Шууд Chart

“Арван сарын үдэш” цэнгүүнд зочлоорой

2014-09-23 10:38:47

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва, МЗЭ-ийн шагналт зохиолч Бидэрийн Баярсайхан нарын хамтарсан уран бүтээлийн утга уянгын сонгодог үдэш буюу “Арван сарын үдэш” яруу найраг, уянгын богино өгүүллэгийн цэнгүүн энэ оны аравдугаар сарын3-ны 19:00 цагт Тусгаар тогтнолын ордон болно.

Энэхүү тоглолтын талаар Яруу найрагч П.Нямлхагваас тодрууллаа.
 
-Тоглолтынхоо талаар манай уншигчдад танилцуулаач?
 
-Монголын зохиолчдын эвлэлийн болон оны шилдэг бүтээлийн “Алтан-Өд” шагналт зохиолч Бидэрийн Баярсайхантай хамтарсан сонгодог үдшийг ирэх аравдугаар сарын 3-нд зохиох гэж байна. Нэг оройг сайхан шидэт үгийн орчинд сонсогч, уншигч, үзэгчидтэйгээ өнгөрөөх зорилгой. Ер нь техник технологийн хөгжингүй энэ үед электрон хөгжмийн хэт нүсэр дуу чимээнээс утга уянгыг дээдэлдэг талын монголчууд нэлээн төвөгшөөж эхэлж байна. Аль болох хөдөө хээр, байгалийн дуу чимээ, сэтгэлд наалдацтай сэтгэлд таатай ду чимээг ихээхэн сонсох гээд байдаг болжээ. Энэ зүйл нь юу байв гэхээр яруу найраг, утга зохиол юм. Энэ тоглолтод өгүүллэг, хөгжим бүжгийн коллежийн найрал хөгжим, мөн миний шүлгүүд уншигдах юм.
 
-Тоглолтод дуу дуулагдах уу ?
 
-Дуу дуулагдахгүй. Билетийн хувьд найз нөхдийнхөө хүрээнд л тараагдаж, зарагдаж байна. Бараг устах аюул дээр тулгараад байгаа. Нүүдлийн ахуй соёлоо бид шүлэг бүтээлдээ тунхагладаг уран бүтээлчид, сайхныг уран дүр дүрслэл, уран үгээр хөгжимтэй хослуулан бүтээлээ хүргэх гэж байгаа юм. Ер нь томоохон тоглолтуудыг харж байхад хүнд, чанга хөгжмөөс үзэгчид зугтаж байна.
 
-Та урьд нь бас яруу найргийн цэнгүүн хийж байсан. Энэ яруу найргийн үдшийг манай зохиолчид хэдийнээс хийж эхэлсэн бэ?
 
-Дээр үеэс бол С.Буяннэмэхийн таван хормоос эхлүүлээд манай шинэ үеийн уран зохиол үүсэн бий болсноос хойш болж л байсан юм байна лээ. Үүний дараа уншигч зохиолчдын уулзалт болж байсан байна. Энэ нь алдарт зохиолчдын бүтээл гараас гар дамжаад л ард түмэндээ хүрчихдэг. Тэгээд дараа нь зохиолч нь хөдөө орон нутгаар явж уулздаг ийм сайхан байжээ. За мөн үүний дараа 1990-ээд оны эхээр “Болор цом” наадмын билет нь хүртэл дамлаж зарагдаад олддоггүй байлаа. Хамгийн их дуулиан шуугиантай наадам байсан. Мөн Ц.Хулангийн үдэш гээд сайхан шүлэг яруу найргаар үзэгчдээ хөглөдөг цэнгүүн байсан. Харин зөвхөн нэг хүний яруу найргийн үдэш гэдэг зүйлийг Монголд би анх удаа хийсэн юм. Үүнийг хийхэд нэг цаг тавин минут болсон. Уран бүтээлч хүнд тохиолддог жаргал баярын тухай ярихад сайхан байдаг юм билээ. Тоглолт дуусчихсан байхад үзэгчид гарч өгдөггүй юм билээ. Үүнээс манай үзэгчид сэтгэлийн таашаал эдлэж байдаг, эргэцүүлэх үдэш хэрэгтэй байдаг юм байна гэж ойлгосон. Мөн манай зохиолч Б.Баярсайханы “Тэнгэрийн санаа” гээд богино өгүүллэгийн сайхан үдэш болсон шүү дээ. Зургаагаас долоон өгүүллэг дарааллан уншигдаж байхад үзэгчид мөн л их дулаан хүлээж авсан. Тэгээд энэ урьдын тоглолтдээр үндэслээд хамтарсан “Арван сарын үдэш” нэртэй цэнгүүнээр үзэгч, сонсогчидтойгоо уулзах гэж байна даа.
 
-Баярлалаа. Амжилт хүсье
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Арван сарын үдэш” цэнгүүнд зочлоорой   
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй