МҮОНР үүсч байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан ОНР-ийн захирал Л.Цэрэн-Очиртой ярилцлаа.
-Монголын Үндэсний Олон нийтийн радио үүсч байгуулагдсаны түүхт 80 жилийн ой энэ жилд тохиож байгаа. Ойгоо угтсан ажлыг аль ч байгууллага явуулдаг уламжлалтай. Танай байгууллага ойдоо хэр зэрэг бэлтгэж байгаа бол?
-Ой гэснээс бөх барилддаг. Морь уралддаг жишиг хаана ч гэсэн байна. Наадмын дараа тухайн ойг тэмдэглэсэн байгууллагад юу үлдэж өвлөгдөв гэдэг нь нэн сонин асуулт юм даа. Нэрд гарсан хэдэн бөхчүүд очиж зодоглоод хамаг бай шагналыг нь өвөртлөөд тансаг жип хөлөглөөд тоос татуулан алга болж өгнө. Морь уядаг бараг мэргэжлийн болчихсон гэхээр хэсэг нөхөд түүгээрээ амьдарч бизнес хөөж яваа уяачид нэртнүүд хурдан морьдоо ачиж найр, наадам, ойн баярт очдог болсон. Тэдний морьд л айрагдаж, үзүүр түрүүг авна. Ингэж л нөгөө наадмын шагналын мөнгөн санг хувааж аваад явцгаана. Монголчууд болсон хойно сайхан наадам боллоо гээд л хойноос нь хараад тоосон дунд хоцорно. Иймэрхүү жишиг, тогтчихсон нэгэн хэвшмэл жаягаас ой тэмдэглэх ёслолд бид өөрөөр хандах учиртай. Аймаг, хот, сумдын ная ерэн жилийнхээ ойг тэмдэглэнэ гээд нутгийн зөвлөлүүд “Мөнгө босгох” нүсэр бөгөөд “гуйлгын шинжтэй” ажилд тал бүр тийшээ шуудай тампуу, цүнх, чемодан бариад мордоцгоож байгааг сэтгүүлч та нар харцгааж л байгаа байх.
Нутаг усныхан нь нэр хичээж хэдэн бор юм цуглуулаад Нийслэлээс өргөл барьц шиг хандив нэрийн дор чадах ядахаараа өгч байгаа. Тэр хандивын мөнгө сум орон нутгаа хөгжүүлэхэд биш хаа тэртээгээс ирсэн явуулын гэлтэй нөгөө бөхчүүд, морь уяачдыг санхүүжүүлэх мөнгөн хандив болж зарлагдаад дуусч байгаа. Наадмын дараа сум орон нутаг нь хог цаас, архи, ундааны шилэнд дарагдаад баахан хөлчүү согтуу хүмүүс үлддэг биз дээ. Шинэчлэлийн Засгийн газар ч үүнд анхаарах цаг болсон. Сум орон нутгийн засаг захиргааны удирдагч иймэрхүү жишгийг өөрчлөх найр наадамд арай өөр сэтгэлгээгээр хандах цаг ирсэн шүү дээ. Гашуун ч гэсэн үнэн юм даа.
-Тухайлбал, радиогийн хамт олон ямар дэг жаягаар ойдоо бэлтгэж эхлэв?
-МҮОНР-ийн түүхэнд үлдэж хоцрох, урлаг соёлын гайхамшигт “Алтан сан” хөмрөгт баяжилт хийгдсэн байхаар бид ойгоо зохион байгуулахаар “Ажлын хэсэг” гаргаад ажилдаа аль хэдийнэ орчихсон шүү дээ. Та бүхэн мэдэж байгаа байх. Ойн ажлаа бид Төрийн соёрхолт Ардын жүжигчин Ц.Намсрайжав агсны урлагийн тоглолтоор эхлүүлсэн. Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ манай “Цагаан лавай” студид тоглолт хийсэн. Орон даяар радио, телевизээр нэвтрүүлсэн. Урлаг соёлын алдартнууд, судлаачид оролцож Симфони найрал хөгжим анх Монголын радиогийн дэргэд хэрхэн үүсч бий болсон. Түүнд Төрийн соёрхолт Ардын жүжигчин Ц.Намсрайжав агсны байгуулсан алдар гавьяаг үнэлж алдаршуулсан. Радиогийн Алтан фондод бичиж мөнхжүүлсэн. Ц.Намсрайжав агсны хүү Ц.Бүтэнбаяр ирж Симфони найрал хөгжмийн оркестрийг удирдсан. Ач охин нь хүртэл оролцож төгөлдөр хуураар гоцлосон. Гайхамшигтай тоглолт болж, манай урлагийн санг баяжуулсан.
МҮОНР-ийн урлаг, уран сайхны болон нэвтрүүлгийн II сувгийн редакциас радиогийн алтан санг баяжуулах томоохон ажил өрнүүлсэн. Манай улсын олон ястан, үндэстний дунд устаж үгүй болохын ирмэг дээр тулж ирсэн соёл, урлаг, эд өлгийн ховор нандин бүтээлийг өвлөж авах ажилд багагүй мөнгөн хөрөнгө, ихээхэн хүч зарцууллаа. Манай сэтгүүлчид, редакторууд, уран бүтээлчид олон зуун км замыг туулж ойгоо угтсан ажилд томоохон бэлэг барьж байгаа.
Тодруулъя л даа. Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт оршин суугаа өвгөд, хөгшид өндөр настнууд маань радиогийн алтан санд маш их зүйлийг өвлүүлж өглөө. “Сурвалжит монгол”, “Монгол удам”, “Монгол ёс заншил”, “Ардын хөгжмийн сан” зэрэг нэвтрүүлэгт 55 цуврал нэвтрүүлэг бэлтгэхдээ дархад, хотгойд, цаатан, буриад, өөлд, мянгад, урианхай, торгууд, захчин, казак, барга, үзэмчин, дарьганга, угсаатны эд өлгийн ховор нандин бүтээл, уртын дуу, татлага, цацал, мөргөл, тахилга, ерөөл, магтаал, үлгэр, домог, хууч яриа, хувцас, гоёл чимэглэл, гарваль түүхэн улбааг радиогийнхаа алтан сангийн бичлэгт авч хадгалж чадлаа.
Шинэ эрин радио станц буюу Нийгэм эдийн засгийн редакцийн хамт олон “Таван эрдэнэ” нэвтрүүлгээр “Алтан төлийн эзэд”-ээ тодруулж, тэднийхээ мал маллах суу алдар, арга ухааныг орон даяар сурталчлан алдаршууллаа. "Ургацын далай" нэвтрүүлгээр алтан тарианы эзэд мөн хүнсний ногоо тариалсан сайчуудыг шалгарууллаа.
Радиогийн нээлттэй хаалганы өдөрлөгийг бусдын жишгийг дагаж нэлээд өргөн бүрэлдэхүүнтэйгээр явууллаа. Радиогийн алтан санд байгаа тавь, жараад оны үеийн ховор нандин бичлэгээс анх удаагаа нээж, урлаг соёлын ахмадууд тэдгээрийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд зарим бичлэгийн хэсгээс сонсгож, “Гэргэ”-д хуулж хүндэтгэлтэйгээр гардууллаа.
Радиод ажиллаж байгаа зохиолчдынхоо бүтээлээр хэд хэдэн радио жүжгийг найруулан бичлэг хийж, орон даяар нэвтрүүллээ. Өнөөдөр нэгдсэн томоохон дуун цэнгүүн “Хөх тэнгэргийн аялгуу” зохиохоор ажиллаж байна. МҮОНР-иод ажиллаж байсан зохиолчдынхоо дуугаар энэхүү дуун цэнгүүнийг зохиож байгаа. Ард түмний дунд бараг ардын дуу болтлоо дуулагдаж сэтгэл зүрхэнд нь хоногшсон дууг сонгож авцгаасан. Тийм дууг дуулж ард түмний дунд авьяастан алдраа дуудуулсан нэр хүндтэй дуучид оролцоно. Ойн дараа МҮОНР-ийн алтан сангаа баяжуулчихсан. Уран бүтээлчид маань түүхэн баримтат кино хийчихсэн. Радиогийн үүсэл хөгжлийн тухай мөн өнөөдөр бас маргаашийн хэтийн төлөвийг зааж өгсөн ном товхимол, судалгаа шинжилгээний бүтээл бүтээчихсэн, техникийн шинэчлэлт хийгдсэн үлдэцтэй авууштай бүтээлтэй хоцрох ёстой гэж бид үзэж байгаа шүү.
-Радиогийн түүхэн замналаас товчхон боловч тодруулахгүй юу?
-1930 онд тэр үеийн төр, олон нийтийн төв байгууллагууд болон иргэд олон түмний хандив тусламжийн хөрөнгөөр “Монгол радио” гэдэг хоршоо байгуулж, шинэ соёлын гайхамшиг болсон “Агаарын сонсох мэдээ”, “Агаарын сонин” нэртэйгээр Улаанбаатар хотод 1931 оноос орон даяар 1934 оноос радио өргөн нэвтрүүлэг явуулж эхэлсэн түүхтэй. Монгол орны нутаг дэвсгэр өргөн уудам, хүн амын суурьшил сийрэг, дэд бүтэц зэрэг онцлог нөхцөл байдлаас шалтгаалан үндэсний төв радио үүсэн бий болсон цагаасаа эхлэн өргөн олон нийтэд шуурхай мэдээллийг тасралтгүй найдвартай хүргэх гол хэрэгсэл болж ирсэн онцлогтой. Энэ жил түүхт 80 жилийнхээ ойтой золгоно.
1934 оноос эхэлсэн алдрын түүхэн замнал радиогийн “Алтан санд” бичээстэй байна. Гуч, дөчөөд онд дуулж хуурдаж байсан алтан үеийнхний амьд сэрүүн дуу хуур зөвхөн манайд тэр чигээрээ хадгалагдаж байна. Тавь, жараад оны алдартнуудын хөдөлмөр бүтээлийн алтан сан хөмрөг зөвхөн манайд байгаа. Энэ цагийн өндөрлөг дээрээс эргэн дурсахад хоёрхон нэвтрүүлэгчтэй, ганцхан студитэй өдөрт хоёрхон цагийн нэвтрүүлэг хийдэг байсан “Агаарын сонин” радио өнөөдөр үндэсний хэмжээний мэдээллийн хүчирхэг хэрэгсэл болжээ.
-Өдөрт хэдэн цагийн нэвтрүүлэг явуулж байгаа вэ. Томоохон бүтэцтэй, шинэчлэх шаардлагатай гэсэн яриа дагуулдаг л даа?
-Би ч өөрөө бас тийм ойлголттой байсан. Төрийнхөө бодлого чиглэлийг ойлгоогүйн хар гай л даа. Тэгж яриад улс төр хийгээд байгаа нөхдүүдийн буруу биш л дээ. Радио байна уу, телевиз байна уу. Ялгаагүй данхайсан бүтэцтэй гээд л шуугиад байгаа. Төр засгийн газраас авч явуулж байгаа бодлогоо олон нийтэд үнэн зөв өнцгөөс ямар нэгэн мушгисан гуйвуулсан зүйлгүй хүргэх үүргийг олон нийтийн статустай МҮОНРТ-д хуулиар хүлээлгэсэн байдаг. Тэгэхдээ нийгмийн бүхий л зорилтот бүлэглэлд мэдээ мэдээллийг нээлттэй шуурхай, цаг алдалгүй хүргэх хариуцлагыг бас давхар үүрүүлсэн. МҮОНР-г арилжааны нэгэн FM-тэй харьцуулбал данхайж харагдалгүй яахав.
Ингэж харьцуулж байгаа улс төрчдийг хараад “Мундашгүй эрдмийг сурахад энэ нас юутай богинохон. Мунхагуудын дунд амьдрахад энэ нас юутай урт” гэсэн Билгүүн номчийн гэгээн сургаал орой руу орох шиг болдог л доо. Арилжааны FM-үүд танхимаас тасалгаан дотроос нэвтрүүлгээ хийнэ. МҮОНР 21 аймаг 360 гаруй сумаас нэвтрүүлгээ бэлтгэнэ. Малчны хотноос тариалангийн талбайгаас нэвтрүүлнэ. Цэцэрлэгийн багачуулд, сургуулийн хүүхдүүдэд, өндөр настнуудад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, улс төрчдөд, залуучуудад, малчин, тариаланчдад, бизнес эрхлэгчдэд зориулсан радио өргөн нэвтрүүлгийг хүссэн ч хүсээгүй ч хүргэж сонсгох үүрэгтэй. Томоохон орны нэгэн мужийн радио 300 гаруй ажилтантай байгаа л даа.
Өдөрт 53 цагийн нэвтрүүлгийг I, II ,III, IV сувгаар орон даяар өглөөний 6:00 цагаас оройн 23:00 цаг хүртэл цацаж байгаа. “Хурд” агентлаг гэхэд л 30 минут тутамд нэг шинэ мэдээг агаарын цэнхэр долгионоор цацах үүрэг хүлээдэг. Ингэж л нойр хоолоо умартан байж ажилладаг тийм хамт олон чинь МҮОНР-ийнхан шүү дээ. Ажлын ачаалал ихтэй. Зав чөлөөгүй л байдаг даа. “Монголын дуу хоолой радио” гэхэд л хорь гаруйхан хүнтэй хэрнээ Монгол Улсаа гадаадын орнуудын ард түмэнд хүргэж сурталчлах үүргээ нэр төртэй биелүүлж байгаа. Дэлхийн таван тивийн ард түмний төрөлх хэлээр нь бид нэвтэрч байгаа. Монголын дуу хоолой радиог аль нэгэн FM-тэй зүйрлэж болох уу даа.
-Бэрхшээлтэй зүйл олон байдаг уу?
-Байлгүй яахав. Өнөөдөр дамжуулах байгууламжгүй телевиз, радио үйл ажиллагаагаа явуулж байгаа. МҮОНРТ-ийн тухай хуульд зарим өөрчлөлт хийх шаардлага илтэд үгүйлэгддэг. Радио телевизийн уран бүтээлчид хэчнээн сайн хариуцлагатай ажиллалаа гэхэд нэвтрүүлгийг нь хэд хэдэн аймаг хотуудад оршин суугаа олон нийтэд хүргэж цацахгүй орхигдоод байгаа. Энэ жилд албан томилолтоор 2.4 сая төгрөг зарцуулж байж дамжуулах үйл ажиллагаанд байсан зөрчлийг засч арилгуулж чадлаа. Өнөөдрийн байдлаар Монгол орны төвлөрсөн хот дүүрэгт гэлтгүй нийт сум сууринд радио өргөн нэвтрүүлгийн сонсогдолт сайжирсан. Радио телевизийн сүлжээ, төрийн өмчит улсын үйлдвэрийн газраас техникийн шинэчлэлтийн тодорхой алхмууд авч хэрэгжүүллээ. МҮОНРТ-ийн удирдлагын зүгээс ч анхаарч асуудалд ажил хэрэгчээр хандлаа. Ажилд маш их дэмжлэг үзүүлж байгаа. Холбогдох байгууллагуудын гар нийлэмжтэй ажиллагаа сайжирсан. Бие биедээ хүлээцтэй хандах, асуудалд хамтарч ажиллах хандлага дээшилсэн. Иргэд хэрэглэгчдээс ирдэг санал гомдол багассан. Харин талархал баяр хүргэсэн санал сүүлийн үед давамгайлах болсон. Ажлын үр дүн ингэж харагдаж байгаа.
-Сэтгүүлч сурвалжлагч, уран бүтээлчидтэйгээ та хэрхэн ажиллаж байна?
-Чухал асуудал. Боловсон хүчний нөөцөөс ажлын үр дүн шууд шалтгаална. Радиогийн хүний нөөцийн хувьд гурван үеийн хэлхээс үе үеийн сайчуудын уламжлал энд хадгалагдаж радио гэдэг их айлыг бүрдүүлж байгаа. Олон жил ажилласан маш туршлагатай, түшигтэй элэгсэг хамт олон энд нэгэн баг болж ажиллаж байгааг зориуд онцлож хэлмээр байна. Радио өөрөө дүрсээр биш хэл яриа, урлаг, уран сайхны найруулгын сонгодог хэлбэрээр хүмүүсийн сонсголд хүрч үйлчилдэг онцгой урлаг мөн. Радиод ажиллаж байгаа сэтгүүлчдийг сонгон шалгаруулж авдаг уламжлалтай. Тийм болохоор шилдгийн шилдгүүд нь радиод шалгарч ажиллана гэсэн үг. Радио нэвтрүүлгээ сонсохоор уйлж, дуултал нь хийнэ шүү дээ манайхан чинь. Эрэгтэй, эмэгтэйн дуу хоолойг хүртэл сонгож бас шалгаруулж авна.
Сонгодог дуу хоолой хаана байна МҮОНР-иод байна. Үүгээрээ бусдаас эрс ялгаатай манай радио. Дээр нь эфирийн сахилга гэж маш хатуу журмыг баримтална. Хариуцлага өндөр. Уран бүтээлчдийнхээ хөдөлмөр зүтгэлийг ихэд үнэлж, цаг ямагт тэдэнтэйгээ хамт байж урам хайрлах нь ажилд маань ихэд түлхэц өгдөг шүү. МҮОНР-иос одоогийн байдлаар төрийн соёрхолт, урлагийн гавьяат ажилтан гэхэд л 40 шахам хүн төрөн гарсан байна. Радио телевизийн болон Сэтгүүлчдийн эвлэлийн, бусад тусгай газрын шилдэг тэргүүний ажилтан цол тэмдгээр 80 шахам хүн давхардсан тоогоор шагнагдаад байгаа. Нийт ажилтныхаа үндсэн цалинг МҮОНРТ-ийн удирдлагын шийдвэрээр 20-иор нэмлээ.
Мөн арван гурав дахь сарын цалинг олголоо. Манайхан ч урамтай байгаа. Уран бүтээлч бас тэр хэмжээгээр ундарч байгаа л даа. Манайд нэг сайхан онцлог давуу тал бий. Радио өргөн нэвтрүүлгээр ажлаа хязгаарладаггүй. Эрүүл мэндийн, хууль эрхзүйн, цагдаа хэв журмын, эдийн засгийн, урлаг уран сайхны, биеийн тамир спортын, хүүхэд залуучуудын, зохиолчдын, сэтгүүлчдийн дунд зарласан нийтлэл уралдаанд энэ жилд гэхэд л манай уран бүтээлчдээс хорь гаруй хүн “гранпри” буюу шилдэг бүтээлийн шагнал хүртсэн шүү. Үнэхээр гайхамшигтай чадвартай залуучууд энд ажиллаж байгаа даа. Энэ бол МҮОНР-ийн бахархал юм.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Л.Цэрэн-Очир: Сайн сайхан хүмүүсээрээ бид бахархдаг | ||
Үзсэн: 3441 | Mongolian National Broadcaster |