![](/uploads/201407/news/thumb/67ba505737d9fc0b712a39f0e1761f28_x3.jpg)
УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
УИХ-ын гишүүн Н.Батцэрэг уг асуудлаар хуулийн хугацаанд олгогдсон хэмжээнд завсарлага авах горимын санал гаргасныг УИХ-ын дарга хүлээн авч завсарлагыг үдээс хойших хуралдаан хүртэлх хугацаанд өгөөд байсан юм. Гэсэн ч чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлахын өмнө Н.Батцэрэг гишүүн завсарлагын хугацаа дууссаныг мэдэгдсэнээр асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга төслийн 5.4, 5.5 дахь заалт буюу олон жил маргаантай явж ирсэн стратегийн ордууд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээтэй холбоотой заалтуудыг энэ удаад хэвээр нь үлдээе гэсэн байр суурь дээр эвслийн бүлгийн гишүүд нэгдээд байсан. Харин “Шударга ёс” эвслийн бүлгээс 2014 оны намрын чуулганд байгалийн баялаг, ашигт малтмалаас илүү хувь хүртдэг байх оновчтой зохицуулалт бүхий хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлж, батлуулах зорилт дэвшүүлсэн. Энэ байр суурийг АН-ын бүлэг дэмжинэ гэсэн тул нэгдсэн байр суурьт хүрч протокол үйлдсэнээр Ашигт малтмалын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцээд явахыг зөвшөөрч завсарлагааг богино хугацаагаар авсан гэсэн тайлбарыг хийсэн юм. Мөн тэрээр энэ хуулийн төсөл батлагдмагц хайгуулын тусгай зөвшөөрлүүд сэргэхээр байгаа. Иймд 2010 онд Ерөнхийлөгчийн санаачилж батлуулсан хайгуулын тусгай зөвшөөрлийг эмхэлж цэгцлэх ажил хэр хийгдсэн талаар тодрууллаа.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар өгсөн хариултдаа, “Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг өргөн барьж хэлэлцэх эсэх асуудал нь шийдэгдээд хамтарсан Байнгын хорооноос Ажлын хэсэг байгуулагдсан. Г.Уянга гишүүн “Шударга ёс” эвслийн бүлгийн саналыг хуулийн төсөлд яагаад тусгаагүй асуудлыг тодруулж байна. Ажлын хэсэг өнөөдрийн байдлаар 10 гаруй удаа хуралдсан. Хоёр удаа бүх намын бүлгүүдийн оролцсон ажлын хэсгийн гишүүдтэй санал хураахгүйгээр зөвшилцөхөд Г.Уянга гишүүн өөрөө байсан. Хуулийн төслийн 5.3, 5.4, 5.5 дахь заалт дээр намууд өөр өөр саналтай байгаа нь нотлогдсон. Ийм учраас намын бүлгүүд дээр энэ асуудлаа тодорхой болгоод оруулж ирэх саналыг тавьж ажлын хэсэг завсарласан. Түүнээс хойш ажлын хэсэг хуралдах боломж бүрдээгүй. Учир нь МАН өнөөдрийг хүртэл албан ёсоор бүлгийн шийдвэрээ илэрхийлээгүй байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс бүлгийн санал гэж өгсөн. Байнгын хорооны ажлын хэсэг дээр бүлгийн санал нэг бүрээр санал солилцож олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд тусгах зарчмаар УИХ-ын Дэгийн тухай хуулийг ёсчлон биелүүлсэн. Харамсалтай нь ажлын хэсгийн хуралдаанд Г.Уянга болоод бусад оролцоогүй гишүүд байнгын хорооны хуралд ороход ирцэнд авчихдаг юм гээд орж ирээгүй. Хэлэлцэх асуудлаар өөрсдөө орж ирж тайлбарлаагүй. Ажлын хэсгээс хуулийн төслийн 5.3, 5.4 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.
Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Эдийн засгийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дэмжигдсэн болон дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссаны дараа эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүллээ.
Ашигт малтмалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ | ||
Үзсэн: 1124 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.