Энэтхэг улсын Цахиурын хөндий гэж нэрлэгддэг өмнөд нутгийн Бенгалуру хотод англи хэл дээр зарлал, зурагт хуудас байрлуулахыг эсэргүүцэж, жагсаал хийж байна.
Эсэргүүцлийн жагсаал хийж буй хүмүүс англи хэл дээр бус, нутгийн уугуул хэл болон каннада хэлээр зарлал, зурагт хуудсыг байршуулах ёстой гэж үзэж буй юм байна.
Тэдний зүгээс Энэтхэгийн Засгийн газар Бенгалуру дахь нийт зарлалын 60 хувь нь каннада хэл дээр байх шинэ хуулийн нэмэлт өөрчлөлт танилцуулахыг шаардаж байгаа юм.
Карнатака Ракшана Ведике гэж өөрсдийгөө нэрлэж байгаа энэ эсэргүүцэгч бүлгийн ашиг сонирхлыг Энэтхэгийн зарим нэг улс төрийн намууд дэмжиж байна. Гэхдээ жагсагчдын үйлдэж байгаа зарим зүй бус хүчирхийллийн шинж чанартай үйлдлүүдлийг буруутгасаар байгаа юм.
Эрх баригч намын холбооны сайд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд хандаж “Каннадагаар бичихэд буруу зүйл байгаа юу. Энэтхэг бол Англи биш” гэсэн мэдэгдэл ч гаргаад амжжээ.
Олон нийтийн газар каннада хэлээр зарлал бичихийг шаардсан эсэргүүцлийн жагсаал Энэтхэгт анх удаа тохиолдож байгаа биш юм. 300 гаруй хэл аялгуугаар ярьдаг энэ дэд-тивийн 1 тэрбум 400 сая хүн амтай улсад хэл аялгуугаа баталгаажуулах гэсэн хүсэл эрмэлзэл их байдаг байна.
Энэтхэг улс 1947 онд тусгаар тогтносноос хойш зарим угсаатан ястнууд хэлний нийтлэг байдлаараа муж улс болж хилээ тогтоосон байдаг.
Каннада хэлээр ярьдаг Карнатака муж гэхэд 1956 онд байгуулагджээ. Карнатака мужид эсэргүүцэгсдийн хөдөлгөөн өнгөрсөн сараас эхэлсэн.
Тэд муж улс даяар англиар бичсэн зарлал самбаруудыг урж, буулгаж эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байгаа Бенгалуру хотод оршин суугчдын гуравны нэг нь энэ хотын уугуул иргэд амьдардаг ч техник технологи өндөр хөгжсөн уг Энэтхэгийн томоохон метрополитан хотод гаднаас шилжин ирэгсэд ч мөн олон, тэр ч утгаараа ихэнх зарлал самбар англи хэл дээр байдаг аж.
Нутгийн уугуул Карнатака угсаатнууд хотынхоо цөөнх болно гэдэг айдсыг цагаачлалын урсгал нэмэгдүүлж байгаа гэж үздэг. Тиймдээ ч уугуул каннада хэлээ авч үлдэхийн тулд эсэргүүцлээ тууштай илэрхийлсээр байна.
Гэхдээ өнгөрсөн түүхийн хугацаанд карнатакачууд үргэлж англи хэлийг эсэргүүцэж байсангүй гэж Каннада хэл судлаач Музафар Ассади "Би Би Си" агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
Анх англи хэл Энэтхэг даяар өргөн дэлгэрч байхад уугуул Карнатака иргэд англи хэлийг манай төрийн хэл, санскрит хэлийг манай оюун санааны сонгодог хэл, каннада бол манай уугуул төрөлх хэл гэж үздэг байсан гэж тэрбээр дурдсан байна.
Гэвч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр каннада хэлээ хамгаалагчдын хөдөлгөөн идэвхжих болсон талаар тайлбарласан байна.
Одоогийн байдлаар эсэргүүцэгсэд хоёрдугаар сарын 28 гэхэд англи хэл дээрх тэмдэгт зарлалуудыг бүгдийг өөрчлөх шаардлага хүргүүлээд байгаа юм.
Тэдний зүгээс Европын улс орнууд газар нутаг дээрээ эх хэлээрээ зарлал байршуулж болдог шиг карнатакачууд ч тийм эрх эдлэх ёстой гэж үзэж байна.
Каннада хэлээр ярьдаг карнатака угсаатнууд Энэтхэгт 61 сая орчим байдаг байна.
БНЭУ-ын Бенгалуру хотод англи хэл дээр зарлал байршуулахгүй гэж эсэргүүцэв | ||
Үзсэн: 652 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.