Шууд Chart

Ж.Эрдэнэцогт: Үзэгчид хамгийн сайн редактор байдаг

2014-10-29 14:27:47

Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн хоёрдугаар суваг үүсэн байгуулагдсаны гурван жилийн ойн баярыг тохиолдуулан тус телевизийн ерөнхий редактор Ж.Эрдэнэцогтыг “Редакцийн зочин”-оор урьж ярилцлаа.

-Юуны түрүүнд манай уншигчдад өөрийн ажил, мэргэжлээ танилцуулна уу?

-Би Монголын Үндэсний Олон нийтийн телевизэд 20 гаруй жил ажиллаж байна. Хуучин “Монголын мэдээ” агентлагийг анх байгуулагдахад Дорнод аймгаас ирээд л ажиллаж байлаа. Залуухан ч байж дээ. Мөн сүүлдээ нийгэм, эдийн засгийн редакцид ажилласан. “ММ” агентлагийн захирлаар дөрвөн сар ажиллаад МН2 телевизэд ерөнхий редактороор ажиллаж эхэлсэн дээ. Одоо манай хамт олны 80 гаруй хувь нь залуучууд байна. Бид шинэ залуу уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд туслах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Өмнө нь би МУИС-ийн сэтгүүлзүйн ангийг төгсөөд Дорнод аймгийн “Дөл” сонинд тасралтгүй арав гаруй жил ажилласан. Манай МН2 суваг үндсэн 24, гэрээт 12 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

-Анхны эфирээ хэзээ цацаж байв?

-Бид анхны туршилтын эфирийг Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол Улс байгуулагдсаны 805, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жил, Ардын хувьсгалын 90 жил зэрэг түүхэн тэгш ой давхацсан 2011 оны долоодугаар сарын 11-нд буюу Улсын их баяр наадмаар үзэгчдэдээ хүргэсэн түүхтэй.

Одоо бид үндэснийхээ олон угсаатан, ястнуудын соёл урлаг, ахуй амьдралын хэв, зан заншил зангидаж ихэнх нэвтрүүлгээ хийж байна. Энэ үндэстнүүдийн  соёл уламжлалыг хэрхэн авч үлдэх вэ, хадгалж хамгаалах вэ гэдгээс гадна соёлынх нь биет ба биет бус өвийг нэг олигтой бичлэг, сурвалжлагад буулгаж үлдье гэж зорилго тээж явна. Гол нь “Алтан сан хөмрөг”-т хадгалж архивжуулах талаар их бодож ажилладаг. Одоо ийм зүйл 70, 80-аад оны үед хийж байснаас өөр алга. Өнөө цаг үед амьдарч байгаа тэр л соёлын өв тээгчид, өв соёлын элементүүдийг хамгаалж, авч үлдэх тухайд бидний зүгээс хэр чадлаараа хадгалж авч үлдэх тал дээр ажиллаж байна. Энэ радио теллевизийнхээ "Алтан сан хөмрөг"-ийг үндэсний болоод хэлний цөөнх гэдэг сэдвийн хүрээнд сэлбэх, нэмэх хэрэгтэй байгаа юм.
Өнгөрсөн жил бид томилгоогоор дөрвөн аймгаар явахаар батлаж хүргүүлээд хоёртой салсан. Гэхдээ энэ чамлах зүйл биш. Харин энэ жил ирэх оныхоо төлөвлөгөөг баталлаа. Эхний ээлжинд найман аймагт ажиллахаар үндэслэл боловсруулж, төлөвлөгөөнд зоочихоод байгаа. Тэгээд энэ ажил маань бас хэрэгжих байх. Манай Үндэсний зөвлөл үүнийг шийдэж өгөх байхаа гэж найдаж байна.
 
 

-MN2 телевиз хэдэн хэл дээр нэвтрүүлэг бэлтгэж байна?
 
- Казак, Тува, Монгол хэлээр буриад аялгаар гээд гурван хэл, нэг аялгаар хүргэж байна. Буриад хэлийг эрдэмтэд аялга гэж үзээд байгаа юм. Тийм учраас л би ингэж хэлж байна.
Манай телевизээр цөөнхөд зориулсан гурван теле сэтгүүл явж байгаа. Казах хэл дээр ТВ толхын буюу “Тв долгион”, Буриад дээр Тоонто нютаг буюу “Тоонот нутаг”, Тува хэл дээр Алдай хонаш буюу “Алтайн буурь” гэх нэвтрүүлгүүдийг бид бэлтгэн хүргэж байна. Эдгээр нэвтрүүлэг түүх уламжлал, ёс заншлыг хадгалах, хамгаалах зорилготой бүтээгддэг. Үндэсний цөөнх рүү чиглэсэн бодлого, мэдээллийг дотроо агуулдаг.
“Тв толхын” сэтгүүлээр дамжуулан Казах түмний уламжлал, ёс заншил, зан үйл, ахуй амьдрал соёлыг нь дэлгэн харуулахын зэрэгцээ Бүгд Найрамдах Казахстан улсын телевизтэй хамтран ажиллаж, Наурыз буюу Нарны баярыг нэгэн зэрэг хоёр улсад дамжууллаа. “Ата Таным”, “Бүргэдийн баяр”, “Казах түмэндээ өргөх дуун цацал” нэвтрүүлгүүд, “Тоонто нютаг” теле сэтгүүлээр Буриад зонын 20 жилийн түүхтэй “Алтаргана” наадмын сурвалжлага, “Амар мэндийн аялгуу”, “Мэнд Амор”, “Буриад аялгамни” нэвтрүүлэг, “Алтайн буурь” сэтгүүлээр гурван жилийн хугацаанд 50 гаруй дугаар бэлтгэж, “Хэй Аът” буюу “Хийморь” наадмыг гурвантаа дамжуулжээ.
 
Мөн бид Казахстан, Тува, Буриад улсын телевизүүдтэй хамтарч, газар дээрээс нь мэдээлэл авч солилцож, одоо бүрэн дадлагажлаа. Ноднин буриадын хэл соёлын академитай хамтран нэг бүтэн өдрийн сургалт явуулаад байж байхад Буриадын овог голлох найман аймгаас 8000 гаруй төлөөлөгч ирсэн гэх тоо гарч байгаа.
 
Хүмүүс манайх руу утасдаад “Та нар буриадын “Алтаргана” наадмыг яагаад шууд гаргадаггүй юм бэ” гэдэг. Тэгэхээр нь “Тэр уул хадтай, амар биш газар руу шууд дамжуулах техник хэрэгсэл илгээх боломжгүй. Гэхдээ бид 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй сурвалжлах баг илгээсэн. Тэд маань 50 минутаар гурван цуврал нэвтрүүлэг бэлтгэж ирж олон түмэнд үзүүлсэн дээ. Манай үзэгчид онцгойлон талархал илэрхийлсэн юм шүү.
Уг нь бол энэ наадам их гоё болдог юм билээ. Хүмүүс нь үзэх юм сан гэж их хүлээдэг. Гэтэл энэ наадмыг  зарим телевиз сурвалжлахыг хүсэхгүй байх шиг. Харин энд тэндхийн алдарт уяачийн цайллага, сумын ой гэх зэргийг бараг бүх телевиз очиж, сурвалжилж байдаг...
 
-Олон ястны онцлогийг харуулдаг телевизэд редактор хийнэ гэдэг амаргүй биз?
 
-Нэг талаараа хүндрэлтэй юм байхгүй ч юм шиг. Гэхдээ зарим зүйл дээр хөтлөгчдөө итгэхээс өөр аргагүй болдог. Ер нь тэгээд үзэгчид хамгийн сайн редакторууд байдаг юм даа. Буруу үг аялга явсан тохиолдолд эргэж залгана, анхааруулна, шүүмжилнэ. Бас нэг бэрхшээл тохиолддог нь хөтлөгчдийн асуудал байдаг. Манай хөтлөгчдийн зарим нь монгол хэлээ сайн мэддэг хэрнээ Казах хэлэндээ тааруухан байх тохиолдол байна. Энэ нь өссөн орчин, нөхцөлтэй холбоотой л доо. Зөвхөн томчууд гэлтгүй хүүхдүүд ч эх хэл дээрээ нэвтрүүлэг үзэхийг хүлээж байгаа болохоор “Соно” студийн хийсэн хүүхэлдэйн киног казах хэл дээр орчуулж хүргэж байна.
 
-Цаашид хэлээ нэмэх бодол бий юу?
 
-Манай МҮОНРТ-ийн эрхэм зорилго дээр ч заасан байдаг. Ард түмнийхээ түүх, урлаг, соёл зан заншлыг хадгалж, үндэсний эв нэгдлийг дээдлэн ажиллана гэж. Мөн залуу үедээ соёл зан заншлаа хадгалуулахын тулд ажиллана. Нэвтрүүлгүүд маань МҮОНР-оор бас явдаг. Бие даасан энэ телевизийг анх НҮБ-ын ЮНЕСКО–той хамтарсан гэрээний дагуу байгуулсан юм. Түүнд “Монгол Улсын дотор үндэсний болон хэлний цөөнхөд зориулсан олон нийтийн радио,  телевизийн хоёрдугаар суваг байгуулах” гэсэн ийм төсөл явсан юм. Өнөөдөр гурав дахь жилтэйгээ золголоо. Бүх цагийг нь тооцоод үзэхээр 20 шахуу мянган цагийн нэвтрүүлэг үзэгчдэд хүргэжээ. Нэг зүйлийг давтаж хэлэхэд,  Үндэсний цөөнхөд зориулсан цорын ганц телевиз юм. Бид цаашид ажлаа өргөтгөж, улам бэхжүүлэх хэрэгтэй байна. Бид өөрсдөө мэдээгээ бэлтгэнэ. Мөн “Цагийн хүрд”-ийн мэдээг авч боловсруулаад алс хол хязгаарт байгаа бүх үндэстэн ястнуудад төрөлх хэл дээр нь мэдээ мэдээллийг хүргэж ажиллах мөрөөдөл бий.
 
 

                        Хөтлөгч сонгох гэж шүдийг нь тоолохоос наагуур л юм болно доо

 -Казак, Тува хэлтэй хөтлөгчдийг яаж шалгаруулж авдаг вэ?

-Яг тохирсон хөтлөгчдийг олоход хэцүү. Ядаж л тэд чинь өөр мэргэжлээр төгссөн байдаг. Мөн эфирийн нүүр царай, дуу хоолойны өнгө гээд л бараг шүдийг нь тоолох шахуу л юм болно доо. Шалгаруулах мэргэжлийн комисс ажиллана. Тува хэлэндээ сайн байлаа гэхэд монгол хэлэндээ муу байх жишээний хүндрэл байна. Анх залуучууд маань зүгшрээгүй байлаа. Одоо бол дажгүй шүү. Анх хэл ам тасардаггүй байсан.

-Гол гол нэвтрүүлгээсээ нэрлэвэл?
 
-Телевизийн нэвтрүүлгийн 30 хувь нь үндэсний цөөнхөд зориулсан танин мэдэхүй, мэдээллийн нэвтрүүлэг байдаг. Бусад нь өөрийн сүлжээний шууд болон нийгэм, зан заншлын чиглэлийн нэвтрүүлгүүд 40 хувь, үлдсэн 30-аад хувь нь “Алтан сан” хөмрөгөөс кино явна. Мөн Дархад, Баяд, Хотон гэсэн ястнуудад зориулсан нэвтрүүлгүүдийг Увс аймгийн телевизтэй хамтарч хийж байгаа. Тэгэхгүй бол тэр алс баруун хязгаарт ажиллах боломж тэр бүр тохиогоод байдаггүй. Бас “Наараан суутн” гээд нэвтрүүлэг хийж байгаа энэ нь “Наашаа суу” гэсэн утгатай үг л дээ.
 
-Казахстан, Тува улсын телевизүүдтэй хамтарч нэвтрүүлэг хийдэг гэлээ. Тэгэхээр тэдгээр улсын телевизийн давуу болоод сул талыг ажигласан л байж таараа. Манай телевизүүд тэдгээрээс хэр ялгаатай байна вэ?
 
-ОХУ-д байгаа Буриад, Тувачуудын хувьд геополитик талаасаа хүнд шүү дээ. Буриадын БРТК телевиз байлаа гэхэд төв телевизийнхээ оройн эфирийн 19-20 цагийн хооронд ганц цаг ороод гардаг юм билээ. Манайх бол ардчилсан орон гэдэг утгаараа тэднээс хамаагүй чөлөөтэй сэтгэж, нийтлэл нэвтрүүлгээ хийх боломжтой санагдсан. Тува, Буриад хүмүүсийн хувьд удам нэгтэй гэгддэг монголчууд хэрхэн яаж амьдарч байна вэ гэдгийг үзэх, асар их сонирхолтой нь ажиглагдсан.
Энэ удаагийн “Алтаргана” наадмыг н.Энхзул, н.Ариунзул гээд манай хоёр хөтлөгч бүсгүй хөтлөж явуулсан. Наадам дээр очиход манай хоёроор хөтлөлт хийлгэж үзээд л шууд сонгож авсан. Манайхан ёс жаяг, хэл ярианы хувьд хамаагүй илүү байсан болохоор тэр л дээ.
Казахстан руу их нүүдлээр гараад явчихсан хүмүүс биднийг очихоор бүр зорьж ирж уулздаг. Ирээд уйлна, дуулна, жаргал зовлонгоо ярина. Гэхдээ бид тэр бүгдийг дэлгэцээр гаргах боломж байхгүй.
Тус улсын хувьд улс гүрний дэг журам, бүтээн байгуулалтын хувьд сонин санагдсан шүү. Тэрнийг нь дэлгэцэнд буулгаад энд үзүүлэхэд бас их сонин. Казахстанд Төрийн ордноос нь хэдэн метрийн ойр зайд тамхи татаж болдоггүй гэдэг хууль байдаг юм байна. Үүнийг иргэд нь яс мөрддөг. Гэтэл манайд ямар байдаг билээ. Гишүүд нь өрөөндөө тамхи татаад сууж байх жишээтэй.
Тувад бол амьдрал хэцүү л дээ. Ажигласан зүйлээ л дэлгэцэнд буулгахгүй бол бас болохгүй. Жинхэнэ бодит амьдралыг дүрслэлгүй Тувагийн төрийн тэргүүнээс яриа авахад тэр хүн ямар зүйлийн тухай ярих уу гэдэг нь тодорхой. Тиймээс тэр хүмүүсийн ярьдгаас эсрэг, одоог хүртэл оршин тогтнож байгаа тэр амьдралын хэмнэлийг хальснаа буулгахыг хичээдэг дээ.
Ер нь аль ч улсын телевиз байсан үйл ажиллагааг нь бид ажиглаад л явдаг. Бидний хувьд техник технологийн хувьд тэднээс хамаагүй өөр. Нэг шатны дээр байгаа гэж хэлж болохоор. Гэхдээ монгол тулгатан гэж хамт яваа өнөө үед бие биенийгээ шүүмжлэхээс илүү тэнд болж байгаа амьд процессийг олонд хүргэх учиртай.
 
 
-Нэвтрүүлэг бэлтгэж явахад чинь ямар нэгэн аргаар цензурдэх, хянах тохиолдол гарах уу?
-Тува улс ОХУ-ын автономит улс болчихсон болохоор бидэнд жаахан хүндрэл учирч л байсан. Гэхдээ “Монголд буй ах дүү нар минь яаж амьдарч байна вэ” гэдгийг тэр хүмүүс үнэнхүү харах дуртай байгаа болохоор үзүүлж л таарсан даа.
 
-Дээрх хүмүүсээс гадна Төвдийн Монгол, Хөх нуур, Европын монголчууд гэж бий. Энэ хүмүүсийн талаарх судалгаа, шинжилгээний зүйл их байдаг байх. Ялангуяа угсаатны зүйн чиглэлээр...?
-Бид одоогоор эхлэлийг нь л тавьж байна. Сэтгүүлчид эхлээд газар дээр нь очиж, орчин нөхцөлтэй нь танилцаж байна. Бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэгчид өөрсдийнхөөрөө хүлээн авч, өөрсдийнхөөрөө үнэлэлт дүгнэлт өгч байгаасай л гэж хүсдэг дээ. Яахав тэр улсад хэдэн тооны монгол угсаатан байдаг вэ гэдгийг би ойролцоогоор хэлчихэж чадна.
Өөрийнхөө хувийн бодлыг хэлье л дээ. Монгол Улс бол дэлхийгээр тархсан олон монголчуудын хүсэн мөрөөдөж санаж сарвайж явдаг төв буюу өлгий нутаг нь юм. Энд тэнд байгаа монголчууд хэл соёлынхоо хувьд устаж байна. Шахагдаж, устгагдаж байгаа юм шиг санагддаг. Тэднийг магадгүй бодлогоор дардаг байж болох. Ер нь тархан суурьшсан монголчуудыг соёлоор нь ялгаж байна даа.
Бидний ойрын зургаан жилийн зорилго бол манай ястан үндэстнүүд харийн оронд яаж амьдарч байна гэдгийг хачиргүй үнэнээр илэрхийлэх хэрэг болоод байна даа.
 
 

                                 Нутгийн аялгыг дууриаж жүжиглэнэ гэдэг хошигнох зүйл биш
 
-Заримдаа соёл нь соёлоо үгүйсгээд байх шиг санагддаг. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
 
-Энэ бол маш их анхаарах асуудал. Увсад 10 жил төгсчихөөд эсвэл Баян-Өлгийгөөс Улаанбаатарт оюутан болж ирж буй хүмүүс бол хэлний хувьд асуудалтай байдаг. Тэгээд тэрнээсээ ичдэг юм байна. Тэгээд хүмүүсийн аялга мартагдаад эхэлдэг, уусдаг юм шиг... Ер нь аль нэг ястан үндэстний хэл аялгыг элэглэдэг хошин шогчдыг нэг найз маань: Тэд бол биенийхээ өө сэвээр хоолоо олж иддэг хүмүүс гэж тодорхойлсон юм. Бодмоор үг шүү. Өчнөөн жил л ингэж явлаа шүү дээ... Биенийхээ өө сэвэн дээр аль нэг нутгийн хэл аялгыг оруулаад хүн инээлгэх гэж байж болох уу даа. Түүнийг нь манайхан үзэж инээлдэж, алга таших нь их зохимжгүй санагддаг. Тэгээд хошин шог яг нэг голдиролд орчихсон гэх үү дээ. Бүх хошин шог адилхан. Учиргүй нэг инээдтэй зүйлийн талаар ярьж эхэлснээ дундаасаа хойш болохоор ээжийгээ, аавыгаа, эрчүүдээ, хүүхнүүдээ хайрлаад л, уйлуулаад л. Ерөөсөө л хоёр хэсэгтэй. Яаж өрнөх нь эхлэхдээ л мэдэгддэг.
 
-Танай телевиз үндэсний цөөнхийг дэмжих үзэл баримтлалтай. Цаашид энэ бодлогоо яаж өргөжүүлэх вэ?

-Манай телевизийнхэн жилдээ 1-3 удаа аймгууд руу явж, үзэгч сонсогч олонтойгоо уулздаг. Үзэгчдийнхээ санал бодлыг хуваалцаж, тэдэнд мэдээлэл хийдэг. Хөдөө орон нутгаар явж байхад үзэгчид их олон санал хэлнэ л дээ. Тухайлбал, Дархад  хүн байлаа гэхэд “Би Дархад хүн, дархад аялга, хэл дээр нэвтрүүлэг хийж өгөөч ээ” гэнэ. Зарим нь “Би Захчин хүн, Захчин аялгаар мэдээ сонсож болох уу. Яагаад зөвхөн Буриад, Казах хүмүүст зориулж нэвтрүүлэг хийгээд байгаа юм бэ. Бид ч бас цөөнх” гэж гомдоллодог. Ер нь бол дээрх гурван улсыг голлоод байгаа юм биш. Ингэж үзэх нь ч зохимжгүй. Хүн амын тоогоороо ч байна уу, зонхилж байгаа тэдгээр хэлний цөөнхүүдэд эхлээд зориулсан өргөн нэвтрүүлэг байхаас өөр аргагүй. Дунджаар 20 мянга гаруй хүнтэй цөөнхүүдийг судлаад л эхлээд тэдэнд хүргэе гэх шийдэлд хүрсэн юм.

Түүнээс биш Монгол Улсад байгаа хэлний бүх цөөнхөд зориулж нэвтрүүлэг бэлдвэл бидний ажиллах хүч, техник хэрэгсэл, төсөв мөнгө хаанаа ч хүрэхгүй. Тиймээс одоогоор бол Буриад, Казак, Тува гуравтайгаа л явахаас өөр аргагүй байна.
Би тэгэхдээ үүнийг бас мөрөөддөг. Нэг л өдөр захчин аялгаар, хотон аялгаар нэвтрүүлгүүд хийж болох байх аа. Манай МҮОНРТ бас хөдөө группүүдээ ажиллуулдаг. Тэд бас үндэсний цөөнх рүү чиглэсэн их ажил хийж байгаа. Тэгэхлээр бидний бэлтгэдэг гурван улсын хэл дээрх нэвтрүүлэг улам чанаржих сайн талтай. Хорин хэдэн хэлний аялгаар нэвтрүүлэг цацна гэвэл мэдээж материаллаг боломж алга. Яахав нэмж ойрын хугацаанд хоёроос гурван хэлний аялгаар нэвтрүүлэг бэлтгэх боломж байгаа эсэхийг судлаж байгаа.
 
-Аялга, хэл хоёр юугаараа ялгаатай юм бэ?

-Цөөнхүүдийн хэл, аялга гэж хоёр зүйл байна. Эрдэмтэд бол энэ цөөнх бие даасан хэлтэй, аялгатай гээд тогтоочихсон байдаг. Манай Казахууд их том аймаг шүү дээ. Та бүхэн мэднэ. Буриадууд голдуу төвийн бүсийн зургаан аймаг буюу Хэнтий, Сэлэнгэ, Дорнод, Булган аймгийнхан тархсан байна. Ерөнхийдөө аль болох олон хэл, аялга дээр нэвтрүүлэг бэлтгэх гэдэг дээр санал нэг байдаг. Гэхдээ “Тэгнэ тэгнэ гэхэд тэнхээ мэднэ” гэж үг бий гэдэг үгийг дахиад сануулъя. Бид одоогоор нэгэнт хийгдчихсэн, сүлжээнд байгаа нэвтрүүлгүүдээ аль болох давтамжийг нь олон болгоё. Тэр алс хол байгаа цөөнхийг олж сонстол, ямар л боломжит цаг байна түүгээрээ давтан хүргэх асуудлыг зохицуулж байна даа.

 
-Ажиллах хүчний хувьд....?

-Хүн хүчний хувьд бид одоо цөөхүүлээ ажилладаг. Тэгээд дээр хэлсэн нэвтрүүлгийн давтамжаа нэмэгдүүлэх, болж өгвөл орон тоо нэмэх талаар саналтай байгаа. Яахав энэ мэтийг бол Үндэсний Зөвлөл шийдэх биз дээ. Ерөнхийдөө санал, хүсэлтээ хийгээд өгчихсөн. Сэтгүүлч, хөтлөгчөө тав болгоё, зураглаачаа дөрөв болгоё гэдэг ч юм уу. Ийм саналаа бол дээш өгчихсөн байгаа. Манайх одоо жишээ нь Дорнодын буриадуудтай нэг уулзалт зохион байгууллаа гэж бодвол, тийшээ долоон хүний бүрэлдэхүүнтэй баг явуулах болдог. Гэтэл тэднийг явсны дараа үлдэж байгаа хэд нь ажлаа дийлэхгүй хэцүү байдалд ордог байхгүй юу. Тэгэхээр их хэцүү. Ийм учраас бид нэлээн хэдүүлээ сууж байгаад энэ хүсэлтээ гаргаж батлаад, өгчихсөн байна. Шийдвэрлэгдэх байлгүй дээ.

   
-Та ойн баяраа тохиолдуулаад ажилчид, хамтран ажилладаг мэргэжил нэгтнүүддээ мэндчилгээ дэвшүүлнэ үү?

N2 телевизийг гурван жилийн өмнө манай одоогийн захирал Ц.Лхагвадаш, Ерөнхий найруулагч Алтансүх Өглөө хөтөлбөрийн Ганболд, Юнескогийн төлөөлөл, Үндэсний зөвлөл, Ерөнхий захирал М.Наранбаатар нарын хүмүүс анхных нь суурийг тавилцсан байгаа. Тэгээд хоёр дахь жил нь би ирсэн. Гурав дахь жил нь шинээр ирээд ажиллаж байгаа манай залуучууд ч байна. Би түрүүн хэлсэн. Манай бүрэлдэхүүний 80 хувь нь залуучууд гэж. Би тэдэндээ байнга хэлдэг юм. Ерөөсөө  бид өдөр тутамдаа л түүх бичиж яваа хүмүүс шүү. Хөдөө томилолтоор явахад нэг түүх эхэлж байна, эргээд ирэхдээ тэр түүхийг бүтээх баримт материалтай, гурван сурвалжлагатай, хоёр малчинтай танилцчихсан гэдэг ч юм уу, уран бүтээлийн ганзага дүүрэн ирж байна.

Тувад очоод “амьдрал нь ийм байна, хөгжил бодлого алга даа” гэдэг ч юм уу, ийм бодол тээж ирээд юм хийнэ гэдэг чинь түүх юм шүү. Тэгэхээр та нар цаашид тав, арав, арван тав, хорь гучин жилийн ойгоо тэмдэглэнэ. Он цагийг эргэж харна. Нэг л мэдэхэд одоо байгаа та бүхэн хүндтэй байранд уригдаж ирсэн ийм л байх юм шүү. Тэгээд нэг онцлог нь Үндэсний цөөнхөд зориулсан нэлээд хүнд хүчир, амаргүй ажилтай, албатай ийм хүмүүс ээ. Энэ сайхан олон ястан, угсаатны дунд ажиллах нэг талдаа сайхан, гэхдээ та бүхэн минь мэргэжлийн байх, ур чадвар өндөртэй байх, хамгийн гол нь хүнлэг байх юм шүү” гэж би залуучууддаа баярынхаа хурал дээр хэлсэн л дээ. Тэгээд энэ үндэстэн ястнуудад, хэлний цөөнхөд зориулагдсан, төрөлжсөн телевиз бэхжиж байгаа нь манай үүсгэн байгуулагчид, удирдлагууд, захирлуудын маань их алсыг харсан мэргэн санаа байсан байна. Нэг хором алдвал нэг соёлын өв тээгчийг алдана гэдэг шиг үүнийг байгуулах хэрэгцээ шаардлага, үнэхээр ч их байжээ. Тэгээд манай телевизийн үйл ажиллагаа, цар хүрээг ажиллаж буй хүүхдүүд, үзэгчид сонсогчид ойлгосон байх аа.  
Бид нар аль болох үзэгчдийн сэтгэлд хүрсэн нийтлэл нэвтрүүлэг бэлтгэх нь чухал юм. Манай үзэгчид бас сайхан дэмжиж байна. Телевиз бол хамтын урлаг юм даа. Тэгээд хамтдаа урагшилъя гэж л хэлье дээ.  
 
Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ж.Эрдэнэцогт: Үзэгчид хамгийн сайн редактор байдаг  
Үзсэн: 6502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй