Зураач Д.Цолмон. Вашингтон ДиСи хотноо уулзсан сонирхолтой, адал явдал дүүрэн амьдралын түүхтэй хүмүүсийн нэг. Ингээд түүний анхлан эрх чөлөөний оронд хөл тавьсан түүхээс өдийг хүртэлх амьдралын сонин содон дурсамж бүхий яриаг хүргэж байна.
Би ер нь эмээгийн хүүхэд л дээ
- Та багаасаа л зурах дуртай нэгэн байсан уу?
- Тийм ээ. Би Дархан хотод төрж, бага насаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд өнгөрүүлсэн. Арван таван нас хүртлээ тэнд байж байгаад Улаанбаатар хотод шилжин ирж байлаа. Би гурван настайгаасаа хойш эмээ дээрээ өссөн юм. Аав маань багш хүн байсан болохоор манайд тэр үеийн хүүхдүүдийн хэрэглэдэг байсан тууш шугамтай дэвтэр манайд дэвхийтэл хураалгаастай байдаг байсан. Харандаа, баллуур ч элбэг олдоно. Материал нүдэнд ойрхон, гарт баригдахуйц элбэг байсан болохоор би багаасаа зурах авьяасаа тууштай хөгжүүлсэн болов уу гэж боддог. Юм л харагдвал сараачиж, зураг зурж суудаг хүүхэд байсан даа би. Мөн эмээгийн минь хүсэл намайг зураач болгох байлаа. Тэр бас их нөлөөлсөн. Зургийн чиглэлийн “Хүүхдийн ертөнц” болон аймгийнхаа уралдаануудад оролцдог, идэвхитэй хүү байлаа. Ер нь сониуч зандаа хөтлөгдөн зураг зурж эхэлсэн юм шиг байгаа юм. Гэхдээ манай аав гарын дүйтэй хүн л дээ. Хөргийг их сайн зурдаг хүн.
- Хүүхэд байхдаа зурж байсан бүтээлүүд тань одоо байдаг уу?
- Байна аа. Суруулийнхаа хамаг зурах шаардлагатай ажлуудыг хийдэг сурагч байсан. Их ч өөртөө итгэлтэй хүүхэд байсан юм шиг санагддаг. Тэр үеийн зузаан зургийн дэвтрийн цаасан дээр орилж буй баатрын дүрс зураад, түүндээ “Чингис хаан” нэр өгсөн байх жишээтэй. Арван настай байх үеийн хэдэн зургууд бий. Хааяа харахаар бас их хөөрхөн, өнгөө мэдэрч зурсан юм шиг санагддаг. Тэр үед хуулаад зурчих юм ч олддоггүй байсан цаг л даа. Тухайн үеийн алдартай гадны хамтлагуудын дууг сонсож байгаад, тэднийг төсөөллөөрөө зурах жишээтэй. Нэлээд хөгжөөд ирэх үедээ байгалийн өнгө, нар жаргаж буй үеийн өнгөний уусалт гэхчлэн дүрслэлүүдийг зурдаг байлаа.
- Та эмээ дээрээ өссөн гэж дээр ярьсан. Магадгүй таны зураач болсон нь эмээгийн хүсэл байсан уу?
- Би ер нь эмээгийн хүүхэд л дээ. Намайг завсар зайгүй зураг зурж байдаг болохоор эмээ “Би хүүгээ зураач л болгоно” гэж ярьдаг байлаа. Сүүлд бодоход намайг зураг зурж л хоолоо олж идэх хувьтай хүн гэж эмээ минь их эрт таньсан шиг байгаа юм. Багадаа сургуульд орсон болохоор 15 насандаа наймдугаар ангиа төгсөөд 1985 онд эмээдээ хөтлүүлээд дүрслэх урлагийн дунд сургуульд элсэлтийн шалгалт өгөхөөр ирж байснаа ер мартдаггүй. МУИС-ийн арын Дүрслэх урлагийн дунд сургуулийн байранд шалгалт өгч таарсан юм. Шалгалт өглөө эхлэж, үдээс хойш дууслаа. Ямар ч байсан маш удаан үргэлжилсэн юм даг.
Шалгалтаа өгчихөөд танхимаас гараад иртэл эцэг, эхчүүд кордориор дүүрчээ. Би эмээг хайсаар гадаа гарлаа. Эмээ маань МУИС-ийн арын хөлбөмбөгийн талбайн шатан дээр сууж байна. Өглөө айлаас аваад гарсан хоёр литрийн бетонтой цайгаа ороолтондоо ороогоод хажуудаа тавьчихаж. Элсэлтийн шалгалтын өдөр хуйсгануур, цас бударсан, сэрүүвтэр хавар цаг байсан болохоор эмээгийн минь нэг тал цасанд будагдаж, цав цагаан болчихсон, нөгөө тал нь харин цас болоогүй, хувцас нь наранд ээгдэн байхыг харж билээ. Би тэр зураглалыг хэзээ ч мартаж байгаагүй.
Тухайн үед би эмээгээ “Та даарчихлаа шүү дээ. Яагаад гадаа сууж байгаа юм” гэж хэлснээс биш, цаад гүн санаа, сэтгэл зүрхнийх нь ариун хүслийг үнэ цэнэтэйгээр олж хараагүй л байгаа юм. Бүр сүүлд нь ойлгодог юм билээ. Их л аугаа хайр тэнд явж байж дээ.
- Тийнхүү эмээгийн хүсэл биелэлээ олж, хүү нь сургуульдаа тэнцсэн байх нь?
- Эмээгийнхээ итгэлийг алдаагүй. Шалгалтад зөвхөн нийслэлээс л гэхэд 250 орчим хүүхэд өрсөлдсөнөөс 30 хүүхдийг нь тэнцүүлж, хөдөө орон нутгаас мөн тийм тооны хүүхэд элсүүлээд нэг жил 60 хүүхэд сургуульдаа авдаг байсан цаг. Намайг элсэн ордог жил Б.Төмөрбаатар багш маань Москвад сургуулиа дүүргэж ирээд манай ангийг авч байлаа. Мэргэжилдээ их хайртай. Байнга л сургууль дээрээ хонон өнжин зургаа зурдаг оюутан байсан. Спипент гээд 180 төгрөг авдаг байв. Тэр үедээ их мөнгө шүү дээ. Онц сурвал 200 төгрөг ч авна. Ийм маягаар суралцсаар 1989 онд уран зураач мэргэжлээр төгссөн.
Д.Бат-Эрдэнэ аваргад суран бүс хийж өгч байлаа
- Та хүрлийн үеийн нэлээд хэдэн цуглуулгатай бололтой?
- Ховор олдворууд хэд хэд бий. Тухайлбал, янгиран толгойтой хүрэл хутга, морь, янгир, халбага, чоно гэхчлэн олдворууд байна. Олдворуудын зарим нь Монголд огт байхгүй үзмэрүүдийн тоонд ордог. Цуглуулгач хүний хувиар олдворуудаа янз бүрийн байдлаар, энэ тэндээс худалдаж авна.
Монголоос авсан цуглуулгууд байхад эндээс Артур Саклорын цуглуулгаас хүртэл хэд хэдэн олдвор худалдаж авсан. Артур Саклор гэгч хүн 1800 оны сүүлээр Өвөрмонголын Ордос, Монголын говь нутгаар явж хамаг л түүхийн холбоотой сайн үзмэрүүдийг цуглуулж авсан юм билээ. Тэгээд нас барахаасаа өмнө улсдаа өөрийн олдворуудад хүлээлгэн өгснөөр түүний нэрээрээ нэрлэгдэх болсон. Өнөөдөр би хоббигоороо цуглуулж байгаа ч гэсэн алсдаа Монгол Улсын л өмч. Би ер нь энд байх хугацаандаа Монголын гэх тодотголтой юмнуудыг цуглуулаад аваад явъя л гэж боддог.
- Арьсан урлал сонирхох болсон шалтгаан тань эргээд хүрлийн үеийн олдвортойгоо холбогдох уу?
- Тийм шүү. Хүннүгийн үеийн тэр дундаа хүрэл зэвсгийн үеийн олдворууд дээр ажиллаж, өөрийнхөө хэмжээнд бие даасан судалгаанууд хийдэг байх үедээ 1991 оны хоёрдугаар сараас одоогийн соёлын өвийн төв буюу “Музейн үзмэр сэргээн засварлах урлан”-д түүх дурсгал сэргээн завсарлагч мэргэжилтнээр ажилд орж байсан юм. Миний эртний урлал сонирхох үзэлтэй дөхөм байсан учраас би тэнд есөн жил тасралтгүй ажилласан. Тэнд ажиллаж байх хугацаандаа өөрийн хоббигоо мэргэжлийн болтол нь хөгжүүлсэн гэж хэлж болно.
Ямар нэгэн цуглуулга, нэг төрлийн олдворуудад “орсон” хүмүүс тань байнга эрэл хайгуул хийж, түүнийгээ орчин үеийн урлагт хэрхэн дүрслэх, бий болгох, хүмүүсийн нүдэнд дасгаж, идээшүүлэх талаар бодож байдаг юм.
Хүрлийн үеийн олдворуудыг орчин үеийн урлагт идээшүүлэн дүрслэхийн тулд хамгийн чухал хэрэглэгдэхүүн нь материал. Мод, чулуу, өөр юу ашиглаж болох уу гэхчлэн бодно. Тэгж бодсоор арьсан дээр дүрслэх нь хамгийн эдэлгээтэй бөгөөд урлагийн талаас нь зохицох юм гэдгийг бодож олсон. Ингээд л арьсан урлал руу орсон гэж болно. Өөрөөр хэлбэл, хүрлийн үеийн олдворуудаас онгод авч арьсан урлалыг хийж эхэлсэн гэж болно.
- Монгол малын ширнээс эндхийн ширнүүд өөр байна уу?
- Энд ирэхээсээ өмнө арьсан урлалын чиглэлээр ажиллаж, хэд хэдэн дорвитой бүтээл хийж байлаа. Харин ирээд арьсан уралын чиглэлээр ажиллаагүй. Ажиллах хүсэл ч нэг их төрөөгүй. Яахав, сонирхлын журмаар бүтээлийн хэмжээнд бус юм хум хийх гэж үзнэ ээ. Гэхдээ санаанд хүрдэггүй юм билээ. Гарын ая даахгүй дэндүү их боловсруулагдсан байдаг. Тэгээд ч энд арьсан урлал арай өөр маягаар хөгждөг.
Ер нь манайх шиг арьсан урлал хийхэд таатай байдлаар сайн боловсруулсан арьсыг би олоогүй. Чанар гэж гайхалтай. Бага зэрэг дутуу боловсруулсан, овгор товгортой, хааяа ганц нэг үстэй байх тусмаа бүтээлээ их гоё амь оруулж өгдөг юм. Манай монгол арьс яг тийм байдаг.
- Арьсан урлал гэснээс та Б.Бат-Эрдэнэ аваргад өөрийнх нь хүсэлтээр суран бүс хийж өгсөн дурсамжаасаа
хуваалцана уу?
- Тэр үед Б.Бат-Эрдэнэ ах маань жинхэнэ утгаараа ард түмний босоо аварга байлаа. Бид их найзууд байж дээ /инээв/. Улс төрд гарснаас нь хойш холбоо бариагүй. 1995 оны үед байх аа, нэг удаа манай нэг найзаас намайг арьсан урлал хийж байгаа гэж дуулаад дөрвөн хүчтэн бүхий суран бүс хийж өгөхийг хүссэн юм. Эр хүний хийморь малгай, бүсэндээ гэж ярьдаг учраас бөх хүний эдэлгээ даахаар сайхан бүстэй болмоор санагдаад байна гэж байсан юм даг. Тэр бүсэн дээр өөрийн найз уран дархан Я.Эрдэнэбаярын хамт ажилласан. Их л сэтгэл гаргасан даа. Хийж дуусаад аваргад бүсээ хүлээлгэн өгөхөд түүнд их таалагдсан. Өөрөө ч их хүндэтгэлтэй хандсан.
Гарынхаа алган дээр авалгүйгээр хадган дээр тавиулж байсан юм. Тэгж л өөрийн хийморь лундаа орших эд, хэрэглэлээ хүндэтгэдэг хүний хувиар спорт, улс төрийн тавцанд амжилттай гялалзаж яваа юм болов уу гэж би боддог. Тэр үедээ суран бүсний шинэ загвар байлаа. МУГЖ, дуучин Д.Сосорбарам, Б.Эрдэнэбат нарын бүсийг мөн тэр үед урлаж байсан. Одоо ч гэсэн зарим олон нийтийн арга хэмжээний үеэр бүсэлчихсэн явж байгааг нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс харахад сайхан байдаг юм. Хорин жил өнгөрчихөөд байхад эдэлгээнээс гараагүй, ялимгүй хуучирсан байдалтай харагддаг нь сайхан шүү.
Монгол Улсдаа эргэж очингуутаа арьсан урлалын төрлөөр ажиллана
- Арьсан урлал таны амьдралд өлзий буянаа хайрласаар ирсэн юм шиг ээ?
- Үнэн шүү. Би Монгол Улсдаа эргэж очингуутаа арьсан урлалын төрлөөр ажиллана гэж боддог. Миний үнэ цэнэтэй, сэтгэлийн мухарт оршсоор байгаа хүслүүдийн нэг. Арьсаар малгай, гутал ч хийж үзэж байлаа. Одоо түүнийг давж гарах эдлэлүүд гарч ирээгүй л байна. Анхлан намайг гадаад ертөнц рүү хөтөлсөн бүтээлүүд маань арьсан урлалын төрөлд хамаарна. 1997 онд анхны үзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд гаргаж байлаа. Үзэсгэлэнгийн дараа Ардын урлагийн “Эгшиглэн” хамтлагийн найз нарынхаа урилгаар Герман улсыг зорьсон. Тэнд үзэсгэлэнгээ дэлгэж байх хугацаандаа “Дэлхийн арьсан урлалын төв” дээр очиж, албан ёсных нь гишүүнээр элсэн орсноор дэлхий дахины арьсан урлалын тавцан миний өмнө нээлттэй болсон.
- Тэндээсээ АНУ явах санаа төрсөн үү?
- “Дэлхийн арьсан урлалын төв”-д гишүүнээр элссэн тохиолдолд энэ төрлийн олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцох эрх нь нээлттэй болдог. Нэгэнт уг холбоонд элсчихсэн болохоор 1998 онд Швейцарьт үзэсгэлэнд оролцсоныхоо дараа АНУ-ын Денивер хотноо “Дэлхийн арьсан урлалын холбоо”-ны үзэсгэлэн нээгдэх сураг сонслоо. Ер нь Америк оронд очиж үзье, тийшээ явъя” гэж шийдээд л энд ирсэн дээ.
- Үзэсгэлэнд оролцох зорилготойгоор энд ирсэн байх нь ээ?
- Би 1999 онд үзэсгэлэн гарахаас зургаан сарын өмнө ирсэн юм. Ухаан нь хэл сурах санаатай ирж байгаа нь тэр. Үзэсгэлэн дээрээ очтол манай холбооны төвөөс бас хүмүүс ирсэн байх юм. Холбоонд анхлан элсэгч уран бүтээлч бүр өөрийн нэг бүтээлийг тус холбоонд өгдөг юм билээ. Холбоо тэр бүтээлийг нь аваад байнгын үзэсгэлэнгийн танхимдаа байршуулдаг. Намайг анх Германд тэр холбоонд элсэж байхад мөн тийм шаардлага тавьснаар би тэнд өөрийн нэг бүтээлээ үлдээсэн юм. Гэтэл тэр бүтээлийг минь холбооноос Дениверт аваад иржээ. Би эндээс өөрийн гурван бүтээлтэйгээр очсон байдаг. Бид бие биенээ хараад “Үгүй та тань энд юу хийж яваа юм” хэмээн инээлдэж уулзлаа. Би уг үзэсгэлэнд оролцоно гэдгээ холбоондоо мэдэгдэх ёстой байж л дээ. Мэдэгдэл хийгээгүй учраас миний бүтээлийг авч ирсэн байгаа юм.
- Тэгэхээр дөрвөн бүтээлтэйгээр үзэсгэлэнд оролцсон гэсэн үг үү?
- Тийм ээ. Германаас ирсэн бүтээлийн маань хамгаалалт, сав баглаа боодлын аюулгүй байдал бол дээд зэргээр бэлтгэгдсэн байх жишээтэй. Нэг бүтээлийг гурав, дөрвөн метр өндөр хайрцганд хийгээд гаалийн мэдүүлэг бөглөсөн байдал нь хүртэл их нарийн ажиллагаатай. Гэтэл би эндээс өөрийн гурван бүтээлээ зүгээр л чемодандаа хийгээд л, онгоцоор нисээд очиж байгаа байхгүй юу /инээв/. Нийлээд дөрвөн бүтээл.
- Таны гурван бүтээл Германаас ирсэн бүтээлтэй тань харьцуулахад эвдрэл гэмтэл үүсээгүй юу?
- Зүгээр ээ. Зүв зүгээр байсан. Германаас ирсэн бүтээлээсээ илүү сайн давхисан. Хананы чимэглэлийн төрөлд нэг бүтээл маань тэргүүн байр эзэлж, нөгөөх нь уран сэтгэмжийн төрөлд хоёрдугаар байр эзэлсэн. Германаас ирсэн бүтээлээ үзэсгэлэн өндөрлөсний дараа авч үлдэх хүсэлтээ тавьсан. Гэхдээ боломжгүй л дээ. Германы гаалиар эргэж ирнэ гэсэн мэдүүлэгтэй гарсан тохиолдолд холбооныхон асуудалд орох учраас би авч үлдэх боломжгүй юм билээ. Одоо ч гэсэн тэр бүтээл маань холбоонд байгаа. 1999 он миний хувьд нэг иймэрхүү жил байлаа.
- Үзэсгэлэнд оролцсоны дараа танд АНУ ямар санагдсан бэ?
- Тухайн үеийн урлагийг хүлээн авах нийгмийн сэтгэлгээ нь өөрөө асар их зөрүүтэй байсан. Тэр дундаа арьсан урлал маш их зардал гаргаж байж, нэг бүтээл төрдөг. Яахав, манайхан ойлгоно, сайхан болсныг нь шагшран магтана. Гэхдээ худалдан авалт гэдэг зүйл бараг л байхгүй. Үүгээрээ энэ хоёр орны нийгэм асар их ялгаатай. Ард нь бас нэг хүний амьдрал явж байдаг учраас хүн зах зээл рүүгээ тэмүүлдэг юм билээ. Би дан ганц арьсан урлал гэлтгүйгээр зургаа мөн зурсаар байсан. Тасралтгүй л бүтээл туурвидаг байсан маань намайг арай өөр орчинд ажиллаж, бүтээлүүдээ эргэлтэд оруулах хүсэл рүү түлхсэн гэж хэлж болно.
Гар аргаар хийсэн бизнес карт гэсэн үг л дээ
- Энд ирсэн хүмүүс тийм ч амархан хөлөө олчихдоггүй бололтой. Таны хувьд?
- Арван дөрвөн жилийн өмнө намайг анхлан энд ирж байх үед Вашингтон ДиСи хот орчимд элчингийн хэдэн ажилчдаас гадна 30-40 монголчууд л байсан. Унаа тэрэгтэй хүн ч ховор. Эхэн үедээ хэл ус ч мэдэхгүй, хаанаас юу авч идэхээ ч бараг мэдэхгүй, таньж мэдэх хүн ч байхгүй хэцүүхэн байсан шүү. Зурагнуудаа аваад метронд суун гудамж, галерейнуудаар явна. Зураг үзсэн хүмүүс “Өө гоё зураг байна” гэхээс өөр юм хэлэхгүй. Би ч ойлгохгүй /инээв/.
- Анх ирэхдээ хэлний мэдлэг ямар байв?
- Дениверийн арьсан урлалын үзэсгэлэнгээс өмнө хэл сурахаар ирж байгаа хүн тань ямар л олигтой байв гэж дээ. Уг нь ирснийхээ дараа энд хэлний курсэд бүртгүүлсэн юм. Гэтэл хичээлдээ метрогоор яваад эргээд ирэх хооронд их цаг алдаж байсан тул захиралд нь “Би зураг зурдаг уран бүтээлч хүн байгаа юм аа. Хичээлдээ явахаар би бүтээлээ туурвиж амжихгүйд хүрээд байна. Түр чөлөө олгоно уу, гэхдээ би танайд бүртгэлтэй хэвээр баймаар байна” гэсэн хүсэлт тавьснаар уран бүтээлээ нам суун хийдэг байлаа. Хэлний сургалтад нэг сар орчим нь явсан байх. Тэгээд л зогссон.
- Хэдий хэр хугацаанд нам гүм байдлаар зургаа зурав?
- Бараг бүтэн жил орчим. Тэр хугацаанд би тасралтгүй зургаа зурж байсан. Нэг талаараа уран бүтээлч хүний хувьд ганцаараа, харилцах найз нөхөд, танил хүмүүс байхгүй болохоор зөвхөн уран бүтээлдээ л анхаарлаа хандуулдаг сайн талтай. Ер нь миний амьдралд бүтээлээ туурвихгүйгээр өнгөрүүлдэг нэг ч өдөр байдаггүй. Өнөөдөр бийр барьж амжаагүй бол санаа зовсоор үүр цүүрээр босно.
- АНУ дахь анхны үзэсгэлэнгээ хэдийд дэлгэсэн бэ?
- 2000 оны зургаадугаар сард Монгол Улсынхаа элчин дээр үзэсгэлэнгээ гаргасан. Тэр үеийн элчин сайд Ж.Чойнхор гуай миний саналыг их таатай хүлээн авч бүхий л талын дэмжлэг, туслалцаа үзүүлж байлаа. Тэндээс би их урам авсан даа. Нэг жилийн хугацаанд үзэсгэлэн гаргахуйц бүтээлтэй болно гэдэг уран бүтээлч хүний басхүү их том даваа юм.
- Анхны үзэсгэлэн дэлгэгдэх хүртэл эдийн засгийн хувьд хэрхэн амьдарч байсан нь сонирхолтой санагдлаа?
- Тэр их сонин. Энд чинь бүхий л зүйл эгшин хормуудаар хэмжигдэн төлбөр тооцоо хийгдэж, мөн тийм байдлаар хөдөлмөрлөхийг хүнээс шаарддаг газар. Тухайлбал, чи бид энд яриад сууж байхад машины төлбөрийн зогсоол гүйж, гэрт цахилгааны зардал урсаж байх жишээтэй.
Би ямар нэгэн байдлаар бусдад өөрийгөө таниулах, танилцуулах хэрэгтэй байлаа. Уг нь бол нэг нэрийн хуудас хийлгэчих санаа байгаад байдаг. Даанч хаана, хэнд хандаж хийлгэхээ мэддэггүй.
Тэгэхээр нь өөрийн чаддаг аргаа ашиглахаар шийдлээ. Тэр үед би нэг хөлсний байранд амьдардаг, гар утастай байсан нь их хэрэг болсон юм. Ингээд цаас ихээр худалдаж авч байгаад өөрийн нэр, утасны дугаараа бичин захиалгаар зураг зурна гэж бичлээ. Цаасаа эргүүлээд ард нь усан будгаар таталбар зураг зурсан юм. Зургийн хувьд бол санаанд орсноо л буулгана. Морь, уул ус, ургамал гэхчлэн. Ойролцоогоор 500 орчмыu хийсэн байх аа. Гар аргаар хийсэн бизнес карт гэсэн үг л дээ. Ингээд өөрийн гараар үйлдвэрлэсэн нэрийн хуудсаа томоохон худалдааны төвийн дотор байрладаг байгууллагуудын танилцуулга, боршур бүхий ширээн дээр хэд хэдээр нь тавьж орхилоо. Бас ичнэ ээ. Харж байгаад хүн хараагүй үед хэдийг тавьж орхиод хурдхан гарч одно. Инээдтэй байгаа биз.
- Тэгээд нэрийн хуудас авсан хүмүүс тань руу хандаж байв уу?
- Би тэр үед Америкт ирээд 3 - 4 сар л болсон байв. Юугаа ч мэдэхгүй хүн мангуурч байсан үе л дээ /инээв/. Над руу нэг өдөр хүн ярилаа. Тэр хүн “Би таньтай уулзмаар байна. Асуух зүйл байна” гэлээ. Би ч хаягаа өгөв. Тэр хүн миний өнөөх урласан нэрийн хуудсуудын нэгийг гартаа барьсаар над дээр ирэв. Нэрийн хуудсаа үзүүлээд “Та энэ зургаа томоор зураад өгөөч” гэдэг юм байна. Би нэрийн хуудсаа үзтэл гурван морь гол гатлаж байгаа зураг байна.
- Өөрөө бол тийм дүрслэл бүхий зураг зурснаа санахгүй байсан хэрэг үү?
- Тийм ээ, мартчихсан. Тухайн үедээ татлаад, зуураад л явчихсан. Бүр сүүлд нь бодоход таван зуун зурагны эксизийг би тэгээд тараачихсан юм билээ. Морьд гол гатлаж буй нэрийн хуудасны ардах зургийг үзвэл нээрээ их хөөрхөн зохиомж бүхий шинжтэй эксиз байна. Тэр зургийг томруулаад зурж өглөө. Захиалагчийн сэтгэл ч их хангалуун байсан бөгөөд түүнээс хойш надаас нэлээдгүй олон зураг худалдаж авч өөр бусад хүмүүстэй намайг холбож өгч билээ. Интернетээр зарж өгөх олон хүмүүс дагуулж, зураг үзүүлж, худалдаалах гэх мэтээр надад их тус болсон.
- Тэгээд л амьдарч болмоор ч юм шиг санагдсан уу?
- Тэр зургаа зарснаас хойш би нэг л том зүйлийг ойлгосон юм. “Аа, энэ Америкт чинь амьдраад байж болох ч юм уу. Хүнд чанартай сайн бүтээл хийгээд өгчихвөл түүнийг үнэлж чаддаг юм байна” гэсэн бодол төрж байсан. Анхнаасаа би энд түр хугацаанд үлдэхдээ “Зургаа зурж энд амьдарч чадахгүй бол буцна” гэсэн хатуу бодолтой байсан нь ч нөлөөлсөн. Одоогоос 14 жилийн өмнөх явдал шүү дээ. Өнөөдрийн байдал үндсэндээ 360 градус эргэж бий болсон.
- Алдарт Марк Твений гэр музейн ханын зургийг бүтээсэн түүхээсээ хуваалцана уу?
- Жорж Вашингтоны Их Сургуулийн профессор Бернард Мэргэн гэж монгол нэртэй, америк багш надад тэр ажлын тухай анх хэл дуулгасан юм. Марк Твений гэр музейг чимэглэхээр түүний амьдрал, уран бүтээлийг харуулсан зургаар чимэглэхийн тулд уралдаан зарласан юм билээ.
Тэр сургийг сонсоод би, Марк Твений тухай нэлээд судаллаа. Єөрөө маш сонирхолтой амьдралтай хүн байсан юм билээ. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэдэг шиг Калифорнид алт хүртэл ухаж явсан юм билээ. Дэлхийгээр тойрон аялсан түүхээ зохиолдоо тусгаж өгдөг, адармаатай сэтгэхүйтэй хүн байсан гэдэг.
Ер нь түүний амьдралын түүхийг К хэлбэртэй хананд дүрслэх ажил байсан. Надад их сонирхолтой санагдсан тул ямар ч гэсэн хийгээд явууллаа. Тэгээд л мартаж орхисон. Нэг их горьдлого тээлгүйгээр, хийгээд л сэтгэл амарсан гэж болно. Гэтэл нэг сарын дараа бүтээл хүлээн авсан газраас “Их олон бүтээл ирсэн. Таны бүтээлийг эхний штанд шалгаруулсан. Уулзмаар байна” гэлээ. Намайг эхний уулзалтан дээр нэлээд гайхсан, хачирхсан байдлаар хүлээн авлаа. Яагаад гэвэл би хэл ус ч сайн мэдэхгүй юм чинь. Монгол хүн ирнэ гэж тэд төсөөлөөгүй хэрэг л дээ. Энд төрж өссөн америк иргэн л бодсон бололтой. “Энэ эхний шалгаруулалт. Бид дахин ярилцана” гээд намайг явууллаа. Уралдаанд 600 орчим бүтээл ирсэн юм билээ. Би ч ер нь итгэл тавиад хэрэггүй юм байна гэж бодсоор буцав.
- Гэтэл?
- Дахиад дуудсан. “Энэ их том ажил шүү. Таны бүтээл шалгарлаа” хэмээснээр арван туслах зураачийн хамт бүтэн сарын турш ажилласан. Миний намтар дээр томоохон үүрэг гүйцэтгэсэн бүтээл болсон доо. Миний зургийг худалдан авсан хүмүүс юм үзэж явж байгаад тэр бүтээлтэй минь тааралдаад их л баярласан гэж ярьцагаадаг юм. Зургийнх нь хэсгээс аван илгээж, бахархаж байна хэмээдэг юм.
- Марк Твений төрсөн гэрийг нь музей болгосон юм уу? Аль мужийн ямар хотод байдаг юм бэ?
- Төрсөн гэр нь биш. Коннектикут мужийн Хартфорд гэдэг хотод Марк Твений олон жил ажилласан хэвлэлийн үйлдвэрийг гэр-музей болгоод бүх номынх нь анхны хувь, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг нь тавьсан юм билээ. Хэвлэлийн үйлдвэр нь Кольт гэж буу зохиосон хүний алдартай гар бууны үйлдвэрт байрладаг байснаараа бас их онцлогтой.
Зотон, бийр, будгаа бариад л галерейд орсон
- Таны сүүлийн үеийн бүтээлүүд ихэвчлэн морины сэдэвтэй харагдаж байна?
- Удахгүй би энд нэг үзэсгэлэнгээ морины сэдвийн дор дэлгэх гэж байгаа юм. Тиймээс миний урлангаар ихэвчлэн энэ төрлийн сэдвийн хүрээн дэх зургууд байгаа хэрэг л дээ. Үзэсгэлэндээ бэлтгэх маягаар зургууд дээрээ ажиллаж шинээр зурж байгаа юм. Мөн Монголын цагаан сар буюу Морин жилийн босгон дээр би Монгол Улсын Төрийн Соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Чимэддорж ахтайгаа хамтарч 2 Horse 1”нэртэй үзэсгэлэнгээ гаргасан байгаа.
- Нэрнээсээ өгсүүлээд содон сонсогдож байна?
- Их сонин тохиолдлоор санамсаргүй байдлаас энэ үзэсгэлэнг гаргах санаа төрсөн. Анх Ш.Чимэддорж ахтай хамтарч Смитсонионы хүрээлэнгийн “Каос он Ф” хэмээх галерейд зураг зурахаар шийдсэн юм. Би олон жил эх орноосоо хол, ганцаараа уран бүтээлээ туурвисаар ирсэн учраас хамтарч зураг зурж үзэх, туршлага солилцох, нэгэндээ санаа оноогоо хуваалцах нь сонирхолтой санагдаж байлаа. Тэгээд өөрсдийн саналаа тус галерейн захиралд хэлтэл америк маягийн live-show хийчих гэдэг юм байна. Тэр нь бидэнд таалагдаад шууд л галерейд зотон бийр будгаа барьж ороод л зурж эхэлсэн.
- Бэлэн бүтээл огт байгаагүй гэсэн үг үү?
- Тийм ээ. Бид тэнд 21 хоногийн туршид байрлаж, бүтээл хэрхэн бүтдэг, төрөх эгшнүүд нь ямар хэмнэлээр явагддаг, зураач хэрхэн ажилдаг гэх зэрэг бүхий л урлангийн үйл ажиллагааг үзэгчдэд нээлттэйгээр харуулснаараа ихээхэн онцлогтой. Шинийн нэгний өдөр эхлээд, хоёрдугаар сарын 21-ний өдөр нээлтээ хийсэн. Хүмүүс их сайхнаар хүлээн авч, уран бүтээлийн асар их онгод хайрласан даа.
- Олон хүмүүсийн өмнө зургаа зурж, хэрхэн зурж буйг тань гайхан ширтэж байгааг мэдрэх нь анхаарал сарниулах, онгод үргээх асуудал үүсгэхгүй юу?
- Зүгээр ээ. Эхэндээ жаахан эвгүй байсан. Сүүлдээ дасчихдаг юм билээ. Тэнд хонон өнжин ажилласан болохоор галерейн орчин өөрөө их сайхан нөлөөллийг үзүүлсэн. Хүүхдүүд хажууд ирээд зулгааж, татаад байхгүй бол тоохгүй. Зургаа юунд ч сатаарахгүй зурдаг юм билээ. Уг үзэсгэлэн надад их сонин тохиолыг бэлэглэсэн. Би 12 жилийн өмнө яг энэ Смитсонионы хүрээлэнгийн Артур Саклор гээд эртний Дорно дахины цуглуулгаараа алдартай галерейд 2002 оны Морин жилийн шинийн нэгэнд зураг зурж байсан. Тэр үйл явдал 12 жилийн дараа яг давтагдсан нь гайхалтай санагдаад байгаа юм.
14 жилийн дараах өнөөгийн амьдрал маань 360 градусаар эргэсэн дээ
- Д.Цолмонгийн амьдрал, уран бүтээл одоо ямар байдлаар өөрчлөгдсөн бэ?
- Төдийгөөс өдий хүртэл зурсаар л байна. Томоохон галерейнуудад үзэсглэнгүүдээ дэлгэлээ. Вашингтон ДиСи хотын төвд өөрийн гэсэн урлантай болж, Монгол хүн гэдгээрээ омогших бүр би асар их урам зоригийг өөрөөсөө олж, бүтээлээ туурвин амьдарч байна. Хамгийн гол нь уран бүтээлчийн хувьд ч тэр байнга өсөн дэвжих, бусдаас ялгарах, өрсөлдөөнийг мэдэрч, өөрөө өөрийнхөө менежер болсоор өдийг хүрлээ. Мэдээж их хөдөлмөрийн ард энэ амьдрал, байр суурь минь босож ирсэн гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу.
- Таны бүтээлүүдийн гол онцлог эндхийн зураачдаас хэрхэн ялгардаг вэ?
-Энд олон мянган зураач бий. Тэднээс ямар нэгэн байдлаар ялгарах л хэрэгтэй. Тийм ч учраас би өөрийн бүтээлдээ монгол ахуй, зан заншлын онцлог шинжүүдийг тусган өгч, нүүдлийн соёл иргэншлийг орчин үеийн урлагаар хэрхэн дүрсэлж болох тал дээр их ажилладаг. Монгол зургийн онцлогт орчин үеийн урлагийн хөгжингүй шинжүүдийг хэрхэн дасгах уу, яаж дүрслэх үү, уран сэтгэмжээ хэрхэн илэрхийлэх үү, дээрээс нь уран зургийн стандартыг ясчлан барих зэрэг их л олон зүйлүүдэд анхааран ажиллах зэрэг шаардлагуудыг байнга өөрийнхөө өмнө тавьдаг.
- Зургийн жааз, наалт гэхчлэн дэлхийн тогтсон стандартын хувьд манай зураачид хэр түвшинд байна?
- Хамгийн анхаарууштай тал нь стандарт. Манай зураачид зургаа үнэтэй жаазаар жаазалсан мөртлөө искоч хэрэглэсэн байх нь бий. Гэтэл тэрхүү искоч зургийг 10-15 жилийн дараа гэмтээж эхэлдэг аюултай. Энд бол тийм стандарт бус зургийг хэн ч худалдаж авахгүй. Энгийн хүмүүс нь орж ирээд шууд л мэддэг. Түүнээс болж үнэ нэлээдгүй буурах үе ч гарна. “Жааз их үнэтэй ш тээ” гэж ирээд л ярина. Зурагнаас үнэтэй жааз гэж үнэндээ юу байх вэ. Гэхдээ тогтсон стандартыг барьж хэвших нь туйлаас чухал. Хүрээ, хүрээ цаасны зузаан нь хүртэл гэрийн болон галерейн нөхцөлд гэхчлэн өөр өөр байдаг.
Анх ирэхдээ сайн цаасыг хаанаас авч болох, ямар цаасан дээр зурах гэхчлэн ойр зуурын юмаа ч мэддэггүй байлаа. Одоо бол учраа олсон. Чанартай материал дээр сайн зурж байж л зураг үнэд хүрдэг. Ямар материал дээр хийснийг энгийн иргэд нь шууд хараад л мэддэг. Хүмүүс нь өөрөө урлагийн боловсролын хувьд өндөр учраас тэдний хэрэгцээ шаардлагыг бүрэн хангах түвшинд бид ажилладаг л гэсэн үг.
- Зургийн үнэлэмж энд таныг анх ирж байснаас өссөн үү?
- Бараг л хэвэндээ. Өссөн ч энд ямар бараа бүтээгдэхүүн аажим аажмаар өсөлтөө нэмдэг. Зургийн үнэлэмжийн хувьд энд хэмжээ, уран сэтгэмжээсээ хамаарч янз бүр байдаг. Хүүхдүүдээ дөрөв, таван настайгаас нь эхлээд урлагийн мэдлэг олгодог учраас ерөнхий мэдлэг нь иргэн бүрт тэгш байдалтайгаар хөгжсөн байдаг. Энгийн иргэдийн урлагийн мэдлэг өндөр байдгийн нууц нь ердөө л энэ. Урлагийн талын аль ч сэдвээр ярихад чөлөөтөй хөөрөлдөөд явчихдаг. Энэ утгаараа урлагийг тэр дундаа уран зургийг үнэлэх үнэлэмж нь ерөнхийдөө өндөр. Зураг худалдан авахдаа харьцангуй голч ханддаг юм.
- Монгол зураачдын уран чадварын тал дээр та юу хэлэх вэ?
- Манай зураачид сэтгэмж, дүрслэл, өнгөний мэдрэмж гээд бүхий л талаараа чадварлаг. Залуу зураачид олноороо уран бүтээлээ туурвиж байна. Монгол Улсдаа очоод аль ч галерейн үзэсгэлэнгийн хуваарийг харахад дор хаяж бүтэн жилийн өмнөөс товлогдсон байдаг нь надад их таалагдсан. Дэлхийн урлагаас хоцроогүй байгаагийн бодит жишээ энэ.
- “Монгол гэдэг нэгэн нэр ертөнцийн чихэнд дуурсгалтай” гэх үг санаанд буучихлаа. Эцэст нь манай уншигчдад хандаж хэлэх үг байна уу?
- “Монгол” гэдэг үг миний хувьд хамгийн эмзэг сэдэв. Эхний хэдэн жил бичиг баримтны асуудлаас үүдэн Монгол руугаа явж чадахгүй байсаар бээжингээр дамжин нисэж хүрсэн юм. Бээжингээс хөөрч, Улаанбаатарт буух хүртлээ хоолой зангирсаар л байсан. Эх орон гэдэг бол үгээр хэлж, бийрээр дүрсэлж барамгүй үнэ цэнэтэй ухагдахуун. Би эх орондоо оччихоод, наашаа ирэх бүртээ билетээ хэд хэдэн удаа хойшлуулдаг. Сэтгэл явж өгөхгүй, тэгээд л хойшлуулаад л байна. Тиймээс эх орныхоо үнэ цэнийг Монгол хүн бүр машид сайн ойлгож, хаана ч явсан нэрийг нь өндөрт өргөж явахыг хичээгээрэй л гэж хэлмээр байна.
- Ярилцсанд баярлалаа.
Д.Цолмон: Анхнаасаа зурагаа зурж амьдарч чадахгүй бол буцна гэсэн бодолтой байсан | ||
Үзсэн: 23255 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.