УИХ-ын гишүүн, МоАХ фракцийн гишүүдийн нэг М.Зоригтийг “Редакцийн зочин” булангийнхаа ээлжит зочноор урьж ярилцлаа. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2014.11.13/ түүнийг манай редакцид хүрэлцэн ирэх үед УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг нэр дэвшүүлээд байсан юм. М.Зоригт гишүүн ярилцлага өгөх үеэрээ Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайдад 100 хувь дэмжиж байгаагаа хэлж байсан ч өнгөрөгч баасан гарагт /2014.11.14/ хуралдсан ҮЗХ-ны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг дэмжсэн билээ.
-Дараагийн Засгийн газар Онцгой байдлын Засгийн газар байх ёстой-
-Төсөв батлагдчихлаа. 2015 оны Төсвийн тухай хуулийн төслийг өргөн барьснаас нь эхлээд эсэргүүцэж байсан гишүүдийн нэг нь та. Хуулийн төслийг эсэргүүцэж суулт хүртэл зарлаж байсан. Тэр эсэргүүцлээс яриагаа эхэлье?
-Н.Алтанхуягийн Засгийн газрын өргөн барьсан Төсвийн тухай хуулийн төслийг би анхнаасаа эсэргүүцэж байсан. Яагаад гэхээр энэ төсвийн гол үзэл санаанд шинэ ахиц, шинэ бүтээн байгуулалт ерөөсөө байгаагүй. Дээрээс нь хийж чадахгүй бүхнээ орон нутаг руу эрх мэдэл шилжүүлэх байдлаар хариуцлагаас мултарсан. Ер нь бол Монгол Улсын эдийн засгийн гол индекс үзүүлэлтүүдийг бүгдийг нь хасах болгочихсон. Харсаар байтал ангал руу унаж байгаа эдийн засгийг засаж залруулах ямар ч хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулаагүй төсөв өргөн барьсан юм. Бид өнгөрсөн хоёр жил хот, хөдөөгүй ямар их ажил амжуулав. Ард иргэд нийтээрээ хийнэ гэвэл хийж болдог юм байна. Улс орон нь хөгжих юм бол бид ч дагаад сайхан болох юм байна гээд яг л нэг итгэл төрөөд, харж эхэлсэн чинь гэнэт ингээд зогсчихож болохгүй шүү дээ.
Цаана нь бид нарт хөгжиж дэвшээд явах бололцоо байгаа. УИХ анх Засгийн газар бүрэлдэж тогтоход ийм, ийм ажлуудыг хийгээрэй гээд үндсэн үйл ажиллагааных нь чиглэлийг батлаж өгсөн. Тэрийг нь хийж хэрэгжүүлэхэд таван тэрбум доллар лав хэрэгтэй юм байна гээд эрхийг нь өгсөн. Тэрнээс нь 1.5 тэрбум доллар буюу Чингис бондын хөрөнгөөр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ямар их ажил хийж амжуулав. Цаана нь 3.5 тэрбумын бололцоо байсаар байтал одоо ер нь боллоо, цаашаа юм хийхгүй гээд зогсчихсон төсөв өргөн барьсан болохоор эсэргүүцсэн юм.
Гэтэл төсвөө эргүүлэн татахаар нь ашгүй эсэргүүцлийг ойлгож гэж бодсон чинь яг л хуучнаараа орж ирсэн. УИХ дээр би нэгэнт ажил хийхгүй гэж байгаа Засгийн газрыг одоо болиулъя, нэгэнт орж ирсэн төсвийг хуулийн хугацаандаа багтааж энэ чигээр нь ч хамаагүй баталчихъя гэж хэлсэн. Оруулж ирсэн хуулийн төслийг нь бид сайжруулж болно л доо. Гэхдээ бид үзэл санааг нь бүхэлд нь өөрчилчих юм бол санаачлагчийн хууль биш болчихдог учраас батлаж чадахаа больчихдог юм. Тиймээс шинэ Засгийн газар эмхлэх ажлаа яаравчлаад төсвийн тодотгол хийх замаар сайжруулж болно гэж үзсэн юм.
-Ирэх оны төсөв Монгол Улсын парламентийн түүхэнд байгаагүй олон тодотголтой болох байх гэж харагдаж байна. Үүнтэй та санал нэгдэх үү?
-Бид өнгөрсөн жил хоёр ч удаа тодотгол хийсэн. Одоо бид 2014 оны төсөвт тодотгол хийхгүй бол болохгүй. Яагаад гэхээр 2014 оны төсөв бүр огт өөр болчихсон. 2015 оны төсөв бол шинэ Засгийн газрыг бүрдэхээр тодотгохоос өөр арга байхгүй.
2014 оны төсвийг бид урьд нь танаж, хасаж тодотгож байсан бол 2015 оны төсвийн тодотгол бол илүү хөгжил рүү хандсан, эдийн засгаа тэлэх бодлого барьсан тодотголууд байна гэж харж байгаа.
-Та 2015 оны төсөвт ямар ч бүтээн байгуулалт байхгүй, нэг ч цэцэрлэг, сургууль барихгүй байна гэж шүүмжилж байна. Эдийн засаг хямралтай байна гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа энэ үед таны бодлоор ирэх оны төсвийг яаж бүтээн байгуулалттай төсөв болгох вэ?
-Одоо бид нэг их өр төлбөртэй болчихлоо. Удахгүй тэрийгээ төлнө. Тийм учраас бүсээ чангалъя гээд л байх юм. Ер нь нэг айл хүүхдээ сургуульд явуулах гээд зээл авдаг. Бууз, хуушуур иддэг байсан бол түүнийгээ төлөх гээд гурилтай шөл идэх болж байх жишээний. Гэтэл эдийн засгаа тэлэх ч юм уу өөр аргууд бас байдаг ш дээ. Жишээ нь, нэг талхны цехтэй айл зээл авлаа гэж бодъё. Өмнө нь хоногтоо 10 талх хийгээд нэг талхны мөнгөөр нь хоолныхоо махыг авчихдаг. Хоёр талхны мөнгийг нь цаашаа хадгалаад гэрэл цахилгааны мөнгөө төлчихдөг ийм энгийн тооцоотой явж байгаад зээл авмагцаа өдөрт 10 биш 100 талхны үйлдвэрлэл эрхэлдэг болно. Тэгэхээр 10 дахин өссөн үйлдвэрлэлээс тэр хүний эдийн засгийн боломж бололцоо дээшилнэ гэсэн үг. Тэр байтугай хэмжээний зээлийг төлөх боломжтой болно гэсэн үг. Би тэр тухай л ярьж байгаа юм.
Тэгэхээр дээр хэлсэн үлдсэн 3.5 тэрбум төгрөгийг эргэлтэд оруулах ёстой. 10 талх хийдэг байснаа болиод 100 талх хийдэг болох хэрэгтэй. Тийм өргөн, том эдийн засагтай болчихвол бид тэр тавьсан өр зэргийг иргэдийн амьдрал ахуйд мэдэгдэхгүйгээр төлөөд байх боломжтой. Үүнийг шийдэхийн тулд УИХ дээр гуравны хоёроос дээш зөвшилцөл хэрэгтэй. Тэгэхээр олонх, цөөнх бүгдээрээ нийлж байгаад энэ талаарх зорилтоо тодорхойлох хэрэгтэй. Харин Н.Алтанхуягийн Засгийн газарт дахиад тэр хэмжээний хөрөнгө өгөх итгэл байхгүй болчихсон. Чингис бондын мөнгийг зарцуулахдаа УИХ-аас зөвшөөрөл авсан боловч яг захиран зарцуулах дээрээ тулсан чинь УИХ-тай нэг ч удаа зөвшилцөөгүй. Хажуудаа Чингис бондын зөвлөл гэж бий болгосон. Тэрэнд нь дандаа ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байдаг. Н.Алтанхуягийг тойрсон нэг, хоёрхон хүмүүс асуудлыг шийднэ.
Түүнийг Засгийн газар, бондын зөвлөл нь дэмжиж байдаг. Ингээд дураараа авирладаг хүмүүст УИХ дахиж итгэхгүй болчихож байгаа юм. Тэгэхээр нэгэнт Н.Алтанхуягт итгэж болохгүй юм бол дараагийн итгэж болох хүнийг гаргаж ирье гэдэг нь бидний үзэл санаа юм. Цаашаа явах Засгийн газар нь энэ тэр нам гэхгүй одоо үүссэн хямралт байдлаас гарах Онцгой байдлын Засгийн газар байх хэрэгтэй. Нийтээрээ бодлогоо боловсруулах учраас бараг үндэсний, эв нэгдлийн шахуу шинжтэй байх ёстой. Нөгөө талаасаа илүү мэргэшсэн Засгийн газар байх ёстой. Тэр улс төрч, парламентач нар нь болиод, давхар дээлээ тайлах хэрэгтэй. Хэрэв ингэж чадвал ирэх хоёр жилд өнгөрсөн хоёр жилд хийснээс ч илүү ихийг амжуулах бүрэн боломжтой. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг 10 орчим тэрбум долларт эргэлдэж байгаа. Хоёр жилийн дараа гэхэд үүнийг хоёр дахин өсгөж 20 тэрбум болгох бодитой гарц гаргалгаа бий.
-Сөрөг хүчнийхэн жил хүрэхгүй эвдрээд унах зам, гурван сар хүрэхгүй хатаад үхэх цэцэг, нэг удаа хэрэглээд хог болж үлддэг ногоон уутны төлөө Чингис бондын хөрөнгийг зарцуулж ирээдүй хойч үеэ өрд орууллаа гэж шүүмжилдэг. Баялгийн энэ оновчгүй хуваарилалтыг одоогийн улс төрчид та нар хийсэн. Дараагийн улстөрчид ч гэсэн үргэлжлүүлээд л хийнэ гэдэг болгоомжлол олон иргэнд байгаа байх?
-Тийм болгоомжлол байгаа болохоор л Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулах нь хамгийн зөв алхам байсан юм. Харин дараа нь хүүтэй зээлээр зам тавьж, хэрэггүй зүйлийг хийдэггүй тэр бүтцийг бид бий болгох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Н.Алтанхуягийн Засгийн газрын Чингис бондоор хийсэн ажлуудыг харахад огт хэрэггүй ажлууд бол биш. Гэхдээ дэс дарааллын хувьд эхлээд замаа тавих байсан уу, бодит эдийн засаг руугаа оруулах ёстой байсан уу гэдэг нь л чухал. Таны түрүүний хэлдэг тэр эмзэглэл иргэдэд ч, гишүүдэд ч байгаа учраас одоо энэ Н.Алтанхуягийн Засгийн газрыг больё, оронд нь үг авдаг, санаа зовнисон энэ байдлыг мэдэрч ойлгодог Засгийн газрыг байгуулъя л гэж байгаа.
-Та Н.Алтанхуягийг огцруулъя гэдэг саналыг гаргаж гишүүдийн гарын үсгийг цуглуулж байсан. Таны хүссэнээр Н.Алтанхуягийн Засгийн газар огцорлоо. Тэгэхээр одоо дараагийн хүн нь хэн байх ёстой юм бэ. Засгийн газраа байгуулаад одоо үүссэн хямралыг арилгаад, эдийн засгийн бодлогыг тэлж итгэл хүлээх тийм хүн байна уу?
-Бид тэр хүнийг л олж гаргаж дэвшүүлэх хэрэгтэй. Намын дарга Ерөнхий сайд байна гэхээр намын даргын ажлаа хийгээд байгаа юм уу, Ерөнхий сайдын ажлаа хийгээд байгаа юм уу гэдэг нь мэдэгддэггүй. “Нүүрс” хөтөлбөрийг бид орлого багатай иргэдийг хямд үнэтэй нүүрсээр хангаж байгаа гэж ойлгож ирсэн. Гэтэл сүүл рүүгээ Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын бүтэц зохион байгуулалтыг сайжруулж, намын гишүүдийг ажилтай болгох гээд л огт өөр зорилготой байсан байгаа юм. Тэгэхээр намын дарга, Ерөнхий сайд хоёр нэг хүн байх нь одоохондоо болохгүй юм байна гэдэг ойлголт надад лав төрсөн. Р.Амаржаргал гишүүн бол анхнаасаа Н.Алтанхуягийн явуулж байгаа бодлого, шинэчлэлийн ажлуудад шүүмжлэлтэй ханддаг байсан. Гэхдээ зүгээр нэг шүүмжлээд суух биш эдийн засгийн үндэс, тайлбартайгаар гаргаж тавьдаг байсан. Өнөөдөр энэ хямралт байдал юунаас болж үүсэв, хямрал нь хаанаа байна гэдгийг харж чадаж байгаа хүн нь Р.Амаржаргал. Дээрээс нь энэ байдлаас гарах гарц гаргалгааг боловсруулсан цорын ганц хүн байхгүй юу.
Өнөөдөр Монгол Улс нийгэм, эдийн засгийг хямралт байдлаас гадна засаглалын хямралтай нүүр тулчихаад байгаа юм. Үүний цаад хариулт нь бидний сайн мэддэг Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуульд байна. Энэ хуулиуд өнөөдрийг хүртэл нам доторх цэрэгтэй жанжнуудыг л төрүүлдэг болсон. Жишээ нь, Н.Алтанхуяг болохоор доороо “Алтангадас” гэсэн бүтцийг бий болгоод тэр нь цаашаа явсаар анхан шатны хурлаас эхлээд дээд шатны хурал хүртэл гишүүдийн ирц тоолдог, гарын үсэг зурдаг, шагнадаг урамшуулдаг, цалинжуулдаг, тендер өгдөг, албан тушаалд томилдог. Засаг барьж байгаа намууд бүгдээрээ тийм болсон.
Харин энэ дотор Р.Амаржаргал, Э.Бат-Үүл нарын хүмүүс бол жинхэнэ өөрсдийнхөө үзэл санааг олон нийтэд түгээж явдаг болохоос цэрэгжсэн зохион байгуулалттай фракц бүлэглэл хийдэггүй. Э.Бат-Үүл бол гэр хороолол гэдэг зүйл яриад л ард иргэдийн итгэлийг олоод ирсэн учраас Ардчилсан нам яах аргагүй Э.Бат-Үүлийг урьж залаад нийслэлийн намын даргаар тавьж байгаа юм. Тэгэхээр улс төрчдийг бид бас ялгаж салгах харах хэрэгтэй.
-Намын Үндэсний Зөвлөлдөх хорооны хурлаас гаргасан шийдвэрийг Хяналтын Ерөнхий хорооноос хүчин төгөлдөр бус гэдгийг хэлж байсан?
-Намын Хяналтын Ерөнхий хороо гэж бүрэн эрхтэй нэг газар байна аа. Тэр Хяналтын хороонд Н.Алтанхуяг даргын сонгуулийн штабт ажиллаж байсан дөрвөн хүн байдаг юм гэнэ. Ер нь Ардчилсан намын дүрэм чинь их хэрэгтэй ч гэх юм уу, хэцүү ч гэх юм уу, сонин шүү дээ. Намын дарга нь бүх эрх мэдлээ авдаг. Хүсвэл хуралдуулж, хүсэхгүй бол хуралдуулдаггүй. Жишээ нь, Н.Алтанхуягт хэрэггүй байсан учраас сонгуулиас хойшоо ҮЗХ-г нэг ч удаа хуралдуулаагүй. Дүрэмд заасны дагуу жилд нэг удаа гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйг сольж байх ёстой. Гэтэл үүнийг дөрөв, таван жил хийгээгүй. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн 50 хувь нь төрийн албан хаагч.
Тэр байтугай Тагнуулын Ерөнхий газрын дарга нь хүртэл байдаг. Хяналтын зөвлөл уг нь асуудлаа хэлэлцэхийн тулд гурав хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Нөгөө гишүүндээ мэдэгдэж өөрийгөө өмгөөлөх боломжоор хангах ёстой гэх мэтчилэн дүрэмтэй байтал Н.Алтанхуяг үүрэг өгөнгүүт 30 минутын дараа шийдвэр бичээд өгчихдөг. Ийм болохгүй зүйлсээр өөрийгөө хүрээлүүлчихээд сандал, ширээтэй зууралдаад байдаг хэцүү дарга. Ний нуугүй хэлэхэд, ҮЗХ дээр манай Ардчилсан нам ийм ч болох гэж дээ гээд сэтгэл эмтрээд бие арзайж байсан. Зүгээр нэг таньдаг найзтайгаа таараад хажууд нь суухаар Зоригоо чи босоод явчих л даа гэж байгаа юм. Яаж байгаа юм гэхээр Н.Алтанхуяг чамтай цуг сууж байхыг харах юм бол аягүй бол ажилгүй болгочихно гэж хэлсэн. Ардчилсан нам дотор Н.Энхбаярын үеийн МАХН-ын хэв шинж маяг орчихсон байгаа байхгүй юу.
Өнөөдөр Монгол төрийн тулгуур болсон хоёр гол нам бол АН, МАН байна. Энэ намууд өөрсдөө ингээд идээ бээртэй байгаад байвал төр идээ бээртэй л байна. Намуудаа шинэчлэхгүй бол төр шинэчлэгдэхгүй. Биднийг намаасаа урвасан, нэг Ерөнхий сайдыг нөгөөгөөр солих гэж байгаа гэж ярьдаг. Яг үнэндээ тийм биш. Харин энэ намыг, Монгол төрийг, Монгол Улсыг болохгүй зүйл рүү чирээд байгаа болохгүй этгээдээс салгах гэсэн 15 эх оронч байгаа юм. Энэ айхтар систем, багцлагдсан юмны эсрэг бас л иргэний зориг гаргаж явж байгаа ш дээ. Зөвхөн үүнийг хийж явсны минь төлөө янз бүрээр л дарамталж байсан. Жишээ нь, надад урьдчилан мэдэгдэлгүйгээр манай туслах охиныг гэр бүлтэйгээ амраад явж байхад нь Тагнуулын Ерөнхий газраас шууд дуудсан байгаа юм. Энэ бол дарамтлал. Би зөвхөн нэг л жишээ хэлж байна. Давхар дээлийн асуудлаас эхлээд М.Зоригтыг өчнөөн ноолсон. Ганц намайг ч биш. Манай гэр бүлийн гишүүний дансыг хаасан гээд яриад байвал өчнөөн зовлон байна. Н.Алтанхуяг хүн болгоны өмнө гараад би гэр бүлээрээ хэлмэгдэж байна гээд л зовлон ярьдаг. Өөрөө тэр байтугай юм хийдэг гэдгийг бид нар бас уйлаад л яривал ярина ш дээ. Гэхдээ дэндүү хайран цаг болох байх.
Шинэ Засгийн газар байгуулахын тулд УИХ-д суудалтай бүх намууд зөвшилцөж байж нэг зорилго дээр очих ёстой. Гэхдээ энд зөвхөн эдийн засгийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх бус түрүүний миний дурдсан засаглалын алдааг засах ёстой. Хамтарч Засгийн газар байгуулаад Үндсэн хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөхөөс эхлэх ёстой юм.
-МАН засагт орохгүй гэж байгаа бол онц-
-Улс төрийн бусад нам, бүлгүүдтэй эвсэнэ гээд байгаа. Гэтэл сөрөг хүчин Засгийн газарт хамтрахгүй сонгуулийн хугацаа дуустал сөрөг хүчин хэвээрээ байна гэдэг албан бус тайлбарыг хийгээд байгаа шүү дээ?
-Тэр нь зөв ч байх. Гэхдээ хүссэн ч, хүсээгүй ч УИХ-ын 76 гишүүн бодлогоо томьёолж өгөх ёстой. Хэн хэрэгжүүлэх вэ гэдэг нь хоёр, гурав дахь асуудал. Дараагийн Засгийн газарт аль ч намаас хүн оруулаад хэрэггүй. МАН шиг бид нар хойшоо суучих хэрэгтэй байхгүй юу. Харин үүний оронд мэргэжлийн хүмүүсийг оруулах хэрэгтэй. Дэлхийн бусад улс орнуудын жишгийг харж байхад эдийн засгийн ийм хүнд нөхцөл байдлаас мэргэжлийн Засгийн газар томилж гарч байсан түүхүүд их байдаг юм байна лээ. Яагаад бид тэр жишээг ашиглаж болохгүй гэж. МАН засагт орохгүй гэж байгаа бол онц.
-Мэргэжлийн Засгийн газар байгуулах тухай олон гишүүн хэлдэг л дээ. Гэхдээ яг бодит байдал дээрээ аль ч яам, агентлаг, газар дээр очсон ажилтнууд, мэргэжилтнүүд нь дандаа тэр намых, энэ намых гээд хуваагдчихдаг. Тэгэхээр таны хэлж буйгаар аль нэг намаас харьяат бус мэргэжлийн Засгийн газар байгуулах боломж ер нь хэр байгаа бол?
-Тэр бол шинээр гарах Ерөнхий сайдын мэдлийн асуудал. Халах, солих, цомхотгох асуудлыг өөрөө шийдэг. Бид Ерөнхий сайдтай тохиролцоод 2016 он хүртэл таниас ийм л үр дүн хүлээж байна гээд л үүрэг өгчих хэрэгтэй. Харин тэрийг ямар бүрэлдэхүүнтэй, яаж хэрэгжүүлэхээ өөрөө шийдэг л дээ. Манай намын бүлгийн гишүүд ч гэсэн ийм л бодолтой байгаа. Юун тэр нэгнийгээ агентлагийн дарга болгох. Фракцлахгүй гэдэг чинь үүнийг л хэлээд байгаа байхгүй юу.
-Энэ талаар та нар их гоё ярих юм. Гэхдээ яг үйлдэл дээрээ эсрэгээрээ хийгээд байх юм. Жишээ нь, танай намын бүлгийн дарга л гэхэд Н.Алтанхуягийг дэмжинэ гэж байснаа яг кноп дарах болохоор эсрэг болчихож байна шүү дээ?
-Тэр хөөрхий яг андуурчихсан юм байна лээ. /инээв/
-Энэ хэдийгээр инээдтэй мэт санагдавч надад бол үнэхээр эмзэглэл байна. Яагаад гэхээр миний хүүхдийн ирээдүйг шийдэх хуулийг батлахдаа та нар андуураад кноп дарчихвал яах юм бэ?
-Байнгын хороон дээр процессийн тийм алдаа гараад, УИХ дээр бол яг өөрийнхөөрөө дарсан л даа.
-2016 оны сонгуулиас өмнө тэр мэргэжлийн Засгийн газар, УИХ-ыг байгуулах үндэс суурь болох Ардчилсан нам таны хэлж буй шиг өөрчлөгдөж, шинэчлэгдэх шинж харагдаж байна уу?
-Бусад намуудын гишүүдийг харахад хэтэрхий их хайрцаглагдчихсан байдаг. Харин Ардчилсан намын гишүүд бол илүү бие даасан шинжтэй. Энэ чинь өөрөө хөгжлийн гол суурь учраас би Ардчилсан намд итгэдэг. Өнөөдөр энэ суурь систем нь буруу болсон учраас яах аргагүй МАН шиг цэрэгжсэн, хагас цэрэгжсэн зохион байгуулалт руу орох гээд байсан юм. Энэ бүхнийг эмчлээд өгчих юм бол АН шиг мундаг нам байхгүй болно шүү.
-2016 оны сонгууль хүртэл “эмчилж” чадах болов уу?
-Чадна. Сонгуулиас өмнө бид хуулийг нь өөрчлөөд өгчихнө. Энд Үндсэн хууль, Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөх талаар том ажлын хэсэг гарчихсан ажиллаж байгаа. Ажил хэрэг болгоод хэлэлцэж эхлээгүй боловч үндсэндээ бэлтгэл ажил базаагдчихсан. Бид Монгол Улсын хөгжлийн зөвхөн өнөө, маргаашийг харах биш, дунд хугацаанд, алс ирээдүйдээ ямар байх юм, хөгжлийн бодлогоо нэгтгэж авах гэх мэт бүх чиглэлүүдэд ажлын хэсгүүд гаргачихсан ажиллаж байна. УИХ-ын гишүүдийг зөвхөн зурагтаар гарч бие, биенийхээ өмнөөс кноп дардаг гэж ойлгож болохгүй. Өдөр болгон л ажлын хэсэг, байнгын хороо хуралдана. Бас болоогүй тодорхой нэг асуудлаар үдэш оройн цагаар уулзана гээд тасралтгүй л байнгын ажил явагдаж байдаг.
-Улс төрийн намууд ихэнхдээ бид залуус, эмэгтэйчүүдээ дэмждэг гэж ярьдаг. Гэтэл танай намыг харж байхад залуу хойч үеэ дэмжиж бэлдэх, дээш нь гаргах тал дээр асуудалтай харагдах юм. Тэгээд албан тушаалд очиж байгаа нь нэрээ ч зөв бичиж чадахгүй хүмүүс байна гэж Д.Арвин гишүүн ярьж байсан?
-Тэгвэл тийм л юм байлгүй. Энэ гэхдээ Н.Алтанхуягийн ч юм уу, намын ч юм уу буруу биш. Нөгөө миний хэлдэг тогтолцооны буруу. Хэрэв манайд ийм зүйл байгаа бол нөгөө намуудад ч мөн ялгаагүй тийм зүйл байж л байгаа.
-Би Ерөнхий сайд болох талаар бодож үзээгүй юм байна-
-Таныг шинэ Засгийн газарт аль нэг салбарын сайд болооч гэвэл яах вэ?
-Болохгүй.
-Яагаад?
-Давхар дээлтэй байж болохгүй. Ер нь давхар дээл гэдэг бол бас л нөгөө болдоггүй асуудлуудын чинь нэг нь шүү дээ.
-Та үнэхээр Монголын ирээдүйн төлөө санаа зовж байгаа юм бол УИХ-ын гишүүнээс татгалзаад сайд болоод аль нэг салбараа, ирээдүйгээ өөд нь татаж болно ш дээ?
-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд би сайд хийгээгүй. Гэхдээ ямар ч сайдаас дутахааргүй ажлыг хийсэн. Ер нь бол хамгийн их бүтээмжтэй, бүтээлтэй гишүүнээр тодорсон. Сүхбаатар аймагт хийж хэрэгжүүлж байгаа ажлууд биелэлээ олоод одоо Монголын хөдөөгүүр тархах хэмжээнд хүрчихээд байна. Сүхбаатарчууд бид өнгөрсөн хоёр жилийн хугацаанд лабораторийн туулай шиг амьдарсан байхгүй юу. Юу гэхээр шинэ технологи, шинэ шийдэл бүрийг туршиж үзсэн. Өнөөдөр Сүхбаатар аймгийн сум бүрт дөрвөн давхар, хоёр орцтой, халуун, хүйтэн устай орон сууцууд баригдаж байна. Манай бүх сумд интернетийн өндөр хурдтай шилэн кабель, 3G, үнэгүй wireless-тай. Саяхан би хөдөөгийн нэг айлд очсон. Суурин газраасаа 60 километрийн зайд өөрөө малаа маллаж байсан. Хүүхдүүд нь сургуульд явдаг учраас төвд байрандаа байдаг юм билээ. Тэгээд өнөөх малчин хүн долоо хоногт нэг удаа төв рүү орж ирээд халуун усанд ордог байна. Сайхан тухтай амьдарч байна. Бид энэ бүхнийг улсын төсвөөс нэг ч төгрөг гаргахгүй хийж л байгаа байхгүй юу.
Сум болгондоо хатуу хучилттай зам тавьж, камержуулалт хийж байна. Өглөө гэрээсээ гараад өдөржин сумын төвөөр дэлгүүр хоршоо, ажил төрөл гээд явж байгаад ирэхэд гутал дээр нь тоос байхгүй байна гээд бод л доо. Энэ бүхнийг 21 аймагт хийж болох үүд хаалгыг бид нээсэн. Өнөөдөр бид Монгол Улсын хөгжлийн шинэ санаачилга гаргаад явж байгаа. Бүсчилсэн хөгжлийн санаачилга л даа. Ер нь төвөөс хэдий чинээ алслагдана, хөгжил нь төдий чинээ буурай байгаа юм. Хөрөнгө оруулалт, төсвийн бодлого зэргээс харахад зүүн, баруун хязгаарт хүний хөгжлийн индекс нь хамгийн доогуур, ажилгүйдлийн түвшин хамгийн өндөр байдаг. Үүнийг бид өөрөөр харах болсон. Бид хөгжлийн тухай ярихдаа бүсчилж хөгжүүлэх талаар ярих ёстой. Хот, хөдөөгийн хөгжлийн ялгааг арилгаж өгөх ёстой. Үлдэж байгаа хоёр жилд би заавал Засгийн газарт орж сайд болсноороо биш, одоо хийж байгаа ажлаа үргэлжлүүлж хийнэ. Сүхбаатар аймагт хийсэн ажлаа цааш нь 21 аймагт үргэлжлүүлж хиймээр байна. Ингэхийн тулд заавал сайд байх албагүй, сэтгэл л байх хэрэгтэй.
-Тэгвэл бусад гишүүн тойрогтоо яагаад ийм бүтээн байгуулалт хийхгүй байна вэ?
-Хийж байгаа байх аа.
-Төсвөөс нэг ч төгрөг авалгүй ийм ажлууд хийж болж байгаа юм чинь одоо дахиж бонд гаргалгүй бүтээн байгуулалт хийж болох юм биш үү?
-Бондын мөнгийг бид дахиж босгож ирээд зам тавих, байшин сав будахаа болиод оронд нь эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд л хийчих хэрэгтэй. Тэр нь Н.Номтойбаярынх байна уу, Эм Си Эс-ийнх нь байна уу гэдэг нь хамаагүй. Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, бололцоотой төслүүд рүү л дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энэ мэтчилэн Оюутолгой, Эрдэнэтийн хэмжээний 10 төсөл хөтөлбөрийг дэмжчихэд л эдийн засаг дорхноо сэргээд ирнэ. Монгол Улс саяхныг хүртэл зөвхөн Эрдэнэтээрээ л амьдардаг байсан ш дээ.
Түрүүний хэлсэн миний боловсруулсан төслөөр бол Монгол Улсыг дөрвөн бүсэд хуваана. Тэгээд эдгээр том төсөл хөтөлбөрүүд үйлдвэржилтийн бодлого нь дөрвөн бүсдээ жигд байх юм.
-Та нэгэнт бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө боловсруулчихсан байсан юм бол яагаад үүнийгээ танилцуулаад Ерөнхий сайдад нэрээ дэвшүүлээгүй юм бэ?
-Би энэ тухай ерөөсөө бодоогүй юм байна.
-Нэг бол та олны дэмжлэг авч чаддаггүй тийм их зөрүүд хүн юм уу?
-Би 2004-2008 онд УИХ-ын гишүүн байсан. Та нар хэрэв анзаардаг бол би Монгол орон даяар PR-ийн бодлого ерөөсөө хэрэгжүүлж байгаагүй. Зөвхөн тойрогтоо л ажил хийдэг байсан. Тэр байтугай Баянхонгорт Х.Баттулга, Дорнодод М.Зоригт хоёрын хэн нь илүү их ажил хийх вэ гэдэг уралдаан өрнөөд бусад гишүүд хардаг байсан ш дээ. Сая би Сүхбаатар аймгаас сонгогдсон. Ингэхдээ улс орон даяар өөрийгөө сурталчлаагүй, харин Сүхбаатар аймагт юу хийж болдгийг харуулах гэж л өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хичээсэн. Одоо үүнийгээ улсын хэмжээнд хэрэгжүүлэхийг хүсч байгаа учраас улсын хэмжээний төсөл хөтөлбөр болгож гаргаж ирсэн. Үүнийгээ би оюутнууд, яамдын албан хаагч, УИХ, Засгийн газрын гишүүдэд танилцуулж, лекц уншиж байгаа. Ер нь аливаа зүйлийг хийхийн тулд эхлээд бусдад зөв ойлгуулах хэрэгтэй.
-Х.Баттулга гишүүн та хоёрын дунд нэг ёсондоо уралдаан өрнөж байсан гэлээ. Тэр уралдаанд та хоёрын хэн нь түрүүлсэн юм бэ. Би хувьдаа таныг ялагдсан гэж боддог. Яагаад гэхээр Дорнодоос та сонгогдоогүй?
-2008 онд намайг сонгосон. Тэр үед сонгуулийн тооллогын тогтолцоо нь буруу байсан учраас тухайн үеийн эрх баригчид намайг “хийчихсэн” л байхгүй юу.
-Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг биз дээ?
-Намайг нэр дэвшигчдийн дөрөвт нь оруулаад тоолсон юм. Овоолоостой шуудайтай саналын хуудаснаас таван газраас таван конверт гаргаж ирээд тооллогын комиссынхон тоолсон юм. Тавууланд нь намайг дөрөвт биччихсэн байсан, дахиад тоолоход би тавууланд нь нэгээр гарчихсан. Тэгээд л болохоо байлаа гээд үдийн цайндаа гарсан. Тэр сонгуулийн комиссын гишүүдийг бүтэн хоёр сарын турш Монголын газар нутаг дээр байхгүй юм шиг нууж чадсан. Нэг ёсондоо Дорнодын сонгогчдын саналыг тэр үеийн эрх баригчид хулгайлаад авчихсан юм. Би Х.Баттулгад хожигдсон нь үнэн. Яагаад гэхээр би дөрвөн жил Тулгаа шиг УИХ-ын гишүүн байж чадсан бол Дорнод аймаг Баянхонгортой зүйрлэхийн аргагүй болчих л байсан юм.
-Та тэгээд яагаад 2012 онд тойргоо сольж нэр дэвшсэн юм бэ?
-Дорнод аймаг миний ээжийн нутаг л даа. Сонгууль болж байхад аав маань хамгийн түрүүнд гүйж очоод санаачилгын бүлэг байгуулаад л хүүгийнхээ сурталчилгааг хийнэ гээд явдаг байсан юм. Тэгж явж байхдаа “За яахав миний хүү, энэ удаа ээжийнхээ нутгаас гарлаа. Дараа аавынхаа нутагт очоорой. Манай нутаг чинь тийм сайхан шүү дээ” гээд л дандаа ярьдаг байсан юм. Тэгээд аав маань өөд болсон. Хүн чинь амьд сэрүүнд нь аав, ээжийнхээ үгийг сонсож байгаа мэт боловч бүр тэгж гүнзгий хүлээн авч чаддаггүй юм байна лээ. Тэгээд ааваас хойш би Сүхбаатар аймагт бараг жил гаруй суурин амьдарч өнөөдөр хийж байгаа ажлуудынхаа эхлэлийг тавьж чадсан. Нэг ёсондоо аавынхаа захиасыг биелүүлээд нутгаа хөгжүүлэх гээд л үнэн сэтгэлээсээ хичээж байна.
-Та Дорнодод ийм сэтгэлээр хандаж чадах уу?
-Дорнодод урьд нь надад их хэцүү байсан. Яагаад гэхээр Дорнодод нөгөө нам засаг барьдаг байсан учраас миний ажлыг дэмжихээсээ илүү дэгээ тавихын төлөө явдаг байсан. Тэр үед Монгол Улсын төсөв ч гэж хаашаа харсан юм байлаа даа. 2004, 2005 оны ханшаар 500 сая төгрөг хувиасаа гаргаад сум болгонд гахайн аж ахуй байгуулсан. Малжуулах төсөл явуулсан. Сум болгонд газар тариалан хөгжүүлэх трактор гээд бүгдийг нь хувиасаа өгсөн. Үүний үр дүн нүдэн дээр чинь харагдаж байсан. Хэрэв дахиад сонсгогдсон бол тэрийгээ үргэлжлүүлээд хийх л байсан.
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхдээ Э.Бат-Үүл надаас санаа авсан юм-
-Та одоохондоо Ерөнхий сайд, сайд болохгүй. Зүгээр хийж байгаа зүйлээрээ суурь дэвсэж явж байгаад цаг нь болохоор би хийж чадна аа гэж “амбицлах” юм байна гэж ойлголоо. Зөв үү?
-Хүмүүст өмнөө тавьсан амьдралын зорилго гэж байдаг. Би өөрийгөө Ерөнхий сайд болно гэж харахгүй байгаа. Өөрийнхөө улс төрд идэвхтэй байх хугацааг ойрын дөрөв, таван жилд л харж байна. Одоо хүүхдүүд ч том болчихлоо. Би ч өвөө болсон. Хүн ер нь цаашдын зорилтоо зөв тодорхойлж чадах юм бол сайхан амьдардаг. Ирж байгаа боломж нөхцөл байдлын өөрчлөлт болгоноос санаа бодлоо өөрчлөөд байвал явдаггүй юм. Одоо Н.Алтанхуяг уначихлаа, бололцоо гарсан дээр нь Ерөнхий сайд болчихъё гээд дайрдаг хүн бол муу л байхгүй юу. Ер нь сэтгэлийн жаргал гэж юм байна ш дээ. Хийж бүтээхийн хажуугаар хүн сайхан амьдрах ёстой. Би л лав Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болчихоод сайхан амьдарч байна гэж хэлэхгүй. Хүүхдүүд нь яаж зовж байна. Өөрөө яаж шаналж байгаа нь хөндлөнгөөс харагдаж л байна шүү дээ. Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн. Хэмжээлшгүй эрх дарх эдлэж л явсан. Гэтэл өнөөдөр түүнийг сайхан амьдарч байна гэж би л лав хэлэхгүй.
-Та Засгийн газрын тэргүүн болохоос айгаад байгаа юм биш үү. Эх орноо хөгжүүлэхийн тулд одоогийн хийж байгаагаасаа хэд дахин илүү, өргөн цар хүрээтэй ажил хийх болно ш дээ. Энэ айдсаа сэтгэл амар амьдрахын тулд гэж тайлбарлаад байх шиг санагдчихлаа?
-Би бол маш сайн багийн тоглогч. Би Э.Бат-Үүл ах, Б.Баабар, талийгаач С.Зориг ах, Да.Ганболд ах нарын л “хүүхэд”. Бүр оюутан байхаасаа л тэдэнтэй мөр зэрэгцээд явсан. Тэд нарын бүх зүйлд л гүйдэг. Одоо ч гүйсэн хэвээр л байна. Би бол том ах нарын жижиг дүү. Би тэдний хажууд ямагт байсан. Өнөөдөр ч гэсэн Э.Бат-Үүл ах бид хоёр олон ч зүйл дээр хамт байдаг. Ер нь би Э.Бат-Үүл ах шиг өөрийн байр суурин дээрээ тогтвортой, туйлбартай байж чаддаг улстөрчийг ховор мэднэ. Өнөөдрийг хүртэл би түүний дэргэд байнга зогссоор ирсэн. Тэгэхээр би нэлээд тогтвортой хүн байгаа биз дээ. Би бол багийн сайн тоглогчийн хүрээнд л юмаа хийдэг. Ер нь ажлыг нэг хүн хэзээ ч бардаггүй юм. Сүхбаатар аймагт ч гэсэн ганцхан би биш, манай нутгийн бүх иргэн байгаа. Өнөөдөр Н.Алтанхуягийг унагахад намайг л гүйлээ гээд байгаа. Үүний цаана багийн тоглолтын зарчим л явж байгаа шүү дээ. Тэгж ярих юм бол Н.Алтанхуягийг огцруулах талаар хамгийн түрүүлж хэн дуугарсан гээч. Э.Бат-Үүл ах онгоцноос бууж ирээд тэр “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо УИХ-ын гишүүдэд санал хураалтаар Н.Алтанхуягийг унагаагаарай гэдгийг хэлсэн ш дээ.
-Тэгээд л том ах Э.Бат-Үүлийнхээ үүргийг гүйцэтгээд та гүйгээд эхэлсэн хэрэг үү?
-Бүр нэг тийм тархи толгойгүй юм ч гэж хаа байхав. Би чинь одоо 50 нас хүрчихлээ шүү дээ. Ер нь МоАХ-ны гишүүд гурван зүйл дээр л хатуу байр суурьтай байдаг юм. Нэгдүгээрт, шударга ёсны төлөө зайлшгүй зогсож байдаг. Хэрэв шударга ёс бүдгэрэх л юм бол бид тэрний эсрэг босч ирдэг. Үнэндээ бол Н.Алтанхуягийн Засгийн газарт шударга ёс гэдэг зүйл алга болж эхэлсэн шүү дээ. Дэнзэнгүүдэд боломж олгоод, түрүүний та нарын асууснаар олон зуун залуусын боломжийг хаасан. Хоёрдугаарт, ардчилал байж иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой. Гэтэл энэ ардчилал Н.Энхбаярын үед бүдгэрсэн шиг Н.Алтанхуягийн үед бүдгэрээд эхэлсэн. Бид үүний эсрэг босч ирсэн. Гуравдугаарт, эрх чөлөөний асуудал. Н.Алтанхуягийн үед жирийн гишүүд байтугай УИХ-ын гишүүд нь хүртэл хоорондоо шивнэж ярьдаг болсон. Нөгөө үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх бүгд замхарч ирсэн учраас МоАХ-ны гишүүд, МоАХ-ны хүмүүжил зан төлөвтэй хүмүүс үүний эсрэг босч ирж байгаа юм.
2004 онд би УИХ-ын гишүүн болж байсан. Тэгэхэд Баттулга, Б.Баабар нар намайг загнаад “Чи С.Оюунд хань бол. Н.Энхбаяр нөгөө ардчиллын үнэт зүйлүүдийг бүгдийг нь байхгүй болгочихлоо. Та нар дэвшихгүй юм бол өөр хэн дэвшдэг юм” гээд л хөөгөөд гаргаж байсан.
-Иргэний зориг намд орсон шалтгаан чинь энэ байсан юм уу?
-Одоо намайг Н.Алтанхуягийн зохион байгуулалттай PR багийнхан л нам дамждаг гэж яриад байдаг болохоос Ардчилсан намын нийт гишүүд намайг ардчиллын үнэт зүйлийн төлөө л явуулдаг юм. Би Монголын Оюутны холбооны лидер байсан. Үндэсний хэмжээний оюутны байгууллагын удирдагч нам бус байх ёстой учраас намгүй л явж ирсэн. 2004 онд М.Энхсайхан, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хоёр улс төрд бужигнууллаа шүү дээ. С.Оюуныг ганцаардуулах гээд л нам дотор байсан бүх хүмүүсийг “Эрэл” рүү татсан. Тийм учраас Баттулга, Б.Баабар хоёрын хэлснээр гүйж очиж С.Оюунд хань болоод дөрвөн жил хамт явсан ш дээ.
Ааваасаа хойш би нутагтаа очоод энэ нөхцөл байдлыг анзаарсан. Тэгээд нутгийнхан намайг дэвшээч гэсэн. Иргэний зориг намаас би Сүхбаатар аймагт дэвшсэн бол гарахгүй шүү дээ. Тэгээд үнэн бодит байдлаа С.Оюундаа хэлэхэд ойлгож байна аа гэсэн. Э.Бат-Үүл ах намайг дагаж гурван удаа Сүхбаатар аймаг руу явсан. Тэгээд Ардчилсан нам, МоАХ, партизанууддаа Зоригоо гэдэг чинь энэ байхгүй юу гэж намайг танилцуулсан юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг зүйлийг тэр үед Э.Бат-Үүл ах надтай цуг Сүхбаатар аймаг руу явахдаа бидний хийсэн зүйлийг харчихаад тэндээс санаа авч нийслэлд хэрэгжүүлсэн байхгүй юу.
-Таны ярианаас харахад Э.Бат-Үүл бол их зөв залууг олж дэмжиж явсан. Та насан туршдаа Э.Бат-Үүлд өртэй явах юм шиг л харагдаж байна?
-Ер нь Э.Бат-Үүл ах шиг ноён нуруутай, өөрийн байр суурин дээрээ итгэлтэй зогсдог улстөрч ховор гэдгийг дахиад хэлье. Э.Бат-Үүл ах чинь энд тэнд юмаа их мартана. Тийм болохоор Улсын баатрын тэмдгээ гэрээсээ ч гаргадаггүй. Сүхбаатар аймаг явахад намайг хамт явж байгаа болохоор Дээгий эгч баатрын тэмдгийг нь өгч явуулдаг юм.
-Бид мөнгөнөөс болж задраагүй-
-Таныг “Голомт” банкны хувьцаа эзэмшигч, томоохон хөрөнгө оруулагч, Монголын санхүүгийн салбарт хамгийн тогтвортой банкийг үүсгэн байгуулсан голлох нөлөөтэй хүн гэж хардаг. Сүүлийн үед “Бодь” групп задраад, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр 30 сая доллар алдсан хэрэг мандсан. Энэ бүхнээс “Голомт” банк дампуурах гэж байна гэсэн яриа ч гарсан. Үүнд та тайлбар хэлээч?
-Бид нарт тэгж хуваагдаж талцаад байх шалтгаан бол байгаагүй. Ер нь бол бизнес хийж байгаа хүмүүс салж сарнидаг үндсэн шалтгаан бол мөнгө байдаг. Бид гурвын хувьд хийж байгаа ажил нь үнэ цэнэтэй харагддаг болохоос мөнгө тийм чухал биш. Тэгэхээр бидний задралын шалтгаан бол мөнгө байгаагүй. Харин гадаадын хэд хэдэн бүтэц Монголын компанийг дээрэмдэх гэсэн зохион байгуулалттай ажиллагаа хийсэн. Бүр тодотговол, манай банкийг дээрэмдэх гэсэн. Өнөө цагт бол олон улсын түвшинд интерполь гээд л шийдэгдээд явчихна. Тэр үед бид ямар их дарамт шахалтад байгаагаа хэлж болдоггүй байсан юм. Бид нар тэрийг сөрөн зогсох явцдаа тийм хуваагдалд орсон. Ямар ч байсан Монголын түүхэнд гадаадын томоохон бүтцүүд манай улсад шууд дээрэм хийх гэсэн анхны оролдлого нь тэр байсан.
Гэхдээ Д.Баясаа бид хоёр хамтдаа хэвээр байгаа. Би бол бизнесээс бүрэн хөндийрсөн. Манай хүү том болсон учраас хүүдээ бизнесээ бүхэлд нь өгснөөс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Дараа нь хүү маань надаас хоёр, гурван удаа юм асуух гэж оролдсон. Тэгэхээр нь би “Ингэж асуугаад байх юм бол чи наадахаа буцаагаад өг” гэж хатуухан хэлснээс хойш надаас юм асуухаа ч больсон. Би хүүдээ итгэдэг учраас бизнес нь амжилттай яваа гэж бодож байна.
-Одоо Л.Болд та хоёрын хооронд ямар нэг холбоо байдаг уу?
-Бид хоёр чинь одоо нэг намын, адилхан УИХ-ын гишүүд. Бүлгийн хуралдаан ч гэдэг юм уу, ажил хэргийн уулзалтад олон удаа таардаг. Саяхныг хүртэл Л.Болд Гадаад хэргийн сайд байсан. Тэр хүрээнд би бас аймагтаа ч юм уу, дэмжлэг туслалцаа авна гээд уулзалгүй яах вэ дээ.
-Та энэ задралыг болох ёстой зүйл л байсан гэж боддог уу. Эсвэл харамсдаг уу?
-Харамсал байлгүй яахав. Гэхдээ амьдралд тэр байтугай л юм байдаг ш дээ.
-Л.Болд гишүүний гаргаж ирж байгаа мэдээ, баримтууд хөндлөнгийн нүдээр харахад асуудалтай юм шиг санагддаг байсан л даа?
-Л.Болдод мэдээлэл бэлдэж өгдөг байсан хүмүүс нь нөгөө миний хэлдэг гадаадын бүтцэд байсан. Тэр гадаадын зохион байгуулалттай бүтцэд “Голомт”-ын гадаад захирал гол төлөөлөгч нь байсан юм. Тэр бүх худлаа мэдээллийг бэлдэж өгдөг байсан. Барууны зарим хэвлэлүүдээр гарсан 30 сая доллараа алдлаа гэдэг мэдээлэл худлаа гэдэг нь тогтоогдоод тэр хэвлэл мэдээллүүд өөрсдөө уучлал гуйгаад дэлхий даяар цацсан. Одоо олон улсын түвшинд мөрдөн байцаалтын явцад явж байгаа.
-Д.Баясгалан захирлын талаар “Дотор газрын хүн хоёр Монголыг хооронд нь хэрэлдүүлж байгаад банк аваад үлдчихлээ” гэж хүртэл ярьдаг байсан?
-Манай Д.Баясаа шиг хөдөлмөрч, амьдралынхаа төлөө, тавьсан зорилгынхоо төлөө шантрахгүй явдаг хүн ер нь их ховор шүү. Баясаа жаахан хатуу л болохоос ажил хэрэгч хүний бүх зан байдаг. Хүмүүс Баясаатай харьцахаас их айдаг. Яагаад гэхээр их хатуу, үнэн бодит байдлыг шууд хэлчихдэг юм. Би хүүгээ ингээд Баясаагийн хажууд явж байгаа болохоор их юм сурч байгаа байх гэж боддог. Намайг байхгүйд нэг удаа ордонд намын бил үү, нэг үйл ажиллагаа болоод тэнд Баясаа үг хэлсэн юм байна лээ. Тэгэхдээ “Би ядуу орны чинээлэг иргэн баймааргүй байна. Харин үүний оронд чинээлэг орны дундаж иргэн баймаар байна” гэж хэлсэн байсан. Хүсэл нь ерөөсөө л тэр.
Д.Баясаа байгаагүй бол өдийд энэ зэргийн бүтцийг бий болгож чадахгүй ч байсан байж болох. Залуу байхдаа бид мөнгөө хамгийн хатуу нь гээд Баясаадаа бариулдаг байсан. Тэгээд бас хааяа нэг найз нөхөдтэйгөө гармаар болно. Тэгээд Л.Болд бид хоёр Баясаагаасаа хэдэн төгрөг гуйж аваад явдаг байлаа шүү дээ. Нэг удаа Баясааг унтсан хойгуур нь түрийвчнээс нь мөнгө аваад гарчихсан чинь дараа нь жижигхэн төмөр хайрцган дотор мөнгөө хийж цоожлоод түлхүүрийг нь хүзүүндээ зүүгээд унтчихсан байсан./инээв/
-Таны хамгийн анхны орлого юу байсан бэ?
-Хамгийн анхны орлогоо толгой, цувдайгаас олж байсан. Би хүнсний 50-ын цаадах есөн давхарт амьдардаг байлаа. Есөн давхраас хүнсний 50 дээр махны машин ирэхийг яг харж байгаад л хувцсаа өмсөөд очно. Тэгээд машин толгой, цувдай буулгахад гэртээ хоёр цувдайтай харьдаг байсан. Тэгээд хөдөөнөөс тарвага, хонины арьс оруулж ирж элдэнэ. Дээл хувцас хийж “Дэнжийн мянга”-ын хар зах дээр зарна. Жийнс оёно гээд л хийж болох юм болгоныг хийдэг байлаа. Манайх өдөртөө гурваас дөрвөн талх барьдаг байсан. Нэгийг нь өөрсдөө идээд үлдсэнийг нь орцныхоо айлуудад зардаг. Манайд ажил хийдэггүй, хөдөлмөрлөдөггүй хүн нэг ч байгаагүй. Арьсан дээлээ ванн-даа буддаг байсан болохоор ванн-д усанд орохын аргагүй болчихно. Тэгээд зөвхөн душ-нд усанд ордог байсан.
-Бид хэвлэл мэдээллийн салбарт жишиг бий болгохыг хүсдэг-
-Ингэхэд та хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг хүний хувьд энэ салбарын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Манай улсад аль аль салбар л хөгжиж байх ёстой. Тэрэн дотор хэвлэл мэдээллийн салбар ч гэсэн хөгжиж байх ёстой юм шиг байгаа юм. “Боловсрол” суваг телевиз, “Ийгл” телевиз, “Ньюс” агентлаг гээд бидний хэвлэл мэдээллийн салбарт оруулсан хувь нэмэр гэж бас байдаг юм. Та нар анзаардаг бол эдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бид нар өөрсдөө нэг их гардаггүй ш дээ. Сая л яах аргагүй Н.Алтанхуяг дайраад болохгүй болохоор нь би очиж Б.Жаргалмаатай ярилцсан. Нэгдүгээрт, бид өөрсдөдөө зориулж хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгуулаагүй. Хоёрдугаарт, энэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд асуудалд дандаа хоёр, гурван талаас нь ханддаг. Тэгэхээр бид хэвлэл мэдээллийн салбарыг тийм байгаасай гэсэн хүслээ эд нараар дамжуулж илэрхийлдэг. Ер нь хэвлэл мэдээлэл ашигтай салбар биш учраас эндээс тэрбумтан төрдөггүй л байхгүй юу.
Өнөөдөр юмыг хайж эрэн сурвалжилж, судлаж байж хийдэг сэтгүүлчид ховордсон юм уу гэж боддог. Бичих юм нь олдохгүй болохоор бэлэн зүйлийг шууд ашигладаг болсон. Тэр тусмаа нэг мөнгөтэй хүн тав, арван цаас өгөөд энэ үнэн шүү гэвэл өнөөхийг нь цааш түрээд явчихдаг. Хаана үнэн мэдээлэл байгаа, хаана захиалгат мэдээлэл яваад байгааг жирийн хүн ялгаж салгаж харахад бол хэцүү. Харин бид нар мэднэ ш дээ. Тэгэхээр энэ бол бидний оюун санааны хөгжилтэй л шууд холбоотой. Нийгэм ямар байна түүний толь нь сэтгүүлчид байдаг. Парламент, их хурлын гишүүд мөн нийгмийн толь юм.
-Ардын эрх сонинг яагаад хаасан юм бэ?
-Ардын эрх сонинг хаах ч юу байхав. Бид нар news.mn сайт руугаа илүү их анхаарал тавьсан. Ардын эрх сонинг маш гоё өнгө төрхтэй, шинэ хувилбараар удахгүй гаргана.
-Хэвлэл мэдээллийн салбарт жишиг бий болгох гэж ажиллаж байгаа нь сайн хэдий ч хэвлэл мэдээллийн байгууллагын эзэн, хувь эзэмшигч нь засаг барьж байгаа намд байгаа нөхцөлд өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг түлхүү дэмжиж ажиллаж байгаа нь харагддаг. Олны дунд ч гэсэн ийм хардалт бий болгоод байх шиг?
-Би нэг сонин юм хэлэх үү. Сая Н.Алтанхуягтай нэг хэсэг тулж ажилласан ш дээ. Тэгээд миний эсрэг нэлээд зохион байгуулалттай PR эхлүүлсэн. Тэгэхээр нь би эргээд хэвлэл мэдээлэл рүү хандах гэсэн чинь надад бүх зам хаагдчихсан байсан. Ийглд нэг ярилцлага өгчихье гэсэн чинь та болохгүй ш дээ гэж хэлсэн. Тэгээд би яахав дээ, юм тоодоггүй хүн чинь твиттер дээрээ жиргэсэн чинь дараа нь Б.Жаргалмаа “Гишүүнээ та нэг яриа өгөөч” гэж байгаа юм.
-Харин би бол нөлөөлдөг гэж харж байна?
-Хэрэв нөлөөлдөг байсан бол намайг Н.Алтанхуягтай тулахад тэд нар чинь миний талд байна биз дээ. Гэтэл тэгээгүй. Бид бол яахав сэтгүүл зүйн салбар хөгжөөсэй гээд хөрөнгө оруулалт хийчихдэг. Харин менежмент нь цаашаа яаж явахаа өөрөө мэдээд байгаа юм.
-Тийм байж магадгүй юм. Гэхдээ яг үнэндээ нэг сэтгүүлч өөрөө телевиз байгуулаад, сонин, сайт аваад явна гэвэл үнэндээ хэцүү шүү дээ?
-Хэцүү хэцүү. МҮОНРТ-д хуваарилах мөнгийг зарим хүмүүс хувийн телевизүүдэд тарааж өгье гэж яриад байгаа юм. Тэгж үнэхээр болохгүй. Үндэсний олон нийтийн хэлбэр шинжтэй ийм бүтэц бол зайлшгүй хэрэгтэй. Төсөв дээр жаахан танагдсан байх. Гэхдээ яахав тодотгол гээд бас боломжууд байгаа учраас өсөх магадлал бий байх.
-Та Интернетийн эрх чөлөөний тухай хууль санаачилсан байсан?
-Миний Интернетийн эрх чөлөөний тухай хууль бол Э.Бат-Үүл ахын Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай яг ижилхэн. Хамгийн энгийн, ойлгомжтой, тунхаг шинжтэй, нэг хуудсанд багтсан байгаа. Интернетийн орон зайд гуравхан зүйлийг л барьж авсан. Үг хэлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх гэсэн эрхүүдийг баталгаажуулсан л хууль. Хоёрдугаарт, Монголын төр интернетэд энэ гурван чиглэлээр цензур тавихгүй, цензурыг санхүүжүүлэхгүй, цензурын байгууллага байгуулахгүй, хориглосон хууль гаргахгүй гэж байгаа. Тэгээд хэн нэгнийг доромжилсон ч юм уу, асуудал үүсвэл шүүхэд ханд. Аливаа гэм буруутай үйлдлийг зөвхөн шүүх тогтооно гэж оруулсан байгаа.
-Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй байхад аливаа шүүхийн хэмжээний шийтгэл оногдуулж болохгүй шүү дээ. Та ч сая хэллээ. “Хаан жимс” амралтын газрын асуудлаар Amjilt.com сайтыг хаасан нь яг л тийм зүйл болсон?
-Бидний өргөн барих гэж байгаа Интернетийн тухай хууль батлагдчих юм бол тийм асуудал байхгүй л гэсэн үг. “Хаан жимс”-т асуудал байгаа бол Amjilt.com-ыг хаалгах биш шүүхэд хандах ёстой. Тэгээд ч Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нар бол зүгээр л ийм авиртай л хүмүүс байхгүй юу.
- Ардчилал ярьсан хүн болгон ардчилсан байдаггүй -
-Таны өргөн барьж байгаа хуулийн төсөл мэдээж сайхан санагдаж байна. Гэхдээ ардчилсан засаглалтай, ардчилсан Ерөнхийлөгчтэй улсад яагаад хэвлэлийн эрх чөлөө ийм хаагдмал байдалд хүрчихэв ээ?
-Ардчилал ярьсан хүн болгон ардчилсан байдаггүй юм байна гэдгийг сая ойлголоо гэж Э.Бат-Үүл ах Н.Алтанхуягийн талаар ярихдаа хэлсэн шүү дээ. Нөгөө талаас түрүүний ярьсан бидний суурь тогтолцоо болохгүй байгаатай холбоотой.
-Таныг хөндлөнгөөс харахад бусад хүмүүсээс илүү өөрөөрөө байж чаддаг юм шиг санагддаг. Та яг өөрөөрөө байж чаддаг уу?
-Би өөрөөрөө байж чадаж байгаадаа сэтгэл хангалуун байдаг.
-Та дарамтад ордог уу?
-Дарамтад оролгүй яахав. Гэхдээ тэр дарамтыг дарамт биш гэж тооцох ёстой. Яаж ч дарамталсан бүр л босч ирэх ёстой байхгүй юу. Ер нь МоАХ-ынхан тийм л байдаг. Намайг өнгөрсөн хугацаанд дарах гэж өчнөөн оролдсон. Тэгээд болохгүй гэдгийг нь ойлгосон л байхгүй юу.
-УИХ-ын гишүүн байна, улс эх орны нүүр царай байна гэдэг их том хариуцлага гэж ойлгодог л доо. Энэ ч утгаараа тодорхой нэг хэм хэмжээнд баригдах ёстой юм шиг санагддаг юм?
-УИХ-ын гишүүн бол гишүүнийхээ ажил үүргийг хэрэгжүүлэхдээ л УИХ-ын гишүүн болохоос бусад цагт бол би зүгээр л иргэн М.Зоригт шүү дээ. Гишүүн болчихоод идэж уугаад, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдоод явж байгаа хүмүүсийг бол үзэн яддаг. Зүгээр хүн хүнээрээ байна гэдэг чинь үүнээс тэс ондоо зүйл.
-Та зураг авах хоббитой. Энэ талаараа жаахан яриач?
-Би зүгээр л жирийн монгол ахуй, байгаль, хүний зан араншинг сонирхдог юм. Би архи, дарс хэрэглэдэггүй болохоор холын замыг зураг авч л бардаг. Надад мэргэжлийн зурагчин шиг хөл зоогоод, хэдэн цагаар зогсож байгаад зураг авах боломж олддоггүй. Харин машины цонхоор бол “буудчихна”. Морь харахдаа хэдэн зураг дарчихна. Түгжрээд явж байхдаа гудамжинд байгаа нөхцөл байдлын талаар зураг дарчихна. Айлд ороод уулзалт хийж байхдаа монгол ахуй, монгол хоол, боорцогны зураг авчихдаг. Яагаад ч юм бидний мэддэг, Монгол гэдгээрээ бахархаж чаддаг тэр зүйлүүд бидний амьдралаас улам холдоод байгаа юм шиг санагддаг юм. Тийм болохоор өөрийн бололцооны хэрээр л тэр бүгдийг авч үлдэх гэсэн санаатай гэх үү дээ.
-Таны Н.Алтанхуягийн PR-т өртсөн гээд байгаа өнөөх зургийн талаар асуумаар санагдлаа. Үнэхээр та тэнд хоёр хүн байгааг нь хараагүй шэйрлэсэн гэж үү?
-Хүн байхыг нь бол харсан. Гэхдээ хоёр хүн гэж бол хараагүй. Тэр зургийг одоо гар утсан дээр нээх юм бол тэгж л харагдана. Гэхдээ цаад талын тэр агаар, уул хад бол үнэхээр гоё харагдаж байгаа юм. Орой ажлаа тараад явж байсан чинь манай нэг сайн нөхөр, сайн ах надад наадахаа жиргэ гэж зөвлөсөн юм. Н.Алтанхуягийн PR баг миний юун дээр нь ажиллах вэ гэдгээ хайгаад явж байсан үе нь таараад олон хоног тэр зурган дээр ажилласан ш дээ. Би тэдэнд зүгээр өгөөш л хаясан.
-Үүнээс гадна яруу найрагч Д.Отгонцагааны нүцгэн зургийг бас шэйрлэсэн байсан?
-Д.Отгонцагааны зургийг би тавиагүй ш дээ. Д.Отгонцагаан өөрөө би сайхан амарч явна гээд зургаа оруулчихсан байхаар нь манай Д.Отгонцагаан яаж байгаа юм бол доо гээд сонин санагдаад цааш нь рэтвийт хийчихсэн юм.
-Бас жүжигчин А.Ганчимэгтэй хамт авахуулсан зургаар жиргэсэн?
-Би Сүхбаатар руу явах гээд дэлгүүр орчихоод гарч ирсэн чинь үүдэнд тэд нар киноны зураг авалт хийж байсан юм. Манай Ганаа чинь миний хийсэн “Наран мандах нутаг” гээд олон ангит киног амилуулж өгсөн сайн охин байхгүй юу. Тэгээд л хамт зургаа авахуулъя гээд зогстол тэр агшинд салхи үлээсэн. Тэгээд Ганаа хормойгоо дарах гэж оролдож байтал зураг дарчихсан юм шиг байгаа юм. Би тэрийг нь анзааралгүй жиргэчихээд хөдөө гарсан. Замд сүлжээ орохоор нь харсан чинь бөөн юм болчихсон байсан.
-Монгол камасутрагийн зураг бас байгаа шүү дээ?
-Монгол камасутра гэдэг чинь Монголын эртний зураг. Монгол зураг, монгол дүрслэх урлаг гэдэг чинь тийм хавтгай байдаг юм. Марзан Шарав гуай бол эртний монгол зургуудыг социалист хэв маягууд руу оруулаад арай өөр болгочихсон юм. Занабазар гуайн үеийн зураг бол яг л тэр камасутрагийнх шиг хавтгай зураг байхгүй юу.
-Жишээ нь, би тийм зураг жиргэхэд хэн ч энэ талаар сүр болгож яриад Оросын хэвлэлд бичихгүй. Гэтэл та бол парламентийн гишүүн, Монголын нүүр царай, шийдвэр гаргадаг хүн учраас танд давж болохгүй хэм хэмжээ байгаа гэж олон нийт хараад байна?
-Парламентийн гишүүн, Засгийн газрын гишүүн хоёр өөр шүү дээ. Жишээ нь, соёлын сайд тийм зураг жиргэвэл болно шүү дээ. Тэр чинь урлаг. Надад бол маш олон зураг байдаг. Дотор нь эмэгтэй хүмүүсийн тэр байтугай л зураг бий. Дүрслэх урлагийн сургуулийн анхны хичээлд нь л нүцгэн хүн зуруулдаг биз дээ. Хүний бие бүдүүн байна уу, нарийн байна уу гэдэг нь огт хамааралгүй. Өөрөө урлаг шүү дээ. Гэхдээ би зөвхөн ийм зураг аваад дагнаад байгаа юм биш. Би ер нь өөрийн фото зургийн үзэсгэлэн гаргая гэж боддог юм.
-Та саяын асуусан хэм хэмжээ гэдэг зүйлд ерөөсөө хариулахгүй юм?
-УИХ-ын гишүүн бол 76-уулаа тэр зааланд суугаад шийдвэр гаргаж байхдаа эрх хэмжээ нь хэрэгждэг юм. Харин дараа нь 76 тийшээ салаад явчихвал зүгээр л иргэн болчихдог.
Мэдэхгүй юм. Жишээ нь, Италид биеэ үнэлдэг эмэгтэй УИХ-ын гишүүн байдаг ш дээ. Насаараа биеэ үнэлчихээд парламентийн гишүүн болчихсон. Би Монголд заавал тийм байх ёстой гэж хэлж байгаа юм биш л дээ. Монгол Улсад төлөөллийн ардчилал байдаг. Өөрөөр хэлбэл, хэн нэгнээр төлөөлүүлээд ардчиллыг хэрэгжүүлэх гээд байгаа юм. Харин тэр төлөөлөх хүн нь Зоригоо, Дулмаа хэн ч байж болно. Би Сүхбаатар аймгийн иргэдийг төлөөлж энд байгаа болохоос тэдэнд үлгэр жишээ болж, гоё дээл хуартай харагдах үүрэг хүлээгээгүй. Би УИХ-ын танхим руу орохдоо костьюм өмсдөг. Бусад үед бол энгийн хувцас өмсдөг. Өнөөдөр миний ярилцлагыг унших хүмүүсийг хүндлээд би хослол өмсөөд ирлээ. Ёс зүйн хэм хэмжээ гэдэг чинь энд л гарч ирж байгаа юм.
-Та ан хийдэг үү?
-Үгүй. Ан гөрөө бол замд их таардаг. Би хөөж байгаад зургийг нь л авдаг. Тэр хол нисэж байгаа шувууг татаж ирээд фокустай зургийг нь авна гэдэг чинь буудсантай л адилхан ш дээ.
-Та зураг авахаас өөр зүйлд цаг зарцуулж байна уу?
-Би зураг авахад цаг зарцуулдаггүй. Зураг авах гээд тусад нь цаг гаргаад явах зав байдаггүй юм. Хөдөө гадаа явах, хурал цуглаанд очихдоо зургийн аппаратаа авч яваад л ажлынхаа хажуугаар хэдэн зураг дарчихдаг. Тэгээд орой нь гэртээ ирээд компьютер дээрээ авсан зургуудаа хараад суух шиг жаргал байхгүй шүү дээ.
-Сошиал медиа гэдэг бол жинхэнэ ардчилал-
-Өнөөдөр сошиал медиа үнэхээр хүчтэй болсон гэдэгт ихэнх хүмүүс санал нийлэх байх. Харин энэ сошиал медиагийн хүчийг захирч байх гэсэн хэсэг бүлэг хүн бий болчихсон юм шиг анзаарагдаад байх юм. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Сошиал медиа гэдэг бол жинхэнэ ардчилал. Жирийн ард иргэдийн хүч тэнд байгаа. Эрх баригчид яагаад дандаа сошиал медиаг хумих гэж оролддог юм. Тэнд л дурын иргэн дуртай хатуу үгээ хэлж чаддаг, тэр нь олон нийтэд хүрдэг. Жишээ нь, нэг болохгүй хэрэг гарлаа гэж бодоход би Х.Тэмүүжин сайдын твиттер хаягийг тааглаж байгаад биччихнэ. Тэгэхээр Х.Тэмүүжин сайдад М.Зоригт гишүүн тийм юм хэлчихлээ. Одоо сайд ямар шийдвэр гаргах бол гэдгийг олон нийт харчихаж байгаа юм. Тэрнээс биш зүгээр нэг ордны хонгилд таараад Х.Тэмүүжин, нэг тийм асуудал байгаа тэрийг харчихаарай гэж хэлэх чинь ондоо шүү дээ. Тийм болохоор өнөөдөр энэ интернетийн эрх чөлөөг баталгаажуулж авч үлдэх, олон олон сайтыг Amjilt.com шиг хаалгахгүйн тулд сууриа л өөрчлөхөөс л эхэлж ажиллах хэрэгтэй.
Урд нь би чуулган дээр сууж байгаад хааяа нэг тамхи татах гээд ч юм уу босно л доо. Тэгэхээр ээж залгаад “Чи хаашаа гарах гээд байгаа юм. Хуралдаа суу” гээд л загнана. Одоо бол ганц ээж биш твиттер, фэйсбүүкээр олон хүн яагаад хуралдаа суухгүй байна, суугаач гээд л хэлдэг болсон.
-Та дунд сургуульд байхдаа хэд сурдаг байсан бэ?
-Би дунд авч үзээгүй. Онц, сайн л авдаг байсан. Гэхдээ онц нь илүү байсан байх.
-Социалист уралдаанд түрүүлдэг байсан уу?
-Дандаа л түрүүлдэг байсан.
-Ардчилсан намынхан социалист нийгмийн үед хичээлдээ суудаггүй, хулигаан зантай, муу авдаг, сургуулиас хөөгддөг нөхдүүд байсан. Наймаа хийж гахай үүрч яваад нам байгуулсан болохоор мэдлэг боловсрол дулимаг гэх зэрэг шүүмжлэлийг нэг бус удаа сонсож байсан юм. Үүнтэй та санал нийлэх үү?
-Би Монголын Ардчилсан холбооны анхдагчдын нэг. Монголын Оюутны холбооны анхны Ерөнхийлөгч. Анхны цуглаан жагсаал гээд бүх зүйлд явдаг байсан партизан. Ер нь бол 70 жил социализмаар замнасан намын томоохон албан тушаалтны хүүхдүүд дээд сургуульд ордог, гадагшаа явдаг байсныг монголчууд мэднэ. Харин тэр нийгмийн эсрэг босч ирсэн хүмүүс нь дандаа л захын хорооллоос, гадуурхагдаж үлдсэн хүмүүс байсан. Тэд л талбай дээр гарч ирсэн ш дээ. Амьдралын бололцоо боломж бол мэдээж нөгөө талын хүмүүсээс дор. Гэхдээ энэ бол асар хурдан арилна. Өнөөдөр зах зээл, ардчилсан тогтолцоо руу шилжээд 20-иод жил болчихлоо. Зөвхөн өөрийн мэдлэг боловсролоор аль нэг намд харьяалагдахгүйгээр сайхан амьдрах боломж бүрдсэн. Гэхдээ таны хэлдэг тэр хүмүүс одоо ч гэсэн байж л байгаа.
Аль ч орны түүхийг харахад нийгэм бүхэлдээ өөрчлөгдөхөд асар их хугацаа шаарддаг. Тэр орнуудын хөгжлийн түүхэн замналыг манай улстай харьцуулахад монголчуудын сэтгэхүйн хөгжил харьцангуй хурдан байдаг юм.
-Таны хүзүүнд зүүсэн байгаа ногоон түлхүүр анхаарал татаад байх юм?
-Би өрөөнийхөө түлхүүрийг хаа сайгүй мартчихаад болдоггүй. Туслахууд маань нэг ийм түлхүүр хийж өгсөн чинь өрөөндөө орж, гарахад харин амар болчихоод байгаа юм.
-Ярилцсанд баярлалаа.
М.Зоригт: Би бол Э.Бат-Үүл ахын сайн дүү | ||
Үзсэн: 12070 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.