. Салбарын суурь мэргэжилтэн бэлтгэдэг сургууль нь манай ХААИС. Их сургуулийг төгсч байгаа мэргэжилтнүүд бол хангалттай байна. Ганцхан үйлдвэр дээрээ очоод ажилладаг нь их цөөхөн. Тийм болохоор яамны зүгээс ХААИС-ын удирдлагуудтай хөдөө тариалан эрхэлдэг, трактор барьдаг, агротехникч хийдэг хүмүүсийн хүүхдүүдийг нь авчирч сургах тал дээр анхаараарай гэж ярилцаж байгаа. Тэгвэл тэр хүн энэ мэргэжлээ эзэмшээд аваад явчихна. Нэгэнт өссөн орчин, дадсан зүйл нь учраас ойр шүү дээ. Тэрнээс биш Улаанбаатарт төрж өссөн хүүхэд ХААИС-д инженер, агрономи, малын эмч болчихоод шууд хөдөө очоод ажиллана гэдэг бол хэцүү. Гэхдээ хүүхдүүд хөдөө явж ажиллахгүй байгаа нь нийгмийн хангамж, цалин хөлс гээд олон асуудалтай холбоотой л доо.

-Манай улсад жилд хөдөө аж ахуйн мэргэжилтэн хэд төгсдөг талаар албан ёсны судалгаа байдаг уу?
-Судалгаа байгаа. Төгссөн мэргэжилтний тоогоор нь аваад үзвэл улсынхаа хөдөө аж ахуйн салбарт ажиллах хүрэлцээтэй хэмжээний мэргэжилтэн бий. Би өөрөө инженер учраас асууж байсан л даа, ХААИС-ын багш нар, хүний нөөцөөс танай инженерүүд хөдөө аж ахуйн салбартаа очих нь хэр байна гэж. Тэгэхэд өөдөөс “Өгөөмөр” дээр нилээд хэдэн хүн байгаа, “Да хүрээ” дээр ч хэдэн хүн бий гэдэг юм. Инженерийн боловсрол эзэмшчихээд сэлбэгийн наймаа хийгээд явдаг хүмүүс их байна. Бас уул уурхайн компаниудаар ажиллаж байгаа юм. Тэнд цалин өндөр учраас бас хангамжаа дагаад байна шүү дээ. Гэвч тодорхой хувь нь хөдөө аж ахуйг салбартаа очдог. Гэхдээ тэнд очоод туршлага нь дутуу учраас ажлын үнэлэмж нь төдийлөн бүрэн төгс болчихгүйн зовлон бас байгаад байх шиг байна. Сүүлийн үед харин манай томоохон аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө хөрөнгөөр хүмүүсээ сургаж эхлээд байна. Ажилтныхаа цалинг нь өгөөд, сургалтынх нь төлбөрийг өөрсдөө хүнээ бэлтгээд авчихаж байгаа нь сайшаалтай. Энэ бол эрүүл схем. Цаашдаа манай аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн нөхцөл хуримтлал нь сайжраад байвал өөрсдөө энэ мэт асуудлаа шийдээд явчих боломжтой. 

-Сүүлийн жилүүдэд арабус гэдэг ургамлыг манай тариаланчид ихээр тарьдаг болсон. Энэ ургамлыг хөрсийг үгүй хийдэг. Арабус тариалсан хөрсөнд дахиж ургамал тариалж болдоггүй гэж шүүмжлээд байдаг. Энэ үнэн юм болов уу?
-Манайхан мэдлэггүйгээсээ болоод сэтгэлийн хөөрлөөр ийм юм хийгээд байгаа тал бий. Арабус нь дотроо техникийн тосны, хүнсний тосных гэж ялгаатай. Бид энэ жил хүнсний тосны арабусыг нийт тариалангийн талбайнхаа 15-20 хувьд нь тарихаар төлөвлөж байгаа. Манай иргэд тэрийг нь сайн ялгаж мэдэхгүй байх шиг байгаа юм. Энэ ургамал өөрөө хөрсний их гүнээс шим тэжээлийг нь татдаг. Тариаланчид тухайн жил тариалангийхаа бүх талбайд биш хэсэгчлээд нийт талбайнхаа 20 орчим хувьд нь арабус тариад дараа жил нь тэр хэсэгтээ буудайгаа тарьж болно. Харин дараа жил нь арабусаа дараагийнхаа хэсэгт тариалаад явж болно. Ингэхээр дөрөв юм уу,  таван жилийн дараа анх тарьж байсан талбайдаа эргэж арабусаа тариалж болно гэсэн үг. Ингэвэл ямар ч асуудал байхгүй.

-Манай тариалан эрхлэгчид өөрийнхөө талбай дээрх ургацыг сайн ургуулахын тулд үүл буудуулж хиймэл аргаар бороо оруулдаг. Энэ ер нь хэр зохистой арга вэ?
-Болно ш дээ. Манайхан тийм арга хэрэглэдэг. Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр хөгжсөн техник технологиуд нь манайд ороод ирчихсэн байхад үүл буудах аргыг хэрэглэж бололгүй яах вэ. Тэнд орох байсан бороог энд оруулаад байгальдаа л сөрөг нөлөөтэй гэхгүй бол тэр асуудалгүй байх.  

 

Нийтэлсэн: О.Энхмаа

С.Ренчинсэнгээ: Инженерийн боловсрол эзэмшчихээд сэлбэгийн наймаа хийгээд явдаг хүн олон байна   
Үзсэн: 5095 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
64.21.244.xxx [64.21.244.xxx] 2014-04-09 14:26
hoit amerkt Fargo d togsood magistaraa hiigeed ajlaad doktoroo hiij bgaa zaluutai end taarlaa.ur tariagaar meregshij bgaa um bna .ene zaluutai uulzaad bisherlee zaluuchuud sain bna edniig ashiglah l heregtei .ene niitlel bol toriin bodlogo abch ybaa hunii tsaraig haruulsan saihan yriltsalga bson bna.tor zasgiin doroitson baij bgaa unen gutamshig ene nohoroos yu ch garahgui ni Battulga said anhaarna biz dee
122.201.25.xxx [122.201.25.xxx] 2014-04-09 09:46
Инженерээр төгссөн болгон инженер болдоггүй юм. Инженер бол өөр зүйл. Ажилгүй байгаа инженерүүдийг ойлгох хэрэгтэй шүү дээ. Хэн тэднийг үнэлээд байна аа. Алга л байна шүү дээ.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-04-08 14:33
энэ яахавдээ өнөөгийн төрд шигдсэн, дүр үзүүлсэн нэг шимэгч дундаж дарганцарын л нийт лэг төрх байна. Улаан буудайнхаа үргүй хэвтэж байж дотоодын хэрэгцээгээ хангана энэ тэр гэдэг бол иймэрхүү даргын цаасан дээр байдаг солиорол. Арай гэж тарьсан буудайгаа борлуулж чадахгүй гахайн тэжээл болгож байгаа тариаланчид зөндөө байгаа.
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-08 13:10
Инжнер бол л гэх юм. Ажил олдохгүй байна ш дээ. Ажилгүй инжнерүүд Монголоор дүүрэн байна оо хөө
175.204.192.xxx [175.204.192.xxx] 2014-04-08 12:31
Hulemj geed ene hun yariad bhad ene setguulch hulemjiin talaar asuuhgui unguruh yumaa. Yuniih ve hulemjiig medehgui bgaan bna daa
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-04-08 11:42
xaxa, arabus gej arabaas garaltai tarimal baidag
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-04-08 11:22
Хуульч, эрх зүйч, багш орчуулагч хүмүүс цаагуур чинь хамгаалагч, худалдагч, дугуй засварчин, микрийн жолооч хийгээд явж л байна.
202.70.46.xxx [202.70.46.xxx] 2014-04-08 11:15
injener hiigeed nemergui l dee. ajil ni baihgui tsalin baga. uliraliin chanartai, geed l asuudal ih shuu.
202.180.216.xxx [202.180.216.xxx] 2014-04-08 11:03
bas ch gej gaigui yamarch bolovsrolgui xun darga xiigeed baixad chin injener xun naimaa xiij yagaad boldoggui yum

Бидэнтэй нэгдээрэй