Манай энэ удаагийн “Редакцийн зочин” буланд залуу дуучин Э.Болор-Уянга уригдлаа. Тэрбээр саяхан “Намар, ганцаардал” нэртэй шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсан билээ.
-Шинэхэн уран бүтээлийнхээ талаар сонирхуулбал. Уран бүтээлийн олз омог дүүрэн л байгаа байх?
-Бүх уншигч болоод танай хамт олонд энэ өдрийн мэндийг хүргэе. Танай редакцид шинэхэн уран бүтээлээ гаргасныхаа дараа зочноор уригдаж байгаадаа маш их баяртай байна. Шинэ бүтээл маань намрын тухай дуу юм. Анх 2004 онд Б.Ангирмаа эгчтэй хамтарч дуулж байсан. Түрүү жилээс Б.Ангирмаа эгч маань надад ганцаараа дуул гэх эрхийг өгсөн л дөө. Тэгээд өнгөрсөн намар дууныхаа клипийг хийлгээд, өчигдөрхөн сонсогчдодоо өргөн барилаа. Энэ мэдээгээ хамгийн түрүүнд танай сайтаар дамжуулан задлаж байна даа.
-Саяхан цахим хаягтаа “Шинэхэн клипээ хийлгэхээр явж байна” гэж бичиж байсан. Энэ дууны клип байжээ...?
-Тэр “Миний баяр” гэх дууныхаа клипийг хийлгэхээр явж байх үеийн мэдээлэл байх. Тэр дууныхаа клипийг тун удахгүй цацахаар ажиллаж байна. Одоо монтажны ажил хийгдэж байгаа.
-“Намар, ганцаардал” дууны клипийг үзэж байхад таны дуулж буй өнгө аяс нэг талаараа дуучин Б.Ангирмаатай их төстэй санагдсан л даа. Магадгүй таныг шавь нь юм болов уу гэх бодол ч төрж байлаа?
-Дууны жанр их зөөлөн чиглэлийн болохоор намуухан дуулахаас өөр аргагүй. Энэ дууг Ангираа эгч үг, аяыг нь зохиож продюсерлэсэн болохоор ямар жанраар, ямар өнгө аястай хийсэн яг түүгээр нь дуулах ёстой байсан. Гэхдээ яг ч тийм адилхан хоолойтой биш шүү дээ. Бид уран бүтээл талаасаа найз нөхөд, энгийн үед би эгчээ гэж хүндэлж явдаг. Уран бүтээлч хүн уран бүтээлээрээ олон нийтэд танигдана гэж байдаг даа. Ангираа эгч маань яг л түүн шиг олны чихэнд хоногшсон аялгуу сайхан дуу хоолойтой, дотоод ертөнц нь романтик, намуун зөөлөн хүн учраас тэр хүний олонд хүргэсэн дууг яг л тийм байдлаар нь сонсогчдод хүргэх учиртай. Дээр нь дуу маань намар болоод ганцаардлын талаар өгүүлдэг болохоор дууныхаа утгыг гаргах гэж их хичээсэн.
-Та дууны үг, ая зохиодог уу?
-Бага байхдаа Хүүхдийн ордонд суралцдаг байлаа. Тэр үед зохиосон “Энх тайван” гэж дуу бий. Мөн өвөөгөө бурхан болоход зохиосон “Буурал өвөө” гэж дуу байгаа. Гэхдээ үүнийг манай гэр бүлийнхэн бараг мэдэхгүй байх. Магадгүй одоо л сонсож байж ч мэдэх. Энэ дууг би зөвхөн өөртөө зориулж зохиосон. Харин “Энх тайван” дууны хувьд Японд зохиогддог байсан тэмцээний урьдчилсан шалгалтад оролцохдоо зохиож дуулж байсан юм. Тэр тэмцээнд би гуравдугаар байрт орж байлаа. Энэ талаар гэрийнхэн маань одоо хүртэл мэдээгүй л байгаа байх. Тэр үед би хичээлээ таслан байж очиж шалгуулж байсан болохоор гэрийнхэндээ хэлээгүй.
Үүнээс гадна Г.Пүрэвдорж ах аялгууг нь хийсэн “Сэтгэлийн толь” гэх дууныхаа үгийг бараг би өөрөө бичсэн гэх мэтээр ганц хоёр уран бүтээлийнхээ үгийг бичих, зөвхөн өөртөө зориулж дуу зохиох үе гарна шүү.
-Магадгүй өөрөө дуулдаг болохоор дууны үг, ая зохиоход амар байдаг болов уу гэж бодогддог. Энэ талаар...?
-Тэр тийм шүү. Гэхдээ зөвхөн өөртөө зориулж зохиосон дуу, бусдад зориулсан бүтээл хоёр чинь их ялгаатай л даа. Зөвхөн өөртөө сонсоно гэдэг өөрийнхөө орон зайд л сонсохыг хэлнэ. Миний ертөнц хүн бүрт таалагдах албагүй болохоор тэр ертөнцөд би хүссэнээрээ байж болох нь ээ дээ. Харин уран бүтээлээ бусдад зориулж хийнэ гэдэг бүх хүнд таалагдах гэж хичээхийг хэлнэ. Ер нь би өөрийнхөө ертөнцөд хадгалсан, надаас өөр хэн ч мэдэхгүй уран бүтээлүүдээ яаран дэлгэе гэж бодохгүй байгаа.
-Та аль нэг продакшнд харьяалагддаг уу?
-Одоогоор МУГЖ, дуучин Б.Сарантуяа эгчийн хамтлаг болон продакшнд нь харьяалагдаж, тоглолтод нь хамт оролцож байна. Өмнө нь бол чөлөөт уран бүтээлч байсан.
-Дуучин мэргэжлийг яагаад сонгох болов. Багаасаа дуулдаг хүүхэд байв уу. Удамд тань дуучин хүн бий юу?
-Аав маань сайхан дуулдаг дуучин, хөгжимчин хүн байсан. Өвөө маань дэлхийн хоёр ч дайнд оролцож явахдаа үлээвэр хөгжмийн хамтлагт бүрээ үлээж явсан гэдэг. Ээжийн маань талд ч мундаг сайхан дуулдаг хүмүүс байсан. Миний хувьд багаасаа л тэднийгээ дагаад дуулж, хуурдах дуртай хүүхэд байлаа.
-Дуучин, тэр дундаа эмэгтэй дуучид энгийн бүсгүйчүүдээс илүү сэтгэлийн хөөрөлтэй, уярамтгай байдаг юм шиг санагддаг?
-Их амархан гомдоно. Тэгснээ их амархан мартчихна гээд их цайлган хүмүүс шүү. Урлагийн эмэгтэйчүүд ер нь нэг тиймэрхүү хүмүүс байдаг. Миний хувьд магадгүй бусдаас бүр их сэтгэлийн хөдлөлтэй юм шиг санагддаг. Зан ааш их хурдан өөрчлөгдөнө. Гэхдээ урлагийн хүмүүс их тэвчээртэй. Хэр баргийн хэл ам, яриа хөөрөөг тэсээд тэвчээд л гарчихна шүү.
-Хүмүүс сэтгэлийн хөдөлгөөнөө олон янзаар илэрхийлдэг. Дуучин хүний хувьд бухимдлаа хэрхэн тайлж, тайвширдаг бол. Хангинатал сайхан дуулаад л гаргачих уу?
-Дуулдаг хүмүүс байна. Эсрэгээрээ өөр аргаар бухимдлаа тайлдаг хүмүүс ч бий. Миний хувьд бухимдал болоод сэтгэлийнхээ хөдөлгөөнийг нүүрнийхээ хувирлаар, яг газар дээр нь илэрхийлчихдэг гэж олон хүнээс сонсож байсан. Тэгэхээр би сэтгэлийн хөдөлгөөнөө нуудаггүй шууд л харуулчихдаг юм шиг байна лээ.
-Аальгүй эмэгтэйн дүрд тоглох санал ирсэн-
-Дууны уран бүтээлээс гадна кинонд тоглож байсан. Энэ талаар яриагаа үргэлжлүүлье. Жүжиглэх ямар байв?
-Жүжиглэх үнэхээр хэцүү юм билээ. Мэргэжил болгон өөр өөрийн онцлогтой, хийж чаддаг хүн нь л хийдэг юм байна гэдгийг хэсэгхэн хугацаанд дүр бүтээхдээ ойлгосон. Кинонд тоглож байхад олон мэдэхгүй зүйл гарсан. Жишээбэл, гэнэт намайг “За уйлаарай” гээд хэлчихэж байгаа юм. Би ямар ч бэлтгэлгүй байсан болохоор худлаа л доошоо тонгойгоод нүүрээ гараараа дарах хөдөлгөөн үзүүлж байгаа байхгүй юу. Уйлах биш харин ч инээд хүрээд нүүрээ дараад зөндөө инээсэн. Кино дуусчихсан болохоор нууцаа дэлгэлээ шүү. /инээв/ Одоо бодохоор их хөгжилтэй л дөө. Боловсрол сувгаас надад анх кинонд тоглох санал ирэхэд би “Жүжиглэж чадахгүй ээ. Өөр ажлын санал тавь л даа” гэж хэлж байсан. Тэгсэн “Чи дуучин юм чинь жүжиглэж чадах л ёстой” гээд тоглуулсан л даа. Гэхдээ дуулах, жүжиглэх гэдэг чинь хоёр хол ойлголт шиг санагдсан. Тэр олон ангитай киноны зохиолыг уншиж, бэлдэнэ гэдэг тийм амар ажил биш байна билээ.
-Дахиад кинонд тоглох санал ирэв үү. Ирвэл яах вэ?
-Ирсэн. Гэхдээ одоохондоо кинонд тоглох хүсэлгүй байгаа. Кинонд тоглоно гэдэг тийм амар шийдэх асуудал биш байна лээ. Жишээлбэл, надад Сараа гэдэг хүний дүрийг бүтээх ёстой гэсэн даалгавар ирвэл би эхлээд тэр хүнийг судлах хэрэгтэй. Сараа гэдэг хүний ямар араншинг нь илүү гаргах вэ, аль талыг нь илүү илэрхийлэх вэ гэдгийг судална гээд их ажил бий.
-Нууц биш бол хаанаас ямар кинонд тоглох хүсэлт ирэв?
-Киноны эсрэг дүр буюу нэлээд аальгүй эмэгтэйн дүрд тоглох хүсэлт ирсэн л дээ. Энэ бол надаас их хол дүр. Би чинь их зөөлөн ааштай хүн шүү дээ.
-Таны урын санд хичнээн уран бүтээл байна?
-Би 2004 оноос дуунуудаа бичүүлж эхэлсэн. 2006 онд “Чамд” гэх 10 дуутай цомгоо гаргасан. Тэр үед өөр ажилтай байсан учраас цомгоо олон нийтэд сурталчилж чадаагүй. Тэрнээс хойш ээж боллоо. Нэлээд завгүй болсон учраас цомгийн ажлаа түр хойшлуулсан. Тэгээд 2012 оны сүүлч 2013 оны эхээр Эрдэнэцэцэг агсны дурсгалд зориулж, тэр хүний дуунд дуртай, хайрлаж явдаг сонсогчдод нь зориулж дуучны дуунуудыг дахин дуулсан цомог гаргасан. Гэхдээ би нэг ч цомгоо худалдаанд гаргаагүй. Өдөрлөг хийгээд хүмүүст бэлэглэсэн. Одоо надад “Тэр цомгоо дахиж хэвлээд, худалдаанд гаргаач ээ” гэх хүсэлт их ирж байгаа учраас өөрийнхөө дуулсан дуунуудыг нэмээд цомог гаргах бодол байгаа. Энэ ажил маань 2015 оны эхний ажил байх болно.
-Ер нь нэг цомог гаргахад хэдий хэмжээний хөрөнгө, зардал ордог юм бол. Нууц биш бол...?
-Студи, продакшнууд өөр өөрийн гэсэн үнэлгээтэй байдаг. Тэрийг дэлгэрэнгүй ярих боломжгүй. Яагаад гэхээр цомог бүр өөр өөр үнэлгээтэй гардаг.
-Та менежертэй юу?
-Одоогоор бүх ажлаа өөрөө л зохицуулж байна даа. Манай рок попын мундгууд намайг үргэлж дэмжиж, алдаа оноо бүрийг үнэлж, дүгнэж, зөвлөж байдаг. Жишээлбэл, би бүтэн жилийн хугацаанд Сараа эгчтэй хамтарч тоглолт хийлээ. Тэр хугацаанд би нэлээдгүй их зүйл сурч байна. Зөвхөн Сараа эгч ч гэлтгүй бусад мундгуудынхаа тоглолтод оролцох бүртэй туршлага суудаг. Яаж ажиллах вэ гэхээс гадна хоолойгоо хэрхэн бичүүлэх вэ гэдгийг их судалдаг. Надад тэр мундаг зөвлөгчид, дэмжигчид байдаг хэдий ч өнөөгийн нөхцөл байдал нь менежертэй байхыг шаарддаг болж. Гэхдээ мэдээж менежертэй болж, аль нэг продакшнд харьяалагдахыг хүсэлгүй л яахав. Яг одоогийн байдлаар манай уран бүтээлчдийн олонх нь өөрсдөө менежерээ хийгээд л явдаг. Ер нь өөрсдөө сайн менежер байвал ажил төрөл нь илүү сайн бүтдэг юм шиг санагддаг шүү.
-Нэг үеэ бодвол техник технологи их хөгжиж байна. Энэ нь уран бүтээл хийхэд нөлөөлж байна уу?
-Анх дуулж эхэлсэнтэй харьцуулахад, одооны техникүүд их хөгжсөн. Дуу бичлэгийн студи ч олон болсон. Бүх юм бэлэн болсон гээд хөдөлмөрөө бага зарцуулбал урлагт хөл алдана. Энэ хөгжил ганц урлаг гэлтгүй олон салбарт харагдаж байгаа. Техник, технологи хөгжихийн хэрээр уран бүтээлчдээс илүү хөдөлмөр шаарддаг болсон цаг. Одоо уран бүтээлээ олон нийтэд хүргэхийн тулд чанартай, шинэлэг зүйл хийх шаардлагатай. Үүний тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй.
-Би хүмүүст дуугаа хүчээр сонсгож чадахгүй-
-Урлагийн салбар маш хатуу гэж ярьдаг. Шантрах үе гарч байв уу. Эсвэл эмэгтэй хүний дайчин зангаар үзээд байна уу?
-Шантрах үе байлгүй яахав. Миний уран бүтээл хүмүүст таалагдахгүй үе байна. Эхэндээ мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарна. Түүнийг уншаад сэтгэл санаагаар их унадаг байлаа. Тэр болгонд миний эргэн тойрныхон тоох хэрэггүй гэдэг байсан. Тэгсэн ч гэсэн олон нийтийн дунд муухайгаар танигдахыг хүсдэггүй учраас сэтгэлд нэг юм үлдээд байдаг юм. Тийм үед “Ер нь болъё” ч бодогдоно. Гэхдээ амьдрал баялаг учраас “Юу ч тохиолдсон үүний ард гарна. Энэ бол миний сонгосон зам” гэж хатуужиж, урагш алхдаг юм билээ. Муу яриа болгонд сэтгэл санаагаар унаад, автаад байвал урагшлах бус ухардаг юм шиг санагдсан. Ерөөсөө л сөрж даваад аливаа юм сайн, муу хоёр талтайг мэдрэх хэрэгтэй.
-Дуучдын дунд өрсөлдөөн их болсон. Чадварлаг дуучид ч олон болж. Тэдгээрээс та ямар талаараа илүү онцгойрч байна вэ?
-Дуучин болгонд өөр өөрийн гэсэн стиль, төрөл гэж байгаа. Тэрийг сонсогчид ялгана. Өөрөөр хэлбэл, олон нийт хамгийн шударга шүүгчид байдаг. Би хэзээ ч хэн нэгэнд өөрийн дууг хүчээр сонсгож чадахгүй. Миний хувьд би хэн нэгэн дуучинтай өрсөлдөөд, тэр тийм дуу дуулчихаж, би ийм юм хийнэ гэдэггүй. Тэгж өөртөө зохимжгүй төрлөөр дуулснаас зүгээр өөрийнхөө хоолойны өнгө аяст тохирсон дууг дуулах нь надад таалагддаг. Хамгийн гол нь би өөртөө эхэлж таалагдах хэрэгтэй. Шууд хүнд таалагдах гэж уран бүтээл хийвэл хэзээ ч миний уран бүтээл олон нийтэд хүрэхгүй. Мөн өөрийгөө болоод олон нийтийг хуурсан явдал шүү дээ. Сэтгэлээс гарсан дуу л хүнд хүрдэг.
-Та шинэ жилийн дуутай юу?
-Миний шинэ жилийн дуу энэ долоо хоногт гарна. Одоо монтажны ажилдаа явж байна.
-Шинэ жилийн дуу сонсогчдод маш гоё мэдрэмж өгдөг. Таны шинэ жилийн дуу ямар өнгө аясыг сонсогчдод мэдрүүлэх бол...?
-Хүмүүс арваннэгдүгээр сар гараад л шинэ жилийн талаар ярьж эхэлдэг. Эмэгтэйчүүд гоёлын даашинзаа сонгох, үсээ засуулах зэрэг шинэ жилийн баярын өмнөх уур амьсгал их гоё шүү дээ. Энэ дуугаараа яг үүнийг л хүмүүст харуулж, мэдрүүлэхийг хүссэн. Ерөнхийдөө шинэ жилийн баяртаа бэлдэж байгаа залуу бүсгүйн тухай өгүүлнэ. Дууны хэмнэл маш цоглог.
-Сэтгэлээсээ дуулсан дуу хүнд хүрдэг гэлээ. Хэн нэгэнд зориулж дуу дуулж байв уу?
-Хэн нэгэн залууд зориулж дуулж байсангүй. Харин нэг удаа аавыгаа бодож дуу зохиож байсан. 2006 онд нэг дуу бичүүлж байхад аав маань бурхны оронд заларсан. Тэр үед аавыгаа бодоод, сэтгэл зүрхнээсээ дуулсан болохоор олон цагийн хөдөлмөр гаргаагүй. Ердөө хоёр удаа дуулаад бичүүлж байсан. Тэр дуу яг аавдаа зориулсан дуу байгаагүй. Тиймээс аавдаа зориулж үг зохиогоод, дуу хийнэ гэсэн бодол байгаа. Мөн ээждээ зориулж дуу хийлгэхээр төлөвлөсөн байгаа. Үг нь бэлэн болсон.
-Нэг дуу бүтээхэд хэр их хугацаа зарцуулдаг вэ?
-Дуу болгоны онцлогоос шалтгаалаад өөр өөр. Бүх юм нь таараад хурдан гардаг дуу байхад, хэдэн жилийн хөдөлмөр шаарддаг ч дуу байна.
-Энэ дууг дуулаад олны хүртээл болгоод өгөөч гэсэн санал ирж байв уу?
-Бараг үгүй дээ. Нэг телевизийн шууд ярилцлагад орж байхад, нэг хүн хоёр дуу надад өгч байсан.
-Караокед ороод өөрийнхөө дууг дуулдаг уу?
-Үгүй. Ер нь караоке орох дургүй. Найз нөхөдтэйгөө орох үед дуугүй дүмбийж суусаар байгаад гардаг.
-Яагаад. Дуучин хүн чинь чаддаг юмаараа гайхуулж явбал сайхан биш үү?
-Хүмүүсийн дуулаад баясаж байгааг харах надад сайхан байдаг юм аа.
-Дуучны хувьд олон газар урилгаар дуулдаг биз. Манайхны ярьдгаар халтуур хэр хийж байна?
-Тэр болгонд яваад байх цаг зав байдаггүй. Дуугаа олон нийтэд хүргэх болон амьдралд нэмэртэй учраас аль болох олон газарт очиж дуулахыг бодно. Сүүлийн нэг жилийн хугацаанд дуучин Б.Сарантуяа эгчийн тоглолтод оролцсон. Мөн “Говь” ХХК-ийн арга хэмжээнд дуулсан.
-Өнөө, маргаашийн зовлонд тээртээд байвал бүх зүйл бүтэхгүй шүү дээ-
-Энэ шинэ жилийн тухайд захиалга хэр байна?
-Гэрээтэй хэдэн газрын шинэ жилд оролцоно. Тэгээд л шинэ жилийн арга хэмжээ дуусах байх.
-Он солигдох мөчид ажлаа хийж явсан тохиолдол байв уу?
-Байсан. Уг нь гэрийнхэнтэйгээ шинэ он гаргахыг боддог. Гэхдээ энэ тохиолдол маш цөөн. Уран бүтээл завсарласан үед л гэртээ он гаргаж байсан байх. Бусад үед гадуур он гаргасан тохиолдол олон шүү. Нэг удаа урд хөршид тоглолтоор явж байгаад орон нутгийн галт тэргэнд он гаргаж байсан хөгжилтэй ч гэмээр явдал гарч байлаа.
-Нэг арга хэмжээнд хэдэн төгрөгөөр дуулдаг вэ?
-Тэрийг хэлмээргүй байна.
-Таны хувьд хамгийн дурсгалтай шинэ жил хэзээнийх вэ?
-Ер нь шинэ жил, төрсөн өдөр миний хамгийн дуртай баяр. Мэдээж хүүхэд байхад гэр бүлээрээ тэмдэглэсэн шинэ жилийн баяр хамгийн гоё. Сүүлд гэвэл гэртээ охинтойгоо тэмдэглэсэн шинэ жил хамгийн дурсамжтай нь байсан.
-Уран бүтээлийн хажуугаар охиндоо хэр цаг зарцуулж байна?
-Байнга хамт явдаг. Хөдөө тоглолтоор явахдаа хүртэл дагуулаад явдаг. Одоо цэцэрлэгт өгсөн учраас жаахан холдоод байна.
-Урлагийн эмэгтэйчүүд их тэвчээртэй санагддаг?
-Би охинтойгоо хоёулаа амьдарч байгаа. Хүн гэдэг амьтан чинь өнөө, маргаашийн зовлонд тээртээд, надад хэцүү байна гээд байх юм бол бүхий л зүйл болж бүтэхгүй шүү дээ. Урлагийн хүн болоод ч тэр үү, ямар нэгэн асуудал болохоор тэрүүхэн үедээ гомдчихоод мартчихна. Тэгээд л төд удалгүй инээгээд явж байдаг. Бүх зүйл дээр яана аа, яана аа гээд сандраад байвал бүтэхгүй шүү дээ. Өөрөө өөрийгөө зоригжуулж урам өгдөг. Өглөө гарахдаа “За миний ажил амжих ботугай” гээд өөртөө хэлчих хэрэгтэй. Ер нь завгүй байгаад байхаар асуудал асуудал биш болдог юм шиг санагддаг.
-Өөрийгөө ямар нэгэн улиралтай зүйрлэвэл?
-Би зуны улиралд дуртай. Бүх зүйлийг хурдан мартаад, уучилж чаддаг учраас халуун, дулаан зунтай зүйрлэгдмээр байна. Гэхдээ заавал зүйрлүүлвэл шүү дээ. Болж өгвөл хүнд халуун дулаан уур амьсгал бэлэглэж явах юмсан л гэж боддог.
-Уран бүтээлч хүмүүс цаанаасаа л хүнд эерэг энерги өгдөг юм болов уу гэж боддог шүү?
-Гоё дуу бүтээгээд тайзан дээрээс үзэгчдэдээ хүргэхэд алга таших чимээнээр л урам авдаг. Хэрвээ алга ташихгүй бол эвгүй болно биз дээ.
-Үзэгчид хүлээж авахгүй тохиолдолтой учирч байв уу?
-Хөдөө тоглолтоор явж байхад бас эвгүй. Нутаг нутгийн хүмүүсийн онцлог гэж байдаг. Одоо бол харьцангуй гайгүй болчихсон. Гэхдээ саяхан анзаарч байхад Увс аймгийнхан жаахан хэцүү санагдсан. Харин хамгийн их сэтгэл хөдлөлтэй хүлээж авдаг нь Дорнодынхон. Ямар ч тоглолт очсон хүлээж авч чаддаг. Увс аймгийнхан жаахан их зантай ч юм шиг санагдсан. Гэхдээ би бас ингэж бодсон. Яахав би чаддаг гэсэн бодолтой өөртөө итгэлтэй хүмүүс юм билээ. Намайг дуулж дууссаны дараа үзэгчид алга ташихгүй байсан тохиолдол байхгүй ээ.
-Танай үеийн эмэгтэй дуучдын дунд өрсөлдөөн хэр байдаг вэ?
-Сайн мэдэхгүй юм. Тодорхой хэмжээнд байдаг л байх. Миний хувьд гэвэл бүгдэнтэй нь найз. Ямар ч байсан бүгдээрээ эвтэй байдаг. Өнгөрсөн онд Б.Сарантуяа эгч төрсөн өдрөөрөө нэг үеийн эмэгтэй дуучдыг цуглуулж, танилцуулж, эерэг уур амьсгал бүрдүүлсэн. Түүнээс хойш нэгнийгээ бид дэмждэг болсон доо. Нэг нь уран бүтээл хийж байхад ч юм уу, эсвэл ээж боллоо гэхэд заавал очдог. Нэгнийхээ тоглолтыг заавал мөнгөөр нь үздэг.
-Зүрхний цооролттой зургаан сартай хүүхдэд тусламж хайж байгаа-
-Та хүмүүнлэгийн үйлсэд гар бие их оролцдог?
-Өнгөрсөн жил өөрөө санаачлаад эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан эмэгтэйчүүдтэй уулзсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй уулзаж, дуулж өгөх, уулзалт хийх гээд өөрийнхөө хэмжээнд олон ажил хийж байгаа. Намайг анх очиход нэг сартай зүрхний цооролттой хүүхэд байсан. Одоо зургаан сартай бид тусламж хайгаад л байгаа. Ээж нь намайг дуулдаг болохоор, олон түмэнд хүргэхэд туслаач гэсэн. Цаг хугацаа өнгөрөөд л байна. Би хааяа очиж эргэдэг. Утсаар бол байнга холбоотой байдаг.
-Эрүүл мэндийн яам гэх мэт байгууллагууд туслаач гэхэд яаж хүлээж авдаг вэ?
-Хүлээж авдаг л даа. Ганцхан би биш хэдэн зуун тусламж гуйсан өргөдөл байдаг. Эрүүл мэндийн яамнаас аль болох туслах гэж хичээдэг. Халамжийн мөнгө гээд хэдэн төгрөг өгдөг юм билээ. Тэр нь эмчилгээ гэхээсээ онош гэж явсаар байтал дуусчихдаг. Хувийн ЭХО-нууд чинь 40, 50 мянгаас дээшээ үнэтэй. Гэхдээ зарим зүрхний эмч нар өөрсдийнхөө зүгээс туслаж болох юу байна тэр бүгдийг үзүүлж л байна. Энэ хүүхдэд туслах гээд сошиал ертөнц ашиглахаас илүүтэйгээр олон улсын байгууллага, эрүүл мэндийн тусламжийн ямар нэгэн үйл ажиллагаанд хамруулчих санаатай хөөцөлдөж байгаа. Тийм байгууллагуудад хандчихвал зардлыг нь даагаад улсдаа очоод үнэгүй хагалгаа хийлгэчихдэг юм билээ. Зарим нэг ийм үйл ажиллагаа явуулдаг газрууд хандчихаад л хүлээж байна даа.
-Их сайхан санагдаж байна. Ээж хүн, үр хүүхэдтэйгээ адилхан хүний хүүхдийн төлөө ингэж зүтгэж байгааг харах бахархмаар санагдлаа. Манай урлагийнхан ер нь энэ тал дээр сэтгэлээсээ ханддаг байх шүү?
-Тийм ээ. Манай уран бүтээлчид энэ талын тоглолт, үйл ажиллагаанд сэтгэлээсээ хандаж, оролцдог. Тэгээд тэр бүр би ийм, тийм хүнд ингэж тусаллаа гээд яриад байдаггүй. “Энд нэг хандивын тоглолт болж байна. Ирээд дуулаад өгөөч” гэхэд зав тааруухан байлаа ч очоод дуулдаг. Ялангуяа манай эмэгтэй дуучид өөрийнх нь үүрэг мэт, ажил мэт хийгээд л явж байгаа харагддаг юм. Түүнээс биш би ганцаараа хүмүүнлэгийн ажил хийж, ганцаараа л хандивын тоглолтод оролцоод байгаа биш шүү. Манай урлагийнхан бүгд л хийж байгаа.
-Уран бүтээлийн хувьд цаашид цомог гаргах, бие даасан тоглолт хийх гээд төлөвлөгөө байгаа байх. Энэ талаар тодруулбал?
-2015 оны хамгийн эхний төлөвлөгөө шинэ цомгийн ажил байна. Тоглолтын хувьд нэг их нүсэр тоглолт төлөвлөхгүй байгаа. Он гаргаад цомгийн баяраа бол хийнэ. Бага хэмжээний тоглолтуудыг бол зохион байгуулахаар бодож байгаа.
Өөр бодсон санасан, төлөвлөгөө болгоод гаргачихсан зүйлүүд бий. Хүн дотроо санасан зүйлээ урьдчилаад ярьчихаар бүтдэггүй гэдэг шүү дээ. Тэгэхлээр одоо хэлэхэд эрт байна. Тэр ажил төрлөө эхлүүлэхээр “За би ингэж байгаа шүү” гээд танай уншигчидтай дахиад уулзах байх.
-Дуучин хүний хувьд “ам барих” гэдэгтэй санал нийлдэг үү?
-Миний хувьд одоохондоо ам барьсан зүйлгүй. Гэхдээ ам барих тохиолдол дуучдад гарна. Яагаад гэвэл тухайн дуулах газрын техник, дуугаралт таалагдахгүй, сонсогчдод гоёор хүрч чадахааргүй бол ам барихаас өөр аргагүй. Энэ бол дуучнаас биш арга хэмжээ зохион байгуулж буй орчноос л шалтгаална. Үнэхээр мөнгө төлөөд ирсэн тэр хүмүүсийн өмнө муу техникээр, муухай дуулж хэзээ ч болохгүй. Яагаад гэвэл тэр үзэгчид дуучныг нөгөө л гоё дуулдгаар сонсохыг хүсдэг байхгүй юу. Бусдаар бол дуучид ам бариад байх хүсэлгүй. Аль болох дуулж л байвал өөрт сайхан байна шүү дээ. Гэхдээ сүүлийн үед ажил зохион байгуулж байгаа газруудын техник сайжирсан байна. Хамтлаг дуучид ч “амьд” тоглолт үзүүлэх сонирхолтой болсон байна. Тэр байтугай нэг дуу дуулахдаа хүртэл амьд хөгжимтэй ирж дуулдаг болж. Ийм л байх ёстой. Энд харин залуу дуучид бид өөрсдөөсөө эхэлж, ийм жишиг тогтоож байна. Саяхан МУГЖ, поп дива Б.Сарантуяа эгч хүртэл амьд хөгжимтэй, амьдаар дуулах, тэр дуугаралтын гайхамшгийг орон даяар хүргээд ирлээ. Энэ бол бас л сайн үлгэр дуурайлал шүү.
-Амьд тоглолт хийнэ гэдэг зардал мөнгөний хувьд нэлээд ихийг шаардах байх?
-21 аймгаар тоглолттой явахад тэр олон хүний ажлын хөлс, хөгжимчдөд өгөх цалин, бензин тосны мөнгө, уран бүтээлчдийн нүүр будалт, тайзны засал, хоол унд гээд зардал мөнгө их хэрэг болно. Ингэхээр ашиг гэдэг зүйл бараг байхгүй. Нэг их алдагдалгүй л дээ. Хүмүүсд амьд хөгжмийг мэдрүүлж, соёлыг түгээн, тоглолтоо хүргэнэ гэдэг гарах зардал мөнгөнөөс ч үнэ цэнэтэй. Түүнээс биш гарч байгаа зардлаа нөхөх, ашиг олох үүднээс тэр хүмүүст тоглолтын билетээ шахвал тэр хүмүүс ч авахгүй. Авах ч боломжгүй юм билээ.
Хэрэв жаахан ашигтай талаасаа харна гэвэл магадгүй цөөн хүрээнд VIP тоглолт хийх ч юм уу арай өөр орчинд тоглох шаардлагатай болох байх л даа. Би бол тэгж л ойлгодог.
-Дуучид сонгуулийн ажлаар орон нутгаар их явдаг байсан. Гадаа ширүүн салхинд дуулах тохиолдол ч байна. Ингэхээр хоолой хэцүү болно доо?
-Дээхнэ үед хөдөөгүүр сонгуулийн ажил гээд уран бүтээлчид их явдаг байсан. Одоо тийм байхаа больсон шүү дээ. Тэр үед гадаа хөгжим техникээ зоогоод хаанаас салхи салхилна хааж зогсоод л дуулна даа. Салхины янзаар эргээд л...
Олон хүн цуглуулчихаад дуулж байж хариуцлагагүй ажиллаж болохгүй. Нэг удаа “Сансар” телевизийн бил үү дээ арга хэмжээ гадаа болсон юм. Сайхан нартай, тогтуухан өдөр байсан л даа. Тэгсэн яг намайг дуулахын өмнө гэнэтхэн л салхи шуурга дэгдсэн. Тайзан дээрээ гараад ирчихсэн байсан. Тэгтэл тоглолтын “ди жи” цаг агаарын байдлыг харгалзаад хоолойтой бичлэг тавьчихсан, бичлэг яваад эхлэхээр нь бүр гайхаад би “Хүүе унтраагаарай наадах чинь буруу нь байна. Дахиад эхлүүл” гэж хэлсэн. Дахиж эхлүүлээд дуулах гэтэл Долгион ах хүрч ирээд “За та нар харж байна уу, манай дуучин Э.Болор-Уянга хэдий шуургатай байгаа ч амьд дуулна гэж байна. Сая бичлэг нь андуурагдаж байхад өөрөө хэлээд болиулж байна” гэж тайлбарлаж өгч билээ. Энэ 6-7 жилийн өмнө болсон явдал. Энэ мэт миний хувьд бол амьд дуулахыг илүүд үздэг. Бас нэг хөгжилтэй зүйлийг яръя. Хэзээний шинэ жил гэдгийг нь сайн санахгүй байна. Баянгол ресторанд нэг арга хэмжээнд дуулахгүй юу. Тэгсэн урьд орой нь миний хоолой үнэхээр их өвдөөд. Гэтэл дуулахгүй байж болдоггүй. Яалт ч үгүй дуулахаар болоод тайз руу гарсан. Ядаж байхад утастай микрофон өгчихсөн. Бичлэг тавьчихсан байсан л даа. Тэгээд л уянгалаад л явж байтал нөгөө утсан дээр нь гишгэж таараад мик нь салаад уначихдаг юм байна. Гялс шүүрч авч хийгээд дуугаа үргэлжлүүлсэн. Ямар гараад гүйлтэй нь биш. Тэр үед үнэхээр их сандарсан. Ядаж байхад хүмүүс яг өөдөөс хараад суучихсан, бүжиглэх энээ тэрээ байхгүй. Жаахан нас тогтсон хүмүүс байсан юм. Би ч гүрийсээр байгаад дуугаа дуусгалаа. Дуу дуусахад тэр хүмүүс алгаа ташаад л үлдсэн дээ. Гэтэл миний хувьд нүүр улайдаггүйгээрээ улайгаад тайзны ард ороод дахиж эргэж гараагүй. Хүмүүсийг гарч дууссаны дараа гаръя гэсэн. Одоо бодоход их хөгжилтэй санагддаг. Тэр үед би л их ичиж зовсноос биш хүмүүс анзаараагүй байсан шүү.
-Манай редакцид зочилсон танд баярлалаа. Урлагийн өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.
Э.Болор-Уянга: Уран бүтээл эхлээд өөрт таалагдаж байж, дараа нь сонсогчдод үнэлэгддэг | ||
Үзсэн: 5812 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.