Долоо хоног бүрийн пүрэв гарагт болдог “Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба оролцож эрүүл мэндийн салбарт хийгдэх ажлуудын талаар танилцууллаа.
Энэ онд эрүүл мэндийн салбарт 100 орчим тэрбум төгрөгийн гадны хөрөнгө оруулалт хийхээр болж Засгийн газарт хэлэлцээрийн шатанд явж байгаа аж. Дээрх хөрөнгө оруулалтыг эрүүл мэндийн салбарт зарцуулж, манай улсын эрүүл мэндийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд Эрүүл мэнд, спортын яамнаас хэд хэдэн зорилт, чиглэл тавьж ажиллаж эхэлжээ. Тухайлбал, салбар яамнаас анхан шатны эмнэлэг болон өрх, сумын эмнэлгүүдийг хүртээмжтэй болгох чиглэл гаргажээ. Үүний тулд өрх, сумдын эмнэлгүүдэд шаардлагатай бүх шинжилгээ авдаг багаж, тоног төхөөрөмжүүдийг суурилуулах аж. Ингэснээр иргэд заавал аймаг, дүүргийн эмнэлэг рүү явах шаардлагагүй болох юм. Түүнчлэн сум, өрхийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн машинуудыг нэмж авахаар төлөвлөжээ. Ард иргэдийн дунд түргэн тусламжийн машин авах хөрөнгөөр жижиг оврын автомашин авсан, машин нь стандартад нийцдэггүй зэрэг асуудал их гардаг учир одоо авах түргэн тусламжийн машинуудыг нэг стандартад нийцүүлэх юм байна. Тодруулбал, эрүүл ахуйн шаардлага, стандартад нийцсэн, хөдөө орон нутагт дуудлагад явах боломжтой бөгөөд 70 сая төгрөгт багтсан үнэтэй байх ёстой аж. Дээрх ажлуудыг эрүүл мэндийн салбарт гаднаас орж ирэх 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдэгдсэний дараа хийгдэнэ гэдгийг салбарын сайд онцоллоо.
Эрүүл мэндийн салбарт хийгдэх дараагийн шинэчлэл бол эрүүл мэндийн байгууллагын засаглалын асуудал юм. Тодруулбал, улсын эмнэлгүүдийг Удирдах зөвлөлтэй байлгах талаар хуульд өөрчлөлт оруулахаар бэлтгэж байгаа аж. Нийт есөн хүнээс бүрдэх Удирдах зөвлөлд иргэдийн төлөөлөл орох бөгөөд ингэснээр эмнэлгүүдэд ам муутай байдаг иргэдийн итгэлцлийг нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзжээ. Мөн ингэснээр Төрийн өмчит улсын эмнэлэг гэсэн шинэ статус бүхий эрх зүйн орчинтой байгууллага гарч ирэх аж. Одоо манайд тухайн салбар яамны сайд нь улсын эмнэлгийн дарга нарыг томилдог. Энэ нь иргэдийн дунд улс төрийн ямар нэг зорилго агуулагдаж байгаа гэсэн хардлага төрүүлдэг учир иргэдийн төлөөлөл орсон Удирдах зөвлөл эмнэлгийн удирдлагуудыг томилж, үйл ажиллагааг нь хянадаг болохоор илүү нээлттэй болно гэлээ. Мөн энэ нь улсын болон хувийн эмнэлгийн өрсөлдөх чадварыг ижил түвшинд авчрах болно гэдгийг Г.Шийлэгдамба сайд хэлж байлаа.
Дээрхээс гадна эрүүл мэндийн салбарт орж ирэх дээрх 100 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар анхан шатны эмнэлгүүдийн хүний нөөцийг сайжруулах, эмч эмнэлгийн ажилтнуудыг сургалтад хамруулах зэрэг ажлуудыг хийх аж. Мөн сум болон өрхийн эмнэлэгт их сургуулиа төгссөн шинэ эмч нар ирдэг нь иргэдийн дунд анхан шатны эмнэлгүүдэд чадваргүй, туршлагагүй эмч нар ажилладаг гэх яриа үүсгэдэг тул хуульд өөрчлөлт оруулж эмчлэх эрхийн лиценз авсан эмч нар хоёр, гуравдугаар шатны эмнэлгийн байгууллагууд ажиллаж харин анхан шатны эмнэлгүүдэд ажлын туршлагатай эмч нар ажиллаж байх эрх зүйн орчинг бүрдүүлэх ажээ.
Түүнчлэн Азийн хөгжлийн сангаас хэрэгжүүлж буй "Эрүүл мэндийн салбар-VI" хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын гэр хороолол, хүн ам ихтэй Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт өрхийн эмнэлгүүдийг нэмж барих аж.
Мөн манай улсад импортоор орж ирж байгаа эм, эмийн хэрэгслүүд нь эмнэлэг, эмийн сан бүрт өөр өөр үнээр зарагддаг тул үүнийг цэгцлэх үүднээс салбар яамнаас ерөнхий худалдан авалт зохион байгуулж иргэдийн гар дээр ижил үнээр очдог байх нөхцөлөөр хангана гэдгийг Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэллээ.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.