УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдөр үдээс хойших хуралдаанаар Газрын тосны тухай хуулийн төслийг шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Газрын тосны тухай хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, газрын тос, байгалийн хий, уламжлалт бус газрын тосны талаарх ойлголт, төрийн байгууллагууд болон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг тодорхой болгож, роялти, татварын хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх, тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаатай холбоотой харилцааг боловсронгуй болгон хуульчлах зайлшгүй шаардлагын үүднээс уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, түүнтэй холбогдон зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг холбогдох байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар удаа дараа хэлэлцсэн. Гэвч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг энэ оны 5 дугаар сарын 15-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх явцад гишүүдийн олонхын дэмжлэг авч чадаагүй тул хууль санаачлагчид нь буцаасан юм. Харин Засгийн газар уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн шатанд Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан саналуудыг тусгаж, зарим нэмэлт, өөрчлөлт оруулан дахин өргөн мэдүүлснийг байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.
Эдийн засгийн байнгын хороо хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад зарчмын зөрүүтэй 30 гаруй саналын томъёолол бэлтгэснийг чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хурааж шийдвэрлэв. Тухайлахад, ажлын хэсгээс төслийн 2.1 дэх хэсгийг “Газрын тосны тухай хууль тогтоомж нь энэ хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж өөрчлөн найруулах, төслийн 4.1.15 дахь заалтын “Засгийн газрын шийдвэрээр ашиглалт явуулахыг зөвшөөрсөн” гэснийг “газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон” гэж өөрчлөх, түүнчлэн “Газрын хэвлий болон гадаргуу дээр байгалийн байдлаараа оршиж байгаа газрын тос, уламжлалт бус газрын тос нь төрийн өмчид хамаарна” гэсэн зарчмын зөрүүтэй санал гаргасан нь дэмжигдлээ. Мөн газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн ажлыг хуулийн этгээд төрийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж гүйцэтгэх, улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл хийж болох, нэг хуулийн этгээдэд олгох газрын тос, уламжлалт бус газрын тосны эрлийн талбайн хэмжээг геологийн тогтцоос хамааруулан төрийн захиргааны байгууллага тогтоохыг дэмжлээ. Түүнчлэн газрын тосны хайгуулын хугацаа найм хүртэл жил байх бөгөөд уг хугацааг төрийн захиргааны байгууллага хоёр хүртэл жилээр хоёр удаа сунгаж болно, харин уламжлалт бус газрын тосны хайгуулын хугацаа арав хүртэл жил байх бөгөөд уг хугацааг төрийн захиргааны байгууллага тав хүртэл жилээр нэг удаа сунгаж болно гэсэн саналууд олонхын дэмжлэг авав. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун хуулийн төслийн 39.2 дахь хэсгийг “Ашигт газрын тосны Засгийн газарт ногдох хэмжээ 50 хувиас дээш байна” гэж өөрчлөх санал гаргасан нь байнгын хорооны дэмжлэг аваагүй тул тэрээр саналын үндэслэлээ тайлбарлаж дэмжиж өгөхийг гишүүдээс хүсэв. Гэвч уг санал чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжлэг авч чадсангүй.
Ингээд хуулийн төслийн талаар ажлын хэсгээс гаргасан найруулгын шинжтэй саналууд болон уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаснаар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дуусгаж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.
Газрын тосны тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв | ||
Үзсэн: 849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.