Шууд Chart

С.Янжмаа: Ямар ургамалд харшилж байгаагаа тодорхойлуулах хэрэгтэй...

2014-07-28 13:41:03

Урин дулааны улиралтай зэрэгцэн хүмүүс бидэнд нэгэн асуудал үүсдэг нь ургамлын харшил. Ургамлын харшлын энэ үеийг хэрхэн яаж даван туулах талаар Арьсны өвчин судлалын үндэсний төвийн Арьс, харшлын их эмч С.Янжмаатай ярилцлаа.
-Ургамлын харшлын яг энэ үе их зовиуртай, хэцүү байдаг. Та эдгээр хүмүүст зориулан нэн түрүүнд шаардлагатай мэдээлэл өгөөч?
-Харшлын өвчнүүдийг сүүлийн үед хөгжлийн өвчин гэж нэрлэх болсон. Яагаад гэхээр энэ бол хотжилт, үйлдвэржилт, хүн амын нягтаршилтай холбоотой. Зөвхөн манай улсад төдийгүй дэлхий нийтээрээ харшлын өвчинд нэрвэгдэж байна. Харшлын өвчинг амьсгалын замын, арьсны гэж хоёр ангилдаг. Амьсгалын замын харшлын өвчнүүд улирлын шинж чанартай. Урин дулаан улирал эхэлсэнтэй холбоотой ургамлын тоос, тоосонцорын харшилтай хүний тоо ихсэж байна. Ер нь бол модлог ургамлын харшилтай хүмүүс дөрөвдүгээр сарын дунд үеэс зургаадугаар сарын эх хүртэл, үет ургамлын харшил зургаадугаар сарын нэгнээс долоодугаар сарын дунд үе хүртэл хөдөлнө. Харин шарилж, лууль гэх мэт хог ургамлын харшил долоодугаар сарын дунд үеэс эхэлдэг. Ямар ургамлаас харшаад байгаагаа тодорхойлохын тулд хамгийн түрүүнд сорилын шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Энэ шинжилгээг хйихдээ арьсан дор хатгаж сорил тавьж үздэг. Гэхдээ тодорхой заалттай, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эх, хүүхдэд тэр бүр сорил тавьдаггүй. Сорилын шинжилгээний дараа эмчийн заавраар эмчилгээгээ хийлгэнэ. Хүмүүс эмийн сангаас дураараа эм, дусаалга авч хэрэглэдэг. Ингэснээр хожим нь ямар нэг хүндрэл үүсэх болон эмийн гаж нөлөө гарах нь их. Тийм учраас нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч асуудлаа шийдэх хэрэгтэй.
-Ер нь харшил өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?
-Маш өргөн хүрээтэй яригдана. Үндэс нь хот их зөв зохион байгуулалттай байх ёстой. Зүлэгжүүлэлт хийхдээ зөв мод бут тарих ёстой. Хогийн ургамлын устгалыг л гэхэд долоодугаар сарын нэгнээс өмнө хийх хэрэгтэй. Цэцэглэсэн хойно нь устгал хийх нь улам л олон хүн харшилтай болно уу гэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болж чаддаггүй. Тэгэхээр нийслэлийн хот тохижилтын газрууд иргэд бүгд хичээж байж л энэ өвчнөөс урьдчилан сэргийлж чадна.
-Хүмүүс яг харшил хөдлөөд ирэхээр шарилжтайгаа тэмцэж эхэлдэг шүү дээ?  
-Долоодугаар сарын нэгнээс хойш зулгаах юм бол зулгаасан хүн өөрөө харшилтай болдог учраас эмч нар энэ хугацаанаас хойш шарилжаа зулгаа, цэвэрлэ гэж зөвлөдөггүй.
-Хүүхдүүд олноороо харшилтай болж байна. Сорил тавьж болдоггүй гэлээ. Тэгэхээр яах ёстой вэ?
-Хамгийн түрүүнд эцэг, эхчүүд хүүхдүүддээ өвс ногоо зулгааж тоглож болохгүйг анхааруулах хэрэгтэй. Нөгөө талаас харшил төрүүлдэг хоол хүнс буюу гаазтай ундаа, шар өнгийн ундаа, жимс,  халуун ногоо, амтлагчтай хоолыг хэрэглэхгүй байх. Харшил зөв арга хэмжээ авбал эдгэрдэг өвчин. Гэтэл манайханд ямар ч эм уухгүй байх эсвэл дур мэдэж эм уух тохиолдол маш элбэг. Ингэж болохгүй. Харшлын шинэ тэмдэг илэрвэл эмчид хандаад шинжилгээгээ өгөөд эмчилгээндээ орох ёстой.
-Харшилд “Набазолин” дусаалгыг их өргөн хэрэглэж байна. Энэ хэр зөв алхам бэ?
-Энэ дусаалга нь хамрын судсыг нарийсгаж хамрын битүүг арилгадаг боловч удаан хэрэглээд ирэхээр салст бүрхэвчийн хатангиршил үүсдэг. Яваандаа хамраас цус гарах, үнэрийн мэдрэмж алдагдах, харшил хөдлөөгүй үед ч байнга найтаах болдог. Ямар өвчний үед хэрэглэх вэ гэдгийг эмчид үзүүлж байж мэднэ. Дур мэдэн хэрэглэж болохгүй.
-Манайд хэчнээн төрлийн хог ургамал байдаг бол?
-Маш олон. Шарилж л гэхэд 50 гаруй төрөл байдаг. Тиймээс нийслэлийн оршин суугчид харшилтай болох эрсдэл маш өндөр. Манайд ихэвчлэн дөчөөс доош насныхан ирдэг. Энэ жил ургамлын харшлын хүндэрсэн тохиолдол бага хэрнээ нарны харшил их хүндэрсэн хэлбэрээр орж ирж байна. Тэгэхээр нарнаас сайн хамгаалах шаардлагатай. Хог ургамлаас өөрийгөө хамгаална гэдэг үнэхээр хэцүү. Агаарт тоосонцор нь дэгдчихсэн байдаг учраас маск зүүлээ ч маш бага хэмжээгээр хамгаалдаг.   Тэгэхээр энэ дээр бүүр нэг компаничилсан хогийн ургамлыг устгах ажлыг хийх хэрэгтэй.
-Энэ харшил хүндрэхээрээ астма болдог гэдэг?
-Амьсгалын замын өвчин их хүндрэхээрээ гуурсан хоолойн багтраа буюу астма болдог. Буруу эмчилсэн эсвэл удаан хугацаагаар эмчлээгүй тохиолдолд астма болно.  
-Хүмүүс царцааны бэлдмэл уух, шарилж шатааж үнэрлэх гэх мэтээр арга хэмжээ авдаг. Энэ зөв үү?
-Царцааны бэлдмэлийг харшил хөдлөхөөс өмнө хэрэглэхэд харьцангуй хөнгөн байгаа нь мэдрэгддэг. Царцааны биед биологийн идэвхт бодис ихээр агуулагддаг юм. Харин шарилжийг шатааж үнэрлэвэл улам хүндрэл үүснэ.
- Манай орон харшил өвчнийг ямар стандартаар эмчилдэг вэ? 
-Дэлхий нийтээрээ нэг л стандартыг мөрддөг. Антиоксидант бүлгийн эмнээс аль тохирохыг сонгож хэрэглэдэг. Дусаалгын тухайд өвчний явцаас хамааран сонгодог. 
-Хүмүүс дархлаа суларснаас харшил хөдөлчихлөө гэж ярьдаг. Энэ үнэн үү?
-Дархлаа суларснаас болдог гэж ярьж болохгүй. Харшлыг дархлааны хэт идэвхжилээс үүсдэг гэж үздэг. Тэгэхээр улам дэмжээд эрчимжүүлээд ирэхээр биеийн байдал дорддог. Дархлааг тэнцвэржүүлэх хамгийн гол зүйл бол эрүүл орчин, эрүүл хоол хүнс, зөв амралт. Ер нь бол дархлаа сулрах нь бүх өвчний суурь болдог боловч энэ өвчний үед эмгэг жам нь бол дархлааны хэт идэвхжилээр явагддаг. Тэгэхээр ямар үе шатанд дархлаанд нөлөөлөх эм уулгах вэ гэдэг нь эмчийн тактикийн асуудал.
-Танд манай уншигчдад хандаж хэлэх үг байна уу?
-Урин дулаан цаг болохоор манайхны амралт зугаалга эхэлж хоолны дэглэм алдагддаг. Архи, айраг хэтрүүлэн хэрэглэж байна. Энэ бүхэн харшлын өвчинг сэдрээдэг учраас зөв зохистой хооллолт, эрүүл амралт хамгийн чухал. Харшил хөдлөхөөс өмнө витамин ууж болно. Хөдөлсөн үед хэрэггүй.
-Танд баярлалаа.
 

С.Янжмаа: Ямар ургамалд харшилж байгаагаа тодорхойлуулах хэрэгтэй...   
Үзсэн: 6060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй