Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэсэн байна. Тодруулбал, Тендерийн тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг тус, тус хэлэлцээд зарим хуулийг дэмжихгүй гэдэг байр суурьт нэгджээ.
МАН-ын бүлэг Тендерийн тухай хуулийг дэмжихгүй гэж үзсэн байна. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ “МАН-ын бүлэг Тендерийн тухай хуулийг дэмжихгүй. Учир нь энэ хуульд ил тод, хариуцлагатай байх зарчим алдагдсан байна. Мөн өнгөрсөн 20 жилийн хугацаанд шалгаруулж ирсэн тендерийн ажиллагааг үгүйсгэсэн, өмнөхөөсөө ухарсан хуулийн төсөл болсон. Хуучин аймгийн Засаг дарга нар болон орон нутгийн удирдлагууд тендерийн ажлыг хариуцуулж явуулдаг байсан. Гэтэл одоо яамдын сайд нар тендерийг явуулах гэж байна. Энэ нь сайд нарт хэт их эрх мэдэл очихын илрэл. Мөн орон нутагт эрх мэдлийг өгнө гэж ярьж байгаа мөртлөө эсрэгээрээ хумигдсан байдлаар зохицуулагдсан хуулийн төсөл болсон байна. Тэгэхээр энэ хуулийг дэмжихгүй” гэв.
Харин Зөвшөөрлийн тухай хууль болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслүүдийг МАН-ын бүлэг дэмжихээр болсон байна. Эдгээр хуулиуд нь Монгол Улсын хөгжлийн төлөө болон баялаг бүтээгчдийг дэмжсэн хуулийн төслүүд болсон учир МАН-ын бүлэг дэмжээд явна гэлээ.
Дээр хуулийн төслүүдийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос дараах тодруулгыг авлаа.
-Яагаад Тендерийн тухай хуулийн төслийг эсэргүүцэж байгаа юм бэ?
-Нэгдүгээрт, энэ хуулийн төсөлд нээлттэй, ил тод, хариуцлагатай байх, аж ахуйн нгэж байгууллагуудад аль нэгэнд нь давуу тал олгохгүй ижил хандах зэрэг үндсэн зарчмууд алдагдсан байна. Хоёрдугаарт, аль болох төсвийн ерөнхийлөн захирагч, нутгийн удирдлагыг оролцуулалгүйгээр мэргэшсэн байгууллагуудаар дамжуулж шийддэг байя гэдэг асуудлыг өмнөх хуулиндаа заасан. Гэвч харамсалтай нь одоо буцааж задлаад сайд өөрөө, Засаг дарга өөрөө шийдэхээр улс төрийн албан тушаалтнаас хэт хараат байхаар Тендерийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасан байна. Энэ бол буруу, өмнөх хуулиасаа сайжруулах ёстой байтал муутгасан байгаа тул дэмжихгүй гэж манай бүлэг үзсэн.
-Тендерийн тухай хуулийн төслөөр бол "Худалдан авах ажиллагааны газар" татан буугдана гэсэн үг үү?
-Ерөнхийдөө тиймэрхүү агуулага тус хуулийн төсөлд байсан. Үүнийг бол бид дэмжихгүй байгаа юм.
-Зөвшөөрлийн турай хуульд зөвшөөрөл авахгүйгээр үйл ажиллагаа явуулах боломжтой ямар үйлчилгээнүүд багтаж байгаа вэ?
-Өмнө нь УИХ-ын хуулиар биш Засгийн газрын гишүүн тушаал гаргаад, эсвэл Засгийн газрын хуралдаанаар маш олон тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлсээр байгаад өнөөдрийн байдлаар 1000 орчим болж, үүнийг УИХ-ын гишүүн, сайд, орон нутгийн засаг дарга нар олгодог болсон байгаа. Үүнийг бид 300 орчим болгох ёстой гэж үзэж байгаа. Ингэхдээ орон нутагт олгох тусгай зөвшөөрлийг энгийн, онцгой гэж ангилж байна. Гэхдээ аль болох иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулахгүй байх, ойлгомжтой байх, хэн нэгэн дур мэдэж тусгай зөвшөөрөл гаргахгүй байх зэрэг зарчмуудыг барьж ажиллана.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.