Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдийн төлөөлөлтэй уулзаж "Ухаалаг төрийн хүрээнд боловсруулж буй зарим хуулийн төслийн тухай" танилцууллаа.
Уулзалтад сэтгүүлчид болон УИХ дахь нам, эвслийн бүлгийн төлөөлөгчид оролцсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн есдүгээр сард "Ухаалаг төр"-ийн хүрээнд Үндэсний хэмжээний хурлыг зохион байгуулсан бөгөөд уг хурлаас дэвшүүлсэн зорилтуудыг биелүүлэхээр зарим хуулийн төслүүдийг боловсруулжээ.
Өнөөдөр болсон уулзалтын үеэр Ерөнхийлөгч дөрвөн хуулийн төслийг танилцуулсан юм.
УИХ-ын гишүүнийг эргүүлэн татна
Хариуцлага гэдэг бол Ардчилсан нийгмийн хамгийн гол үзүүлэлт. Тиймээс хариуцлага байхгүй бол ардчилал байхгүй. Манай улс төрийн хуульд хүн томилох тухай заалт байдаг хэрнээ томилсон тухайн хүндээ хариуцлага тооцох тухай заалт огт байдаггүй. Эрх мэдэл бүхий албан тушаалтнууд санаатайгаар хариуцлагын тухай заалтыг орхигдуулдаг. Төрийн бага болон дунд албан тушаалтнуудад хариуцлага тооцдог хэдий ч өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцдоггүй. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төсөл боловсруулжээ.
Ингэж төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага тооцдог хууль манай улсад өмнө нь огт байгаагүй юм. Хуулийн төсөлд хариуцлага хүлээх этгээдийг Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, дэд дарга, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, хуульд заасны дагуу УИХ-аас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга байх бөгөөд тэдэнд сахилгын, улс төрийн, ёс суртахууны гэсэн үндсэн гурван хариуцлагыг хүлээлгэхээр тусгажээ.
Мөн хуулийн төсөлд тусгагдсан чухал заалтуудын нэг нь дээрх төрийн өндөр албан тушаалтнуудыг буцаан татаж болох заалт юм. Тухайлбал, УИХ-ын гишүүдийг тухайн хуульд заасан заалтын дагуу буцаан татаж болох юм. Мөн Засгийн газрын гишүүнийг хэн нэгэн УИХ-ын нэг гишүүн огцруулах санал өргөн барихгүй харин УИХ-ын найм болон түүнээс олон гишүүн хамтран гарын үсэг зурж байж огцруулах саналыг Ерөнхий сайдад өргөн барихаар хуульчилжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч уг хуулийн төслийг танилцуулах үеэрээ Засгийн газрын аль нэг сайдыг томилохдоо нам, фракцаар томилохыг зогсоох хэрэгтэй гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд тухайн салбарын чадвартай хүмүүсээр кабинетаа бүрдүүлж байх хэрэгтэй гэдгийг хэлсэн.
Төсвийн зарцуулалтыг ил болгоно
Ерөнхийлөгчийн танилцуулсан дараагийн хууль бол Шилэн дансны тухай хуулийн төсөл юм. Уг хуулийн төслийг өмнө нь УИХ-аас буцаасан бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газраас дахин өргөн барьснаар одоо УИХ-аар хэлэлцэгдэж байгаа.
Шилэн дансны тухай хуулийн төсөлд тухайн байгууллагын төсөв мөнгө зарцуулалттай холбоотой бүхий л мэдээллийг байгууллагын албан ёсны вэб сайт болон мэдээллийн самбарт байршуулж байхаа тусгасан бөгөөд ингэснээр төсвийн зарцуулалт ил тод болно гэж үзэж байгаа юм.
Зарцуулж байгаа мөнгөө ил тод болгохгүй болохоор иргэд хяналтаа тавьж чаддаггүй учраас ийнхүү мэдээллийг нь ил тод болгоод дараа нь төсвийн хяналтыг ард иргэдээс хүлээж байна гэж Ерөнхийлөгч хуулийн төслийг танилцуулахдаа хэлсэн. Түүнчлэн "Гишүүд хуулийн төсөл хэлэлцэхдээ нэрийг нь тойрч шалтаг хэлээд агуулгаас нь бултдаг. Ер нь Засгийн газар ил тод болгож хариуцлагын тухай ярихаар их зугтдаг. Тиймээс энэ бүхийг ил тод болгох гэж байна" гэсэн юм.
Иргэд төрийн үйл ажиллагаанд үзэл бодлоо илэрхийлнэ
Ерөнхийлөгчийн "Ухаалаг төр"-ийн хүрээнд өргөн барьж буй дараагийн хууль бол Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл юм.
Уг хуулийн төсөлд төрийн шийдвэр боловсруулах хэлэлцэх, батлах хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэдийг оролцуулж тэдний үзэл бодлыг шийдвэр гаргах түвшинд хүргэх зорилгоор төрийн бүхий л шатны байгууллагууд иргэдтэй уулзаж байхаар тусгажээ.
Өөрөөр хэлбэл, тус хуулийн төсөлд хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, мөрдөн шалгах, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн долоог төрлийн сонсгол явуулж төрийн удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгасан байна.
Байгууллагуудад хяналт тогтооно
Манай улсад аливаа нэг байгууллагад тухайн байгууллагын дарга болон сайдын захирамж тушаал нь Монгол Улсын хуулиас илүү хүчин төгөлдөр мөрдөгддөг. Тиймээс төрийн захиргааны байгууллагуудыг нэгдсэн хуультай болгохын тулд Захиргааны ерөнхий хуулийн төслийг боловсруулсан байна.
Түүнчлэн манай улсад Захиргааны хэргийн шүүх гэж байдаг хэрнээ уг шүүх байгууллагын мөрдөж ажиллах Захиргааны ерөнхий хууль байдаггүй байна. Засгийн газраас уг хуулийг өргөн барилгүй найман жил болж байгаа учраас ийнхүү Ерөнхийлөгч өөрөө хуулийн төсөл боловсруулан өргөн барихаар болжээ.
Ц.Элбэгдорж: Нам, фракцаар сайд томилдогийг болих хэрэгтэй | ||
Үзсэн: 2851 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.