Шууд Chart

Д.Цэрэндаш: Өвөрмонгол руу дүрвэсэн зарим монголчууд нутаг буцахгүй гэж зугтдаг байлаа

2014-10-07 15:48:17

-Та аль нутгийн хүн бэ. Нутаг ус, угсаа гарвалаас тань яриагаа эхэлье?

-Би 1927 онд Дорноговь аймгийн Эрдэнэ суманд төрсөн. 1945 онд өөрийн хүсэлтээр сайн дурын морьт отрядад алба хааж, “Бат хаалга” хүртэл хурандаа Нямтайсүрэнгийн удирдсан хуягт бригадын араас явж байлаа. Дараа нь Цэргийн Ерөнхий сургуульд  гурван жил суралцаад Тамсагийн хязгаарт алба хааж байв. Тэр үед “Дэлхийн хоёрдугаар дайн дууссан” гэх шалтгаанаар хилийн болон батлан хамгаалахын анги нэгтгэлүүдийг татан буулгаж энгийн хөдөлмөрт шилжүүлсэн.

-Тэгэхээр алба хааж байсан хүмүүс цэргийн ангиуд руу шилжсэн үү?
-Янз бүр дээ. Гэхдээ олонх нь нутаг орон руугаа буцсан байх. Миний хувьд цэргээс халагдаж, Дорноговь аймгийн клубт жүжигчнээр орж ажилласан. Дараа нь Улсын хөгжимт драмын театрын Найрал дууны ангид дуучнаар орсон. Тэгээд Соёлын яамны томилолтоор 1967 онд Улаанбаатар Төмөр замын Замын-Үүд дэх анхны клубын даргаар нь томилогдож очсон юм. Тэндээсээ Хар Айраг, Чойр, Сайншанд зэрэг газар ажиллаж байгаад Улаанбаатар төмөр замын техникумд авто жолооны курст орж техникийн мэргэжилтэй болох хүслээ биелүүлэн жолооч болсон. Ийнхүү жолооч болоод Өмнөговь, Баян-Өлгий аймгаас бусдад нь бараг очиж үзсэн дээ.

Би 1998 оноос өдийг хүртэл Дархан-Уул аймгийн “Дайнд оролцогчдын зөвлөл”-ийн даргын албыг хашиж байна. Энэ зөвлөл анх 1972 онд “Хувьсгалч тэмцэгчдийн ахмад зүтгэлтний зөвлөл” гэдэг нэртэйгээр байгуулагдсан. Нийт 400 орчим ахмад зүтгэлтэн энд багтдаг байлаа. Тэднээс хорогдсоор байгаад одоо 20 хүрэхгүй буурлууд л амьд сэрүүн үлдэж дээ. Өнөө жил Халхын голын 75 жилийн ой болж байна. Үүнтэй давхцаж МҮОНР-ийн 80 жилийн ой, танай сайтын нэг жилийн ой тохиож байгаа нь их сайхан хэрэг. Тиймээс миний бие нийт Дархан-Уул аймгийнхан, дайнд оролцож явсан ахмадуудынхаа өмнөөс “Түүхэн ялалтын дурсамж”-ийг танай удирдлагуудад гардуулж өглөө. Энэ дурсамж бол 1921 оноос хойших Монголын зэвсэгт хүчний түүхэн үйл явдлыг харуулсан баримтын тодорхойлолт юм. Үүнийг дурсгаж буй учир нь залуус минь өнгөрсөн үеэ мэддэг, өнгөрсөн түүхийн үнэнийг ярих чадвартай болоосой гэсэн үүднээс юм.

-Энэ таны бичсэн дурсамж уу?
-Үгүй ээ. Дархан-Уул аймгийн ахмадын хорооны тамгатай,  даргын гарын үсэгтэй түүхэн ялалтын хүндэт дурсамж байгаа. Үүнийг та нар хараад ямар үнэ цэнэтэй эд вэ гэдгийг ойлгох байх.

Тогтоол уснаас хутгаж, шаврыг нь тунгааж уруулаа чийглэж байв

-Та хэдэн настайдаа дайнд оролцож байв. Тэр үеийг эргэн дурсвал?
-19 настай дайнд орж байсан. Тэр үед би хөдөө мал малладаг байлаа. Нэг л өдөр сайн дураараа цэрэгт явахаар болж, хөтөлгөө морьтой л очсон доо. Тэр үед  улсаас винтов буу, 200 сум, хоёр гранат өгсөн. Монгол дээлнийхээ ханцуй дээр “Морьт отрядын цэрэг” гэсэн лого хадчихаад л явдаг байлаа. Ер нь бол сайн дурын отрядад 40-өөс дээш насныхныг татдаг байсан. Тэр үед Төв, Дундговь, Дорноговь гээд бүх л аймгаас сайн дурын цэргүүдийг татсан. Тэр олон хүний цуваа гэж үзүүр нь харагдахгүй үргэлжилнэ. Би тэр цуваанд явж байхдаа нэг л удаа цувааныхаа эхлэлийг харж байлаа. Өвөрмонголын нутагт зүүн гарын сэргийлэхэд харуул хийж явахдаа улаан туг намируулсан 20 гаруй хүн цувааны эхэнд явахыг харж байсан. Түүнээс хойших нь тэнгэрт тулсан улаан тоос л байсан даа. Үе үе аадар бороо орно, айхтар хална. Ингэлээ гээд цуваа зогсохгүй.

-Халуунд цангана, хүйтэнд даарна гээд л асуудал их байжээ?
-Бид бүсэндээ паалантай аяга авч явдаг байлаа. Нэг их айхтар аадар борооны дараа тэр олон морь дээгүүр нь яваад шальчихсан уснаас аягаараа хутгаж авахад ихэнх нь шавар орж ирж байсан. Тэрнээс шүүж уугаад, уруулаа чийглээд л явна шүү дээ. Тэрнээс болоод миний гэдэс эвгүйцэж байсан удаагүй. 

-Нямтайсүрэнгийн хуягт бригадын талаар яривал?
-Бат хаалган дээр Японы анги нэгтгэлийг торгоон барьж, тэдний дунд орон ажиллаж, нэлээдгүй хохирол амсч байсан Нямтайсүрэнгийн анги гэж байлаа. Тэр ангиас гурван ч баатар төрсөн. Манай морьт хороо тэр ангийн араас явж, тэдэнтэй маш ойрхон буудаллаж байлаа. Бид хоёр ч өдөр Бат хаалган дээр байрлаж, морьдоо амраасан. Тэр үед маршал Х.Чойбалсан онгоцоор очиж, манай морьт хорооныхонд үүрэг өгсөн юм билээ.

-Ямар үүрэг?
-Маршал Х.Чойбалсан бидэнд ямар үүрэг даалгавар өгсөн гэхээр “Өвөрмонгол руу дүрвэсэн хүмүүсийг Ар Монгол руу авч ир” гэж. Тэгээд бид буцахдаа зарим айлыг нь нүүлгэж ирсэн. Тэр айлуудад тэр бүр унаа хөсөг байдаггүй. Хүнээс гуйвал өгөхгүй байх гэж бодсон чинь бүр эсрэгээрээ зүйл болсон. Өвөрмонголын захиргаанаас “Ар Монголын иргэдийг нутаг буцахад нь бүх талаар туслаарай” гэж. Тиймээс ч хүмүүс тэмээгээ харамгүй өгч байсан шүү. Тэгээд л айлуудыгаа монгол руу нүүлгэх их ажилдаа орсон доо.

Наймдугаар сарын аагим халуун байсан болохоор тэдгээрийг нүүлгэхэд их цаг хугацаа шаардсан. 8-11 дүгээр сарын хооронд зөөсөн гэхээр их хугацаа байгаа биз. Үүний хажуугаар сонин, сонин зүйл их болно. Монгол руу ирж байгаа хүмүүсээс зарим нь “Монгол явахгүй” гээд зугтана, алга болно гэх мэт. Тэрийг цэргүүд явж барьж ирнэ.

Нэг удаа би хоёр нөхрийн хамт оргосон хүн олж ирэхээр явсан юм. Нүүж ирсэн замаараа буцаад л хайж эхэлсэн дээ. Үүрийн гэгээ гарахын үед оргож яваа хүнийхээ барааг олж харсан. Тэгээд би зүүн талаар нь нөгөө нэг маань баруун талаар 200-300 метрийн зайтай дагасан. Яг миний ард бас нэг маань явсан юм. Гэтэл өнөө зугтаж явсан хүн буутай явсан юм байна. Тэгээд эргэж хараад яг над руу л буудах шиг болсон. Тэгсэн миний ар талын хүн газарт хөсөр унадаг байгаа. Тэр үед бид ч хоёр талаас нь гарч ирээд морийг нь буудаж байж барьсан шүү. Тэр хүн эсэргүүцэл үзүүлээгүй. Харин буудуулсан хүн маань газар дээрээ нас барсан. Тэгээд яах ч аргагүй болсон тул тэр хүнийхээ морин дээр оргосон хүнээ суулгаад буцсан даа. Бурхан болоочийгоо газар ухаж, хөдөөлүүлчихээд явсан.

-Тэр зугтсан хүн яасан бэ. Ямар шалтгаанаар тэгж зугтсан юм бол?
-Тэр талаар сайн мэдэхгүй. Уг нь тэр хүн лам байсан. Тэгээд нөгөө тэнэсэн сум гэгчээр буудаад л миний ард явсан хүнийг оночихсон. Тэр өнгөрсөн хүний хувьд бас л миний үеийн 18-19 настай, долоодугаар ангиа дөнгөж төгсөөд бага сургуульд багшилж байгаад цэрэгт татагдсан эр байсан. 

-Анхны тулааны талаар яриая. Дайны талбар гэдэг аймшигтай биз?
-Бага залуу байсан болоод ч тэр үү “Хаанаас сум ирээд оночих бол. Би яаж үхэх бол” гэж ер бодож байгаагүй шүү.

-Та сэлмээр тулалддаг байв уу, буугаар буудалцдаг байв уу?
-Буу. Би 120 сум, хоёр гранаттай явдаг байлаа. Тэгэхэд цахиур буугаар л буудаж байсан миний хувьд винтов буу барих чинь огт өөр мэдрэмж төрүүлж байлаа. Хоёр гранатыг нь бүсэндээ зүүчихнэ. Яаж хэрэглэдгийг нь бараг мэдэхгүй.

-Та ер нь хэчнээн дайсанг устгасан бэ?
-Би ерөөсөө дайнд орж байгаагүй. Манай хорооноос нэг ч хүн ороогүй шүү. Яахав дайнд оролцохоос гадна өөр шалтгаанаар амь үрэгдсэн хүмүүс бол байна. Тэдний олонх нь буу, гранаттайгаа буруу харьцсанаас, бялт тэсэлснээс, хортой хоол унднаас болж амь үрэгддэг байсан. Ер нь дайны үед сувдан даруулга, мөнгөн соёо, цагаан соруултай гаанс гэх мэт үнэт эдлэлийг газраас авах хэрэггүй байдаг юм. Учир нь газарт тийм хүний анхаарал татсан, үнэт эдлэл тавихаар сонирхож очоод дэлбэрэх гэх мэт аюул ихтэй. Дайны үед чинь бүх зүйлийг аюултай гэж бодох хэрэгтэй байдаг юм шүү дээ.

-Та одоо нас сүүдэр хэд хүрч байна?
-88 насыг зооглож сууна.

-Тэгвэл та бараг гурван үеийн нийгмийг туулж өнгөрөөсөн байх нь. Энэ нийгмүүдийн ялгааны талаар яриагаа үргэлжлүүлбэл....?

-Гарцаа байхгүй дамжих л ёстой нийгмүүд. Хамгийн гол нь энэ нийгэмд яаж амьдрах вэ, улс хэрхэн хөгжих вэ гэдгийг хувь хүн бүр мэдэх ёстой. Манай улсад дэлхий дахинд болоод байгаа шиг жишээлбэл, Сири, Ирак, Украйн зэрэгт болоод байгаа шиг тийм аюул болоогүй байна. Гэхдээ болохгүй гэх газаргүй. Болно гэж хэлэх арга байхгүй. Тиймээс л өнөөдөр би энэхүү хүндэт дурсамжийг залуу хойч үеийнхэндээ зориулан авчирч өглөө. Бид ийм түүхтэй, ийм чадалтай байсан юм шүү гэдгийг сануулах, мэдүүлэх, таниулах ёстой. Бид өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй тань руу их буугаар буудна гэж үг бий. Энэ бол гарцаагүй үнэн. Монгол залуус их хөгжиж байна. Гадагшаа, дотогшоо их явж байна, гаднын шинэ технологийг ч ихээр оруулж ирж байгаа. Цаашдаа энэ үйл ажиллагаа өргөжин тэлэх байх.

-Энгэртээ дүүрэн медаль гялалзуулчихжээ. Энэ дотор ардын хувьсгалын ойн медалиуд, гавшгайч тэмдэг гээд олон медаль харагдаж байх юм. Бас шинэхэн СТА гэсэн тэмдэг байна. Хэзээ СТА болов оо?
-Энэ жил СТА цол тэмдгээр энгэрээ мялаасан. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлийн гарын үсэгтэй шинэхэн тушаал надад очсон. Басхүү олон жил соёлын салбарт ажиллаж явсныг ийнхүү хүндэтгэж өгсөн байх гэж бодож байгаа шүү.

-Тэр медалийн наана ихэд нандигнасан гурван медаль байна. Нэгийг нь скочдож янзлаад зүүчихэж. Яагаад ингэж их нандигнав?
-Анх хуваарилагдсан анги маань Хэнтийд байсан танкын хороотой нэгдсэн. Тэнд очоод удаагүй байхад цэргүүд хоолондоо орчихоод гараад ирсэн чинь бүгдийг нь клубт цуглуулдаг юм байна. Тэр үед надад Жуковын нэрэмжит “Бид ялав” медалийг гардуулж байсан юм даа. Цэрэгт дөнгөж очсоны дараа авсан энэ медаль надтай бараг 68 жил хамт байна. Цэргийн гурван жилд яаж шуухан нэг юм хадгалагдаж үлдсэн юм. Цэрэгт ер нь хэцүү шүү дээ. Энэ медаль тийм үеэс тэсч тэвчиж гарсан ч одоо ийнхүү нар салхинд элэгдэж гандаад, тууз нь сэмрэх гээд байхаар нь скочидчихсон юм. Тэрний дараах энэ медаль нь Жуковын 100 жилийн ойн медаль, нөгөөх нь дэлхийн хоёрдугаар дайн, агуа их ялалтын 60 жилийн ойн медалиуд байна. Энгэрийн минь нөгөө талд дээхнэ үед Цусан гавьяаны улаан тугийн одон гэж ярьдаг байсан, одоо Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн гэж нэрлэдэг одон байна. Дээр нь өсч төрөөгүй ч өвгөн болтлоо хөдөлмөрлөж, ажиллаж амьдарсан Дархан хотын минь хүндэт тэмдэг байна. Би энэ газрын бараг л ууган иргэн нь шүү дээ.

-Та түрүүн Өвөрмонголоос айл оруулж ирдэг байсан гэж ярьсан. Хэчнээн айл оруулж ирсэн бэ?
-200-аад айлыг Монголд авчирсан. Энэ хүмүүс зөвхөн ганц биеэрээ бус амьдралаа залгуулдаг таван хошуу малтайгаа ирсэн. Хүн тээвэрлэхээс гадна мал тууна гэдэг маш их хугацаа ордог. Хэсэг яваад л амарна. Авч яваа цэргүүд нь ээлж ээлжээр манаанд гарч хүн, малаа манана. Хүн зугатвал араас нь яаралтай явуулж олуулна гээд л дайны асуудал мундахгүй ээ. Хүн хайхаар явсан хүмүүс түүнийг алж болохгүй, заавал амьд авчирах учиртай гэж тушаана.

Олон цэргийн цуваанд цэргүүдийн нүд, шүд л гялалзаж харагддаг юм

-Тэр үед хамт үүрэг гүйцэтгэж байсан хүмүүстэйгээ уулздаг уу. Мэнд яваа нь хэд байна?
-Тэр үед явсан хүмүүстэйгээ ёстой уулзаагүй. Гэхдээ тэр хүмүүс одоо бараг л байхгүй болсон байлгүй дээ. Би яахав тэр үед 18 настай явсан. Энэ чинь хамгийн залуу нь гэж байгаа юм. Тэгэхээр надаас ахмад байсан хүмүүс хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байх. Тэр үед манай хонхроос цэрэгт мордсон, 18 настай байхдаа цэрэгт татагдсан найз минь нэлээд олон жилийн өмнө өвчнөөр хорвоог орхисон. Бусад хүмүүсийг хамт жагсаалд явж байхдаа ч танилцаагүй болохоор мэдэхгүй л дээ.

Дайны үед чинь жагсаал дунд ярихгүй, шөнө гэрэл гаргахгүй гэх мэт хатуу дэг журамтай байлаа. Өдөр нь улаан шороо бужигначихаар хэнтэй ч ярих гэж ангалзаж явах билээ. Зүгээр нүд, шүд хоёр гялалзана гэгч нь болж байгаа юм.

-Олон цэргийн хоол ундыг хэрхэн зохицуулдаг байсан бол?
-Цэргүүдэд үдлэг гэж байдаг байлаа. Өдрийн, оройны хоол гэж байна. Бид нэгдсэн журмаар хоолоо хийж иднэ. Зардлыг улсаас даадаг байсан. Тэр үед биднийг хурандаа н.Даржаа гэдэг хүн ахлаж явсан. Тэр хүн хар М машинтай. Цувааны дандаа эхэнд явна.

-Яаж унтаж амрах уу?
-Эмээлийнхээ хоёр бүүргийг дугуйруулж байгаад винтовоо бариад голд нь босоогоороо унтана. Тэгээд бүрээ дуугарвал шууд босох ёстой. Морьдыг бол чөдөрлөөд цэргүүд бас манана. Үүнийг нь агтны манаа гэж нэрлэнэ. Хүмүүсийг манадаг харуул гэж бас байна. Ганц хоёрхон удаа иймэрхүү маягаас түргэн авч байсан удаатай. 

-Түргэн авахаар өөр өөрсдийнхөө морь, буу зэвсгийг олж барина гэдэг бас хэцүү юу. Тэр олон цэргүүдийн дунд...?
-Өөрийн морьтой, эмээл хазаар, чөдөр гээд бүх зүйлийг өөрийн болгож хувьчлах ёстой. Түргэн авсан тохиолдолд ч шууд л өөрийн эдлэж хэрэглэдэг морь, зэвсгээ авах учиртай. Миний морь, буу зэвсгийг хэн ч авахгүй.

-Та хэдэн онд цэргээс халагдав?
-1951 онд халагдсан. 1945 оны чөлөөлөх дайн гэдэг чинь 1945 оны тавдугаар сард баруун Европт Гетлирийн фашизмыг устгаад, наймдугаар сард нь Японд дайн зарлаад дэлхийн II дайн Европт ч Азид ч дуусч байсан үе. Ийнхүү энх тайван цаг ирж, цэргийн ангиудыг татан буулгаж, барилга төмөр зам гээд олон салбар руу шилжүүлж байлаа. Миний хувьд Тамсагийн 14 дүгээр морьт хорооны сургуулийн суманд Пулёмат салааны даргаар очиж байлаа. Тэгээд 1951 оны жанжны шалгалтаар манай салаа онц гарч, Ардын хувьсгалын 30 жилийн ойг үзэх эрхээр шагнагдсан юм. Би ойгоо нутагтаа очиж үзчихээд иртэл манай хороог татан буулгачихсан байсан. Зарим цэргүүд маань явчихсан. Зарим нь гэрийн сүүдэрт даалуу тоглоод л сууж байгаа юм. Харин нэг хэсгийг нь Баянтүмэнд байсан 26 дугаар хороонд шилжүүлсэн байдаг. Тэгээд би халагдаад Дорноговь аймагтаа шууд очсон доо.

-Тухайн үед хэрэглэж байсан зэвсэг, хэрэгслээс тань одоо танд байдаг уу?
-Байхгүй ээ.

“Нас өндөр болсон” гэж зүгээр суулгүй морин хуур урлаж, ном бичиж байна

-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Долоон хүүхэдтэй. Нэг хүү, зургаан охинтой. Манай гэр бүлийн хүн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Шаравын Бумж гэж бий. Би энэ хүнтэй ханилаад Замын-Үүд рүү клубын даргаар очсон. Манай хүүхдүүдээс хамгийн том охин маань гэр бүлийн хамт Америкт амьдарч байна. Хүү маань саяхан өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Үр хүүхэд, гэр бүлийнхэн нь Улаанбаатар хотод амьдарч байна. Бусад охидууд маань өөрсдийн сонгосон мэргэжлийн дагуу салбарынхаа тэргүүний ажилтан болж, аз жаргалтай сайхан амьдарцгааж байна аа.

-Таны мэргэжлийг өвлөсөн хүүхэд байна уу?
-Би чинь дуулж, жүжиглэхээс гадна зурах сонирхолтой байсан. Тэр  сонирхлыг минь Ц.Наранчимэг охин маань мэргэжил болгосон гэж бодож явдаг шүү. Үргэлжлээд мэргэжлийг минь өвлөсөн үр, ач нар гарах байх аа.

-Ном бичдэг гэж байсан. Тэр талаараа яриач. Ямар,  ямар ном гаргав?
-Өнгөрсөн жил Хамрын хийдэд очоод “Бид нэг удмынхан” гэдэг номыг ах дүү, хамаатан садандаа зориулан гаргасан. Үүнийгээ үргэлжлүүлэн ном хийх санаатай байгаа. Үүнээс өмнө Монгол ардын 500 дуутай, 300 дуутай хоёр ном эмхэтгэсэн. Орчин үеийн шилдэг 100 дуу гэж нэг ном эмхэтгэсэн. “Мянган ээжид зориулав” гээд эх, үрсийн дуутай ном гаргасан. Дараагаар нь “Дархан хотын ахмадын хорооны түүхэн дурсамж” гэж ном хийсэн. Бас “Цэрэг хэвээрээ” гээд ахмад дайчдын тухай ном байна.

-Ном бичихээс гадна таныг гарын уртай гэж сонссон?
-Хэд хэдэн морин хуур урласан. Өнгөрсөн жил Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 80 жилийн ойгоор 100 морин хуур бэлэглэж, “Үлэмжийн чанар 1” гэдэг морин хуурын чуулга байгуулсан. Халхын голын 70 жилийн ойгоор Дархан хотын “Жигүүр” цогцолбор сургуульд ахмад дайчдын хандиваар 10 мянган морин хуур авч өгч “Үлэмжийн чанар 2” театр байгуулсан. Тэтгэвэрт зүгээр сууж чадахгүй, энэ мэтийн зүйлийг хийгээд л явж байна даа.

-Ахмад дайчдад үзүүлэх төр засгийн тусламж, хангамж хэр байдаг юм бол?
-Төр засаг бидний амьдрал ахуйд их туслалцаа үзүүлдэг. Ахмад дайчдад 35 сая төгрөгийн байр өгсөн. Түүнийг нь би авсан. Сар бүр тэтгэврээс гадна 200 мянган төгрөг өгдөг. Энэ мөнгө бидний амьдралд асар их дэмжлэг болж байна. Орос, Хятад гэх мэт томоохон улсуудыг бодвол манай эдийн засаг чадал багатай. Гэхдээ өөрийнхөө хэмжээнд чамлахааргүй гэж би боддог. Бид маш их баярлаж явах хэрэгтэй.

-Та ан хийдэг үү?
-Үгүй. Сургуулилт маягаар буудаж байсан ч амьтны амь таслаж байгаагүй.

Дайн дахиж битгий гараасай

-Дайнд оролцож байсан хүмүүст дайны талаарх хар бараан дурсамж их байдаг болов уу гэж бодогддог. Таны хувьд тийм зүйл байна уу?
-Өөрийн хувьд тийм зүйл байхгүй ээ. Гэхдээ ер нь бол бусад хүмүүсийг жишиж харахад олон зүйл ажиглагдаж л байдаг. Дайны хар сүүдэр гэдэг бол хүнд сайн сайхан зүйлийг хэзээ ч авчирдаггүй. Хагацал зовлон, гай гамшиг гээд л... Үүний гайгаар эд агуурс, эх орны газар шороо хүртэл сүйдэж байна. Дайн гэгч дахиж битгий гараасай гэх бодол хүн бүрийн оюун ухаанд байх ёстой, суух ёстой зүйл юм шүү дээ. Дэлхий нийтэд дайны аюултай байгаа орнуудыг хараад байхад байнгын айдастай, өнөөдөр ингэж унтаад маргааш сэрэхгүй байх вий гэх бодолтой өдөр, шөнийг өнгөрөөж байна. Гэтэл манайхны хувьд амгалан тайван байна. Энэ л аз жаргал юм шүү. 

Манай улсад дайнаас гадна архи, тамхины аюул, эх оронтойгоо буруу харьцсан гэх мэт олон “чимээгүй дайн” өрнөж байна. Энэ бол хүмүүсийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Хүн бол бурхан бас чөтгөр. Тэгэхээр бурхан байх уу, чөтгөр байх уу гэдгийг хувь хүн өөрөө шийдэх учиртай. Бурхан, чөтгөрийг хаанаас ч олохгүй. Тэр хувь хүмүүсийн дотроос ургадаг юм.

-Энэ яриа чинь шашин талын үзэл бодолтой нэлээд холбогдоод явчихлаа. Сүүлийн үед янз бүрийн шашин дэлгэрэх болсон. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Шашин шүтэх нь хүнд зайлшгүй хэрэгтэй. Ямар нэгэн шашнууд хэрэггүй зүйл биш. Хүмүүсийн сэтгэл санааг нэг зүйлд төвлөрүүлж, оюун санаагаар нь өөрийг нь удирдуулах гэсэн арга ухаан юм, шашин гэдэг бол. Энэ том, гүнзгий ухаан. Тэгэхээр ямар ч шашин бай түүнийг шүтэж, мөргөж байх хэрэгтэй. Энэ хүн бүрт хэрэгтэй. Шашин шүтлээ гээд гарз, дарамт байхгүй шүү дээ. Энд тэндээс гэнэт нэг юм гарч ирээд эзэмдээд, тушаагаад байхгүй. Гагцхүү оюун санааг чинь нэг зүйлд чиглүүлэн, удирдан залах л зүйл. Миний хувьд шарын шашин шүтдэг. Би бага байхдаа орхимж нөмрөөд хурал дээр сууж байсан. 21 хүүхдийн цам дэглэлтийг хийж л явлаа.

-Их хэлмэгдүүлэлтийн үеийг хэр санадаг вэ?
-Миний төрлийн нэг ах хэлмэгдүүлэлтэд өртсөн. Хэлмэгдүүлэлт байсан уу гэвэл байсан. Харин гарахгүй байх нөхцөл байсан уу гэвэл байгаагүй. Учир нь зүүн хойд Хятадыг Япон эзлээд авчихсан. Хятадын гол цөм рүү 200 гаруй км ойртчихсон үе шүү дээ. Тэр үед буюу 1939 онд Халхын голын дайнд Өвөрмонголын хүмүүс чинь бидний дайсан болж орж ирж байсан. Тэр үед хятадууд тэдэнд тагнуул хийх тушаал өгөөд манай руу явуулдаг байсан байгаа юм. Хэлмэгдүүлэлт гэдэг чинь түүнээс л эхлэлтэй. Харин  түүнтэй тэмцэх ажлаа л буруу хийсэн байх магадлалтай. Жишээ нь, гэхэд л хийдээс 10 лам барьж яваад замдаа нэг нь алга болчихвол зүгээр малаа хариулаад явж байсан нэг хүнийг нөхөж бариад л явчихдаг байсан байгаа юм. Ийм л буруугүй хүмүүсийг хэлмэгдүүлсэн алдаа байгаа. Энэ нь аливаа зүйл хоёр талтай гэдгийг илэрхийлж байгаа хэрэг л дээ.

-Залуу нас тань морин дэл дээр л өнгөрсөн байх. Сонирхоод асуувал хамгийн сүүлд хэзээ морь унав аа?
-Амарч зугаалж явахдаа морь унана аа. Хамгийн  сүүлд бараг 1970 оноос хойш морь унаагүй байх. Нас яваад хөл муудсан болохоор тэр бүр морь унахаа больжээ. Багаасаа эмнэг адуунд сайн байсан болохоор аливаа уралдаан тэмцээнд бол өөрийгөө аваад л гардаг байлаа шүү дээ. Одоо хаяадаа морь унамаар санагдана. Морь унаад хөдөө хээр сайхан дуулаад давхих юмсан гэж хүсдэг. Унаад давхиж чадахгүй юм аа гэхэд ядахдаа л зургаа даруулчих сан гэж боддог шүү.

-Ахмадууд одоо үеийн залууст их шүүмжлэлтэй ханддаг. Үүнд таны бодол?
-Манай монголчуудад залхуу чанар бий. Энэ нь манай уламжлалт мал аж ахуйтай холбоотой. Бусад орны хувьд газар ухаж, газар тариалан эрхэлж амьдрал ахуйгаа залгуулдаг бол манай улсын хувьд мөнгө хэрэг болсон ч, өлсөж цангасан ч малаараа аргалаад байдаг. Уумаар байвал тараг, айраг, шимийн идээгээ уугаад л өлсвөл малаа муулж идээд л...

Хоёрдугаарт нүүдлийн байсан хүмүүс суурин иргэншилд шилжчихээр тэрэндээ дасахгүй байгаа юм шиг санагддаг.
Заримдаа би ингэж ажигладаг. Сүүлийн үед цэргийн албанд тэнцэж байгаа хүүхдүүдийг харахад дандаа хөдөөний хүүхдүүд байгаа юм. Энэ бас нэг зүйлийг хэлээд байна аа даа.

-Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Та сайхан баярлаарай... 
-Гэр бүл үр хүүхэд, Дархан хотын нийт ахмадууд, Дарханчууд, дайнд оролцсон ахмад дайчид болон танай хамт олонд Халх голын дайны 75 жилийн ойн мэнд хүргэе. Та бүгдэд аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Д.Цэрэндаш: Өвөрмонгол руу дүрвэсэн зарим монголчууд нутаг буцахгүй гэж зугтдаг байлаа  
Үзсэн: 9113 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
etoo [202.179.23.xxx] 2016-09-05 23:28
Hoorhii zaluus dain uzeegui shono okob uhuulaad l shalgahaar ochihod tsaana ni daisan biig sanahgui darga irjeene uu gej butsaj harsan hebeeree untchihsan baidag baisan gej tend ajillaj baisan hun yarij baisan
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2015-09-06 08:41
Хэхэ, үнэнийг ч харин нэг сайхан дэлгэжээ. Манайхан болохоор Япончуудтай алалцаад, цусаа урсгаад л , сүйд хийсэн юм шиг бичээд байдаг, яг үнэн дээ ийм л юм болсон бий вий.
76.16.174.xxx [76.16.174.xxx] 2014-10-25 00:48
Saihan buurain yrisaniig unshih goy blaa.Eruul enh urt udaan naslahiig huseye.Ta bidnii baharhal .
103.10.22.xxx [103.10.22.xxx] 2014-10-19 17:30
маш сайхан ярилцлага байна. Их хил эх орноо хамгийн сүүлд хамгаалсан эх оронч хөгшиндөө урт насалж удаан жаргаж, дайны дурсамжаасаа сэтгэл харамгүй хойч үедээ үлдээхийг хүсье. эндээс эх орончийн дүр харагдаж байна.
202.180.220.xxx [202.180.220.xxx] 2014-10-14 19:23
Mun ch anuuhan saikhan buural um.Urt naslaj udaan jargaarai
103.10.21.xxx [103.10.21.xxx] 2014-10-10 13:10
bayarallaa.Ur naslaj udaan jargaarai
202.131.225.xxx [202.131.225.xxx] 2014-10-10 11:26
Маш сайхан ярьцлага байна.Их ухаантай, ховордсон, үнэн үгтэй сайхан буурал байна. Урт наслаарай.
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2014-10-08 08:34
Tand eruul enhiig husen urt nasalj udaan jargahiig husen eruue...

Бидэнтэй нэгдээрэй