Шууд Chart

МУСГЗ Г.Золжаргал: Хуучны үүцээ задлаж олны хүртээл болгож байгаа онцлог жил болж байна

2014-11-14 13:57:18

Монголын үндэсний олон нийтийн  телевизийн хамт олон “сан хөмрөг”-төө хадгалагдаж байгаа хуучны буюу плёнкоор хийсэн кино, телевизийн бүтээлүүдийг видео хэлбэрт хувиргаж, сэргээх шинэ технологи ашиглаж эхэлсэнтэй холбогдуулан МҮОНТ-ийн сэтгүүлч, редактор МУСГЗ Г.Золжаргалтай цөөн хором ярилцлаа.

-МҮОНТ ямар тоног төхөөрөмжөөр шинэчлэгдэж байна вэ?

-1967 од анх Монголын үдэсний олон нийтийн телевизийн эх суурь тавигдаж Монголын Зурагт радио нэртэйгээр үзэгчдэдээ хүрсэн. Энэ үе бол Монголын нийгмийн оюун санаанд нөлөөлөхүйц үйл явдал болсон. Энэ бүхнийг ярина гэвэл олуулаа нийлж, тал талаас нь хөндөж ярих зүйл байгаа юм. Тэгэхээр энэ удаа миний ярих зүйл бол 1971 онд сайд нарын зөвлөлийн тогтоол гараад Монгол Улсад Монголын радио телевизийн хэрэг эрхлэх газар /тэр үеийн Монголын зурагт радиогийн газар шүү дээ/ монголын телевизийн нэвтрүүлгийн програмын бодлогыг сайжруулах, Орон нутагт явж уран сайхны нэвтрүүлгүүдийг нэмэгдүүлэх, бас телевизийн бүтээлүүдийг хийх үүднээс “Телекино үйлдвэр” гэж байгуулсан юм.

Энэ үйлдвэр нь байгуулагдсанаар Монголын телевизийн урлаг эфирт шууд мэдээллээ нэвтрүүлж, фото зургаар мэдээллээ өгдөг байснаа өөрчилж сурвалжлагч нь шууд малчны хотонд, аймгуудын төв, бригадын төвүүдээр очиж сурвалжлага бэлтгэх боломж гарсан. Яагаад вэ гэхээр эфир шууд явж байхад студид малчныг малтай нь, хадлан будаа хурааж байгаа хүнийг унаатай нь авч ирж болохгүй байсан бол кино зураглаач очиж зургаа аваад телекино үйлдвэрт хальсаа боловсруулаад тэгээд л тэр хальсаа телевизийн нэвтрүүлэгт ашиглаж ирсэн. Ингэхээр нэвтрүүлгийн сэдэв болон сурвалжлагчдын сурвалжлах хүрээ тэлж эхэлсэн. Ингээд хальсаа боловсруулж ирсэн нь дэлхийн телевизийн урлагтай хөл нийлүүлэх том боломж нээгдэж иржээ. Мөн хамгийн анхны кино болох “Анхны яргуй” кино бүтээсэн. Үүний дараа 1974-1976 онд техникийн шинэчлэл хоёр дахь удаагаа хийгдэж ВМЗ буюу соронзон бичлэгийн хальстай болсон. Энэ плёнк нь киноноос юугаараа ялгаатай байсан гэхээр ямар ч тохиолдолд өөр дээрээ дуу чимээг бичиж, эргүүлэн ашиглах боломжийг нэмэгдүүлсэн. “Телекино үйлдвэр” 1971 оноос хойш 1992 оныг хүртэл Монголын үндэсний олон нийтийн телевиз болон тэр үеийн “Монгол телевиз”-д нийт нэвтрүүлгийн 35 хувийг киногоор нэвтрүүлж байсан.
 
 
-Одоо маш олон уран бүтээл байдаг уу?
-Энэ хугацаанд маш олон жүжиг, хүүхэлдэйн кино, цөөнгүй уран сайхны кино, баримтат кино, ихэнхдээ хөдөө орон нутаг аймаг, хотын хөгжлийг харуулсан нийтлэл нэвтрүүлгийг плёнкоор явуулсан. 1992 онд зах зээлд шилжээд өмч задрах нийгмийн үйл явцад “Телекино үйлдвэр” маань гадаадаас плёнк худалдаж авах боломжгүй болоод видео руу шилжсэн, ингээд “Өлзий пүүс” гэж байгуулагдсан юм. 1992 оноос хойш Монголын телевизийн урлаг плёнк ашиглахаа болиод  үлдсэн их бүтээлүүдээ сэргээдэг аппаратууд бас өмч хувьчлалын явцад алга болоод үрэн таран болсон. Ингээд манай ахмад болоод дунд үеийнхний сайхан сурвалжлага, сонирхолтой үйл явдлын мэдээ, кинонууд хуучин хэвээрээ плёнкон дээр хадгалагдаад байсныг 23 жилийн дараа МҮОНТ өөрөө видео өргөтгөлөөр дахин ашиглах боломжтой болж байна. Кино болон видео нь хоёр тусдаа технологи. Кино бол гэрлийн проектороор тусдаа зааланд үзэж болдог. Харин видео бол тийм биш. Тэгэхээр киногоо яаж видео руу хуулах вэ гэхээр энэ ширээ байхгүй болохоор хорин хэдэн жил таг зогссон. Гурван жилийн өмнөөс хуучин ширээгээ засах хүсэл инженерүүдэд тавьсан ч сэлбэг нь алга, түүнийг заах боломжгүй болсон. Тэгээд өнгөрсөн жилээс “Steenbeck” компани руу хандаж манайд маш олон архив байгаа учраас үүнийгээ эргэж сэргээх хэрэг байна аа гэсэн хүсэлт тавьсан. Харин ашгүй энэ асуудлыг Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэж энэ үнэтэй технологийг авах боломжийг нээж өгсөн. Одоо тэгээд 35 мм хальсны кино бүтээл, 16 мм хальсны телевизийн бүтээлүүдийг видео хэлбэр рүү хөрвүүлэх ажлыг эхлүүлж байна. “Steenbeckбол 1932 оноос үүсч, байгуулагдсан. Гэхдээ 1950-аад оноос эхлэн дуу дүрсний телевизид зориулсан бүтээлүүдийг хөрвүүлэх гол төхөөрөмж болж байсан. Энэ бол монтажны том ширээ юм. Бид ямар нөөцтэй вэ гэхээр 4000 орчим хайрцганд 2000 орчим нэрийн кино хальс байна. Бид үүнийг видеод шилжүүлээд үндсэн том архив болгон хадгална. Энэ нь манай сэтгүүлч уран бүтээлчдэд өөрийн хийж байгаа уран бүтээлд хамгийн сонирхолтой материал болон хийж байгаа юмтай холбоотой дүрсийг шууд ашиглах боломжтой болж байгаа юм. 1973-1992 онд Улаанбаатарт болон улс оронд болж байсан бүх дүрснүүдийг эргэж сэргээх боломжтой болж байна гэсэн үг. Ийм технологийн шинэ ажлыг тоон системд шилжүүлэх Засгийн газрын хөтөлбөр хэрэгжих хүрээнд давхар ингэж шийдээд хуучны үүцээ задлаж олны хүртээл болгож байгаа онцлог жил болж байна.
 
-Ашиглахад хэр хялбар байдаг вэ?  
-Хуучин бол манай найруулагч, уран бүтээлчид өдөр бүр кино плёнктой харьцаж ажилладаг байсан. Одоо уран бүтээлчдэд яаж ашиглах талаар сургалт явуулна. Тэгээд хэнд юу хэрэгтэй байна өөрсдөө хөрвүүлээд ашиглаж болно. Мөн 1970-аад оноос хойш Европийн болон Азийн орнуудын телевизүүд ялангуяа тухайн үед байнга харилцаатай байсан социалист орнуудын телевизүүдээс маш их хэмжээний кино хүлээж авдаг байсан. Одоо есөн мянган хайрцаг байна. Үүний гуравны нэг нь хадгалалтаас болоод муудсан байна. Гэхдээ бүгдийг нь сэргээж үзээд хэрэгтэй дүрсүүдээ видео хэлбэрт оруулаад сан хөмрөгөө баяжуулна гэж бид тооцож байгаа. Энэ бол нэлээн олон жил үргэлжлэх ажил байх. Инжинер, найруулагч нар бас дахин сургалтанд хамрагдаж дадлага хийж байна.
 
-Нэг цагийн киног хэр хурдан хувиргах вэ?  
-Плёнкний эргэлт нь өөрөө секунтэд 25 кадр байдаг учраас тэр хэмжээгээрээ л дамар дээрээ эргэлдээд бичлэгээ хуулж байгаа. Хоёр цаг гарантай л ажил болох байх. Харин видео формат болгоод үндсэн сервертээ хадгалахдаа л жаахан ажил болох байх. Маш олон лавлагаануудыг бас нэмж хийхээр болсон. Яагаад гэвэл 1977-1990-ээд онд ажиллаж байсан уран бүтээлчид одоо байхгүй байгаа учраас амьд сэрүүн байгааг нь дуудна. Харин байхгүй бол тухайн яриа өгч байгаа хүнээ дуудаад юун тухай яриулж байсан бэ гэдгийг нь аваад, лавлагааны файлууд хийх юм. Энэ л нэлээн ажил болно доо. 1973 онд Улаанбаатар хотын хавар, намар, техникийн шинэчлэлийн үзлэг хийж байна гэхэд таваас арван минутын дүрс байлаа гэхэд тэнд болсон үйл явдалтай холбоотой аман асуулга хийгээд тайлбар тексттэй нь хамт хадгална. Ингээд дараагийн залуу үе маань хэрэгтэй дүрсээ олох гээд хайлт хийхэд гараад ирдэг болвол бидний хэрэг бүтлээ л гэсэн үг. Энэ нэлээн хугацаа шаардсан ажил юм.
   
-Манай улсын бусад телевизүүд энэ технологийг ашигладаг уу?
-Ашиглаж болно. Гэхдээ манайд кино плёнк нэвтрүүлэг, уран бүтээл хийсэн телевиз МҮОНТ-ээс өөр байхгүй. Яагаад гэхээр энэ маань өөрөө ууган. Өөр телевизд ингэх шаардлага байхгүй ээ. Учир нь өөр бусад бүх телевиз видео руу шилжсэн байгаа шүү дээ.
 
-Танд баярлалаа.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

МУСГЗ Г.Золжаргал: Хуучны үүцээ задлаж олны хүртээл болгож байгаа онцлог жил болж байна  
Үзсэн: 3121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
182.160.39.xxx [182.160.39.xxx] 2014-11-14 14:11
хуучний?!

Бидэнтэй нэгдээрэй