Шууд Chart

Бүтэх төрийн бүс

2022-02-02 07:53:31

Монгол хүн бүсээ задгай тасархайг бэхлэн батжуулах, сарнисныг эвлүүлэхийн билэгдэл хэмээн ийн эрхэмлэдэг аж. Дээлийн бүс бол эр хүний хийморь лундааг илтгэхээс гадна буян хураахын билэгдэлтэй, мөн улс гүрнийг бутраахгүй сарниахгүй барьж байна гэсэн санааг илэрхийлдэг. Бүс нь уг сурвалжаараа бөс мөн гэлцдэг нь яах аргагүй үнэн юм. Өөрөөр хэлбэл, хожуу үед бөс даавууг бүслэх болсноос түүнийг зааж хэлсэн хэрэг.

Монголчууд эртнээс сур, шир зэргийг сайтар боловсруулаад агсарга (бүс) гэж нэрлэдэг байжээ. Агсарга нь доош унжсан цацаг гархит сур зэрэг чимэгтэй, түүгээрээ агссан сэлэм, саадаг зэргээ тогтоодог байснаас эр хүний амь насыг хамгаалах эрхэм эдлэл гэж үздэг чухал хэрэгсэл юм. Хожим даавуун бүсийг авч хэрэглэхдээ биеэ гурав ороож хүрэх бүсээр биеэ нар зөв ороож бүсэлдэг нь гурвын тоон билэгдэлтэй бөөгийн ёстой гүн холбоотой ажээ.

Овоог гурав тойрох, гурван удаа хурайлах гэх зэрэг нь бөөгийн ёс, билэгдлийн салшгүй хэсэг юм. Чухам эндээс малгай нь галтай холбоотой, бүс нь зэр зэвсэгтэй холбоотой бөө мөргөлийн хар цагаан тэнгэрүүдийг төлөөлсөн ойлголт болохыг төвөггүй ажиглаж болно. Чухам ийм учраас бөө мөргөлд малгай, бүсийг эр хүний амин эд гэж эрхэмлэдэг бөгөөд сүнс сүр нь оршдог гэж эрхэмлэн үзэх ёс дэлгэрчээ.

Бүс хуучрахад түүнээс утас авч шинэ бүсэндээ оёдог. Хүний сүнсийг дуудахдаа бүсийг дэнсэлж хэмждэг бөгөөд бүсний жин нэмэгдвэл сүнс ирлээ гэж үздэг байна. Харин эрт цагт Монгол эмэгтэйчүүд бүс бүсэлдэггүй байсан учир тэднийг "бүсгүйчүүд" гэж нэрлэдгийн учир тэр аж. Дээлийн бүс бүслэх, тайлах зэрэгтэй холбогдсон зан заншил бий. Дээлийн бөс буюу бүс 2.5-4.5 метр байхад хүрэлцээтэй гэж үзнэ.

Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв нэг эргүүлэн үзүүрийг нь баруун ташаандаа хавчуулна. Монгол хүн бүсэн дээрээ гишгэхгүй, дээгүүр нь алхах ч ёсгүй. Шөнө унтахдаа бүсээ тайлж, аман хүзүү зангилаагаар зангидаж, дэрний дээд хавьд тавьдаг заншилтай. Мөн бүсээ өөр хүнтэй солихгүй, харин хар элгийн хүнтэй анд бололцох, хүж барилдах ёс гүйцэтгэх үед бие биеэ итгэж буйн тэмдэг болгон сольж бүсэлдэг заншил бий.

Монголчууд бүсээ зангидахыг цээрлэнэ. Хэрэв бүс зангирвал тэр чигээр нь гурав хонуулаад, хамгийн ахмад хүнд очин миний бүсний зангилааг тайлна уу гэж хүсдэг. Ахмад хүн уг эзнээс юу олсон, үзсэнийг асуухад, бүс зангирсан хүн гурав хоногийн хугацаанд юу үзсэн, олсноо хэлдэг ёстой. Мөн ахмад хүн эхлээд тэр хүний үзсэн, олсон зүйлийн аль билэгтэй үгээр тайлбарлаж, зангилааг тайлж өгдөг байжээ.


Бүтэх төрийн бүс  
Үзсэн: 1670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй