Дэлхийн улс орнууд хүн төрөлхтний ирээдүй болсон 18 нас хүртэлх иргэдийн эрхийг хамгаалах тухай хүсэл зориг, алсын хараагаа нэгтгэн 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталсан билээ. Өдгөө дэлхийн 194 улс соёрхон баталж хэрэгжүүлж байгаа уг конвенци нь дэлхий дээр хамгийн олон орон хүлээн зөвшөөрч нэгдсэн эрх зүйн баримт бичиг болжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы хүрээнд Хүүхдийн эрхийн тухай конвецийн 25 жилийн ойд зориулсан өндөр түвшний бүгд хуралдаан 11 дүгээр сарын 20-ны өдөр болов. Уг бүгд хуралдааныг нээж Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы дарга Сэм Кутеца хэлсэн үгэндээ "Хүүхдийн эрхийн тухай конвенци нь хүүхэд бүрийн эрхийг хамгаалах тухай дэлхийн бүх улс үндэстний хамтын хүсэл зоригийн илэрхийлэл юм. Хүүхэд бол бидний ирээдүй тул хүүхдийг хөгжүүлснээр нийгэм эргээд түүний ашиг тусыг хүртэнэ. Тиймээс бид хүүхдийн эрхийг хамгаалж хөгжүүлэх асуудлыг 2015 оноос хөгжлийн зорилгод бүрэн дүүрэн тусгах хэрэгтэй" гэж цохон тэмдэглэв.
Бүгд хуралдаан дээр Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын болон хүүхдийн асуудлаарх тусгай илтгэгч, тусгай төлөөлөгч нарын илтгэлийг сонсож, өнгөрсөн хугацаанд олсон ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ олон улсын хамтын нийгэмлэгээс конвенцийн хэрэгжилтийн дараачийн 25 жилд анхаарах асуудал, сорилт бэрхшээлийн талаар ярилцлаа.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенцийн хороо нь хүүхдийн амьд явах жам ёсны эрх, хүүхдийн амьдрах, эсэн мэнд хөгжих эрх, хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхдийн үзэл бодлыг хүндэтгэн үзэх зэрэг чиглэлээр конвенцийн хэрэгжилтийг хянадаг ба бүгд хуралдааны яриа хэлэлцүүлэг ч энэ хүрээнд өрнөлөө.
Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 25 жилийн ой нь Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилт төгсгөлийн шатандаа орж, 2015 оноос хойших хөгжлийн зорилтыг тодорхойлох яриа хэлэлцээ ид өрнөж буй үед болж байгаа онцлогтой тул Конвенцийн хэрэгжилтийн тухай ЕНБД-ын илтгэл, бусад баримт бичгийн дүгнэлт, зөвлөмж нь хүүхдийн амьдрах аюулгүй, эрүүл орчныг бүрдүүлэх, боловсрол ба эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, тэгш бус байдал, ядуурлыг арилгах, хүүхдийн эсрэг хүчирхийллийг устгах, хүүхдийн хөгжилд хөрөнгө оруулах зэрэг тогтвортой хөгжлийн зорилгод тусгахаар яригдаж буй олон чухал асуудлыг баталж нотолсон ач холбогдлыг агуулж байна.
Дашрамд дурдахад Хүүхдийн эрхийн тухай конвенцийн гурван нэмэлт протокол байдаг ба Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг нэмэлт протоколыг 156 улс, Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, садар самуунд сурталчилахын эсрэг нэмэлт протоколыг 167 улс, Мэдээлэл хүргүүлэх журмын тухай шинэ нэмэлт протоколыг 11 улс тус тус соёрхон баталж хэрэгжүүлдэг.
Монгол Улс нь Хүүхдийн эрхийн тухай конвенцид нэгдсэн эхний таван орны нэг бөгөөд Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулахын эсрэг болон Хүүхдийг худалдах, хүүхдийн биеийг үнэлэх, садар самуунд сурталчилахын эсрэг нэмэлт протоколыг тус тус соёрхон баталсан ба Мэдээлэл хүргүүлэх журмын тухай нэмэлт протоколд 2013 онд гарын үсэг зураад байна.
НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 25 жилийн ойг тэмдэглэв | ||
Үзсэн: 975 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.