Шууд Chart

Мод тарихад усалгаа, арчилгаанаас гадна тухайн газар нутгийн физик газарзүйн хүчин зүйлсийг харгалзах нь чухал

2022-02-05 16:45:34

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2021 онд санаачлан аж ахуйн нэгжүүдийг тус хөдөлгөөнд нэгдэхийг уриалаад байгаа билээ.

Манай орны нийт газар нутгийн 7.9 хувь нь ойгоор бүрхэгдсэн байдаг. Үүнийг 2030 он гэхэд 9 хувьд хүргэх үндсэн зорилтыг тодорхойлж, хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг урьдчилсан байдлаар гаргасан байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл бэлтгэл, эрчимжүүлэх, тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Монгол орны дөрвөн зүг, найман зовхис, өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлүүд энэхүү хөтөлбөрт нэгдээд байна. Тухайлбал, уул уурхайн 20 гаруй аж ахуйн нэгж, байгууллага нийтдээ 600 гаруй сая, аймаг, нийслэл 680 сая модыг 10 жилийн хугацаанд төлөвлөгөөний дагуу тарьж ургуулахаар үүрэг амлалт авсан байна.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тарихаар төлөвлөж буй тус тэрбум модыг Монгол орны байгалийн янз бүрийн бүсүүдэд тарих бөгөөд эдгээр байгалийн бүсүүдийн физик газарзүйн нөхцөл ялгаатай учир ургалтад харилцан адилгүй нөлөө үзүүлнэ.

Монгол орны ой Сибирийн их тайга, Төв-Азийн хээр, цөлийн заагт уур амьсгалын эрс тэс нөхцөлд тархан ургах тул байгалийн аясаар тэлэн ургах боломж нэн хязгаарлагдмал, ойн түймэр, хөнөөлт шавж, өвчин болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөлөлд өртөмтгий эмзэг экосистем юм.

 Монгол орны ой модны төрөл, зүйл нь тухайн байгалийн бүс, бүслүүр экосистемийн нөхцөлийг илэрхийлэгч үндсэн индикатор болдог. Тухайлбал, Монгол орны ойн сангийн дийлэнх хувь нь Монгол орны хойд хагаст өндөр уул болон ойт хээрийн бүсэд (хуш, нарс, шинэс, хус, улиангар, улиас, хайлаас, бургас гэх мэт) тархдаг бол, өмнөд буюу хуурай хээр, цөлөрхөг хээрийн бүсэд багахан хувь нь (заг, хайлаас, жигд, тоорой, улиангар, сухай, бургас, буйлс, харгана, хармаг гэх мэт) бүсийн бус шинжтэй тархсан байдаг нь физик газарзүй, хүрээлэн буй орчны нөхцөлтэй салшгүй холбоотой.

 “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, тодорхой үр дүнд хүрэхийн тулд доорх 3 үндсэн зүйлийг анхаарч ажиллах нь чухал юм. Үүнд:

  1. Мод, сөөгний үржүүлэг, ойжуулалт хийх талбайг сонгохдоо физик газарзүйн нөхцөл (гадаргын нөхцөл, уур амьсгал, хөрс, ус гэх мэт ), орчны хүчин зүйлийг харгалзаж Монгол улсын  “MNS 6138:2010 Мод үржүүлгийн талбай сонгох. Техникийн шаардлага” стандартын дагуу мод тарих талбайг сонгох;
  2. Мод, сөөг тарихдаа тухайн байгалийн бүс, бүслүүрийн онцлогт тохирсон модны төрөл зүйлийг сонгох, Монгол улсын холбогдох стандартартуудыг (MNS 6140:2010 Мод, сөөгний тарьц. Техникийн шаардлага, MNS 6253-1:2011 Мод, сөөгний үрийг тарихад бэлтгэх. Ерөнхий шаардлага, MNS 6253-2:2011 Мод, сөөгний үрийг тарих. Ерөнхий шаардлага, MNS 6253-3:2011 Мод, сөөгний үрийг тарьсны дараа арчлах. Ерөнхий шаардлага, MNS 2418:2011 Мод үржүүлгийн газрын хөрсийг боловсруулах, MNS 6252:2011 Мод үржүүлгийн газар бордоо хэрэглэх, MNS 6254:2011 Мод, сөөгний суулгацыг бойжуулах. Ерөнхий шаардлага, MNS 6258-1:2011 Суулгацын нүхийг бэлтгэх, суулгах. Ерөнхий шаардлага, MNS 6139: 2010 Шилмүүст төрлийн модны суулгац. Техникийн шаардлага, MNS 6141:2010 Навчит төрлийн модны суулгац. Техникийн шаардлага, MNS 5918:2008 Байгаль орчин. Эвдэрсэн газрыг ургамалжуулах. Техникийн ерөнхий шаардлага гэх мэт) баримтлан тарилт, үржүүлэг хийх;
  3. Мод, сөөг тарьсны дараа Монгол улсын холбогдох стандартуудын (MNS 6258-2:2011 Мод, сөөгний суулгац арчлах, MNS 6263:2011 Цэцэрлэгжүүлсэн талбайг шалгаж ашиглалтад хүлээн авах. Ерөнхий шаардлага, MNS 6772:2019 Мод, сөөгийг хэлбэржүүлэх. Техникийн шаардлага, MNS 6773:2019 Сөөгний суулгацыг шилжүүлэн суулгах, арчлах. Техникийн шаардлага, MNS 6774:2019 Том мод, суулгацыг шилжүүлэн суулгах, арчлах. Техникийн шаардлага гэх мэт) дагуу арчилгаа, хамгаалалтыг (өвөлжүүлэлт, механик хамгаалалт) тогтмол хийх ба мэрэгч, хортон шавжны устгалыг хийх, ойжуулалтын чанар, модны амьдралтын хувийг тооцож, тооллого бүлтгэл явуулах;

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж буй аж ахуйн нэгж, байгууллагууд дээрх 3 үндсэн үе шатанд холбогдох стандартуудыг нарийн баримтлан ажилласан тохиолдолд энэ хөтөлбөрийн үр дүн, гүйцэтгэл сайжирч манай орны газрын доройтол, цөлжилтийн эсрэг эерэг нөлөөлөл үзүүлэх юм.

Иймд тус хөтөлбөрийн хэрэгжилтэд дэм болох үүднээс мод үржүүлэг, ойжуулалт хийх талбайг сонгоход физик газарзүйн нөхцөл болох байрзүйн (хотгор гүдгэр), гадаргын нөхцөл,  уур амьсгал, хөрс, ус гэсэн 5 үндсэн хүчин зүйл хэрхэн нөлөөлөх талаар товч дурдъя.

Байрзүйн хүчин зүйл болох гадаргын өндөр, гадаргын налуу (хэвгий), налуугийн чиглэл (зүг зовхис) зэрэг хүчин зүйлүүд нь ойн бүтээмжит шууд нөлөөлдөг. Тухайлбал, уулархаг нутагт гадаргын өндөр нэмэгдэхэд модны өндөр болон бүтээмж буурдаг бол эсрэгээрээ өндөр нэмэгдэхэд температур, ууршилтын хэмжээ буурч, хур тунадас нэмэгдэж агаар болон хөрсний чийг ихсэж, хөрсний үржил шим, ургамлын төрөл, зүйл, бүрхэцийн хэмжээг нэмэгдүүлнэ. Зүг зовхисын ялгаатай байдал нь мөн гэрлийн хуваарилалтад нөлөөлж энэ нь тухайлбал, хөрсний чийгийн агууламжид шууд бусаар нөлөөлж байдаг.

Ерөнхийд нь дүгнэхэд мод үржүүлэг, ойжуулалт хийхдээ байрзүйн хүчин зүйлээс шалтгаалаад гадаргын хэвгий бага, нарны шууд тусгалаас харьцангуй хязгаарлагдмал, зонхилох салхинаас хамгаалагдсан нөмөрлөг, харьцангуй чийг ихтэй, элсэнцэр, хөнгөн шавранцар, үржил шим бүхий бага зэргийн чулуурхаг хөрстэй, хөрсний усны түвшин багатай газрыг сонгон авах нь ойжуулалт хийхэд тохиромжтой бөгөөд ойжуулалтад ирээдүйд учирч болох цаг хугацаа, санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлнэ.

Мод тарьж, ургуулах үйл ажиллагаагаар дамжуулан цөлжилт, газрын доройтлыг бууруулахын тулд тодорхой шинжлэх ухааны үндэслэлтэй, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг ашиглах, энэ чиглэлийн судлаачидтай хамтран ажиллах нь энэхүү хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал түлхэц үзүүлэх юм.

ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн, судлаачид бүс нутаг, орон нутгийн хэмжээнд физик газарзүйн нөхцөл, нөөц, гадаргын хотгор гүдгэрийн иж бүрэн судалгааг хийж ирсэн туршлагатай бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна.

Эх сурвалж: ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэн


Мод тарихад усалгаа, арчилгаанаас гадна тухайн газар нутгийн физик газарзүйн хүчин зүйлсийг харгалзах нь чухал  
Үзсэн: 1315 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй