Шууд Chart

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хожуу хандсаар байна

2014-11-11 14:25:00

Хатгалгаа өвчин нь дэлхий нийтэд тав хүртэлх насны хүүхдэд нүүрлэсэн хамгийн түгээмэл тохиолддог “амь насыг бүрэлгэгч” юм.

Манай гараг дээр жил бүр нэг сая гаруй хүүхэд хатгалгаа өвчнөөр амь насаа алддаг байна. Энэ нь тав хүртэлх насны хүүхдийн нийт нас баралтын 15 орчим хувийг эзэлдэг ба үүнээс хоёр хувь нь нярайд тохиолддог аж.
Тэгвэл  “Уушгины хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр” тохиож байгаатай холбогдуулан ЭМЯ-ны Сургалт мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал боллоо.
Дэлхийн 100 гаруй орон нэгдсэн “Уушгины хатгалгаатай тэмцэх дэлхийн холбоо”-ноос санаачлан 2009 оноос эхлэн жил бүр “Уушгины хатгалгаатай тэмцэх дэлхийн өдөр”-ийг тэмдэглэж эхэлсэн.
 
Манай улсад ч, хөгжиж буй бусад орнуудын адилаар уушгины хатгалгаан өвчлөл, эндэгдэл харьцангуй өндөр байсаар байна. ДЭМБ-ын урьдчилсан тооцоолсноор 2009 онд тав хүртэлх насны хүүхдийн дунд пневмококкоор үүсгэгдсэн уушгины хатгалгаан 3.212 тохиолдол, менингитийн 25 тохиолдол, бусад инвазив өвчний 147 тохиолдол бүртгэгдэж, тэдгээрээс 192 нь нас бардаг байх магадлалтай гэх судалгаа гарчээ.
 
Монгол Улс 2016 оноос эхлэн уушгины хатгаа өвчний эсрэг пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар бага насны хүүхдүүдийг дархлаажуулж, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилго тавин ажиллаж байгаа гэнэ.
 
Тэгвэл энэ талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Роберто Бэнес хэлэхдээ “Дэлхийн хатгалгааны эсрэг тэмцэх өдөр хатгалгаанаас үүдэлтэй хүүхдийн эндэгдлийг таслан зогсоох талаар бид хүчин чармайлтаа нэмэгдүүлж, үүрэг хариуцлагаа улам батжуулах ёстой. Хатгалгаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, мөн эмчлэх боломжтойг бид ойлгож мэддэг хэрнээ уг өвчний улмаас хүүхэд эндэж байгаа нь харамсалтай. Ийм учраас вакцинжуулалт ба хоол тэжээлд тулгуурлан дархлааны тогтолцоог сайжруулах, мөн ариун цэвэр, эрүүл ахуйг сахиж өвчний халдвар, тархалтаас урьдчилан сэргийлэх замаар бид хүүхэд багачуудыг хатгалгаа өвчнөөс хамгаалахад хүчин чармайлтаа чиглүүлбэл зохино” гэж онцоллоо.
 
Мөн эцэг, эхчүүд ихэнхдээ хатгалгаа өвчний шинж тэмдгийг мэддэг ч ихэнх тохиолдолд цаг алдаж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хожуу ханддаг нь сэтгэл зовоосон асуудал болоод байгаа юм.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд хожуу хандсаар байна  
Үзсэн: 1688 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй