Шууд Chart

Хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд байж болзошгүй

2015-02-13 10:56:15

Жил жилийн Цагаан сар, шинэ жилийн өмнө иргэд зах худалдааны төвүүдэд очиж, хэдэн бор төгрөгөө хүний гар цайлгах бэлэг сэлт, хоол хүнс, идээ ундааны зүйлээр солиод сэтгэлдээ хүртлээ баярладаг жамтай. Энэ жилийн хямралтай гэх цаг үед ч дундуур гэх зүйлсээ дүүргэж, элбэг дэлбэг байхыг чармайн Цагаан сарын бэлтгэлээ базаагаад эхэлжээ. Худалдаа, үйлчилгээний газрууд хөл хөдөлгөөнд дарагдаж, хүнээр хахдаг ийм нэгэн үед гарч ирдэг хамгийн том аюул бол хулгай хийгээд залилан юм.

Баярын бэлтгэлээ базаах гэж яваад хэдэн төгрөгөө суйлуулчихаад нийтийн унаанд гундуухан яваа хүмүүс ч харагдах юм. Алдсан хүн арван тамтай гэдэг болохоор сэтгэл тайван суух нь ховор. Хулгайч, залилагчдын балгийг яриад барахгүй тул тэднээс болгоомжлуулах үүднээс дараах сэрэмжлүүлгийг хүргэхээр зэхлээ.  

Сүүлийн жилүүдэд хэвлэл, тоног төхөөрөмжийн хөгжлөөр дамжин хуурамчаар мөнгөн тэмдэгт хэвлэж, худалдаа эрхлэгчдийг залилах тохиолдол газар авав. Харьцангуй шинэ гэмт хэрэгт тооцогдох энэ үйлдэл 2013 оны Цагаан сарын өмнөх үеэс эхэлсэн аж. Үүнээс хойш тогтмол давтагддаг болсон гэх. Хууль хяналтын байгууллагынхны хэлж байгаагаар сард дунджаар хуурамчаар үйлдсэн гурван сая төгрөгийг илрүүлдэг аж.

Одоо зах зээлд буй мөнгөний 0.005 хувийг эдгээр хуурамч мөнгөн тэмдэгт эзэлж байна. Өнгөрсөн оны байдлаар л гэхэд 70 орчим сая төгрөгтэй дүйцэхүйц хуурамч мөнгөн тэмдэгт зах зээл дээр эргэлдэж байна гэсэн тоо баримт байдаг юм байна. Энэ хэмжээ ойрын өдрүүдэд эрс нэмэгдэх хандлагатай байгааг ч эх сурвалжууд сэрэмжлүүлж байгаа юм.

Хуурамч мөнгө өдийд ихээр гарч ирдэг нь гар дээрээс худалдаа эрхлэлт өсч, зах, худалдааны төвд үйлчлүүлэгч ихээр “шавж”, төдий чинээгээр наймаачдын анхаарал сул болдогтой холбоотой гэж албаны хүн хэллээ. Мөн бэлэн мөнгөний хэрэгцээ ч ихээр гардаг тул залилан хийгчид ийм аргад шилждэг бололтой.

Хэвлэсэн мөнгөөр банкинд үйлчлэх боломж хомс тул та бидний гараар дамжин нэгээс нөгөөд хүрч байгааг үгүйсгэх аргагүй. Иймээс хамгийн эхлээд мөнгөн тэмдэгтийн таних тэмдгүүдийг сайтар анзаарч, их хэмжээний мөнгө гар дээрээс авах бол сэрэмжтэй байхыг сануулъя.



Аливаа улс орныг шууд төлөөлөх, шууд дүгнэх, шууд танилцуулдаг шидтэй зүйл бол тухайн орны мөнгөн тэмдэгт буюу валют байдаг. Төдий чинээгээр улс орнууд зах зээл дэх мөнгөн тэмдэгтүүддээ хяналт сайтай, хууль чангатай байх юм. Төгрөгийг хуурамчаар хэвлэж, хэн нэгэн наймаачныг залилах нь хор уршгийн хувьд залилуулсан мөнгөний өртгөөр л тооцогдоно. Энэ бол ганцхан наймаачны бодол. Харин хуурамч мөнгийг мэдэхгүйгээс цааш гар дамжсаар хэн нэгэн гэмт хэргийн золиос болох, үгүй дээ л хуулийн байгууллагын хаалга татаж ажил алба, алтан цагаараа хохирох нь ойлгомжтой. Бүр цаашлаад мөнгөний /төгрөг/ ханшийг уруу татаж, гадаад валюттай харьцах чадваргүй болгох, эдийн засгийн үзүүлэлтүүдийн дүнг худал болгох хор хөнөөлтэй зүйл бол хуурамч мөнгө ажээ.

Жуулчдын гарт хуурамч мөнгө хүрчихвэл Монголын л нэр хүнд шалдаа бууна. Төгрөгт итгэх итгэл гадныхны дунд ч мөхөстөнө. Мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдэх гэдэг улс орныхоо үнэ цэнэ, эрхэм дээд зүйлийг хөл дороо гишгэлэн тоглож буйгаас өөрцгүй юм.  Тиймээс төр зах зээлд эргэлдэж буй бэлэн мөнгөндөө хараа хяналт тогтоож, хууль дүрмээ сурталчлахыг үүгээр уламжлахыг бас хүслээ.

Одоогоор банкинд үйлчлүүлэгчдийн мөнгөн дундаас хуурамч мөнгө илэрч байгаа ч хэн хийж худалдаанд гаргаад байгааг олж чадахгүй л байна. Тэд ихэвчлэн 20000, 10000, 5000 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг хуурамчаар хийдэг аж.

Монголбанк болон Эрүүгийн цагдаагийн газрын мэргэжилтнүүд хэлэхдээ хуурамч мөнгөн тэмдэгтийг сайн ажиглавал болхи хийцтэйг нь мэдэж болдог гэлээ. Мөн хуурамч байж болзошгүй мөнгөн тэмдэгтийг санаандгүй хүлээн авбал дэвсгэртийг дамжуулсан хүнд буцааж өгөлгүйгээр хамгийн ойр байрлах цагдаагийн хэсэгт хүргэж өгөхийг зөвлөж байна.  

Та мөнгөн тэмдэгтийн нууцлал, жинхэнэ мөнгөн дэвсгэртийг хэрхэн танихыг мэдэхгүй бол доорх нууцлалуудыг мэдээд авахад илүүдэхгүй.


5000, 10.000, 20.000-ын дэвсгэртүүдийн нууцлал:

  • Тусгай гэрлээр харахад Чингис хааны хөрөг гэрэлтэн тодордог.
  • Холограмм дардас дотор соёмбо тэмдэг, мөн тухайн дэвсгэртийн тоо солонгорч үзэгдэнэ.
  • Дэвсгэртийн суурь зураг, ялангуяа 20.000 төгрөгийн дэвсгэрт бол нэрлэсэн үнэ нь гарт мэдэгдэхээр товгор хийгдсэн байна.
  • Дэвсгэр зургийн зүүн доод талын босоо хэвтээ ирмэгийн дагуу "MONGOLBANK" гэсэн үгийг маш жижгээр бичсэн.
  • Гэрлийн эсрэг барьж харахад Чингис хааны хөрөг, "МОНГОЛБАНК" гэсэн үгийн  товчлол болох "МБ" үсгүүд усан хээгээр тодорч харагдана.
  • Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодорч үзэгдэнэ.
  • Гурван мм-ийн өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр "MONGOLBANK" гэсэн үг болон Соёмбо солигдож харагдана.
  • Гэрлийн эсрэг барьж харахад дэвсгэртийн хоёр талд байрлах дугуй дүрс зөрүүгүй давхцана.
  • Тусгай гэрлээр харахад дэвсгэрт металл ялтсан ширхэгтэй харагдана.
  • Бусад үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн байдаг.

Эдгээр таних тэмдэг нууцлалуудын аль нэг байхгүй бол хуурамч дэвсгэрт байх магадлалтай бөгөөд мэргэжлийн байгууллага, банк санхүүгийн газрын салбарт шалгуулаарай.


Нийтэлсэн: Б.Батхолбоо

Хуурамч мөнгөн дэвсгэрт гүйлгээнд байж болзошгүй   
Үзсэн: 4372 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй