Манай энэ удаагийн “Редакцийн зочин”-оор зураач Дорждангийн Санжаажамц уригдан оролцлоо.Тэрбээр үндэсний урлаг болох монгол зургийг хөгжүүлэх үйлсэд гар бие оролцож яваа уран бүтээлч юм.
-Энэ таны уран бүтээлийн хэд дэх жил вэ?
-Ер нь багааасаа зураг зурж эхэлсээн. 30 гаруй жил шүү.Монгол зургийг арван жилийн хүүхэд байхаасаа сонирхож суралцаж өнөөдрийг хүртэл үүгээрээ ажиллаж, уран бүтээлээ туурвиж явна. Миний уран бүтээл хөдөөний ах амьдралтай салшгүй холбоотой. Өвөө эмээгийнхээ гар дээр өсөж торнисон болохоор тэр ахуйгаа өөрийн эрхгүй уран бүтээл болгодог. Миний амьдралд нэгэн аз тохиосон нь ардын зураач Амгалан багш монгол зургийн судалгаа хийж энэ чиглэлээрээ хэдэн хүүхэд бэлдсэний нэг нь. Энэ төрөл бол зураачаас уйгагүй нягт нямбай хөдөлмөр, тэвчээр хатуужил шаарддаг. Угаасаа монголчууд амьдралын шалгуураар бүхий л зүйлээ гаргаж ирсэн үндэстэн шүү дээ.
-Монгол зургийн онцлог чанарыг дэлхий дахинаа хэр мэддэг бэ?
-Дэлхийн хэмжээнд азийн уран зураг нь их чухал нөлөөтэй, улс үндэстэн бүхнийнх нь соёл зан заншил их онцлогтой. Цаашлаад энэ дотороо монгол зураг их өвөрмөц. Залуу байхдаа Солонгос, Япон, Хятадын уран зургийг их онцлогтой гэж боддог байлаа. Хожмоо уран бүтээлээ ид туурвиад ирэхээрээ монгол зураг маань аль ч улс орны урлагийн шинж чанарыг өөртөө агуулсныг мэдэрсэн. Сургуулиа төгссөний дараахан Шведийн нэгсэтгүүлчид миний уран бүтээлихээхэн таалагдаж нутагт нь очиж үзэсгэлэн гаргаж байлаа. Сүүлийн жилүүдэд дэлхий нийт монголын уртын дуу, хөөмий гээд өөр хаана ч байхгүй нүүдэлчдийн соёлд анхаарал тавьж байна. Уран зураг маань ч ялгаагүй. Би монгол зургийг чөлөөтэй сэтгэж зурахыг эрмэлздэг.Манай багш ч үүнийг дэмждэг байсан.Жишээ нь үхэр тэрэг, гэрийг өвөрмөц чөлөөтэй байдлаар зурна. Үхэр тэрэг сайрага сайрага гээд л явдаг, яг үүнийг нь гаргана. Хамгийн сонирхолтой гадаадууд манайхнаас илүү ойлгож мэдэрдэг.
-Олон оронд үзэсгэлэнгээ гаргасан уу?
-1997 онд “Үүлэн дүрс” гээд үзэсгэлэнгээ Уран зургийн галлейред гаргаж байсан. Тэгээд Шведэд далайн эрэг дээр, дараа нь Этнографын музейд гаргасан.Монголын буюу дорно дахины судлалын төв тэнд байдаг л даа.Хамтарсан үзэсгэлэн бол олон бий.Одоо ч гэсэн бүтээлээ бэлдээд л байж байна.
- Аливаа уран бүтээлч хүнд санхүүгийн асуудал хүнд байдаг байх. Таны хувьд?
-Уран бүтээлч хүн ажлаа хийхийн тулд юугаа ч орхиж чаддаг. Дээхнэ үед их хүнд байсаан. Азаар 1997 онд тэр Швед урлаг судлаач хүн таарч их тус болсон.Хамгийн гол нь хүн амьдралаас сайн сайхныг хүртэхийн тулд тэр бүхэнд өөрийгөө зориулсан байх ёстой. Эргээд бодоход би монгол зургийн хөгжилд ихээхэн юм хийжээ. Хуулж зураагүй, харж зурдаггүй хүнд судалгаа маш чухал. Одоо надад бодогдож байгаа зүйл бол энэ урлагийг өвлүүлэн үлдээхасуудал. Манай энэ уламжлалт соёл зан заншил, ёс дэг бүгд монгол зурганд шингэсэн.Миний зурагны сайхан муухай сонин биш, энэ уламлал гэдэг юм аа бид хадгалж уламжлуулбал мөнх орших учиртай. Ганцхан жишээ хэлэхэд морин дээр суух гэж ярьж байна. Үүнийг дүрслэх урлагийн хичээлээр зөв ойлгуулж зөв хэлүүлж сургах хэрэгтэй. Зарим мундаг гэгддэг хүнтэй ярихад хүртэл хэцүү л санагддаг.Аливаа юмыг хайрцаглаад байх тусам улам жижгэрдэг. Тэгэхээр уламжлал ёс заншилаа харийн нөлөөлөлд орж хайрцаглаж болохгүй. Бид үндэсний гэсэн юм бүхнээ тал талаас нь сэрээдэж байх ёстой юм.
-Таныг Монголын үндэсний радиог сонсож уран бүтээлээ туурвиж санаа, сэдлээ олдог гэж сонссон?
-Би үндэсний радиог бүр багаасаа сонсож тэр алдартай хүмүүсийн хоолойгоор сэрж, хүмүүжиж өссөн. Бүүр нэг чихэнд хоногшсон, зурагаа зурж байхдаа сонсоход ямар сайхан байдаг гэж санана.Монголын радио өөрийн гэсэн дуу хоолойтой, өнгө төрхтэй. Намар хөдөө байхад монголын радиогоор нээх сайхан ая, дуу явдагсан. Би тэр нэг тийм ахуй орчинг шүтдэг. Радиогоос олон юм олж авсан.
-Уран бүтээлч хүнд улирал нөлөөлдөг үү?
-Нөлөөлдөг. Зун бол зураг зурахад их назгай байдалтай.Өвөл бол их амгалан даацтай бүтээл гарна.Намар бол сэргэлэн цогтой зурагууд ихэвчлэн гарна. Монголын радиог сонсож байхдаа зурсан зурагаа хожим нь харахад тухайн цаг үе нүдэнд бууна.
-Зураачид зураад л бүтээгээд л байна. Харин үүнийг тань судлаач хир олон байна?
–Зөвхөн зураг биш ерөөсөө монгол урлаг судлал орхигдсон. Дээхнэ үед Сандагдорж, Цүлтэм гээд зураачид шүүмж их бичдэг байлаа. Одоо бол Батчулуун гуай л байна.Энэ хүний үе залгамж хаана байнаа. Бид дэлхийн өвд морин хуур , дээлээ бүргүүлчихлээ одоо хэн судлах вэ? Урлаг хөгжиж байгаа нь үнэн, харин судлал хоцрогдож хаягдаж байна. Монгол зураачид маш чадвартай, Хэнээс ч юм гуйдаггүй амьдралаа аваад явчихна. Их онцлогтой төрөл бас бүтээлчид. Үүнийг судлах хэрэгтэй.
-Монгол зураг, шүтээн зургийн гол ялгаа нь юу вэ?
-Маш их ялгаатай л даа. Зарим нэг юмыг би шударга хэлмээр санагддаг.Монгол зураг гэдэг бол бидний цаад язгуурт нь байгаад байна..Яахав гоё зурдаг, уран байж болно.Тэр өөрт нь байгаа чухал нандин зүйл үгүй бол монгол зураг байхгүй гэсэн үг. Харин шүтээн зураг гэдэг бол шүтээн л байхгүй юу.Монголд шашин дагаж орж ирсэн урлаг.Саяхан Монгол зургийн өдөрлөг, хурал болсон юм. Би “ Монгол зурагт Монголчуудын сэтгэлгээн дахь дүрслэл” сэдвээр ярьлаа. Энгийнээр тайлбарлахад амархан шүү дээ.“Монгол зурагт” Монголчуудын амьдрал тэр чигээрээ л зурагдаж байна.Харин шүтээн гэхээрээ Бурхад, янз бүрийн амьтад зурагддаг.
-Ур хийцийн хувьд ?
-Монголчууд маань нарийн нандин юманд их дуртай ард түмэн. 1024 бөх барилдуулаад нэгийг нь түрүүлэхэд их баярлаж цэнгэдэг.Тэр нь жилдээ ганцхан удаа.Монгол хүний дээд ухамсар санааг хөдөлгөж баясуулахын тулд нэлээн өндөр хэмжээнд байж ажиллах нь байна.Монгол зургийг хүн бүхэн зурж чадахгүй. Тодорхой хэмжээний боловсрол, хатуужил хүнээс шаарддаг.Оюутан байхдаа сайхан сайхан хүмүүсээр хэлүүлж, угсаатан зүй, уламжлал гээд олон зүйл заалгасан учраас өнөөдөр урваагүй шарваагүй зүтгээд л явна.Одоо энэ урлагаа бид үгүй болчихсон юм шиг яриад байна. Монгол хүн байгаа бүхнээрээ л өөрсдийгөө чимж амьдрах ёстой.
-Та өөрөө уламжлалт зургийн цаас буюу “Муутуу” хэрэглэдэг үү?
-Тиймээ. Уламжлалт аргаар даавуугаа өөрөө боловсруулж цардаад л зурж сурсан хүн. Энэ бол маш сайхан зүйл. Өөр цаасан дээр зурж болдоггүй юм.Монгол зургийн цаасан дээрээ өнгө нь өөрөө сайхан усдаг, зураас нь ч тод гарна.
-Ямар шашин шүтдэг вэ?
-Би монгол зураач. Өвөг дээдсээс уламжилж ирсэн буддын шашинг шүтэж, судладаг.
-Ихэнхзураачид аливаа зүйлийг дагнаж зурдаг. Таны хувьд ?
-Тийм зүйл бий. Харин би байж болох бүхий л зүйлийг зурахыг боддог.Арга техникийн хувьд ярихгүйгээр дүрийн хувьд өгүүлж болно.Жишээ нь Цагаанжамбын зурсан “Дугар зайсан” байна.
-Гэр бүлдээ хэр их цаг зав гаргахав?
-Зураачид бол их гэр амьтан хүмүүс. Эцэг эхийн хурлыг нэг ч удаа тасалж үзээгүй. лаагүй. Одоо охин маань зураач болно гээд байгаа.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Санжаажамц: Би монголын радиог сонсож зурагаа зурдаг... | ||
Үзсэн: 20241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.