Шууд Chart

“Хүслийн гэгээ”-нд гэрэлтэх агшин

2014-11-11 16:45:34

Үндэсний түүхийн музейд “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ийн дүрслэх урлаг, зурагзүйн сургалт хариуцсан аргазүйч, зураач Баатарын Баттулгын “Хүслийнгэгээ” нэртэй уран зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.

Тэрээр “Би урлагт 30 гаруй жил ажиллаж, хөдөлмөрлөж байна. Уран зураг гэдэг бол өөр ертөнц, өмнө нь хоёр ч удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан. Энэ маань миний гурав дахь үзэсгэлэн” гэж ярилаа. Б.Баттулга зураачтай анх уулзахад л жинхэнэ уран бүтээлч мөн чанар мэдрэгдэж байв. Цаг үе нь уран бүтээлчээ төрүүлж, түүнийг дагаад уран бүтээл нь ч төрж явдаг биз ээ. Б.Баттулга зураач маш олон шавь төрүүлсэн бөгөөд сонгож авсан шавь нар нь бүгд л зураач болдог гэхээр бас л билгийн нүдтэй хүн ажээ. Түүний үзэсгэлэн “Хүслийн гэгээ” гэх нэртэй юм. Өмнө нь дэлгэж байсан үзэсгэлэнгийн санаа, чиглэл нь уул, ус, ургамал, амьтнаа хайрлая гэх агуулгатай байсан бол тэрээр энэ удаа дотоод сэтгэлдээ төрсөн бүхнээ л зурж гаргажээ. Тиймээс л “Хүслийн гэгээ” юм шүү дээ. Зарим нэг бүтээлээс нь дурдвал, “Оршихуй”, “7-р сарын 1”, “Сутай хайрхан”, “Хан мөрний шивнээ”, “Хүсэл” гэж нэрийдсэн байх. “7-р сарын 1” бүтээл бол цэвэр улс төрд хандсан, ирээдүйдээ санаа зовсон хүний илрэл байлаа. “Хан мөрний шивнээ” нэртэй бүтээлээ анх зурахдаа байгаль дэлхийгээс ямар нэгэн мэдрэмж төрсөн. Тэгээд л зурсан гэж байсан юм. Нээрээ л хэн нэгэн хүн чихэнд минь юм шивнээд л байх шиг сэтгэл төрөм аж.
 
Үзэсгэлэнгийн гол дунд зогсоод сэтгэл гүйлгэвэл бүтээл бүхнээс нь өөр өөр өнгө, өөр өөр цуурай сонсогдоно. Тус үзэсгэлэнгийн бас нэг анхаарал татахуйц зүйл бол 16-р зуунд монгол баатрын хэрэглэж байсан “Монгол эмээлийн мод” байлаа.Зураач энэ үзэсгэлэнгээ чимэхийн сацуу бас нэгэн санааг өгүүлж энэ эмээлийг тавьсан байна. Хэдэн жилийн өмнө БНХАУ-д ажлаар явж байгаад эртний эдлэл цуглуулдаг нэгэн иргэнээс тэр монгол эмээлийг худалдан авчээ. Эмээлийн ганзаганы сур, мөнгөн хяр зэрэг зарим тоноглолнь хуучирсан ч гэсэн хадгалагдан үлджээ. Арын бүүрэг нь өргөн, одоогийн эмээлтэй төстэй боловч суух хэсэг нь өргөн, том, тухтай ажээ. Уран бүтээлч, сайхан сэтгэлтэй энгүүн ард иргэд л үндэсний соёл, эд өлгийн зүйлээ авран хамгаалж байна. Бид өөрсдөө л хамгаалахгүй бол өөр хэн ирж хамгаалж өгөх вэ дээ.
Тэрээр одоо чимээ аниргүй хэрнээ, сэтгэлийн гэрэл гэгээ нь тал талаас нь хашгичиж, өөртэй нь зөрчилдсөн үзэсгэлэнгийн танхимдаа нуруугаа үүрэн зогсож буй...
 
                                                              "Буйр"
 
                        16-р зуунд хэрэглэж байсан "Монгол эмээлийн мод"
                                                               " 7-р сарын 1"      /Зотон тос/                                
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Хүслийн гэгээ”-нд гэрэлтэх агшин  
Үзсэн: 6583 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2014-11-11 17:25
Ёстой мундаг зураач юмаа, монгол хүний ухаан гэж агуу шүү

Бидэнтэй нэгдээрэй