Шууд Chart

Тэргэнцэртэй хүнд ч баяр баясгалан, гоо үзэсгэлэн бий

2014-12-17 11:39:41

“Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочдоор “Тэргэнцэртэй сайхан бүсгүй-2014” тэмцээний тэргүүн байрын эзэн Д.Цолмон, “Авьяаслаг мисс” өргөмжлөлт Ч.Тунгалагтуяа нарыг урилаа.    

 -“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээн Монголд анх удаа зохион байгуулагдлаа. Энэ тэмцээнд оролцсон сэтгэгдлээсээ хуваалцаач? 

Ч.Т: -Энэ тэмцээнтэй ижил төстэй олон тэмцээн, уралдаан дэлхийн бусад оронд зохион байгуулагддаг. Энэ тэмцээнийг Монголд яагаад зохиож болдоггүй юм бэ гээд “Бид чадна” цахим хуудас болон бидний төлөө үргэлж сайн үйлийг хийж байдаг Отгонтуяа, Болороо гэх бүсгүйчүүд санаачлан зохион байгуулсан. “Бид чадна” сайтынхан өнгөрсөн жил “Тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоу”-г зохион байгуулж байсан бол энэ жил энэ шоунаасаа гадна “Тэргэнцэртэй сайхан бүсгүй”-г шалгаруулсан. Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн гурван жилд нэг удаа зохион байгуулагдана. Харин хувцас загварын шоугаа жил бүр зохион байгуулахаар болсон. Тэмцээний сүүлд зохион байгуулагч Отгоо эгч “Энэ тэмцээнийг шүүхэд үнэхээр хэцүү байлаа. Хүч чадал, авьяас билэг нь тэнцүүхэн өрсөлдөгчдөөс ялагчийг сонгох ямагт хэцүү байдаг” гэж байсан. Энэ үгийг сонсоход ямар нэгэн хүч миний биенд орох шиг л санагдсан шүү. Тэмцээний үеэр, дараа нь ч миний фэйсбүүкийн  болоод энгийн найзуудаас “Монголд ийм олон тэргэнцэртэй хүн байдаг гэж үү” гэж асуусан. Бүсгүйчүүдийн төлөөлөл 14 хүнийг хараад л тэгтлээ гайхаж байна лээ.

Д.Ц: -“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” тэмцээнийг “Бриллиант” клуб, ИЗОУ-ын их сургууль ивээн тэтгэсэн. Энэ тэмцээнийг хоёр сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн гэж хэлж болно. Тэргэнцэртэй бүсгүйчүүдэд ямар хувцас хийж өмсүүлэх вэ гэдгээс эхлээд ажиллагаа их шаардаж байлаа. Мэдээж сууж байгаад хувцас сурталчлах, алхаад хувцас сурталчлах хоёр ялгаатай. Тиймээс тэргэнцэртэй бүсгүйчүүдийн онцлогт тааруулж хувцсаа урлах, загвараа гаргах гээд ажил их байсан. Энэ хугацаанд манай бүсгүйчүүд ч тэсвэр тэвчээр их гаргасан. Эхэндээ бид долоо хоногт нэг, хоёр удаа уулзаж, тэмцээнийхээ бэлтгэлийг хангадаг байсан бол сүүлдээ өдөр бүр шахуу уулзаж, хугацаа ойртох тусам их догдлож байсан.

Тэмцээнд бүгд л авьяастай, хүчирхэг эмэгтэйчүүд өрсөлдсөн. Миний дэргэд байгаа энэ бүсгүйн хувьд аавдаа зориулж бичсэн шүлгээрээ тэмцээний “Авьяаслаг мисс” өргөмжлөлийг хүртсэн. 

-Энэ тэмцээний зорилго юу байв? 

Ч.Т: -Тэмцээнээр дамжуулаад тэргэнцэртэй бүсгүйчүүд сайхан гэдгийг харуулах гээд байгаа юм биш. Хамгийн гол нь “Энэ бүсгүй чинь тэргэнцэртэй л болохоос хүн юм шүү. Энэ хүнд гоо сайхнаас гадна урлагийн мэдрэмж байдаг юм шүү” гэдгийг олон нийтэд мэдрүүлэхийг хүссэн. Энэ хүмүүс чинь бусадтай л адилхан зүрх сэтгэлтэй, бие махбодь, авьяас билэгтэй, нийгэмд гараад хэнээс ч гуйхгүй амьдрах чадвартай шүү гэдгийг харуулахын сацуу дэлгэцийн цаана байгаа, бидэнтэй адил хүмүүст ертөнцийг өөрөөр харах сэдлийг өгөхийг зорьсон. 

-Зөвхөн 14 бүсгүй ил гарч өрсөлдсөн гэлээ. Олонд өөрийгөө таниулах хүсэлгүй, зориггүй хичнээн бүсгүй гэртээ нуугдаж байгаа бол?

Ч.Т: -Миний мэдэхээр Монголд 16 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн бий. Энэ тоо өссөн гэж сонссон. Яг хэд болсныг нарийн мэдэхгүй байна. Эдний дунд сурч, ажиллаж, хөдөлмөрлөхийг хүссэн маш олон хүн бий. Тиймээс тэднийхээ дуу хоолой болж яваадаа маш их баяртай байдаг. Цаашдаа хэлэх газар нь ярьж л явна гэж боддог. “Хүн хэлэхээс нааш санадаггүй, цаас чичихээс наана цоордоггүй” гэдэг шиг “Бид өнөөгийн нийгэмд чинь амьдарч байгаа шүү, бидэнд унаа тэрэгнээс эхлээд хэрэгцээ гэж зүйл байна шүү, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан таатай орчныг бий болгож өгөөч ээ” гэж дуугарч л байхгүй бол биднийг байхгүй юм шиг амьдарсаар байна.  

Д.Ц: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгэмд эн тэнцүү хөгжиж, ажиллаж, амьдрах хангалттай их чадалтай хүмүүс. Тиймээс энэ хүмүүст зориулсан хүртээмжтэй орчныг бий болгож өгөөч ээ гэдгийг хэлэхийг хүссэн болохоор тайзан дээр гарсан. 

-Ч.Тунгалагтуяагийн хувьд тэмцээнд шүлэг уншиж тэргүүлсэн. Харин Д.Цолмонгийн  хувьд ямар авьяас үзүүлэв?

Д.Ц: -Өөрийн зохиосон шүлгээ уншсан. Бага байхдаа гэртээ ганцаараа үлдэх нь их байлаа. Тэр хугацаанд хүн өөрийнхөө тухай болон өөр олон зүйлийг эргэцүүлдэг юм билээ. Тэр үед л анх шүлэг бичиж эхэлсэн. 16 настай байхдаа анхны шүлгээ бичсэн. Тэр шүлэг маань “Миний бодол” нэртэй. Энэ шүлэг маань хүмүүсийн сэтгэлд их үлдсэн болов уу. Би байнга л уншдаг. Тэгээд зарим хүн намайг харахаараа “Манай нөгөө дүүлэн нисэхсэн” гэдэг охин байна шүү дээ гээд танидаг юм. 

-Тэмцээнд оролцох шийдвэрийг хэрхэн гаргав?

Д.Ц: -Анх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд дууны тэмцээн болсон юм. Тэр тэмцээнийг Отгоо эгч зохион байгуулж байсан. Тэмцээн дээр Отгоо эгч надаас “Ийм тэмцээн болох гэж байгаа. Яг хэзээ болох нь тодорхойгүй байна. Чи оролцох уу” гэж асуусан. Би өмнө нь тэргэнцэртэй иргэдийн хувцас загварын шоунд оролцож байсан учраас ер нь ийм тэмцээн зохион байгуулвал орно гээд бодчихсон байсан учраас “Оролцоно” гэж хариулсан. Энэ тэмцээний оролцогчдыг ихэвчлэн фэйсбүүк, сайтуудаар мэдээлэл цацаж, шалгаруулж авсан. 

Ч.Т: -Отгоо эгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан англи хэлний сургалт, дууны болон хувцас загварын шоуг зохион байгуулдаг, урлаг талдаа ээлтэй хүн л дээ. Түүний зохион байгуулж буй үйл ажиллагаа нь хувь хүнийг хөгжүүлэх тал руу ихэвчлэн чиглэгддэг болохоор хүмүүс ч оролцох дуртай байдаг. Энэ хүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод гэж бий. Тэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ хөгжүүлэх олон ажил хийж байгаад нь талархаж явдаг. 

-Одоо та хоёр ямар ажил эрхэлж байна?

Д.Ц: -Би энэ жил хүүтэй болсон. Өөрөөрөө төрсөн болохоор гэртээ байж биеэ тэнхрүүлэх хэрэгтэй байгаа тул сургуулиасаа түр чөлөө авсан. Би “Чингис Соосэ” олон улсын харилцааны сургуулийн нэгдүгээр курсийг төгссөн. Удахгүй хоёрдугаар курсдээ орж үргэлжлүүлэн суралцана даа.

Ч.Т: -Би СУИС-ийн уран зургийн ангийн хоёрдугаар курсийн оюутан. Өмнө нь “Тэргэнцэртэй иргэдийн холбоо”-нд ажиллаж байсан. “Ер нь ажиллахаас илүүтэйгээр сурах нь надад хэрэгтэй юм байна” гэж бодсон учраас оюутан болсон. Сургуулиа төгсөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд багшилна гэж боддог. Өмнө нь юу хийвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэх вэ гэж боддог байсан ч нөхцөл нь бүрддэггүй, яаж хөгжүүлэхээ мэддэггүй байсан. Тэгээд их удаан бодсон л доо. Эцэст нь би өөрөө хөгжөөд, боловсрол эзэмшээд хөгжиж чадахгүй байгаа тэр хүүхдүүдийг хайж олоод боловсрол олгож чадах юм байна гэсэн гаргалгаанд хүрсэн. Түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эхний ээлжинд урлагаар бэлтгэгдэж, хүүхдүүдийг гаргаж ирье гэж зорьж байгаа.

-Тэмцээнд орсны дараа юу өөрчлөгдөв?

Д.Ц: -Миний хувьд хөхүүл хүүхэдтэй, дээр нь тэргэнцэр маань багадаад хоёр, гурван хуруу шарх үүсчихсэн тэр нь эдгэрдэггүй, байсхийгээд л сэдэрчихнэ гээд олон асуудал гарч байсан. Бас болоогүй их холоос, автобусандаа сууж ирээд тэмцээндээ бэлтгэдэг байсан болохоор хүндрэлтэй зүйлс их байлаа. Зөвхөн би ч гэлтгүй бусад охидуудад маань асуудал их гарч байсан. Олгойны хагалгаа хийлгэсэн, хөхүүл хүүхэдтэй, хөлний хагалгаанд орох гэж байгаад хойшлуулчихсан хүмүүс ч бий. Гэхдээ бэрхшээл бүрийг даван туулж, биедээ баймгүй тэвчээр хатуужил гаргаж буй тэднийг хараад би улам эрч хүч авсан. Тэгэхээр энэ тэмцээн намайг илүү хүчирхэг болгосон гэж ойлгож болно.

Бас нэг хөгжилтэй зүйл нь энэ тэмцээнд ороод би маш их турсан. /инээв/ Бүжгийнхээ хувцсыг сонгож байх үед надад 48 размерийн даашинз таарч байсан л даа. Тэгсэн тэмцээний өдөр өнөө даашинз маань нэлээд томдсон. Тэгээд солиод 44 размерийн даашинз өмсч байсан. Тэр үед маш их ядарч байсан болохоор “Тэмцээн дуусангуут маш сайхан амарна” гэж бодож байлаа. Гэтэл жинхэнэ өөрчлөлтүүд маань тэмцээний дараагаас эхэлсэн л дээ. Илүү олон хүнд танил боллоо. Телевиз, радиогоос ярилцлагад орох хүсэлт их ирсэн. Тэгээд л өглөөнөөс орой хүртэл ярилцлага өгөх их ажил маань эхэлж байгаа юм даа. Гэхдээ би үүнд шантраагүй. Харин ч хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмд таниулах ажил хийж яваадаа улам их урам авсан. 

Ч.Т: -Тэмцээний өмнө болоод дараа нь өөртөө их дүгнэлт хийсэн. Би өмнө нь хэзээ ч сайхан нь болно гэж бодож байгаагүй юм билээ. Зүгээр л сайн нь байна гэдгийг мэддэг байж. Тэмцээнд оролцож байхдаа өөрийгөө болоод өрсөлдөж байсан охидуудаа их харлаа. Миний хувьд өмнө нь нүүрээ ч буддаггүй байсан. Хажуугаар аалз явж байвал “Өө жаахан л амьтан байна” гээд хөлнөөс нь бариад шидчихдэг хээгүй нэгэн байлаа. Тэмцээнд орсны дараагаас хувь хүн талаасаа нэлээд өөрчлөгдсөн байх. 

-Тэмцээний нэрний талаар ярилцъя л даа. Заавал “тэргэнцэртэй” гэж тодотгох хэрэг байсан ч юм уу гэж бодогдож байна?

Д.Ц: -Нэрний тухайд нэлээд асуудал яригдсан л даа. Яагаад заавал тэргэнцэртэй гэж нэрлэх хэрэгтэй гэж, өөр нэр өгч болоогүй юм уу гээд л. Гэхдээ бид зүгээр л “Сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн” гээд нэрлэчихвэл үнэндээ тэрийг хэн ч сонирхохгүй. Энгийн л нөгөө болдог тэмцээн юм байна гэж ойлгоно. Харин ч эсрэгээрээ тэргэнцэртэй гэж гаргаж өгснөөрөө тэр хүмүүст өөрсдийгөө илүүтэй ойлгуулж чадсан байх. “Тэргэнцэртэй” гэх үгэнд юунд нь эмзэглэх юм бэ. Тэр чинь бидний хувьд бол зүгээр л гутал шүү дээ. Хамгийн гол нь бид тайзны ард хэн байж байгаад тайзан дээр гараад хэн болж хувирч чадсан бэ гэдэг нь чухал. Нийгэмд биднийг хөгжлийн бэрхшээлтэй болохоороо л хөдөлмөрлөж, хөгжиж чаддаггүй гэж ойлгодог. Гэтэл биднийг хөгжлийн бэрхшээлтэй болгож харуулаад байгаа энэ тэргэнцрийг чинь бид, зүгээр л ашиглаж явдаг юм шүү гэдгийг ойлгуулахын тулд энэ тэмцээн зориулагдсан юм болов уу гэж бодсон.

Ч.Т: -Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд “Тэргэнцэр дээр ч аз жаргал байдаг юм шүү” гэдгийг гаргадаг байгаасай гэж би хүсдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх нэвтрүүлгүүдийг үзэхэд ихэвчлэн зовлон шаналал яриад л, уйлуулах гээд л байгаа юм шиг харагддаг л даа. Хэтэрхий уянгын халилтай. Гэтэл яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэн, тэр дэлгэцээр гарахдаа аз жаргалтай байж болохгүй гэж. Тэр хүнд баяр баясгалан, хүсэл тэмүүлэл байгаа шүү дээ. Жишээ нь, би үнэхээр их аз жаргалтай, баяр хөөртэй гудамжаар явж байхад хажуугаар өнгөрсөн хүн “хөөрхий амьтан” гээд өнгөрч байгаа байхгүй юу. Үнэндээ би хөөрхий амьтан уу, тэр өөрөө хөөрхий амьтан уу гэдгээ мэдэхгүй байж гадаад үзэмжээр хүнийг дүгнэж болохгүй. Тэгэхээр энэ тэмцээнээр дамжуулан “Тэргэнцэр дээр баяр баясгалан, гоо үзэсгэлэн байдаг юм шүү” гэдгийг үзүүлэхийг зорьсон гэж хэлж болно.

-Яг тайзан дээр байх үеийн сэтгэл хөдлөлөө дүрсэлбэл? 

Ч.Т: -Маш их сандарсан. Өмнө нь бид хэд хэдэн удаа тайзан дээр гарч байсан л даа. Тэр бүртээ нэг их сандарч байгаагүй юм. Саяын тэмцээн дээр сандарсан ч үнэхээр гоё байсан. Яагаад гэхээр би өөрийгөө өөр өнцгөөс бас харж байгаа юм. Тэмцээн болохоос өмнө миний танилуудын зарим нь “Юун мисс вэ. Чи одоо мисс боллоо юу” гэх зэргээр хэлж байсан л даа. Тэр бүрт нь би тоглоод л “Над шиг мисс гэж нээрээ юу байхав дээ. Гэхдээ би зүгээр л тэр охидуудын дунд дуу хоолой нь болж явмаар байна” гэж хариулж байсан. Ер нь “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувцас загварын шоу”, “Тэргэнцэртэй сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээн хүртэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх цагаан цаасан дээр бичигдэж байгаа анхны түүх юм. Тэр түүхэнд би “А” ч юм уу “Я” бай, бүр цэг, таслал нь болсон ч байсан хамаагүй зүгээр л оролцож байгаа минь л чухал гэж бодож байсан. Тэр түүхийг хүмүүс аль ч өнцгөөс уншиж болно шүү дээ. Үлгэрийн, богино өгүүллэгийн эсвэл бүр том роман ч болгож уншиж болно. Хүн бүр түүнийг хүссэн сэдвээрээ уншиж болох ч хамгийн чухал нь бид тэр түүхийг бичиж байгаа гэдэгт бүх зүйл оршиж байгаа юм даа. Тайзан дээр гарах гоё байлаа. Үзэгчдийн суудалд суусан намайг таньдаг хүмүүс гараараа даллах бүр гоё байсан. Би ч тэднийг хараад юу юугүй даллаад байх бас эвгүй юм даа гэж бодоод инээгээд л байсан даа. Тайзнаас гараад, хөшигний араар ортлоо инээнэ гэдэг маш хэцүү ажил байдаг юм билээ. Энгийн үед болоод л байдаг мөртлөө тайзан дээр инээгээд байхаар сүүлдээ бүр нүүр өвдөөд хэцүү байдалд оруулсан шүү.

Д.Ц: -Тийм шүү. Инээнэ гэдэг үнэхээр хэцүү байсан /инээв/. Тайзан дээр инээнэ гэдэг бараг мэргэжил болж хувирч байгаа юм л даа. Тайзан дээр гараад, хөшигний араар ортлоо инээхээр хацар мэдээгүй болчихдог юм билээ. Тайзан дээр инээмсэглэлээс гадна нуруу цэх явах ёстой. Тэр бидний хувьд нэлээд хүндрэлтэй л дээ. Миний хувьд нурууны суулттай, мэдээ алдалттай болохоор бөөр өвдөх, нуруу татах асуудал гарч байсан. Яг тайзан дээр зүгээр мэт царайлчихаад л тайзны ард ороод бараг сунаад уначихна. Бөөр татаад унаад байгаа хэрнээ л ямартай ч хувцсаа солиод өмсчихье, тэгээд тайзан дээр гарчихаад ирье гэж бодоод л... Бүх хүмүүс тэр сайхан бүсгүйчүүдийг харах гээд ирчихсэн, нүүрэндээ сайхан инээмсэглэл тодруулчихсан байж байхад би өвчин шаналалаа харуулж болохгүй шүү гэж бодож байсан. Тэр минь надад өвдөлт гэхээсээ илүү бахдалыг төрүүлж байсан даа. Үндэсний хувцастай үзүүлбэрээ үзүүлж байхад миний нүд харанхуйлаад бүр юу ч харахаа больчихсон. Тэр үед би за ямартай ч тэр хавьцаа л очоод эргэнэ дээ. Хамгийн гол нь инээгээд л байх хэрэгтэй шүү гэж өөртөө хэлж байлаа. Тэгээд л тайзнаас буугаад иракц өгөөд тайзны ард уначихсан. Нөгөө хүмүүс маань сандралдаад л...

Хамгийн сүүлд тэмцээний дүн сонсох гээд биднийг тайзан дээр гарчихсан байх үед ивээн тэтгэгч байгууллагуудын шагналууд их орж ирсэн л дээ. Тэрийг хараад би “За ямартай ч бэлэгтэй л юм байна” гэж бодож байсан. Энэ тэндээс камер зураг аваад, аппаратны гэрэл гялалзаад л... Би дотроо “Кинон дээр л нэг иймэрхүү юм гардаг даа” гэж бодож байсан. Гэтэл тэмцээний тэргүүн миссээр зургаа дугаартай Д.Цолмон гэж зарласан чинь өөрийн эрхгүй нулимс урсчихсан. Тэр үед үнэхээр их аз жаргалыг мэдэрсэн дээ. 

-Тэргэнцэртэй бүсгүйчүүд бүжиглэсэн гэж байсан?

Д.Ц: -Бид бүжгийн бэлтгэлд нэлээд хугацааг зориулж байтал бүжгийн багш маань гэнэт өөрчлөгдөөд хөдөлгөөн ч өөрчлөгдсөн. Аяндаа тааруулж үзээгүй байж байгаад хоёр хоногийн өмнөөс л аятайгаа бэлтгэл хийсэн. Тэгэхэд нэлээд асуудал гарсан. Тэр үед тайзан дээр гараад учраа олохгүй эвгүй байдалд орцгоохвий гэж бид айж байсан. Гэхдээ тийм асуудал гараагүй. Биднийг үзэгчдийн суудлаас харсан хүмүүс “Яг л нисэх гэж байгаа цагаан хун шиг үнэхээр гайхалтай харагдаж байна” гэсэн. Хэдийгээр тэргэнцэртэй иргэдийн бүжгийг бид Монголд анх удаа бүжиглэсэн ч дэлхий нийтэд аль хэдийнэ танил болчихсон юм. Олон улсад хөгжлийн бэрхшээлтэй ч гайхалтай бүжигчин олон байдаг. Мөн бүжгийн хөдөлгөөн ч их шүү. Түүнийг Монголд хөгжүүлэхэд боломжтой юм шиг санагдсан. 

Ч.Т: -Зарим нэг шалтгаанаас болоод зургаан бүсгүй л тэргэнцэртэй бүжгийг хийсэн. Уг нь бүгдээрээ бүжиглэсэн бол их сайхан байсан л даа. Бүжиг маань гарын хөдөлгөөн ихтэй. Бүгдээрээ цагаан даашинзаар ижилсчихсэн байсан болохоор нээрээ л нисэх гэж байгаа хун шувууд шиг харагдаж байсан гэсэн. Үүнийг их олон хүн хэлсэн шүү.

-Тэргэнцэртэй бүжиглэхийн тулд тэрэг бат бөх, найдвартай байх хэрэгтэй байх?

Ч.Т: -Тэрэг найдвартай байх шаардлагатай. Жишээлбэл, би энэ тэргэнцэртэйгээ тайзан дээр гараад явахад хөнгөн, эвтэйхэн. Өмнө нь пара олимпийн 25 жилийн арга хэмжээн  дээр үүнээс арай нарийхан, жижиг тэргэн дээр бүжиглэж байсан юм. Бэлтгэлийн үеэр тэр тэргэнцэр дээрээсээ унасан. Гэхдээ энэ бол асуудал биш. Өмнө нь ч зөндөө л унаж байлаа. Тэгэхээр зориулалтын тэргэнцэртэй байх юм бол Монголд тэргэнцэртэй бүжиг хөгжих бүрэн боломжтой.

-“Тэргэнцэртэй сайхан бүсгүй” олон улсын тэмцээнд оролцох боломж хэр байдаг вэ?

Д.Ц: -Энэ талаар бид судалж байгаа. Олон улсад дуу хоолойгоо хүргэнэ гэдэг бахархалтай хэрэг шүү дээ. Монголдоо өөрсдийгөө таниулж чадаж байгаа юм чинь олон улсад бас чадах л байх гэж бодож байгаа. 

-Бид биш нийгэм маань хөгжлийн бэрхшээлтэй болчихсон-

-Тэргэнцэртэйгээсээ болоод өөрсдийгөө хаалганы цаана “түгжчихсэн” олон хүн байгаа. Тэдэнд хандаж юу хэлэх вэ?

Ч.Т: -Монголд бидний мэдэхгүй, цоожтой хаалганы цаана өөрсдийгөө түгжчихсэн их олон мундаг хүн байгаа. Тэдгээрт хандаж хэлэхэд “Чамд боломж байгаа шүү”, “Өөртөө зорилго тавиад тэмүүлэлтэй байхад та чадна”, “Дуу хоолойгоо бидэнтэй нэгтгээрэй” гэмээр байна. 

Би жишээ яръя л даа. Би багадаа өвдсөн. Жаахан байхдаа ээжтэйгээ эмнэлгээр явж байхад миний хажуугаар нэг хүү нэлээд шоолонгуй маягтай өнгөрсөн. Тэр үед би жаахан байсан болохоор яг түүнийг хараад “Би хэзээ ч ;ахиж гэрээсээ гарахгүй” гэж бодоод өөрийгөө түгжчихсэн. 19 нас хүртлээ ерөөсөө гэрээсээ гардаггүй, өөрийгөө түгжсэн хүн байлаа. Тэгээд “Ер нь болохгүй юм байна. Би өөрийнхөө төлөө тэмцэхгүй бол миний өмнөөс хэн ч хөдлөхгүй юм байна” гэж бодсон. Тийм болохоор би эхлээд таяган дээр явж сураад, өөрөө гарч ордог болсон. Тэр үед хамгийн их айдас төрүүлдэг зүйл нь автобусанд суух байлаа. Автобус хараад “Яаж сууна даа, яаж бууна даа, яаж хүрнэ дээ” гэж бодно. Гэхдээ одоо сурчихсан. Иймэрхүү маягаар өөрсдийгөө түгжчихсэн байгаа танд хандаад хэлэхэд эхлээд босго, дараа нь шат, боржуур, нийтийн тээвэр, хүмүүсийн хандлага гэсэн олон зүйл байдаг мөртлөө чиний төлөө хэн ч явахгүй шүү. Боломжгүй зүйл байдаггүй юм. Боломжгүй зүйл бол “боломжгүй” гэж бодож байгаа чиний л бодол юм шүү. Магадгүй төрийн төлөө оготно боож үхнэ гэгчээр чи илүү ш дээ гэж бодож байж болох. Гэхдээ чамд хандаж хэлэхэд үнэндээ төр чамаар дутна. Хүн гэдэг дотроо байгаа нөөц бололцоог асааж чадвал өөрийгөө болоод эргэн тойрноо дулаацуулж чадах асар их түлштэй пийшин байдаг юм шүү.

Д.Ц: -Бид ярилцаж байгаад зарим байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг шүү гэх бодлыг үлдээхийн тулд төлөвлөгөө гаргадаг юм. Жишээ нь, бид нэг банк руу бүгдээрээ дараалан ордог. Өдөр бүр орж үйлчлүүлнэ. Тэгэхээр нөгөө банкны хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй ийм олон хүн байдаг юм байна шүү дээ гээд стандартын зам бий болгодог. Ингэж бид өөрсдөдөө зориулсан түгээмэл орчныг бий болгож байна. Ер нь бидэнд хөгжлийн бэрхшээлтэй гэх нэр зүүлгээд “тэтгэврийн мөнгөө аваад гэртээ сууж бай” гээд хорьчихсон юм шиг санагддаг. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад огт өөр. Жишээ нь, Япон улсад дөрвөн мөч нь саажилттай, булчингийн сулралтай, зөвхөн нүд нь хөдөлдөг залуу их сургуульд багшилж байна. Гайхалтай байгаа биз. Гэтэл манай улсад бидэн шиг хүмүүс нийгэмд гарч ирэхээр хөгжил хойшоо суучих гээд байгаа юм шиг л ханддаг.  Яг үнэндээ бид хөгжлийн бэрхшээлтэй биш, нийгэм маань өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болчихоод байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс тэр бүлэгт, эрүүл хүмүүс энэ бүлэгт байна гээд хуваагаад өгчихсөн. Хүмүүс бараг л биднийг харь гарагийн хүмүүс, бусад нь дэлхийн хүмүүс гээд ойлгочихсон байдаг.  

Ч.Т: -Тэгэхээр үйлчилгээний болоод арилжааны байгууллагууд 16 мянган үйлчлүүлэгч байна гэж яагаад харж болохгүй гэж. Жишээ нь, би театрт кино үзэх дуртай. Гэхдээ Тэнгис ч юм уу, шат нь өндөр кино театруудад очих дургүй. Заавал хүнээр өргүүлээд, туслаад өгөөч гэж гуйж байснаас кино үзэхгүй байсан нь дээр гээд л хойш сууж байгаа юм.  Тэр үйлчилгээний байгууллагууд хүртээмжтэй орчинг байгуулаад яагаад цахилгаан шат, налуу зам хийж болохгүй гэж. Энэ чинь Монгол Улсын л хөгжил шүү дээ. Бид аваад явчихгүй.

-Та хоёрын сурдаг сургуульд зориулалтын шат байдаг уу?

Ч.Т: -Байхгүй шүү дээ. Би өөрөө урлагт их хайртай болохоор л СУИС-д орсон. Манай анги дөрөвдүгээр давхарт байдаг юм. Ангийнхаа, сургуулийнхаа хүүхдүүдээр өргүүлээд, туслуулаад л ордог. Сургуульд орсон эхний жилдээ “СУИС-ийн төв байрыг налуу замтай болгож өгөөч” гэсэн хүсэлт тавиад өнгөрсөн намар налуу замтай болгосон. Дараа нь би сургуулийнхаа хоёрдугаар байрыг бас налуу замтай болгох гээд хүсэлт гаргаад ард нь хүүхдүүдээр гарын үсэг зуруулж байгаад өгсөн. Хэсэг байж байгаад саяхан налуу зам хийж өгсөн чинь их огцом, өөрөө гарч болохооргүй зам хийсэн. Гэхдээ бараг хийж өгч байгаа нь их юм л даа. Налуу замтай, хүртээмжтэй орчин нь бүрдчихсэн байх юм бол СУИС-д сурах юмсан гэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боломж бүрдэнэ. Тэдэн дундаас эх орныхоо нэрийг дэлхийд гаргаж чадах авьяастнууд төрөхийг хэн байг гэх юм бэ.

Д.Ц: -Би морин хуур тоглох их дуртай. Тэгээд СУИС-д суралцахаар очиж байсан. Тэгсэн чинь хөгжлийн бэрхшээлтэй, тэр тусмаа тэргэнцэртэй хүмүүсийг сургах боломжгүй, та сурлаа ч гэсэн хүмүүс таныг хүлээж авахгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр яг л нөгөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тусгаарлах хандлага харагдаж байгаа байхгүй юу. Тэгэхэд би “За яахав. Гэхдээ би заавал урлагийн хүн болно” гэсэн бодолтойгоор тэр сургуулийн хаалгаар гарч байсан. Тэгээд дараа нь би Их Засаг их сургуулийн Чингис Соосэ-д орсон. Тэр сургууль манай гэртэй ойрхон ч гаднаа нэг их олон налуу зам байдаггүй юм. Би сургуульдаа нэг найзтайгаа хамтарч төсөл хэрэгжүүлж байсан. Тэр төслийн гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй залуус сурах боломжтой. Сурах боломжийг нь сайн дурын оюутан залуусаар хангуулж болох юм гэсэн утгатай. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд төслөө хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудад өөрсдийн санаагаараа туслах 20 залууг нэгтгэж клуб байгуулсан. Тэр залуус маань “Түгээмэл хөгжил” клубт очиж хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй яаж харьцах вэ, тэргэнцрийг яаж ашигладаг вэ гэх мэт сургалт аваад нэг жилийн хугацаанд надтай харилцсан. Хоорондоо ярилцаж, төлөвлөгөө гаргаж байгаад өглөө автобуснаас буулгаад сургуульд оруулж өгнө. Завсарлагаанаар ариун цэврийн өрөөнд оруулна гэх мэтээр надад туслалцаа үзүүлсэн. Ерөнхийдөө бол боломжтой юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Шийдвэр гаргаж байгаа хүмүүст нэг зүйлийг хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд туслах гээд заавал их хэмжээний мөнгө хайгаад байх шаардлагагүй. Миний хэлсэн энэ аргаар багахан л сэтгэл гаргахад боломж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч явж байгаа хүмүүс нь тэдний ар гэрийнхэн л байдаг. Үнэхээр хамаг ажлаа орхиод үр, хүүхэд, хань ижлийнхээ төлөө зүтгэдэг. Гэтэл тэдний дунд Монгол Улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулахаар хүмүүс зөндөө л байгаа шүү дээ.

-Танай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хэр олон оюутан байдаг вэ?

Ч.Т: - Манай сургуульд нэг залуу байгаа.

Д.Ц: -Би түрүүн хэлсэн төслөө хэрэгжүүлэх гээд сургуулийнхаа захиргаанд хөгжлийн бэрхшээлтэй хэдэн оюутан байна вэ, олоод өгөөч гэсэн хүсэлт тавьсан чинь чамтай нийлээд таван хүн байдаг гэж хэлсэн. Харин надаас бусад нь өөрсдийгөө ил гаргахыг хүсдэггүй, хүнээр туслуулна гэхээсээ санаа зовдог, хүний анхааралд орох дургүй байсан болохоор ерөөсөө ил гарч ирээгүй.

-Та хоёр хөдөлгөөн заслаар хэр хичээллэж байна?

Д.Ц: -Бидэнд зориулсан сувилал олон байдаг. Тийм газрууд ихэвчлэн заалтай. Тэр зааланд нь мэргэжлийн багш байна. Бид энэ газарт хөл дээрээ босоод өвдөг түгжээд зогсох, өөрсдөө яаж хөл, гараа хөдөлгөх вэ гэдэг зөвлөгөө авдаг. Гэхдээ бид хоорондоо их мэдээлэл солилцдог. Нэг тийм дасгал байдаг юм байна гээд л нэгэндээ хэлнэ. Өнөөхийг нь орой унтахынхаа өмнө хийдэг. Би 2012 онд өөрөө алхуулагч протез захиалж хийлгэсэн. Тэрийг захиалж хийлгэчихээд өмсөхөд яг л өөрөө явж байгаа юм шиг сайхан сэтгэгдэл төрсөн. Ерөнхийдөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хийдэг дасгал яг ижил байх боломжгүй. Тэр хүмүүс өөр өөр шалтгаанаар, өвчлөлөөр өвдсөн болохоор арчилгаа, асаргаа нь ч өөр л дөө. 

Ч.Т: -Ер нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд, хөдөлгөөн засал, биеийн тамирын дасгалууд их хэрэгтэй. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд бас дотроо өөр өөр шүү дээ. Жишээ нь,  манай Цоомоогийн хувьд нуруу нугасны хавдартай байхад би полимлиттой. Энэ өвчин өөрт маань ямар нэг өвдөлт зовиургүй, тэгээд бас таяган дээр явж болдог. 

-Спортоор хичээллэдэг үү?

Д.Ц: -Би 2009 оноос спортын арга хэмжээнүүдэд оролцож эхэлсэн. Хүмүүс  тэргэнцэртэй марафон болох гэж байна оролцооч ээ гэхээр нь бараг бэлтгэлгүй шахуу явж очоод л оролцчихно. 2012 онд “13 дугаар их наадам болох гэж байна. Чи ирж бэлтгэл хийж байгаад оролцооч” гэсэн хүсэлт тавьсан. Би тэр үед Мобикомд ажилладаг байсан болохоор ажлынхаа цагийг харж байгаад л болъё гэж явсаар тэмцээнд 14 хоног дутуу байхад бэлтгэл хийж эхэлсэн. Тэр үед манайх гэр хороололд байдаг байсан юм. Ажил маань “Тэди” төв болохоор өглөө гэрээсээ гараад шууд тэргэнцэртэйгээ ажил руугаа явчихдаг байсан. Тэгээд ажлаа тараад бэлтгэлийнхээ хувцсыг өмсөөд стадион руу мөн л тэргэнцэртэйгээ яваад очно. Бэлтгэлээ тараад гэр рүүгээ мөн л тэргэнцэртэйгээ явна. Биеийн тамирынхаа хувцсыг тайлахгүй шууд явчихдаг байсан болохоор хүмүүс туслах нь ховор. Бүр зарим нь тоодог ч үгүй байлаа. Тэгэхээр нь “За яахав, би гүрийнэ дээ” гээд явдаг байсан. Гэртээ хүрэх зам хорооллоор дайрна л даа. Их өгсүүр. Тэгээд л би өмнөө яваа хүнийг хараад би энэ хүнийг гүйцчихвэл марафондоо түрүүлнэ гээд улам их хүч гаргадаг байсан. Тэмцээнд оролцохын тулд шаргуу бэлтгэл хэрэгтэй байсан болохоор би бэлтгэлээ тараад тэгж явсаар байгаад 23.00 цаг өнгөрч байхад гэртээ харина шүү дээ. Тэгээд би 1500 метрийн марафонд оролцож алтан медаль авч байлаа. Тэгэхэд л би “Хүн үнэхээр тэвчээр гаргаж, хичээж чадах юм бол амжилтад хүрдэг юм байна” гэдгийг ойлгосон. 

Ч.Т: -Сүүлийн үед манай улсад пара олимпоор хичээллэдэг хүмүүс их нэмэгдсэн. 2012 онд манай Цоомоо түрүүлж байсан бол дараа жилүүдэд нь Цоомоо ороогүй. Би орж байсан. Бэлтгэл багатай ч гэсэн Архангайд, хотод болж байсан марафонуудад түрүүлж байлаа. 

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

Ч.Т: -Би их олон хоббитой, урлагт их хайртай хүн. Магадгүй тэрнийхээ хүчинд авьяаслаг мисс болсон байх. Зураг зурах, шүлэг зохиох, өөртөө хувцас оёх дуртай одоо бас хөгжим тоглож сурч байгаа.

Д.Ц: -Би ч гэсэн урлагт их дуртай, багадаа алхдаг байхдаа бүжиглэх дуртай хүүхэд байсан. Манай өвөө намайг “Хөөе наад “салга”-аа унтуул, салгалсаар байгаад бүр ядарч дууслаа” гэдэг байсан /инээв/. Ер нь юу ч хийж байсан бүжиглэж л байдаг байсан. Сүүлд суудаг болчихоод дахиж бүжиглэж чадахгүй болчихлоо гэж бага зэрэг эмзэглэсэн.

-Арван жилийн боловсрол хэрхэн эзэмшиж байв?

Ч.Т: -Би 19 нас хүртлээ гэрээсээ гарах дургүй байсан. Тийм болоод ч тэр үү, ерөнхий боловсролыг эзэмшиж чадаагүй. Сүүлд нь өөрөө бие дааж сурсан. “Ажилчин залуучуудын ээлжийн сургууль” гэж байдаг. Тэр сургуульд шууд есдүгээр ангиас суралцсан. Өмнө нь ерөөсөө сургуульд сурч байгаагүй ч хувиараа бүх хичээлийг нь үзчихсэн байсан. Мөн тэр жилээ “Тэргүүний сурагч” болсон минь их урам өгсөн дөө. Тэгээд 10, 11 дүгээр ангиа ажиллангаа эчнээгээр сурч төгссөн. Дараа жил нь СУИС-д шалгалт өгч орсон. Ер нь багадаа сурч байгаагүй гол шалтгаан нь нөхцөл байдал байсан. Намайг зөөх хүн байгаагүй. Тэгээд багшийнхаа тусламжаар хэсэг яваад зогсохоос өөр аргагүй болсон. Нэг зүйлийг бүр хэлмээр байдаг. Одоо манай их сургуулийн багш нар аль болох л хичээлээс чөлөөлчих хүсэлтэй “Чи гэртээ байж бай. Гэрээр даалгавар ав. Нааш, цааш яваад яах вэ” гэдэг. Намайг харж үзэж байгаа хэрэг л дээ. Гэхдээ энэ хувь хүнийхээ хөгжилд чөдөр тушаа болохоос цаашгүй. Ингээд байвал бид ус нь ихэдсэн цэцэг шиг л болно. Хүнийг хэт их хайрлаж, халамжлаад байхаар хүн биеэ дааж, хатуужиж чаддаггүй юм билээ. Бусадтай л адилхан шаардлага тавибал тэр хүн хөгжих учиртай. Тэгээд би зарим зүйл дээр эргэн тойрныхоо хүмүүсд хэлдэг. Намайг битгий онцгойлж хар гэж. Бусдын хийж байгааг би хиймээр байна гэдэг. Тийм байж л би боловсорч байгаа. СУИС-д би сурна гэж дандаа л боддог, мөрөөддөг байсан. Гэхдээ яг сурна гэхээр чадах болов уу гэж боддог байлаа. Сурч болж л байна. Тусгай сургуулиудыг олшруулдаг юм уу, үгүй бол бүх сургуульд түгээмэл орчныг бий болгочихвол олон хүн боловсрол эзэмших боломжтой. Энэ хуучин нийгмийн үед баригдсан сургуулиудын шатных нь голоор налуу зам тавиад өгөхөд болно. Ийм болчихвол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ангийнхан нь туслаад хичээлээ таслахгүй яваад байж чадна. Хөгжлийн бэрхшээлтэй хэнийг ч бай орхигдуулахгүй боловсрол олгодог болмоор байна. 

Д.Ц: -Би алхдаг байж байгаад тавдугаар ангиасаа өвчин туссан. Тийм болохоор тавдугаар анги хүртлээ ЕБС-д сурсан. Өвчинтэй болоод сургуулиас хэсэг хөндийрсөн. Нуруу, нугасны хавдартай хүн биедээ ямар нэг ачаалал авч болохгүй. Тэгээд сурахгүй явсаар Дорнод аймагт эчнээгээр 11 дүгээр ангиа төгссөн юм. 2012 онд Их Засаг сургуулийн Олон улсын харилцааны ангид тэнцэж элссэн.  

-Уучлаарай. Хэцүү асуулт байж магадгүй. Ямар шалтгаанаар тэргэнцэртэй болсон юм бэ?

Д.Ц: - Би 2005 онд нуруу нугасны хавдартай гэж оношлогдсон. Тэр үед эхлээд Хавдар судлалын үндэсний төв дээр очоод зураг авахуулсан. Эмч зургийг хараад ээжид минь аарцагныхаа хөндийд их том хавдар ургаад ямар ч боломжгүй болчихжээ гэж хэлсэн байсан. Тэгээд зурагаа гуравдугаар эмнэлэгт аваачаад үзүүлсэн чинь ямар ч хавдар алга, дахиад нугаснаас нь ус авч тариа хийж байгаад зургийг нь авч үзье гэсэн. Ингээд долоо, наймдугаар үедээ хавдартай болох нь тогтоогдсон. Гэхдээ хавдар нь яг дээрээ байна уу, доороо байна уу гэдгийг нь мэдээгүй. Онош тогтоосноос яг 21 хоногийн дараа хагалгаанд орж байлаа. Ээж маань надад хагалгаанд 8:30-9.00 цаг хүртэл орно гэж хэлж байсан. Хагалгаанд орчихоод намайг нэг эмч дуудахаар нь сэрээд цаг асуутал оройн долоон цаг болж байна гэсэн. Би эмчээс “Яагаад ийм их удсан юм бэ” гэсэн чинь “Чи сэрэхгүй их удлаа” гэж хэлсэн. Тэгээд жаахан хүүхэд байсан юм чинь сониучирхаад юу болсон бэ гээд асуусан чинь нуруунаасаа биш, нугасныхаа цагаан голоос хавдар ургасан байна. Нурууны гурван сэртэнг нь авчихсан гэсэн. Манай улсад эмчлэх боломж маш бага байсан юм билээ. Эмч нар надад дахиж хэзээ ч мэдээ орж, алхахгүй гэж хэлсэн ч би өөрийгөө алхана гэдэгт итгэлтэй байдаг. Би дотроо өөрийгөө босч бүжиглээд нүцгэн хөлөөрөө шалыг мэдэрч байна гэж төсөөлдөг. Энэ үнэхээр гайхалтай мэдрэмж шүү. Хүн ингэж тэмүүлэлтэй амьдарч байж л амжилтад хүрнэ.

Ц.Т: -Миний хувьд ой найман сартайгаасаа эхлээд полимлитоор өвчилсөн. 1980, 1990-ээд оны үед л гарч байсан өвчин юм шиг байна лээ.  Одоо эмч нарт үзүүлэхээр полимлит юм бол энэ зэрэгтэй үлдсэн нь их юм гээд тоодоггүй. Багадаа өвдсөн болохоор нэг талаараа алхаж байсан дурсамж байхгүй нь жаахан харамсалтай байдаг юм. Гэхдээ заримдаа явж байгаад суугаа болсон хүмүүсийн дэргэд сэтгэл санааны хувьд арай тайван байдаг. Энэ зэрэгтэй үлдсэн нь их юм гэж олон удаа сонсож байсан болохоор алхана, эрүүл болно гэж нэг их боддоггүй юм аа. 

-Цолмонгийн хувьд саяхан ээж болсон юм байна. Амьдралын түшиг тулгуур болж явдаг гэр бүлийнхнийхээ тухай яриач?  

Д.Ц: -Эх хүний сэтгэлийг өөрөөрөө төрж байж л мэдэрсэн. Төрсний дараа үрийн минь хүйг таслаагүй энгэр дээр тавих тэр мөчийг үгээр хэлэхийн аргагүй юм билээ. Тэр үед ээж хүний хайр ямар их аугаа вэ гэдгийг ойлгосон. Тийм болохоор энд ээжийгээ дурсахгүй бол болохгүй. Ээж минь надад илүү ухаалаг, зөөлөн занг суулгаж өгсөн юм болов уу. Ээж минь надад “Миний охиныг гадуур явахаар хүмүүс яагаад тэгж их хардаг вэ гэвэл дэндүү хөөрхөн болохоор л тэр” гэдэг. Тийм болохоор би “Энэ хүмүүс намайг ойлгож байна даа” гэж аль болох эерэгээр сэтгэхийг хичээдэг. Ингэж бодохыг миний гэр бүлийнхэн надад сургасан юм. Би өвдсөнөөсөө хойш олон эмнэлгээр явсан. Шинжилгээний үнэн зөв хариу гаралгүй нэлээд хугацаа алдаж байлаа. Тухайн үед элэг, цөс гээд бараг бүх эрхтэний шинжилгээ өгсөн. Ээжийн цалин буухаар 14 хоноод л шинжилгээ өгдөг ажилтай болчихсон байсан. Өдөр нь хүүхдүүдтэй явж байхад өвдөхгүй. Харин орой болохоор татаж өвдөөд хэцүүднэ. Бүр сүүлдээ сагс тоглох гэхээр бөмбөгөө дийлэхээ больсон. Хүн шүргэнгүүт л уначихна. Тэр үед ээжтэйгээ автобусанд явж байхад надад “Эхтэй хүн үхдэггүй юм миний охин. Тэвчээртэй байгаарай” гэж хэлсэн. Одоо хүртэл тэр үг миний санаанаас гардаггүй. Энэ үг л намайг өдий зэрэгтэй явж ирэхэд түлхэц болсон байх.

Ч.Т: -Бага байхдаа энэ хорвоод надаас өөр зовж байгаа хүн байхгүй юм шиг санагддаг байсан. Хүн чинь өөрийгөө хорвоогийн хамгийн азгүй хүн гээд итгэчихээр амиа хорлоно гэж боддог юм билээ. Ингэж явахаар амиа хорлочихъё гэдэг ч юм уу. Гэтэл нэг өдөр ээжийгээ уйлаад сууж байхыг харсан. Тэр үед миний дотор “Энэ хүнийг ингэж их зовоогоод, амьдралынх нь баяр баясгалан болж төрчихөөд ачийг нь хариулахгүй юм бол би хамгийн азгүй хүн болж хувирах юм байна” гэсэн бодол төрсөн. Энэ бүгдийг надад ойлгуулсан эрхэм хүн бол энгийн л нэг монгол эмэгтэй, миний ээж. Ээж намайг зоригжуулсан нэг явдлыг яръя. Би Улиастай фирмд ажиллаж байхдаа урд талын өндөр уулын орой дээр гарч үзэхийг үнэхээр их хүсдэг байсан. Нэг өдөр бүгдээрээ уул руу гарахаар явлаа. Замын талаас ихэнх хүмүүс ядарч байна, хэтэрхий өндөр юм гээд буцсан. Харин ээж “Миний охин орой дээр нь гармаар байна уу” гэж асуусан. Би ч гармаар байна гэж хариулсан. Тэгвэл хоёулаа заавал гарна гээд намайг үүрээд орой дээр нь гарсан. Би тэр хайрханы орой дээр гарсан хойноо ээжтэй хүн гэдгээрээ бахдаж, миний төлөө юу ч хийж чадах ийм хүн хажууд минь байгаад үнэхээр баярлаж байсан. 

-Ар гэрийнхний зүгээс ямар дэмжлэг үзүүлбэл илүү тус болдог вэ?

Ч.Т: -Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ар гэр нь ямар байхаас маш их зүйл шалтгаалдаг. Зарим нь өөрсдөд нь биеийг нь даалгаад сургачихсан байхад, нөгөө хэсэг нь хэтэрхий хайрлаад өглөө гарахдаа хамаг юмыг нь урд нь овоолж тавьчихаад гараад явдаг. Ингэж бэлэнчилсэн хүн өдөржингөө хөдлөхгүй, хөгжихгүй үлдэнэ. Үүний оронд хайраа сурч мэдэхэд нь зориулж болох юм.

-Тэргэнцэр бол бидний хувьд гутал минь юм шүү дээ-

-Тэргэнцрийн хувьд олон янз байдаг гэж ярьсан. Үнэ өртгийн хувьд хэд байдаг вэ. Хаанаас яаж авдаг юм бол?

Д.Ц: -Монголд асаргааны буюу эмнэлгийн тэрэг түлхүү байдаг. Халамжаас ихэвчлэн тийм тэргэнцэр өгдөг. Асаргааны тэрэг нь хүний биед яг сайн тохирч өгдөггүй. Мөн хэврэг, чийг татах жишээтэй. Асаргааны тэргэнцэр бол зөвхөн эмнэлэгт ашиглах зориулалттай. Гадагшаа гараад явахад хугарах, эвдрэх үзэгдэл олон гардаг. Миний нуруу гэхэд л доогуураа түшлэг муутай тэргэнцэр дээр суух боломжгүй. Нурууныхаа доод хэсгээр түших хэрэгтэй учраас хэт урт түшлэгтэй байж болохгүй. Хэрвээ түшлэг өндөр дээд хэсгээрээ тулаад байвал яваандаа нуруу бөгтийж, буруу суулт өгч цооролт үүсэх аюултай байдаг. Нэг үеэ бодвол Япон, Солонгосоос сайн тэргэнцэр орж ирж байна. Гэхдээ тэр болгоныг худалдаж авах боломжтой хүн цөөхөн шүү дээ.

-Монголд тэргэнцэр хийдэг газар болон хувь хүн байхгүй юу?

Д.Ц: -Монголд “Никель Ганбаа” ах тэргэнцэр үйлдвэрлэж байгаа. Тэр нь дөнгөж хийгдэж байгаа учраас тийм тохиромжтой гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ дотооддоо үүнийг хийж эхэлж байгаа нь маш том дэвшил. Чанарын хувьд Хятадын хуванцар тэрэгнээс дээр, онгоцны хөнгөн цагаан, чийг татдаггүй давуун материал ашиглаж байгаа. Мөн нэг давуу тал нь хэрэглэх гэж байгаа хүнээс нь хэмжээг авч, том, жижгийг нь тохируулж болно. Хэрэв тэрэг багадах юм бол холгож шарх үүсгэдэг.

Ч.Т: -Өмнө нь эрүүл байсан нэг залуу “Би хэзээ ч “Пөөх ямар гоё тэрэг вэ” гэж уулга алдана гэж бодож байгаагүй юм байна” гэж ярьж байсныг санаж байна. Ер нь тэргэнцэр бидний хувьд  гутал шиг л санагддаг. Энгийн нэг хэрэглээ. Эрүүл хүнийг гоё гутал өмссөн байхыг хараад ямар гоё гуталтай юм бэ гэж уулга алддагтай л ижилхэн зүйл. Клиник тэрэг гэж яриад байгаа асаргааны тэргэнцрийг халамжийн төвөөс гурван жилд нэг удаа олгодог. Гэхдээ гурван жил хэрэглэх тохиолдол цөөхөн. 

-Тэргэнцрээс гадна тэргэнцэртэй зорчих зам гэж чухал зүйл бий. Ер нь манай нийслэлд тэргэнцэртэй явахад зам, талбай ямар байна вэ?

Ч.Т: -Би хотоор явсаар байгаад хаана налуу зам байгааг бараг цээжилсэн гэж болно. Надад зориулагдаагүй хотын гудамжинд, надад зориулагдсан юм шиг амьдрах нь иргэний зориг ч юм шиг санагддаг. Налуу замаа бүрэн гүйцэт хийчихгүй, догол үлдээчихдэг. Тэр доголд жижиг дугуйтай тэргэнцэртэй хүн урагшаагаа годройтож унах л байхгүй юу. Нэгэнт л өчнөөн мөнгө төгрөг, цаг зарцуулаад хийж байгаагаас хойш нэг мөсөн юм хийж байгаарай гэж хэлмээр байна. Мөн сүүлийн үед хийгдээд байгаа чулуун зам харахад гоё. Гэхдээ тэргэнцэртэй хүн явахад үнэхээр төвөгтэй. Олон янзын сайхан хээтэй тэр замаар явахад бидний бөөр их өвддөг. Хүндээ зориулж замаа тавьж байгаасай.

Д.Ц: -Одоо байнга л зам янзалдаг болж. Зам засаад байгаа хүмүүст багахан хэмжээний сургалт өгч болдоггүй юм уу. Болохгүй бол бидэнд хандаад зөвлөмж авах хэрэгтэй гэж хэлье. Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг үг байдаг ш дээ. Хотын нэг газарт харааны бэрхшээлтэй хүнд зориулсан хээтэй зам хийж байна. Гэтэл нөгөө зам хийж байгаа хүмүүс нь гоёлын чулуун зам гэж ойлгоод өнгийг нь өөр болгоод хээг нь ялгарахгүйгээр хийж байгаа юм. Би нэг удаа зам янзалж байгаатай тааралдаад “Энэ налуу зам чинь энд байх ёстой” гэсэн. Миний өөдөөс “Чи бол тийм, ийм. Чи гэртээ сууж байх ёстой” энэ бол зүгээр л үзэмж гэдэг үүднээс харьцсан. Тэр бол үзэмж биш шүү дээ. Тэр замаар зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүн явахгүй. Хүүхдээ түрж яваа хүн хүртэл хэрэглэнэ. Тиймээс бүхий л хүнд зориулсан түгээмэл орчинг бий болгоосой. 

-Нээрээ стандартын налуу замтай автобусны буудал гэхэд л санаанд буухгүй байна шүү?

Ч.Т: -Төв номын сангийн буудал дээр гоё налуу зам бий. Налуу зам нь яг автобус зогсдог газраа байдаг. Тэр автобусны буудлаас би нийтийн тээврээр зорчих дуртай. Харамсалтай нь тийм автобусны буудал ганц байгаа юм. Түрүүн Цоомоо харааны бэрхшээлтэй хүний замын тухай ярилаа. “Тэнгис” кино театраас Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн замд тийм буруу зам байгаа. Өөр олон ч газарт харж болно. Харааны бэрхшээлтэй хүний шар зам явж байгаад яг голд нь шонгийн мод. Тэгээд таггүй траншейны нүх. Энэ арай биш. Миний сурдаг сургууль миний хүсэлтээр налуу замтай болсон гэж түрүүн ярьсан. Яг тэр замыг хийж байхад би явж таарсан. Тэгээд нүдэн баримжаагаар харахад л хэзээ ч тэргэнцэртэй хүн гарч чадахааргүй байсан. Би “Ах аа энэ чинь буруу байна” гээд хэлсэн. Тэгэхэд “Чи юу юм бэ. Чи гэртээ сууж бай” гэж хариулсан. Би хажууд нь захирал руу яриад “Надад зориулж хийж байгаа энэ шатыг чинь надад зориулагдаагүйгээр хийгээд байна” гэж хүсэлт тавьж байж илүү налуу хийлгэсэн. Энэ бол нэгдүгээр салбарын барилга. Хоёрдугаар салбар сургуулийн барилга дээр боломжгүй гэсээр байгаад замыг огцом хийж орхисон. Мөн Багшийн дээдийн “Сонор” плаза гэдэг барилга уг нь тэргэнцэртэй хүнд зориулсан зам хийсэн байгаа юм. Гэвч тэргэнцэртэй байтугай эрүүл хүн ч тэр замаар явбал унаж үхнэ. Би тэр замаас унаж байсан. Бүр хоёр хүнээр туслуулж байгаад хамтдаа унасан. Бид хоорондоо тиймэрхүү замуудыг “амиа хорлох зам” гэж хошигнож ярьдаг юм. “Улаанбаатар” их дэлгүүр, “Сандэй” худалдааны төв гэх мэт газрууд бол үнэхээр сайхан налуу замтай. Энэ бүхэнд бид ам сайтай байдаг. Боломжгүй газарт оччихоод хүн гуйж байснаас боломжтой газар очоод хүссэнээрээ байх шиг аз жаргал хаана байх вэ. Ингэж таатай орчин бүрдүүлсэн газрын ашиг орлого нэмэгдэж, үйлчлүүлэгчийн тоо өснө шүү дээ. Бизнес л хийж байгаа хойно адаглаад биднийг мөнгөн ашиг сонирхлоор яагаад харж болохгүй гэж.   

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулснаас торгуулиа төлсөн дээр гэдэг болсон-

-Хөгжлийн бэршээлтэй иргэдийн ажил эрхлэлтийн байдал ямар байдаг юм бол. Уг нь хуулиараа албан байгууллагад 1-2 хөгжлийн бэрхшээлтэй ч, ажиллах чадвартай иргэнийг ажиллуулах ёстой гэдэг?

Ч.Т: -Зарим газар хэвлэл мэдээллийн байгууллагууд цуглуулж байгаад хөгжлийн бэрхшээлтэй хэд хэдэн хүнийг ажилтай болгочихлоо гэж зарладаг. Тэгээд нэг их удаалгүй өнөөх хүмүүсийг халчихдаг. Ийм тохиолдлыг би хэд хэдэн удаа харсан. Битгий ингээсэй гэж хүсдэг. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд, энэ нийгэмд амьдрахад хүндрэлтэй байгаа юм бэ гэвэл боловсролоо олж авах нөхцөл нь бүрдэхгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд сурч чадахгүй байна. Сурлаа гэхэд их, дээд сургуульд сургахгүй байна. Дээд сургуульд сурлаа гэхэд явц дундаа орхигдох, хичээл номоосоо хоцрох, багш нар тэр хүмүүсийг гэрээр нь хичээллүүлэх сонирхолтой байдаг. Ийм зүйлүүдээс болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэвийн сурч чадахгүй байх тохиолдол байна. Нөгөө талдаа яаж ийгээд боловсролтой болоод нийгэмд ажиллаж байгаа хүмүүс бий. Гэхдээ л олонх нь боловсролгүй үлдчихээд байдаг. Тэр хүмүүсийг сургаад, боловсрол олгочихвол ихийг хийх нөөц бололцоо бий.   

Д.Ц: -Бидний дунд хоёр, гурван дээд боловсрол эзэмшсэн хүмүүс бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд яг нүдээ олсон дэмжлэг бол боловсрол олгох л юм. Тэгэхгүй болохоор эрүүл хүмүүс нь ажиллаж, тэргэнцэртэй иргэд нь зүгээр л гэртээ суугаад тэтгэмж авдаг байхаар шийдэгдээд байна. Боловсрол эзэмших, хөдөлмөрлөх гэдэг зүйлсийг цогц болгож, шийдвэрлэх хэрэгтэй.

-Төрийн албанд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах нь хэр байдаг юм бол. Хувийн хэвшил бол хэцүү л юм байна?

Ц.Т: -Төрийн албанд маш цөөн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг юм билээ. Гэхдээ тодорхой хэмжээнд дэмждэг гэж сонссон. Ер нь бол ихэнх байгууллага “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажиллуулж байснаас ажиллуулаагүй нь дээр” гэж үздэг гэсэн. Юунд нь болдог вэ гэхээр зардал их шаарддаг, төвөгшөөх зүйл ихтэй гэж үздэг юм шиг байгаа юм. Тэгээд ажлын бүтээмж, асаргаа гээд олон л зовлон хэлдэг юм билээ. Тиймэрхүү хүндрэлүүдээс л их төвөгшөөдөг.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрд суудалтай болгох талаар асуудал яригдвал, магадгүй тэр суудалд та хоёр суухаар болвол хамгийн түрүүнд юу хийх вэ?

Ч.Т: -Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэнийхээ төлөө л хийх ёстой бүх юмыг хийнэ. Энэ талаар бодоод, тийшээ тэмүүлж байгаа олон хүн байгаа. Хийж чадахаар ч хүн бий. Хэрэв надад эрх мэдэл нь байгаад, би 76 гишүүний нэг болох юм бол юун түрүүнд бүх эмнэлэг, сургуулийг налуу замтай, цахилгаан шаттай болгоно. Тэгээд зориулалтын автобусыг хүртээмжтэй болгоно. Тэгж байж, энэ нийгмээс нуугдсан бэрхшээл зовлонгоосоо болж гэрээсээ ч гарч чадахгүй байгаа иргэд маань ил гарна. Тийм түгээмэл орчин бүрдсэний дараа тэр хүмүүс хөгжөөд, боловсрол эзэмшээд, нийгэмдээ ажиллаад явах боломжтой. Би ажиллаж чадах юм байна гэсэн итгэл үнэмшилтэй болно. Энэ нөхцөл бүрдэхгүй бол тэр хүмүүс маань нөгөө л байдгаараа өөрийгөө түгжиж, нуугдан, би болохгүй байна, би хойшоо л байж байя гэх орон зайдаа амьдрах болно. Миний байнга хэлдэг нэг зүйл байдаг. Би бол хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг өөртөө дүүрэн эрчим хүч, түлшийг нөөцөлсөн зуух гэж хэлэх дуртай. Энэ зүйлийг асаах, элч дулааныг нь гадагшлуулах гэдэг чухал. Юу хэлэх гээд байна вэ гэхээр тэр хүмүүст итгэл хүлээлгэх, чи  чадна, чи хий гэж хэлэх хэрэгтэй байна. Ингээд л тэдний сэтгэлийн галыг асаагаад, өрдөөд өгөх юм бол өөрийгөө ч төдийгүй орчноо, нийгмээ дулаацуулах болно. Үүнийг бас төр засаг минь олж хараасай. Асаагаад илчинд нь дулаацаасай. Энэ үгийг би их олон газар хэлж байгаа. 

Д.Ц: -Ерөнхийдөө адилхан л даа. Түгээмэл орчинг л бий болгочих юм бол бид эрүүл хүмүүсээс дутахгүй нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхаж чадна. Тэгээд төрөөс үзүүлдэг дэмжлэгийн тухай яръя. Жишээ нь, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэгүй зорчдог. Нийтийн тээвэр бол бидний хувьд зорчоод байх аюулгүй унаа биш шүү дээ. Яагаад гэвэл зориулалтын бууж, суух төхөөрөмж байхгүй. Үүнээс болоод тэргэнцэртэй хүмүүс унах нь их байдаг. Ийм байгаа болохоор бид гадуур гарахдаа дандаа л таксидах хэрэг гарна. Бид өөрсдөө машинтай болох, тэрийг жолоодох гэдэг их хүндрэлтэй. Гэвч такси бол хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд өдөр бүр зорчоод байх хямд төсөр унаа мөн бил үү гэдгийг бас бодох хэрэгтэй. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалтын автобусыг яагаад нийтийн тээвэрт явуулж өгч болдоггүй юм. Түүнд 500 төгрөгөө өгөөд явбал бидэнд хямд тусна. Одоо нэг удаа таксидахад 5000 төгрөг гарч байна. Гэтэл бид нэг гарсан дээрээ хэд хэдэн газраар орж, ажлаа бүтээх зорилготой явна.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг “Хөгжлийн бэрхшээлтэй” гээд хөгжих боломжийг нь хаагаад байх шиг ээ?

Ч.Т: -Өнгөрсөн жил хараагүй, сонсголгүй, тэргэнцэртэй гээд бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод буюу таван байгууллага нэгдэж “Автобус компани”-ийг шүүхэд өгсөн. Тэр үйл явцад би оролцож байсан л даа. Хэд хэдэн шүүх хуралд нь ч суусан. Жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөөрэй гээд автобус компанид таван тэрбум төгрөг өгдөг. Энэ мөнгөөр тэд автобусны хаалганы хажуу дахь нэг ширхэг сандлыг өөр өнгөөр бүрээд энд хөгжлийн бэрхшээлтэй иргэн сууна гэсэн бичиг наагаад л болдог. Гэвч хэзээ ч тэр сандал дээр хөгжлийн бэрхшээлтэй хүн суудаггүй. Тэгээд автобусаар зорчино гэдэг үнэхээр тэсвэр тэвчээр шаардсан зүйл. Тиймээс үнэхээр шаардлага гараад, тэвчээд зорилго тавиад автобусаар зорчихоос өөр арга алга. Би хааяа таягтайгаа явдаг. Манай жолооч, кондукторын харилцаа, ёсзүй ямар билээ. За тэр буулгаж, суулгах төхөөрөмж, зориулалтын унаа нь үгүй юм гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг буулгаж, суулгаад өгчихдөг, зугтаахгүйгээр аваад явчихдаг бол хэчнээн сайхан. Буудал дээр ирсэн автобусанд суух гэхээр зугтаад яваад өгнө. Тэгээд л дараагийн автобусыг хүлээх болдог. Өвөл их даардаг. Замын хажуу тал дээр гарчих юм бол хашлагаас буух гэж хэцүү юм болно. Хүмүүсээс л гуйхаас өөр аргагүй. Сүүлдээ бүр хүнээр туслуулахдаа мэргэжлийн болж байна. Буудал дээр хүн байхгүй бол автобус дотроос хүн гуйна. “Хүүе туслаад өгөөч, нааш ир гээд л”. Автобусаар бид нар зорчих ийм хэцүү байлаа ч гэлээ тусалж байгаа хүн рүү инээдэг, баярлалаа гэдэг үгийг маш их хэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яагаад заавал хэн нэгнийг гуйх ёстой юм бэ. Би хүнийхээ хувьд хөгжлийн бэрхшээлтэй гэдгээрээ ялгаатай юм. Гэхдээ иргэн хүний хувьд адилхан л статус эдэлж амьдрамаар байна шүү дээ. Өөрт байгаа эрхээ эдэлмээр байна. Нийтийн тээврээр зорчмоор байна. Тэгэхэд энэ зүйлийг заавал яагаад ялгавартайгаар харж, чи хөгжлийн бэрхшээлтэй болохоор гадуур бүү гар, гэртээ сууж бай гээд байгаа юм. Гадны улсад хэнээс ч тусламж авахгүй, өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэдгийг мэдрэхгүй гарч яваад, зорчоод болоод байна. Монголд бол бидэн шиг хүмүүст “Чи хөгжлийн бэрхшээлтэй шүү” гэдгийг ийм нийгэм, энэ хотын зам талбай, шат болгон хэлээд байна. Хүмүүсийн хандлага надад хэлээд байна шүү дээ.

Д.Ц: -Гадны нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ярьж байсан л даа. “Би нутагтаа байхдаа өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж хэзээ ч боддоггүй байсан. Чөлөөтэй гарч ордог, хэнээс ч хараат бусаар хүссэн газраа очдог байсан. Гэтэл Монголд ирээд онгоцноос буунгуутаа хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ илүү их ойлгож, мэдэрсэн” гэсэн. Энд нөгөө л түгээмэл орчингийн ялгаа л гарч байгаа юм. Ийм л болохоор бид түгээмэл орчин гэж үргэлж хүсдэг. Энэ зүйл бий болчихвол тэргэнцэртэй хэн ч өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж бодохгүй.

-Сүүлийн үед тэргэнцэр түрээслэх үйлчилгээ гэж гарсан байна лээ. Үүнийг сонирхож үзэв үү?

Д.Ц: -Солонгос тэргэнцрүүдийг түрээсэлдэг үйлчилгээ юм билээ. Бүх тэргэнцрийг нь үзээгүй болохоор чанартай, үгүй нь хэлж мэдэхгүй байна. Тэргэнцэр түрээслэхэд нэг өдрийн 3500 төгрөг гэсэн. Энэ бол боломжийн үйлчилгээ. Монголд ийм зүйл бий болно гэдэг том ололт, сайхан зүйл шүү дээ. Ийм зүйл хөгжиж байгаа нь бахархалтай. Өмнө нь ямар нэг арга хэмжээнд оролцоход хэн шинэ тэрэгтэй байна, түүнээс гуйна. Хэрэв бүтэхгүй бол өөрийн тэргэнцрээ будаж тордож оролцдог байсан. Жирийн хүний сэтгэхүйгээр бол тэргэнцрийн түрээс гэхээр тийм ч сайхан санагдахгүй. Ийм юм байдаг л юм байхдаа гээд өнгөрөх төдий байна байх. Гадны улсад цөөн хоногоор очих бол тэргэнцрээ аваад явах зохимжтой бус. Зарим оронд ийм зочинд зориулсан тэргэнцрийн түрээсийн үйлчилгээ байдаг.  

Ч.Т: -Сая тэргэнцэртэй иргэдийн шоу боллоо. Ийм үед хэн ч бай урлагийн тайзнаа аль болох сайхнаараа гарахыг хичээнэ. Гэвч бид бүхний тэргэнцэр байнгын хэрэглээ байдаг учраас өнгө үзэмжгүй болох, элэгдэж эвдрэх тохиолдол маш их. Тийм учраас Монголд энэ зэргийн үйлчилгээ дэлгэрэх нь олон хүнийг баярлуулж байгаа. Би хувьдаа дэмжиж байна. Аливаа зүйл хөгжиж байвал сайн л байна шүү дээ. Ганцхан тэргэнцэр биш хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулагдсан ямар л төхөөрөмж байна. Тэр болгон байдаг бол бас сайн. Хүний янз янзын хэрэглээ байдаг шүү дээ. Яг түүн шиг л хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ч олон зүйлийн хэрэгцээ гарна. Жишээ нь, хүн өндөрт байгаа зүйлийг авахын тулд “гар” хэрэг болно. Ойдов ах хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоног төхөөрөмжийг Монголд оруулж ирдэг. Энэ ч бас Монголд хөгжих л зүйлийн нэг.

-Ярилцлагынхаа төгсгөлд та хоёрт “Гарахыг хүссэн уулсынхаа оройд хүрч яваарай” гэж ерөөе. Манай уншигчдад шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлнэ үү. Хэн нэгэнд бас урам өгч болох юм шүү?

Д.Ц: -Би нэг үгийг хэлэх дуртай. Эгч маань надад “Би ганцаараа хөгжлийн бэрхшээлтэй биш шүү гэж бодож яваарай” гэж хэлдэг. Магадгүй ямар нэг байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болчихоод шаналж байгаа хүн байвал танд хандаж “Та ганцаараа хөгжлийн бэрхшээлтэй биш. Хэдий тийм байлаа ч нийгэмтэйгээ хөл нийлүүлэх, эрч хүчээ бүү гээгээрэй” гэж хэлье. 

Ч.Т: -Бидний ярилцлагыг уншиж байгаа бүх хүнд удахгүй болох шинэ жилийн мэнд дэвшүүлье. Нэг зүйлийг хэлэхэд, та өөрийгөө хөгжөөн дэмжихгүй бол таныг хэн хөгжөөн дэмжих билээ. Тиймээс та өөрийгөө хөгжөөн дэмжээрэй. Тэгвэл хүмүүс таныг түрж дэмжинэ шүү” гэж хэлье. 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Тэргэнцэртэй хүнд ч баяр баясгалан, гоо үзэсгэлэн бий   
Үзсэн: 13943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
95.141.20.xxx [95.141.20.xxx] 2015-02-27 13:16
Би зүгээр л Дараа нь би байсан санхүүгийн бэрхшээлийн улмаас миний бөөр нэгийг худалдаж авсан V мэргэжлийн эмнэлэг үнэлж энэ дунд ашиглахыг хүсэж байгаа Перу нь би хатагтай Соня Брандо би олон нийтэд Шинэ жилийн мэнд хүргэе би 3kids мөн нь ээж билээ тэдгээрийн Уурхайн хатагтай баяр баясгалан найз тэдний и-мэйлээр бөөр жинхэнэ худалдан авагч гэж Энэтхэгт энэ эмнэлэгт хандана надад өгсөн эцэг нь ямар ч шалтгаангүйгээр намайг салах: сайн миний гэрчлэлийг богино позици нь Dr.lucienpye.clinic@gmail.com тэд миний бөөр худалдан авч, надад $ 120,000usd төлсөн Мөн эдүгээ би баян чинээлэг бизнес эмэгтэй байна, миний хүүхдүүд Би тэнд хуурамч эмч маш олон интернет дээр байдаг хэдий ч энд миний дугаар эргэлзээгүй 951528618 талаар сайн сайхны төлөө байна, би нэгийг нь олж азтай байсан Бурханд талархаж мэдэх аз жаргалтай сайхан амьдарч байна Перу-аас хатагтай Соня
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2015-01-12 15:09
Уучлаарай нэг зүйл асуух гэсэн юмаа .монголд тэргэнцэртэй бүжгийн клуб байдаг уу? Нэг 6 настай охин тэргэнцэр дээр суудаг хэдий ч бүжиглэх их дуртай юм .Тэр охинд бид туслах гэсэн юмаа. Та үүнийг уншсан бол 95151860 гэсэн дугаар луу холбоо барина уу?
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2015-01-05 23:49
МАНАЙ УЛС ҮНЭХЭЭР АРЧААГҮЙ Т ТЭЭ.ИЙМ САЙХАН ОХИДУУДАА ИЙМ ХҮНД НӨХЦӨЛД ЗОВООЖ АМЬДРУУЛЖ БАЙГАА НЬ ТУС ХАРАМСАЛТАЙ Л БАЙНА.ХҮНИЙ ЭРХИЙГ БҮДҮҮЛЭГЭЭР ЗӨРЧИЖ БАЙГАА УЛСААС ЭД НАР НӨХӨН ТӨЛБӨР НЭХЭМЖЛЭХ ЭРХТЭЙ ШҮҮ ДЭЭ.УЛСЫН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА ЭРҮҮЛ САРУУЛ ХҮМҮҮС НЬ АМЬДРАХ НӨХЦӨЛ ХҮНД БАЙХАД ЭДГЭЭР ХҮМҮҮС ҮНЭХЭЭР ГАДУУР ЯВАХАД ХЭЦҮҮ Ш ТЭЭ.ДААНЧ ХАРАМСАЛТАЙ БАЙНА.ГЭХДЭЭ САЙН САНААТ ХҮМҮҮСИЙН ТУСААР СЭТГЭЛИЙН ТЭНХЭЭ АВЧ БАЙГАА НЬ ЯАМАЙТАЙ.АЗ ЖАРГАЛ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ ОХИДУУДАДАА
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-12-26 10:49
Энэ хүмүүст сэтгэлийн дэм, урам зориг хайрласан сайхан ажил болжээ.Мундаг бүсгүйчүүд байна, энэ хорвоод хүн болж төрнө гэдэг ховор хувь заяа гэдгийг ёстой утгаар нь харуулж байна.
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-12-20 21:34
Сайхан бүсгүйчүүд байна Үнэхээр сэтгэлийн хаттай ямар эцэг эхийн үр сад вэ Дөрвөн мөч нь эв эрүүл сайхан залуус ,архи ууцгааж , биеэ үнэлж хог түүж амьдарч байгаа нь үнэхээр ичгүүртэй ажлын байр хичнээн их байна .Мэргэжилгүй хятадууд ирээд өгсөн ажлыг голлогүй хийж байгаад бэл бэнчинтэй болоод л буцаж байгаа сонсогдох юм . Манай залуус юугаар дутсан юм бэ чааваас гэж
182.160.3.xxx [182.160.3.xxx] 2014-12-18 13:36
ЗАЛУУ НАСАНДАА ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙБОЛНО ГЭДЭГ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛ.
103.23.51.xxx [103.23.51.xxx] 2014-12-18 09:55
Үнэхээр сайхан бүсгүйчүүд байна.
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2014-12-18 09:37
Amjilt zaluusai saihan bvsgvichvvd bna......
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-12-18 09:02
sain saihniig husei.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-12-18 09:02
sain saihniig husei.
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-12-18 09:02
sain saihniig husei.
180.235.185.xxx [180.235.185.xxx] 2014-12-18 02:17
er ni horwood hvn bolj torno gedgiin gol tga uchir HAIR shvvdee.chuham ter ni aaw eej,ah dvv ,torol sadan ,and naiz naraa neg l udaa hvmvvn zayag olj torood eleej duusah ter horomhon hugatsaand ongorvvleh amidraliig helj bgaa bilee.Ene niigemd gants dutagdaj bgaa zvil ter yum.surguuli-d bhaas ni hotolbort oruulj zaawal magadgvi yum.
122.201.19.xxx [122.201.19.xxx] 2014-12-17 22:02
ene saihan humuusiig hul deer ni bosgodog anagaah uhaantai boloh ymsan bidnii mongoliin hugjil uunees l ehelne dee
182.160.0.xxx [182.160.0.xxx] 2014-12-17 20:43
сайхан бусгуйчууд байна та бухэнд аз жаргал сайн сайханыг хусье энэ тэмцээнийг узсэн энэ нийлэлийг уншсан хумуус та бугдийн тухай арай оор онцогоос нь харцгаах байхаа монгол улс маань нэгэн цагт тор шиг тортэй улс шиг улс болно л гэж найдаж явдаг тэр цагт бух юм сайхан болно доо
150.129.142.xxx [103.229.122.xxx] 2014-12-17 14:36
udahgvi uur goe ner bodoj olood helnee heh. harin ter zamiin talaar uwul bol aimshigtai zugeer yawgan hun ter naluu zam deer halitarj unaaj mashind dairuulhad asuudalgvi ym bilee. tegheer tergentsertei yawj bgaa hun yaj tormosloj halitrahgvi yawah ym bvv med. haa saigvi haraagvi hunii zam, ta nar teriig dagaad yawj bgaa haraagvi hun harsan u, medeej ugui ter baih heregtei ch ymu gvi ch ymuu
202.21.117.xxx [202.21.117.xxx] 2014-12-17 13:59
Mundag busguichuud yum aa. Amjilt husey ee...
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2014-12-17 12:32
сайхан нийтлэл байна. шимтэж уншлаа. нээрээ л хүн өөрийгөө хөгжүүлж, дэмжиж, тэтгэвэл бусад нь дэмжээд хөгжөөд явна шүү дээ. сэтгэхүйгээрээ хөгжлийн бэрхшээлтэй хүн манай нийгэмд багагүй хувийг эзэлнэ шүү. мундаг, дайчин, ухаантай хүүхнүүд байна. та нартаа амжилт, хүссэн амжилт, оргилдоо хүрээрэй. байгууллагуудын орж гарах налуу замнуудыг анзаараад харахад нэр төдий л тэргэнцэртэй байтугай, зүгээр хүн ч явахад хэцүү, хэт огцом, сэтгэл гаргаагүй хийсэн харагддаг. сэтгэл дутаад байна л даа. анхаарч, янзалмаар байгаа юм дарга нараа
62.216.150.xxx [62.216.150.xxx] 2014-12-17 12:20
Yamar mundag, uhaalag emegteichuud ve. Neeree l manai uls zam talbai, shat geed hugjliin berhsheeltei humuust zoriulsan yu ch baihgui sh dee. Uuniig tur zasag anhaaraldaa avaasai. Ta 2t amjilt husye

Бидэнтэй нэгдээрэй