Миний багшийг "youtube" гэдэг
Швейцарь, Австрийн ардын урлагаас бий болсон орчин үеийн “Ёодол” хэмээх дууны урлагийн төрлийг Монголдоо нутагшуулж яваа залуу уран бүтээлч П.Баярцэнгэлийг “Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн зочноор урилаа. Тэрбээр рок попын ертөнцөд шинэ зүйл, шинэ танин мэдэхүйг авч ирсэн онцлох уран бүтээлч юм.
-Ёодол гэх өвөрмөц урлагаас яриагаа эхлүүлье?
-Швейцарь, Герман, Альпийн нуруу орчмоор нутагладаг бавари үндэстний дууг ёодол гэдэг юм билээ. Энэ хэсэг уулархаг, хөдөө нутаг тул хоньчин ард хонио бэлчээн, нэгэн өвөрмөц аялгуут дуу дуулдаг. Энэ бол нутгийн хэллэгээр “ёодол” юм. Манайхаар ардын урлаг буюу уртын дуу, хөөмийтэй төстэй гэсэн үг. Үгийн хувьд орчуулдаггүй, утгачилдаггүй. Ёодол бол ямар ч стрессгүй урлаг төдийгүй зөвхөн инээд хөөр, аз жаргалын тухай л дуулдаг. Хэзээ ч муу муухай үг ёодол дуунд байдаггүй нь сайхан.
Монголд өмнө ёодол төрлөөр цомог байтугай ганц дуу, клип ч гарч байгаагүй юм билээ. Тиймээс би анхны бие даасан цомгоороо дамжуулан энэ урлагийн төрлийг эх орондоо түгээн дэлгэрүүлэхийг хүссэн.
-Ёодол дуулах болсон учир шалтгаан нь юу байв?
-Би “Universe best songs” наадамд анх орсон жилээ дөрөвдүгээр шатнаасаа хасагдсан л даа. Одоо би ямар азаар хасагдсан юм бэ гэж боддог. Яагаад гэвэл эхнийх дээр би тэнцчихсэн бол ёодол гэдэг юмтай хэзээ ч учрахгүй байсан. Дараа жил нь орж байж би ёодолтой учирсан юм уу, эсвэл ёодол надтай учирсан байх. Би ёодол дуулах болсон. Ёодол бол миний шинэ эхлэл, гараа гэж би хувьдаа боддог юм.
-“Universe best songs” наадамд орж байх үеэс ёодол сурсан гэхээр нэлээд хожуу болж таарч байна. Сурахад хэр хэцүү байсан бэ. Хэдий хэр хугацаа зарцуулав?
-Чихэндээ л найдаж сурлаа гэж бодсон ш дээ. Сонссоор байгаад л сурсан. Одоо ч гэсэн сураад л явж байна. Би төгс сурчихсан хүн биш шүү дээ. Хамгийн анх 2011 онд судалж эхэлсэн. Одоо ч судласаар л явна даа.
-Тэр дуу чимээг гаргахад зохих ёсны арга техник бий байх. Мэргэжлийн хүмүүс өөрийг тань сонсоод дүгнэх, цэгнэх юм байдаг уу?
-Үндэсний урлаг учраас хэн хүн дүгнээд байхгүй. Учиргүй мэргэжлийн өнцгөөс хараад байддаггүй байх. Швейцарьт очоод дуулж сонирхуулахад “Яаж сурсан юм бэ” гэж асууцгааж байсан. Би багштай гэж хэлсэн. “Хэн таны багш вэ” гэлээ. “Миний багшийг youtube гэдэг ээ” гэж хэлсэн юм. Тэр хүмүүс сонсоод сурах боломжгүй л баймаар юм гээд их гайхацгаасан. Тэгэхдээ миний дуулдаг ёодлыг тэд дуулдаггүй юм байна. Миний дуулаад байгаа ёодлын төрөл бол ерөөсөө л техник, хурд хоёрын нийлбэр. Харин Швейцарийн ёодол бол дуулалтандаа голлож анхаардаг. Тэгээд надад хэлсэн л дээ. “Чинийх бол яг Швейцарь ёодол биш. Орчин үеийн ёодолдоо орно. Австри талынх юм байна” гэсэн. Гэхдээ надад Швейцарийн “унаган” ёодол их уйтгартай санагдсан. Би сонсох санаатай нэлээд хэдэн хуурцаг авч ирсэн юм. Тэгсэн чинь нэг ч дууг нь бүтэн сонсож чадаагүй. Сүүлдээ больсон. Аймаар уйтгартай, хэмнэл удаан, гингэнэсэн санагдсан. Би болохоор ёодлыг их хурдан, тачигнасан л юм төсөөлөөд байсан.
-Ёодлыг хэл болгонд хувиргаж дуулаад байх боломж хэр юм бэ. Цомогт тань багтсан Англи, Герман ёодол хэлбэрийн дуунууд их сонирхол татсан. Та хэлний мэдлэг хэр вэ?
-Хэлний мэдлэг тааруу ч сонсгол сайн учраас дуудлага маань гайгүй. Англи, Герман дуунуудаа зохих хүмүүст нь дуулж үзүүлээд үг болгон дээр нь ажилласан. Бас нэг үггүй дуу бий. Түүнээс бусад нь Монгол дуу. Эх хэлэндээ буулгаад дуулж чадаж байвал болохгүй юм байхгүй. Харин яаж наалдуулах, уялдуулахаас их шалтгаална.
-Ёодлыг сонсоод байхад хэр баргийн хүн хийгээд байхгүй ур дүй хэрэгтэй юм шиг. Тэр техникүүдийг та чадаад байгаа юм чинь монгол ардын хөөмий, хархирааг хийж чадах юм шиг санагдаад байх юм?
-Гадны юм сурчихаад Монголынх бол амархан, чадна гэж болохгүй л дээ. Манай хөөмийчин найзууд “Чи нэг хөөмийлөөд үзээч” гэсэн. Үзсэн. Хөөмий бол аугаа юм билээ. Би чадаагүй.
-Хүүхэд, залуус ёодол сурах оролдлого их хийдэг нь анзаарагддаг. Заагаад өгөөч гэх хүсэлт их ирдэг биз?
-Тийм. Гэхдээ өөрөө эхлээд сурах хэрэгтэй байна. Өөрөө өөртөө тоогдох хэмжээндээ ёодол сурчихаад дараа нь энэ талаар бодох нь зөв юм болов уу. Түүнээс биш би үүнийг хав дараад байх нь юу юм. Ихэвчлэн хүүхдүүд холбогдоод заагаад өгөөч ээ, сурах гэсэн юм гэж ярьдаг. Эрдэнэтэд нэг хүүхэд ёодол их хөөрхөн хийж байна гэж дуулсан. Манай хүүхэд, залуус бүр их авьяаслаг болж байгаа санагддаг.
-Та ёодолд шимтэн байгаа сонирхогчдод товчхон зөвлөгөө өгнө үү?
-Хамгийн гол нь ойлголт. Сайн сонсоод гаргалгааг нь л олох хэрэгтэй. Бүтэн, “бальцат” гэх хоёр өнгийг хооронд нь хольж, цохиж л гаргадаг техник шүү дээ. Энэ техникийг сурах амархан. Үүгээр аялгуулах л хэцүү. Сайн сонсох л хэрэгтэй.
Хэрэв “бальцат” өнгөгүй бол сурч болох, сурч чадах эсэхийг мэдэхгүй юм. “Бальцат” өнгөгүй хүн байдаг. Тийм тохиолдолд нэлээд бэрхшээлтэй байх болов уу.
-Ёодлоор хэр удаан уран бүтээл туурвих вэ?
-Илүү ихийг хийнэ. Бодсон, санасан юм их байгаа. Ёодлоо бол хэзээ ч орхихгүй. Ардын урлагтайгаа ч холбож болох байх. Янз янзаар л оролдлого хийж байна даа.
-“Холли долли” дуу залуусыг ёодол руу их татсан байх. Бас “For you” дууг тань сонсдог хүн олон байдаг?
-“Холли долли” дууг задалж яривал, энэ дууны үгийг би өөрөө бичсэн юм. Ая нь “Холли долли” буюу бэлэн байж байдаг брэнд ая байгаа юм. Гадны ая л даа. “Канкан” гэж дэлхий нийтийн мэдэх дуулж, бүжиглэдэг брэнд ая байдаг. Яг түүнтэй адил брэнд ая юм. “For you” дууны хувьд бол бараг 10-аад жилийн өмнөх дуу ш дээ. Саяхан л би сэргээж дуулсан. Манай ах эхнэртээ зориулж хийж байсан дуу гэдэг юм. Гэхдээ надаас өмнө хэн ч дуулаагүй. Энэ дуу зохиогдчихоод дуулах хүнгүй байсан юм билээ.
-Ёодол гэх урлагтай холбоотойгоор нэг хэсэг “оёдолчин” залуу нэр зүүж байсан?
-Тэгсэн. Би нэг хэсэг оёдолчин Баярцэнгэл нэртэй болсон ш дээ. Ер нь ёодол гэх энэ урлагийг манайхнаас илүү хүлээж авах үндэстэн, ястан байхгүй юм байна гэж би ойлгосон. Монголчууд маань намайг дуулж эхэлснээс л хөгшин залуугүй их эерэгээр хүлээж авсан. Надад ёодол дуулаад өгөөч гэсэн урилга ирүүлдэг газар олон. Хурим найр, тэмдэглэлт баяр, аливаа юмны нээлт гээд л. Нэг барилгын нээлт болсон ч ёодол дуулуулахаар уридаг. Тэр барилга ашиглалтад орох ёодол хоёр ер нь ямар ч хамаатай юм /инээв/. Хамгийн гоё нь дуулаад дуусахад бүх хүн алга ташиж, инээмсэглэсэн байдаг. Энэ л ёодлын их хүч, энерги юм уу даа.
Би баян айлын хүүхэд биш
-Уран бүтээлчид урлагаар мөнгө олно гэж байдаггүй гэж ярьдаг. Та урлагийн буянаар “хоолоо олж” чадаж байна уу?
-Өнөөг хүртэл дуугаараа л мөнгө олж, амьдарч явна. Би баян айлын хүүхэд биш. Эхлээд найз нөхөд, танил талаасаа уран бүтээлдээ тусламж авдаг байсан. Байнга хүнээс авна гэж юу байх вэ. Одоо бол өөрөө л амьдрал, уран бүтээлээ авч явна. Би одоогоор эрхэлсэн өөр ажилгүй, дуугаараа л амьдарч байна.
-Нэг ч гэсэн уран бүтээлч ингэж хэлж байгаа нь сайхан санагдаж байна. Та гэр бүлээ танилцуулаач?
-Эхнэр, охины хамт амьдардаг. Эхнэртэйгээ арван жилийн нэг ангийнх. Одоог хүртэл он жилийг хамтдаа туулж байна даа. Гэр бүлийн амьдрал зохиогоод дөрвөн жил болж байна. Эхнэр маань “Модерн номадс”-т ажилладаг даруухан бүсгүй бий. “Be happy” дууг эхнэр, хүүхдээ бодож байгаад бичсэн. Тэр өдөр яагаад ч юм бэ, гэртээ орж чадалгүй дөрөв, таван цаг алхсан. Гэрээ тойрч алхаж явахдаа тэднийхээ тухай бодож зохиосон болохоор би энэ дуундаа их хайртай.
-Анх таныг “Universe best songs” нэвтрүүлэгт орсноор хүмүүс мэддэг болсон. Уралдаанд орохоор шийдсэн дурсамжаасаа хуваалцаач. Энэ наадмын талаар янз бүрийн яриа гардаг болж?
-Тийм ээ. “Universe best songs” тэмцээнийг сайнаасаа мууг нь их ярьдаг болсон байна. Харин миний хувьд болоод тэр үед орж байсан залуусд өгөх ёстой юм аа хангалттай өгсөн наадам. Одоо хүмүүс муулаад л байна. 2007 онд би оюутан болж байлаа. Сурахынхаа хажуугаар яавал би дуулах вэ гээд л явдаг байсан. Дуулах бөөн хүсэл, тэмүүлэл байсан учир энэ тэмцээний сургаар “ураа” хашгираад л орсон. Ах, бид хоёр одоог хүртэл хамт уран бүтээл хийдэг. Нэг хүн шиг санал нийлдэг. Тэгээд “Nature sound” студи дээр дуулаачийн курст сурч байхдаа бэлдэж энэ тэмцээнд орсон. Энэ наадамд ороогүй байхад намайг хэн ч мэддэггүй, таньдаггүй, тоодоггүй л байсан ш дээ. Би хоёр удаа “Universe best songs” наадамд оролцсон. Хүмүүс бол хасагдсанаа нуух л байсан байх. Анх ороод хасагдахдаа “Дахиж орохгүй” гэж их туниж байсан ч дараа жил нь нөгөө л тэмүүлэлдээ хөтлөгдөөд орж байлаа. Тэгээд шилдэг 25-д үлдсэн.
-Тухайн үед хамт өрсөлдөж байсан залуусаа хэр үнэлдэг вэ. Эмээж байсан хүчтэй өрсөлдөгч нь хэн байв?
-Байлгүй яахав. Бүгд л бие биенээ анзаарна. Тэмүүжин гэж залуу их мундаг юм аа гээд л Тэмүүжингээс оролцогчид бэргэдэг байсан. Ер нь ширүүн өрсөлдөөнтэй байсан шүү. Тэднээс айх, эмээх юм их байдаг. Би сүүлд бодоод байхад тэгж их айж, эмээх нь буруу байсан юм шиг. Түүний оронд би өөрийнхөө дотогшоо өнгийгөөд, өөрөөсөө эрэл хайгуул хийсэн бол арай илүү амжилт гаргах байжээ гэж боддог.
Тэгээд явж явж тэр жилийн тэмцээний хамгийн том өрсөлдөгч би өөрөө болж хувирсан. Одоо ч гэсэн бусад дуучдыг хараад, энэ ийм юм хийчихлээ, би ингэх хэрэгтэй юм байна гэхийн оронд надаас юу гарч болох вэ, би юу бүтээж чадах вэ гэдгээ л харж уран бүтээлээ хийдэг дээ.
-Өрсөлдөж байсан залуусаас зарим нь одоо уран бүтээл хийж байна. Энэ нь зарим хүнд урлагт хөл тавих амархан мэтээр ойлгогддог?
-Тэр үед бүгд л чин хүсэл эрмэлзлэлтэй байсан. Одоо яагаад зарим нь гээгдсэнийг мэдэхгүй. Миний үеийнхэн бол дуугаар “өвчилж” байсан юм. Гэхдээ биднээс уран бүтээл хийхгүй явчихсан гэх хүмүүст ганц л дутагдал байсан юм болов уу. Боломжийг биш шалтаг хайдаг. Тэгэх тэгэхдээ ганцхан том шалтгаан байдаг. Миний үеийнхэн, дүү нар мөнгөгүй гээд байдаг юм. “Мөнгө байхгүй, тэр л байвал хийнэ” гэдэг. Хэн зөв зүгээр байхад май гээд мөнгө өгөх юм бэ. Надад хэн ч өгөөгүй. Би болохоосоо болохгүй хүртэл мачийдаг л байсан. Миний эхний уран бүтээлүүд их муу дүрс, клиптэй. Энэ мөнгөтэй л холбоотой. Тухайн үедээ би ичиж байсан ч одоо бол би хэн болж өөрчлөгдсөн нь чухал болохоос биш өнгөрсөн үе дурсамж, түүх болоод л үлдэж байгаа. Залуучууд ганц л юм хэлдэг нь ерөөсөө л шалтаг. Ингээд, ингээд болохгүй байна л гэдэг. Энэ буруу шүү. Бүр энгийндээ бол биеэ дайчилдаггүйтэй л холбоотой.
-Гадагшаа гарч уран бүтээл хийх, хүч сорих бодол байна уу?
-Яахав ганц хоёр газартай, хүмүүстэй ярилцсан юм бий. Гэхдээ одоо хараахан болж бүтээгүй юмыг урьтал болгож ингэнэ, тэгнэ гэж яриад яах вэ. Ерөнхийдөө бага сага эхлэл бол тавигдсан. Сая Швейцарьт очиж ёодол дуулахад тэндэхийн хүмүүс “Монгол залуу ёодол дуулж байна” гээд үнэхээр гайхаж, соргог хүлээж авсан. Би ямар ч мик, техник хэрэгсэлгүйгээр 300-400 хүний багтаамжтай нэгэн сүмд дуулсан. Акардион, баян-хуур хөгжимтэй ёодол дуулсан. Тэгсэн чинь ирсэн бүх хүмүүс их гайхаж надад босч алга ташаад, баяр хүргэсэн юм. Үнэхээр гоё мэдрэмж төрсөн. Тэгээд “За ер нь болох юм байна даа. Монгол залуу заавал Монголдоо л байгаад байх шаардлага байна уу” гэж бодсон. Гэхдээ хийсэн хойноо яръя.
-Цахим ертөнцөд хэр идэвхтэй вэ?
-Би фэйсбүүк ашигладаггүй. Сүүлд Швейцарь явахын өмнө нэг фэйж нээсэн. Тэгэхэд нэрээрээ хайгаад орох гэсэн чинь миний нэрээр тав, зургаан хуудас байна лээ. Фэн хуудас энэ тэр гээд хэн ч нээсэн юм бүү мэд. Миний сүүлийн үеийн бүх мэдээллийг багтаачихсан байсан. Тэгсэн зарим хүмүүс тэр дотор нь зар, сурталчилгаа оруулчихсан байгаа юм даа. Нээх муухай /инээв/. Бодвол мөнгө, төгрөг хайдаг л бололтой юм.
Надад хэдэн төгрөг өгсөн ч эротик дүрд тоглохгүй
-Хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглолоо. Таны хамгийн сүүлд тоглосон “Миний хайр” киноны дүр яг амьдрал дээр байгаа П.Баярцэнгэлтэй их төстэй санагдсан. Өөрт тань ямар, ямар дүрийн санал ирж байсан бэ?
-Найруулагчид өөрсдөө хараад энэ нөхөр энэ дүрд тохирох байх л гэж бодсоны үндсэн дээр дүр өгдөг байх. Энэ кинон дээр “За чи өөрийнхөөрөө явсан нь зүгээр шүү” гэсэн. Ийм заавар өгсөн учраас П.Баярцэнгэлтэй адилхан санагдсан болов уу. Хүмүүс намайг дуучин гэж мэдэх ч би жүжигчин мэргэжилтэй хүн. 2007 онд буюу 18 настайдаа анх хотод ирээд Кино урлагийн дээд сургуулийн жүжигчний ангид элсч энэ мэргэжлээр төгссөн.
-Тоглохыг мөрөөдөж явдаг дүр бий юу?
-Би нэг их хүнд зорилго тавиад л ийм, тийм дүрд санаархаад байдаггүй. Надад дүр өглөө гэж бодоход тэр дүрээр би яаж амьдрах вэ, би өөрөөсөө юу гаргах вэ гэдгээ л харна. Бусдаар би учиргүй Чингис хаан ч юм уу, нэг их баатар эрийн дүр бүтээх гээд мачийх нь хаашаа юм. Би хэзээ ч баатар эрийн дүр бүтээхгүй ш дээ. Над шиг жижигхэн “Чингис” ч гэж юу байх вэ. Жүжигчин хүний мэргэжлийн онцлог бол өөрийгөө мэдэрчихсэн байх хэрэгтэй. Хамгийн гол нь дүрээр дамжуулж мэдрэмж өгөх гэж байгаа бол өөрөө хаана, юуны чиглэлийн юм бүтээвэл болох вэ гэдгээ мэдэрчих хэрэгтэй. Би эерэг талын, инээд хөөртэй, аз жаргалтай, хөгжилтэй дүрд л тохирно. Миний нэр ч гэсэн баяр, цэнгэл шүү дээ. Энэ чанараа өөрийн тоглосон ганц нэг кино уран бүтээл, наад зах нь дууныхаа клипэнд шингээхийг хичээдэг. Гэхдээ би “киночин” биш шүү.
-Хэрэв танд эротик дүрд тоглох санал ирвэл яах вэ?
-Би хүлээж авахгүй. Надад хэдэн төгрөг өгсөн ч, ямар ч боломж нөхцөл амласан ч би хэзээ ч тоглохгүй. Яагаад гэвэл намайг эротик дүрд тоглож байхыг хараад хүмүүс таашаал авахгүй /инээв/. Би тэрийг мэдэж байгаа учраас яасан ч тоглохгүй гэсэн үг. Ямар ч найруулагч, ямар ч боломж олгосон би “үгүй” гэж хэлнэ.
-Жеки Чантай зураг авахуулсан байна лээ...
-Тэгсэн. Жеки Чан Монголд ирэхэд би ёодол дуулсан. Тэгээд зурагаа хамт авахуулсан. Тэр өдөр миний мөрөөдөл биелэсэн гэж болно. Би Жеки Чаны ясны шүтэн бишрэгч. Бүр жаахан хүүхэд байхаасаа харж дууриаж, байнга шинэ киног нь үздэг байсан. Би дэлхийн аугаа жүжигчин, тамирчин хүнийг тэр тусмаа Жеки Чаныг яг хажуунаас нь хараад, гар бариад, тэврэлдээд уулзана гэж огтхон ч төсөөлж байгаагүй. Өөртөө итгэж өгөхгүй, нэг тийм зохиомол орчин юм уу, эсвэл зүүд юм шиг санагдаж билээ.
-Ахтайгаа уран бүтээл хамтарч хийдэг гэсэн. Та хоёр ажил үүргийн ямар хуваарьтай уран бүтээлээ хийдэг вэ?
-Миний ахыг П.Отгонцэнгэл гэдэг. Дууны инженер мэргэжилтэй хүн бий. Миний уран бүтээлүүд дээр хөгжмийн найруулга, мастеринг, хоолой бичнэ. Бүх зүйлийг хийж чаддаг мундаг хүн. Миний уран бүтээлийн арын албанд ажилладаг нэг номерын хүн дээ. Ахгүйгээр намайг төсөөлж болохгүй. Өөрөөр хэлбэл, миний продюсер юм уу даа. Бид хоёр хэрхэн ажилладаг тухайд гэвэл ихэнх дууныхаа үгийг би өөрөө бичиж ирсэн. Гэхдээ яруу найрагчдаас шүлэг авдаггүй гэсэн үг биш. Ах минь хөгжмөө голлож байна. Аль ч уран бүтээл дээр бид хоёрын хэн хэнийх нь санаа туссан байдаг. Сүүлд миний дуунуудын хөгжмийн найруулга дээр Тэмка гэж залуу ажилласан. Мөн клипжүүлэх ажлаа студид хийлгэж байгаа. “JH” энтертайментийн бүжигчин, жүжигчин, бүжиг дэглээч Ган-Очир ахтай хамтарч ажиллаж байна. Ер нь миний уран бүтээл дээр хамтарч ажилладаг хүрээ их бага байдаг.
-П.Баярцэнгэл аль нутгийнх билээ?
-Дорнод аймгийн унаган хүүхэд. Дорнод аймгийн Чойбалсан хотод төрж, өссөн. Одоо аав, ээж маань аймагтаа амьдарч байна.
-Таны бүтээл хэрхэн төрдөг вэ?
-Би ихэвчлэн ая, үгээ өөрөө хийчих гээд байдаг талтай. Ингэхдээ яагаад ч юм энэ хоёр зүйлийг зэрэгцүүлээд л эвлүүлчихдэг. Хүнд хэлэхэд их сонин юм л даа. Бараг худлаа яриад байна гэж бодохоор. Гэхдээ яалт ч үгүй тэгээд байдаг юм. Магадгүй бадаг ая нь ялимгүй түрүүлж орж ирээд түүн дээр үгээ зоодог юм уу даа. Тэр аяны өнгө аясаас хамаарч, утга санаа бодогдоно. Ийм байвал илүү наалдах юм байна, ийм байвал хүнд ингэж хүрэх юм байна даа гэдэг үүднээс бичнэ. Ер нь уран бүтээлийн санаа толгойд орж ирээд бүтээл болоод гарч ирэх гэдэг их тоймгүй шүү дээ. Санаандгүй байдлаас төрөн гарах нь их. Би алхах дуртай. Ганцаараа алхаад л амандаа ая аялаад л явдаг. Утасныхаа дуу бичигчийг асаачихна. Тэндээс “зурвас юм” авдаг даа. Түүнээс биш хөгжмийн зохиолч хүн биш. Нэг суугаад л нэг хэсэг аялгуу гаргаад ирдэг хүн биш юм. Ийм ийм энгийн нөхцөл байдлаас өөрийгөө сонсож, мэдэрч байж л аялгуу гаргах нь бий.
-Ихэнх дууныхаа үгийг өөрөө бичдэг гэлээ. Танд яруу найрагчийн авьяас заяасан бололтой?
-Би бол хөгжмийн зохиолч биш, яруу найрагч биш. Ер нь дууны шүлэг гэдэг жинхэнэ утгаараа яруу найраг болохыг хэлж мэдэхгүй. Яруу найрагчид гэдэг чинь “тусдаа” хүмүүс. Би бол биш.
-Таныг “Айдсын караоке” нэвтрүүлэгт орж байхыг харсан. Та хэр аймтгай хүн бэ?
-Юунаас гэдгээс л шалтгаална. Миний хамгийн их айдаг гурван юм бий. Харанхуйгаас, нохойноос, ганцаардлаас их айдаг. Шөнө явахдаа их айна. Нохой харахаараа “сүнс зайлдаг”. Эхнэрээ гэрт нь хүргэхдээ шөнө оройд их “баатарлаг амьтан” явна. Харин буцахдаа бол энэ тэндээсээ цочоод л явдаг байсан /инээв/.
-Урын сандаа хичнээн уран бүтээлтэй вэ. Хуучны дуунууд хэр олон байгаа бол?
-Цөөхөн. Зургаан дуутай “Ёодол” нэртэй CD гаргасан. Поп CD тун удахгүй гаргах төлөвлөгөөтэй байна. Балхаа ахын цомогт багтсан “Хөхөө гэрлэх дөхлөө” дууг дуулсан. Урын санд минь арав орчим клип, 20 гаруй дуу бий. Тоглолтын тухайд одоохондоо бодсон юм алга. Цаг нь арай болоогүй. Хүмүүс намайг цөөн хэдэн дуугаар минь мэддэг.
-Гадуур энэ тэнд уригдаж дуулдаг гэсэн. Хэр ачаалалтай бөгөөд ашигтай ажилладаг юм бэ?
-Бид чинь нэг тийм “Улирлын чанартай” хүмүүс шүү дээ. Нэг олохдоо сайн олно. Харин байнга орлоготой байна гэсэн юм байхгүй. Тэгээд ч би бусад дуучид шиг “үнэтэй” биш. Нуулгүй хэлэхэд хурим, шинэ жил, аливаа нээлтийн арга хэмжээн дээр дуулахдаа 800 мянган төгрөг л хэлдэг. Тэгээд хоёр дуу дуулж өгдөг. Энэ хөлс мөнгө надад болоод л байдаг. Би хөлс мөнгө голдоггүй хүн. Ачаалалтай өдөр бол арваад газар орж амжина. Миний хамгийн том “дайсан” бол замын түгжрэл. Түүнийг урьдчилан тооцоод уригдсан газартаа очдог.
Бааранд орох хамгийн дургүй
-Бие даасан тоглолт хэзээ хийх бол. Уран бүтээлийн цаашдын зорилго юу вэ?
-Уран бүтээлийн хувьд шат ахих. Анхны бие даасан цомгоо ёодлоор гаргалаа. Дараагийн уран бүтээлээ түүнээс давж гарах хэмжээнд хийнэ. Ингэж явсаар байгаад хүсэл мөрөөдлийнхөө оргилд хүрэхийг зорьж байна. Бүх зүйлээ чанаржуулж, хүмүүсийн сэтгэлийг огшоосон уран бүтээл хийнэ дээ. Анхны тоглолтоо ирэх онд хийнэ. Гэхдээ анхны тоглолт гэдэг бол харин ч чансаатай байх хэрэгтэй. Тоглолт гэдгийг би арай томоор хардаг. Олон уран бүтээлтэй болмоор байна. Тоглолт хийлээ гэхэд доод тал нь миний 25 уран бүтээл байх хэрэгтэй. Түүний 10 нь хүмүүст хүрсэн, хит болчихсон байж гэмээнэ тоглолт үзүүштэй, хүний сэтгэлд хүрнэ гэж боддог.
-Та “ам барих”-ыг юу гэж боддог вэ. Энэ ойлголт хэр ёс зүйтэй үйлдэл юм бэ?
-Нөхцөл байдал гэж юм бий. Гэхдээ би анхнаасаа огт ам барьдаггүй байсан. Техник нь ямар ч муу газар байсан гүрийгээд л дуусгадаг. Хөгжмөө бүр багасгачих гэж гуйж байгаад дуулдаг. Ингэх нь дуучиндаа асар хортой юм билээ. Дуугарахгүй мик дээр хүмүүст сонсгох гэж орилох бол хоолойн хөвчинд хамгийн их гэмтэл учруулдаг. Хоёрхон муу техниктэй газар дуулахад л хоолой таг болоод хоцордог. Үнэхээр гоё техниктэй газар бол амьдаар дуулахад өөрт минь сайхан. Хүмүүсийн анхаарлыг татаж чаддаг. Үзэгчидтэй хамт дуулаад л сайхан шүү. “Ам барих” гэдэг бол их хэцүү. Сүүлийн үед би нэлээн хэд “ам барьсан”. Асар дуу муутай техник дээр, хоолой бүр сөөсөн үедээ хүний ажлыг баллахгүйн тулд аргагүйн эрхэнд “ам барина”. Ярьж тохироод, очоод дуулахаар болдог. Иртэл хөгжим нь дуугарахгүй. “За хөгжим чинь болохгүй байна” гээд би хүний ажлыг “алаад” яваад өгч болохгүй. Тиймээс л нөгөө “ам барих” гэдэгт хүрч байгаа юм.
Эрүүл мэндийн байдлаас болоод ам барих тохиолдол байна. Миний хоолой эмзэг юм шиг байгаа юм. Хүн их сонин юм билээ. Ярьж чадахгүй болтлоо сөөчихдөг мөртлөө яг гараад ирэхээрээ өөрийгөө хүчлээд дуулдаг л юм. Янз бүрийн арга хэрэглэнэ. Цусаа хануулж хүртэл үзээд арай гайгүй болдог юм. Манайхан хоолойгоо арчлах тал дээр их олон монгол арга чарга зөвлөнө. Бүгд худлаа. Тэр өндөг залгих, ургамлын тос балгах худлаа шүү. Ийм тохиолдолд би хоолойгоо усаар чийглээд л гардаг.
Дуучид микээ аваад явдаг ч техникийн янз янзын бэрхшээл байна. Заалнаас хүртэл болно. Жишээ нь, ёодлыг цуурайтай зааланд дуулж болдоггүй. Гэхдээ би ямар ч нөхцөл байдалд байсан ёодлыг шууд л дуулдаг. Би ёодлыг бол хэзээ ч ам барьж үзээгүй. Цуурайтай заал яадаг вэ гэвэл ёодол их давтамжтай учраас цуурайнд дахиад давтагддаг. Тэгэхээр хүмүүс сүүлдээ юу сонсож байгаагаа ойлгодоггүй.
-Шинэ жилийн арга хэмжээ, баярууд эхэлчихсэн. Та хэр шоуддаг вэ?
-Би оюутан ахуй үе, уран бүтээл жигдрээгүй үедээ найз нөхдийнхөө хүрээнд шоуны газраар явдаг л байсан. Одоо бол надад тэгж явах ямар ч боломж гардаггүй. Тэгээд ч их чимээ шуугианд дургүй болж байгаа. Харин нам гүмхэн орчинд найз нөхөд, хүмүүстэй уулзаж юм ярих дуртай. Ингэхдээ зорьж бас гардаггүй. Дуулах гээд очсон газар уран бүтээлч найзууд маань ирчихсэн байдаг. Түүнийг далим болгоно. Бааранд орох хамгийн дургүй.
П.Баярцэнгэл: Би ёодлоо хэзээ ч орхихгүй | ||
Үзсэн: 11990 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.