Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 42.7 хувийг говь нутаг эзэлдэг. Үүнээс нийт талбайн 5 хувь нь элсэн манхнаар бүрхэгдсэн байдаг.
Монгол орон нийт 33 говьтой бөгөөд хамгийн том нь “Галбын говь” билээ. “Галбын говь” нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутгийг хамран уртаашаа 200 километр, өргөн нь 50 гаруй километр сунаж тогтсон байдаг.
Говь нь эрс тэс уур амьсгалтай бөгөөд зундаа температур +40ْС, өвөлдөө -40ْС болдог. Жилд дунджаар 100 мм –ээс бага хур тунадас унах бөгөөд зарим газартаа хоёроос гурван жилд нэг л удаа бороо орсон байдаг.
Говь нь байгаль цаг уур, топографийн хувьд олон янзын, ховор амьтан ургамал олонтой. Говийн газар нутгийн дөнгөж 30 хувийг л ногоон ургамал бүрхэх боловч гандуу нөхцөлд ургахын ид шидэнд зохицсон 300 гаруйхан нэр зүйлийн ургамал л энэхүү ган хуурай нутгийн амьд байгалийн амьсгалах агаар шим ертөнцийг тэтгэж хөрс орчныг ариутган, гоо чимэг нэмээд зогсохгүй, хөрс элэгдэж ус ууршихаас хамгаалах ногоон цайзын үүргийг гүйцэтгэдэг.
Ургамлын бүрхэвч тачир сийрэг, төрөл зүйл нь цөөн хэдий ч тэжээллэг чанар сайтай, урт үндэстэй, ганд тэсвэртэй, үр үндэс нь олон жилийн дараа ч сэргэн ургаж чаддаг онцлогтой. Монгол өвст, хазаар өвст, таанат, бударганат бүлгэмдэл зонхилно. Гандуу нөхцөлд зохицсон заг, хайлас, тоорой, сухай, жигд зээргэнэ, харгана, буйлс, тосон торлог, нохой шээрэн, хармаг зэрэг урт үндэстэй, титэм багатай модлог, сөөглөг ургамал хөндий, сайр дагаж ургасан байдаг.
Цөлд хар хүрэн өнгийн сайрга дайргаар өвч бүрхэгдсэн ургамалгүй гадарга ч хааяа тааралдана. Мөн Монгол оронд 1100 орчим эмийн ургамал ургадгаас говийн нутагт 345 зүйлийн эмийн ургамал ургадаг байна.
Гандуу нөхцөлд ургаж байдаг шидэт ургамалын нэг бол Заг мод.
Монгол орны ойн нөөцийн багагүй хувийг эзлэх бөгөөд говь цөлийн бүсийн үндсэн мод нь юм. 4500 килокалори дулаан ялгаруулдаг учраас говийнхон “Ургаа нүүрс” гэж нэрлэдэг. Заг мод нь элсний нүүдлийг барьж тогтоох ач холбогдолтой бөгөөд хөрсөн доор хэдэн метрээр ч хамаагүй үндсээ сунгаж ус чийг хайн ургадаг мод юм.
Үндэс нь доошоо 5 метр хүртэл гүнд, тал тал тийшээ 5-10 метр хүртэл салаалан тархан ургадаг учраас заг мод нь газар дээр маш бат бөх зогсож ямар ч хүчтэй салхийг сөрж, эрч хүчийг нь бууруулан элсний нүүлтийг тогтворжуулан барьдаг.
Говьд нэгэн гайхалтай байгалийн зүй тогтол байдаг нь говийн баруун сэжүүр, Алтайн нурууны өврөөр голдуу тааралдах ус булаг, ургамал мод дэлгэрч, ан амьтан цугласан өвөрмөц орчин болох говийн баянбүрдүүд билээ.
Баянбүрд нь өндөр уулсын газар доорх усны илэрцийн цэг болох булаг ундран гарч газар хөрсийг чийгтүүлснээс үүсдэг бөгөөд хааяа ордог борооны усаар тэжээгддэг ба олонхи нь ус хуримтлалын хотгор, өргөн хөндийд оршдог. Баянбүрдийг дагаж ургамлын төрөл зүйлийн бүрэлдэхүүн их байдаг нь ховор ан амьтаны идээшлэн ундаалж орогнодог газар болж байдгаараа онцлогтой экосистемийн өвөрмөц бүрэлдэхүүн болно.
Говь нутаг уур амьсгал, газрын гадарга, хөрс ургамлын нөхцөлдөө зохицсон нэн өвөрмөц амьтны аймагтай. Хулан, хавтгай, тахь, аргаль, янгир, мазаалай, чоно, бөхөн гөрөөс, хар сүүлт, цагаан зээр, зэгсний гахай, ирвэс зэрэг дэлхийд нэн ховордож улаан номонд орсон амьтад үнэг, эрээн хүрэн, суусар, мануул, цагаан үен зэрэг 14 зүйлийн араатан амьтан, туулай, асганы огодой, барагчин оготно зэрэг 22 зүйл мэрэгчид, бамбай хамарт могой, замба гүрвэл зэрэг олон зүйлийн мөлхөгчид, ямаан ууц буюу хилэнцэт аалз, цагаан тэмээ, арваалж зэрэг хорт шавьж бий. Шувуудаас нөмрөг тас, ёл, хойлог, жороо тоодог, хулан жороо, ногтруу, цөлийн шонхор зэрэг байна.
Говь гэж дурсахад л хамгийн түрүүнд бодогддог зүйл бол элс. Хаяа хязгаар нь харагдахгүй асар уудам талбайтай элсэн уул нуруу манхан эргэн тойронд хүрээлэн байна. Эл хөндийд салхи салхилахад элсний маш нарийн ширхэгүүд хийсч, сарнин цахилгаанжихад түүний эерэг, сөрөг цахилгаан цэнэг үрэлдсэнээс чимээ гардаг байна. Энэ үзэгдэлтэй тааралдаж сонсож чадвал янз бүрийн хөгжим эгшиглэх мэт дуу авиа гардаг гэнэ.
Говийг газар нутагт ургаж байгаа ургамал, амьтан хөрс, газрын гадарга, усны байдал зэрэг онцлог байдлаар нь харгалзан ялгадаг байна.
• Байгалийн нөөц газарт оршдог говиуд
1. Шаргын говь (Говь-Алтай аймгийн Шарга, Халиун, Төгрөг сум)
2. Загийн-Усны говь (Модон-Овооны говь ч гэдэг, Дундговь аймгийн Өлзийт сум, Дорноговь аймгийн Мандах сум, Өмнөговь аймгийн Манлай)
3. Зүүнмодны говь (Зулганайн говь ч гэдэг, Өмнөговь аймгийн Гурвантэс сум)
• Говийн их дархан цаазат газарт оршдог говиуд
1. Номингийн говь (Говь-Алтай аймгийн Эрдэнэ, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум)
2. Цэнхэрийн говь (Баянхонгор аймгийн Баян-Өндөр сум)
3. Шаргын говь (Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сум)
4. Халзансондогийн говь (Говь-Алтай аймгийн Цогт сум)
5. Ингэнхөөвөрийн говь (Баянхонгор аймгийн Шинэжинст, Өмнөговь аймгийн Гурвантэс сум)
6. Алтайн өвөр говь (Баянхонгор аймгийн Баянцагаан, Баянговь, Баянлиг, Баян-Өндөр, Баянцагаан, Шинэжинст сум, Говь-Алтай аймгийн Алтай, Бигэр, Бугат, Төгрөг, Цээл, Цогт, Эрдэнэ сум, Өмнөговь аймгийн Баяндалай, Баян-Овоо, Гурвантэс, Хүрмэн, Номгон, Ноён, Сэврэй, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Богд сум)
7. Зүүнгарын говь (Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сум, Говь-Алтай аймгийн Бугат, Тонхил сум)
8. Борцонжийн говь (Ховд аймгийн Алтай, Булган, Үенч сум)
•
• Говийн бага дархан цаазат газарт оршдог говиуд
1. Давсанхуурай говь (Ховд аймгийн Алтай, Үенч сум)
2. Галбын говь (Өмнөговь аймгийн Ханбогд сум)
3. Борзонгийн говь (Өмнөговь аймгийн Номгон сум)
4. Загсүүжийн говь (Өмнөговь аймгийн Баян-Овоо сум)
5. Зээмэгийн говь (Зээмгэний говь ч гэдэг, Өмнөговь аймгийн Баян-Овоо сум)
• Бусад газарт оршдог говиуд
1. Захуйн говь (Говь-Алтай аймгийн Цогт сум)
2. Зармангийн говь (Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ сум)
3. Хонин-Усны говь (Говь-Алтай аймгийн Алтай сум)
4. Хүйс, Төгрөгийн говь (Дундговь аймгийн Хулд сум)
5. Хүйсийн говь (Говь-Алтай аймгийн Дарви, Шарга, Баян-Уул, Хөхморьт, Ховд аймгийн Дарви сум)
6. Хөхөлзөхийн говь (Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сум)
7. Гашууны говь (Дундговь аймгийн Өлзийт сум)
8. Бүрэгийн говь (Дундговь аймгийн Эрдэнэ сум)
9. Хуурайномгоны говь (Дундговь аймгийн Өлзийт)
10. Долоодын говь (Дорноговь аймгийн Өргөн сум)
11. Номгоны говь (Дорноговь аймгийн Хатанбулаг сум)
12. Баянгийн говь (Дорноговь аймгийн Улаанбадрах, Сайншанд, Хатанбулаг сум)
13. Хашаатын говь (Дорноговь аймгийн Сайншанд, Өргөн сум)
14. Сухайнхөөвөрийн говь (Дорноговь аймгийн Алтанширээ сум)
15. Цагаанхөөвөрийн говь (Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум)
16. Боргой, Баянтөхөмийн говь (Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон сум)
17. Өөшийн говь (Дорноговь аймгийн Мандах, Сайхандулаан, Улаанбадрах сум
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
Говь нутгийн гайхамшиг | ||
Үзсэн: 9628 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.