Шууд Chart

Д.Мэндбаяр: Би есдүгээр ангиасаа мэргэжлийн жүжигчин болох гараагаа эхэлсэн

2015-05-07 10:10:26

Тайз, дэлгэцнээ бүтээсэн олон сайхан дүрээр ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн МУАЖ Д.Мэндбаярыг энэ удаагийн “Редакцийн зочин”-оор урилаа.

-Би ээжтэйгээ ер нь л их ховор уулзах ёстой хүн байсан юм билээ-
 
-Таны бага насны талаар яриагаа эхлэе гэж бодлоо?
-Би Ховд аймгийн Манхан суманд 1944 онд аав Дагвадорж, ээж Өлзийхишиг нарынхаа хоёр дахь охин болж мэндэлсэн. Намайг хоёр настай байхад аав, ээж хоёрын маань амьдрал тусдаа болоод ах, бид хоёр аавынхаа хамт Улаанбаатар хотод нүүж ирсэн юм. 1951 онд Зүүнхараа хотод анхны орос сургууль байгуулагдахад тэнд ах маань орж байлаа. Гэхдээ дараахан нь ах энд сурч чадахгүй юм байна гээд эргээд монгол сургуульдаа оръё гэсэн чинь аав маань тэгвэл дүүтэйгээ хамт нэг ангид ор гээд ах, бид хоёр монгол сургуульд нэгдүгээр ангид хамт орж байсан юм. Аав маань насаараа өргөн, нарийн төмөр замд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Тэгээд 1953 онд аавыг өргөн төмөр замд ажиллаж байхад Улаанбаатар хотод ирээд гуравдугаар сургуульд анх орж байлаа. Дараахан нь 1955 онд төмөр замын дэргэд 20 дугаар сургууль байгуулагдаад ах, бид хоёр тийшээ шилжсэн юм. Аав маань өдөр, шөнөгүй л төмөр замын ачааны вагоны ард улаан, шар дарцаг бариад л явдаг байлаа. Нэг ёсны вагон хүргэж өгдөг кондуктор гэх юм уу даа. Төмөр замын ажил чинь их хэцүү шүү дээ. Өдөр шөнөгүй л явна. Заримдаа хоёр, гурван хоногоор явчихдаг. Тэгэх болгонд нь ах, бид хоёр л гэртээ үлдэнэ. Бид хоёрыг хоёулахнаа үлдчихээр төмөр замын оросууд, аавтай минь хамт ажилладаг хүмүүс их тусална аа. Орой үдэш эргэж тойрно, гэртээ хонуулдаг байлаа.
 
-Та тэгэхээр ээжээсээ хол өсчээ?
-Би ээжтэйгээ ер нь л их ховор уулзах ёстой хүн байсан юм билээ. Ах, бид хоёрыг тав бил үү, зургаадугаар ангид байхад ээж маань хотод нэг зөвлөлгөөнд суух гээд ирсэн юм. Тэгээд аавыг сурагласаар байгаад бид хоёртой уулзах гээд ирж л дээ. Тэгсэн аав байхгүй бид хоёр гадаа тоглож байтал нэг хүн “Нэг эмэгтэй аавыг чинь асуугаад байна. Та хоёртой уулзана гэнэ” гэхээр нь бид хоёр танихгүй гээд тоглоомондоо улайраад уулзаагүй юм. Энэ талаараа орой аавдаа хэлчихээд унттал шөнө аав маань ээж чинь та хоёртой уулзах гээд ирчихлээ гээд сэрээдэг юм байна. Ухаан орох цагаасаа л аавтайгаа хамт амьдарсан юм чинь ээж гэдэг хүний талаар мэдэхгүй шүү дээ. Тэгэхэд нь “аан” гэж хэлчихээд буцаад унтаад өгсөн байгаа юм. Аав маань ээжийн талаар сонсоод бид хоёрыг унтсан хойгуур ээжийг сурагласаар байж олоод ирж л дээ. Тэгэхэд нь бид хоёр сэрдэггүй. Өглөө нь аав ээж чинь та хоёрт өгөөрэй гэсэн гээд 25 төгрөг өгсөн юм. Тэгэхэд л би ээжтэй юм байна гэдгээ мэдсэн дээ. Тэрнээс өмнө аав маань бид хоёрт ээж чинь нас барсан гэж хэлдэг байсан. Өөрөө тэгж их гомдсон ч юм уу, эсвэл бид хоёрыг ээжийгээ хайгаад явчихна ч гэж бодсон юм уу бүү мэд.
 
 
-Ээжтэйгээ ярьж суусан гэгээн мөч байгаа байх. Тэр үеэ эргэн дурсаж болох уу?
-Театрт жүжигчнээр орсныхоо дараа би 1985 бил үү, 1986 онд Баян-Өлгий аймагт бригадаар очлоо. Намайг очихоос өмнө П.Цэрэндагва тэнд очоод манай ээжийг олчихоод надтай утсаар яриулж байсан юм. Намайг очсон чинь хоёр охин захиа барьчихсан над дээр ирлээ. Тэгсэн ээж “Энэ чиний хоёр дүү шүү. Жүжигчдээ аваад манайд ирж цай уу. Ээж нь хүлээж байя” гэсэн байсан. Тэр үед манай бригадын дарга Ардын жүжигчин Г.Мягмарнаран байсан юм. Бригадын даргадаа ээжийнхээ тухай хэлсэн чинь зөвшөөрөөд бид гэрт нь очлоо. Тэгээд хашааны хаалгаар орсон чинь хашааны хаалганаасаа эхлээд байшингийнхаа үүд хүртэл цагаан эсгий дэвсчихсэн байж билээ. Тэгсэн ээж нь анх удаа охиноо гэртээ оруулж байна гээд тэгсэн юм билээ. Манай бригадынхан хоол унд болоод л харин ээж маань надтай юу ч дуугардаггүй. Баригадынхан ч явлаа. Ээж маань ч юм ярихгүй чигээрээ л суугаад байна.
 
Тэгэхээр нь би ээжээсээ “Би яг хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр төрсөн юм бэ” гэж асуулаа. Аав маань намайг 1944 оны бичин жилд төрсөн гэдгээс өөрийг мэддэггүй юм. Тэгсэн ээж маань ч нээрээ хэдэн сард билээ, ямар ч байсан зудны жил л юм даг гээд ярьж байна. Би одоо ч гэсэн төрсөн сар, өдрөө мэддэггүй. Ямар ч байсан өвөл юм байна гэж бодоод мартагдахааргүй юм гээд Октьябрын баярын маргааш болгочихьё гээд 11 сарын найманд төрсөн өдрөө тэмдэглээд эхэлчихсэн. Тэгээд л ээж бид хоёр ярьж эхэлсэн дээ. Тэгэхэд ээж маань аав чинь сайн хүн болохоор л та хоёрыг өгч явуулсан юм. Миний хоёр хүү ээждээ гомддоггүй биз дээ гэж хэлж байсан. Тэр өдрөө тоглолтоо хийчихээд орой нь ээжийндээ ирж хоносон юм. Бид маргааш нь өөр газар тоглолттой байсан болохоор үүрээр хөдөллөө. Тэгсэн намайг гарахад ээж гаргаж өгдөггүй. Би гайхаж байгаад л автобусандаа ороод суучихлаа. Жаахан байж байгаад цонхоор харсан чинь ээж минь хашааны завсраар харчихсан зогсож байсан. Тэрнийг нь харсан чинь гол руу нэг юм зураад орчих шиг санагдаж билээ. Хөөрхий минь, намайг харахаар уйлчих гээд байсан байлгүй дээ.
 
-Тэрнээс хойш дахиж уулзаж чадсан болов уу?
-Ээжтэйгээ уулзсанаас хойш хэдэн жилийн дараа нэг эрэгтэй дүү маань хотод оюутан болж ирсэн юм. Хэдий цуг нэг дор байгаагүй ч гэсэн эх нэгтэй юм болохоор надад сүйд байдаг байсан. Тэгсэн нэг удаа дүү маань ээж Баян-Өлгийгөөс онгоцоор ирэх гэж байгаа. Бид нар тосно. Та гэртээ хоол унд бэлдээд байж бай гэсэн. Тэгэхээр нь гэртээ хоол, унд бэлдчихээд хүлээж байтал дүү маань над руу яриад ээжийн бие гэнэт муудаад шууд эмнэлэг явлаа гэсэн. Тэрнээс  хойш нэг их удаагүй дээ. Хоёр, гурав хоноод л өөд болчихсон. Би ээжийгээ ах, бид хоёрын гар дээр нүд аних ёстой байж дээ гэж боддог юм.
 
Харин аав маань тэрнээс бүр өмнө 1976 онд өөд болсон. Тэгэхэд би их том гэдэстэй, өнөө маргаашгүй төрөх болчихсон байсан юм. Тэгсэн нэг өдөр ээж маань ороод ирлээ. Дүүгээс чинь аавын чинь бие муу байна гэж сонсоод ганц удаа ч болов аяга цай хийж өгье гэж бодсон юм гээд. Ээж маань хоёр өдөр аавд цай, хоол хийж өгч асарч байгаад явсан, бодвол аавыг гомдоосон сэтгэлээ бага ч гэсэн дэвтээсэн байх. Тэгж хоёр хоночихоод явсны дараа тав хоноод л аав маань өнгөрсөн дөө.

-Анх долоодугаар ангид байхдаа л драмын жүжиг гэдэг зүйлийг мэдэж авч байлаа-
 
-Та урлагт хөл тавьсан үеэ бидэнтэй хуваалцаач?
-1957 онд намайг долоодугаар ангид байхад манай ангийн багш Дэндэв гэж хүн байлаа. Монголын радиод олон жил сэтгүүлч хийсэн, хэл уран зохиолын багш хүн л дээ. Багш маань “Муурын байшин” гэдэг жүжгийг тавиад тэрэндээ ангийнхаа хүүхдүүдийг тоглуулсан юм. Би тэр жүжигт баян муурын дүрд тоглож байлаа. Тэгэхэд л би анх драмын жүжиг гэж байдаг юм байна гэдгийг мэдэж авсан юм. Манай сургууль төмөр замын сургууль байсан болохоор бид нар жүжгээ төмөр замын дагуу Сайншанд хүртэлх зөрлөгүүдээр явж тоглодог. Би жаахан байхдаа бас бүжиглэдэг байлаа шүү дээ. Жүжиг тоглоод, бас бүжиглээд л явна. Анх урлагийн зах зухаас мэдэрч эхэлсэн үе минь гэвэл энэ л юм даа.  
 
-Яг хэдийнээс мэргэжлийн жүжигчин болсон бэ?
-1959 оны намар сургууль дээрээ ирсэн чинь Ардын жүжигчин Г.Гомбосүрэн гуай, Нямын Цэгмид гуай, Буриадаас хамгийн анх Монголд ирж кино урлагийн жүжигчнийг бэлтгэх сургуулийг байгуулах гэж ирсэн Сүндэрьяа  багш маань байлаа. Тэгээд анги ангиудаар яваад жүжигчний сургуульд явах хүүхдүүдийг шалгаж авсан юм. Тэгэхэд манай ангиас гурван хүүхэд авсан. Нэг нь манай театрын даргыг их олон жил хийсэн судлаач, шүүмжлэгч , эрдэмтэн, жүжигчин, найруулагч Б.Зориг, нөгөө нь телевизийн спортын редакцид ажиллаж байсан найруулагч С.Бадрах, тэгээд би байсан юм. Бид гурвыг захирлын өрөөнд дуудаж байна гэнэ. Яваад орсон чинь Монголд анх удаа Улсын Багшийн Дээд Сургуулийн дэргэд Кино драмын жүжигчний анги байгуулах гэж байгаа. Сургуулиудаас олж харсан хүүхдүүдтэйгээ уулзаад эрэгтэй 10, эмэгтэй 10 хүүхэд авна. Та гурав орох уу гэж асууж байна. Тэгэхээр нь орьё гэсэн чинь маргааш өглөө Дуурийн театрт ирээрэй гэж хэлчихээд яваад өгсөн. Би чинь тэр үед төмөр замын “тоочиг”-ийн хүүхэд байлаа шүү дээ. Гэр вокзал, сургуулиа л мэднэ. Тэгээд нөгөө хоёроосоо Дуурийн театр гэж хаана байдаг юм гэж асуусан чинь чи төмөр замаасаа автобусанд суугаад Ленин клуб дээр буугаад хойшоо харахаар том ягаан байшин байгаа гэж зааж өгсөн. Тэгээд өглөө нь ирсэн чинь их олон хүүхдүүд байна аа. Гоё гоё хувцастай, өндөр өндөр сайхан охин олон байна. Би яахав дээ, эхгүй өссөн хүүхэд чинь бор хэрийн л хувцастай, нэлээн хуучирсан цагаан ултай, урт түрийтэй гуталтай, формын палажтайгаа л очиж байгаа юм. Амьхандаа л гангалж байгаа нь тэр.
 
Тэгээд хүлээгээд сууж байтал Дагвадоржийн Мэндбаяр гээд дуудлаа. Яваад орсон чинь анх сургууль дээр очиж авсан Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Гомбосүрэн багш, Нямын Цэгмид гуай тэгээд бас нэг айхтар ууртай, хурц төрхтэй шар авгай сууж байна аа. Гэтэл өнөө шар авгай чинь намайг дуу дуул гэнэ. Тэгэхээр нь би дуулдаггүй гээд зогсчихлоо. Би уг нь бүр бага байхдаа ахтайгаа хамт концертэд дуулдаг л байсан юм. Харин дунд ангид байхад нэг удаа ангийнхантайгаа явж байгаад дуулсан чинь нэг нь чи заримдаа дураараа орилоод байх юм гэж хэлснээс хойш дуулахаа больчихсон юм. Тэгсэн нөгөө хүн чинь шалгалт өгөх гэж байж яасан хачин хүүхэд вэ. Тэгвэл шүлэг унш гэнэ. Тэгэхээр нь “Миний нутаг” шүлгийг уншчихлаа. Дараа нь бүжиг бүжиглэ гэж байна. Би яахав дээ бүжиглэдэг байсан юм чинь орос бүжиг бүжиглэлээ. Тэгсэн бас ч гэж гайгүй эвсэлтэй юм байна гэж байна. Тэгээд нөгөө эмэгтэй “Чи аавтайгаа хамт байдаг юм уу” гэж байна. Тийм гэсэн. Гэтэл “Аав чинь гадаа ирчихээд цонхны цаанаас чамайг хараад байна” гэсэн. Би аавдаа амь шүү дээ. Цонх руу гүйгээд очсон чинь аав харагддаггүй ээ. Нөгөө эмэгтэй чинь “Тэр хүүхдүүдийн цаана байна шүү дээ. Дуудаач” гээд дахин дахин хэлээд болдоггүй. Тэгэхэд би “Аав аа” гэж хоёр чанга орилоод л уйлчихсан. Тэгсэн за за чи гарч бай гэж байна. Гараад ирсэн чинь баахан хүүхдүүд яасан яасан гээд л асуулаа. Үнэнээ л хэлж байгаа юм чинь. Дуул гэхээр нь дуулаагүй, шүлэг уншиж, бүжиглэсэн. Бас аав чинь ирчихсэн байна гэж худлаа хэлж намайг орилуулаад, би тэнцээгүй байх аа л гэлээ. Тэгээд оройхон нь хоёрдугаар шатанд тэнцсэн хүүхдүүдийн нэрсийг гаргаж хадлаа. Би тэнцээгүй байх гэж бодсон хэрнээ л бас сониучирхаад хүлээгээд байгаа юм.
 
Очоод харсан чинь миний нэр байж байна аа. Баярласан гэж жигтэйхэн. Ингээд маргааш нь яваад очсон чинь “Энэ нэг золигийн хүүхэд дуулдаггүй гээд байгаа юм. Гэхдээ уг нь миний анхааралд байгаад л байна. За за гар” гээд нөгөө эмэгтэй чинь надаар юу ч хийлгэхгүй гаргачихлаа. Дараа нь нэрээ харсан Д.Мэндбаяр гээд бас л байж байна. Би бүр баярлаад, уйлаад. Гурав дахь өдөр нь дахиж цуглараад 20 гаруй хүүхдийг тэнцүүлсэн. Очоод Багшийн дээд сургуулийн хажууд Шашингүйн үзэл, Шинжлэх ухааны онол гэсэн хичээл орно. Тэрэнд суугаад дахиад шалгалт өгөөрэй гэнэ. Тэнд нь яваад очтол өнөө сургуулийн багш нар чинь биднийг хараад бүр формын хувцастайгаа жаахан хүүхдүүд байна шүү дээ. Ийм хүүхдүүдээс чинь ямар коммунист намын түүх асуух юм бэ гээд л ярьцгааж байна.
 
Бид нартай хамт бас өмнө нь дагалдан ажиллаж байгаад ирсэн жүжигчид байсан юм. Тэд нараас л асуулт асууж байгаад нийтэд нь тэнцэв гэсэн дүн тавьчихгүй юу. Тэгээд хэд хонож байсан чинь хичээлдээ ир гэж дуудлаа. Би энэ тухайгаа аавдаа огт хэлээгүй байсан болохоор айж байгаа юм чинь. Тэгээд айж, айж аавдаа хэллээ. Аав маань бүр гайхаад чи зөв ойлгосон юм уу, чамайг дээд сургуульд оруулах гээд байгаа юм уу гээд л ямар багш байсан юм гэж асууж байна. Би хүмүүсийн ярьж байснаар л Богдод тоглосон Нямын Цэгмид гуай гэсэн. Би тэр киног нь үзээгүй байсан юм чинь хүмүүсийн хэлснийг л хэлж байгаа нь тэр. Ингээд өглөө нь аав намайг дагуулж очоод багштай уулзсан чинь “Бид энэ охиныг авсан юм. Дөрвөн жил сурч төгсөөд театр ажилд орно” гэтэл аавын минь дуу нь гарахаа болиод л нулимс нь цийлэгнээд манай охин үнэн хэлсэн юм байна. Та нарт баярлалаа гэж хэлчихээд л явлаа. Тэр өдөр хичээлээ тараад гэртээ харьсан чинь аав маань хоол хийчихсэн сууж байна. Тэгээд миний охин чинь дээд боловсрол эзэмшээд хамгийн түрүүнд аавыгаа баярлуулж байна шүү дээ гээд үнсэж билээ. Харин цаашаа хараад уйлаад байх шиг болсон. 
 
-Тэгээд сурагч байхдаа шууд оюутан болчихож байгаа юм уу?  
-Тийм ээ. Би Багшийн дээд сургуульд есдүгээр ангиасаа орж дөрвөн жил сураад 1963 онд төгсөөд театрт жүжигчнээр томилогдож ирж байлаа. Түүнээс өнөөдрийг хүртэл театрт 50 гаруй жил ажилласан.  
 
-Та ер нь хэр олон дүр бүтээсэн бэ?
-Театрынхаа тайзан дээр үндэсний болон дэлхийн сонгодог олон жүжигт дүр бүтээсэн. 180-аад жүжгийн гол ба туслах дүрд тоглосон. Энэ хугацаанд театраас томилолт аваад хөдөө орон нутгаар ч их олон удаа явсан даа. Надад очоогүй аймаг, сум гэж байхгүй. Ихэнх аймагт хэд, хэд оччихсон байдаг юм. Хамгийн анх хөдөө орон нутагт тоглохдоо орчуулгын жүжиг болох “Хар санаа ба хайр сэтгэл” жүжгийн Луизагийн дүрийг бүтээж билээ.
 
-Театрт дүр бүтээх, телевизийн болон радиогийн уран бүтээлд дүр бүтээхийн ялгаа нь юу вэ?
-Өөр л дөө. Театр бол орой бүр тайзан дээрээс амьдаар үзэгчидтэйгээ харьцаж байдаг учраас ёстой нөгөө бидний цус нь булиглаж, нулимс нь гоожиж, инээд хөөр нь цалиглах бүх зүйлийг өөрийнхөө биеэр дамжуулж илэрхийлж байдаг учраас өнөөдөр би муу тоглосон ч маргааш тэрийгээ засаад тоглох боломжтой байдаг. Тийм учраас зохиолчийн бичсэн жүжгийн дүрүүдээрээ үзэгч олон түмэнд тохиолдож байгаа зовлон бэрхшээл, баяр гунигийг сануулах эсвэл тохилдож болох зүйлүүдийг сануулах, үгүй бол тохиолдчихоод одоо яах вэ гэсэн асуултуудад хариулт өгөх зэрэг олон сэдвүүдийг хамарсан, тэр бүтээлүүдээрээ үзэгч олонтойгоо уулзаж амьд харилцаа үүсгэж байдаг тайз юм.
 
Кино бол тухайн болж байгаа үйл явдлыг камерт бичээд дэлгэцээр үзэгч олонд харуулдаг учраас бид илүү хөдөлгөөн хийж болдоггүй, яг л үнэн харьцааг тэнд хийх ёстой байдаг. Театрын тайзан дээр бол үнэн харьцааг хийж байна гээд гөлийж хараад байж болдоггүй. Заавал өөрийгөө ойлгуулахын тулд, 500 үзэгчийн ард суугаа хүнд үгээ хүргэхийн тулд нэмэлт хөдөлгөөн хийж, хүчээ гаргаж байдаг юм. Кинонд бол хашгираад байж болохгүй шүү дээ. Би өнөөдөр тэр кинонд нулимсаа гаргаж чадаагүй бол насан туршдаа харамсана. Театрт бол маргааш нь л илүү сайн тоглочихно. Харин радио бол ерөөсөө л дуу хоолой. Бидний бүтээсэн дүрүүдийг радио янз бүрийн хөгжим, байгалийн дуу чимээний тусламжтайгаар сонсогчдод хүргэдэг. Тус бүртээ нэг ижил юм шиг хэрнээ бас аргын хувьд арай өөр, өөр хэлбэрээр илэрхийлэгддэг.
 
 
-Хүлээцтэй, нэг нэгийнхээ үгийг сонсож байж л урт удаан хамт амьдарна шүү дээ-
 
-Таны уран бүтээл, амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Би ер нь ямарваа нэг зүйлд үнэн сэтгэлээсээ хандахыг л чухалчилдаг. Хуурч мэхлэх, заль гаргах, цаг хугацаа баримтлахгүй байх зэрэгт дургүй. Би хүүхдүүддээ ч гэсэн та нар хэнд ч худлаа хэлж болохгүй. Өөрөө өөрсдийнхөө л итгэл зоригийг сэргээж явж бай гэж захидаг.
 
-Хүмүүс нас ахих тусам л нутагтаа очихыг илүүтэй хүсдэг болчихдог. Та ер нь одоо нутгаа хэр үгүйлж байна?
-Би урлагийн бригадаар явдаг байхдаа ээжийнхээ байсан Баян-Өлгий аймагт л очиж чадахгүй сүүлд очсон болохоос бусад аймгуудаар их олон удаа очиж байсан. Ховдод ч мөн ялгаагүй олон удаа очсон. Аав, ээжийн минь ах, дүү нар Ховдод олон байдаг юм. Нэг удаа П.Цэрэндагва бид хоёр Ховд аймагт очоод Манхан сумын хийдэд нь ээж, аавынхаа буянг бодож ном уншуулж байсан.
  
-Танай гэр бүлийг “урлагийн гэр бүл” гэх тодотгол байнга дагаж явдаг. Ханийнхаа тухай яриач?  
-Бид хоёр анх 1968 онд танилцаж байсан. 1971 онд нэг гэрт орсон юм. Өнөөдрийг хүртэл 40 гаруй жил хамт амьдарч байна. Хоёулаа урлагийн хүмүүс учраас цаг зав бага. Манай хадам аав, ээж хоёр маань л хүүхдүүдийг минь харж ханддаг байсан.
 
-Та залууст хандаж зөвлөгөө өгөхгүй юу. Сүүлийн үед салалт их байна гэх болж. Ер нь хүн амьдралынхаа ханийг хэрхэн сонговол зохилтой вэ?   
-Залуу байхдаа бие биенээ мэдэж ойлгож байж гэр бүл болох нь арай илүү бат бэх, удаан хамт амьдрахад хүргэдэг юм болов уу гэж боддог. Хоёр биенээ хальт харчихаад нэг гэрт орно гэвэл учир дутагдалтай. Гэр бүл болох гэж байгаа бол залуус маань эхлээд өөрт байгаа нууцлагдмал дотоод сэтгэлийнхээ сайн, мууг хоёр биендээ мэдүүлэх хэрэгтэй. Бид хоёр эхний үед бол үерхэж байсан. Дараа нь гэр бүл болсон. Харин дараа нь үр хүүхэд гаргаад эх, эцэг болсон. Ингэхээр хамтарч үр хүүхэддээ анхаарал тавих, халамжлах зэрэг зүйлүүдэд ойлголцох хэрэгтэй болдог юм. Хүүхдүүд маань насанд хүрээд ирэхээрээ үерхэж нөхөрлөх хүнтэй, хань ижилтэй болно. Тэгээд тэд нар маань бас үр хүүхдүүдтэй болно.
 
Ингээд эмээ, өвөө болохоор чинь давхар хүн хариуцах хэрэгтэй болж байгаа юм. Өөрийн хүүхэд бол яах вэ, үгэнд орохгүй бол бөгсөн дээр нь алгадаад авна. Гэтэл хүүхдийн хүүхдийг бол болохгүй шүү дээ. Тэрэнд чинь аав, ээж нь байна. Тэгэхээр тэр хүүхэдтэйгээ харьцах харьцаагаа давхар ээж, аавтай нь харьцах харьцаатай хослуулах хэрэгтэй болдог. Тэгээд хүн гурав дахь үеэ үзээд эхэлвэл бид нарын үүрэг улам өсч алсын зайнаас удирдах шаардлагатай болдог. Тийм давхар давхар үүргүүд хүлээж байгаа болохоор өөрсдийнхөө биеийг өөрсдөө л авч явах шаардлагатай. Ер нь хоёр биенээ ойлгоод ирэхээр хэрүүл маргаан бага гарна шүү дээ. Тийм учраас залуусдаа хандаж, “Та нар минь хүлээцтэй бай, нэг нэгийнхээ үгийг сонсож байгаарай” гэж хэлье.
 
 
Эх сурвалж: Монголын Үндэсний Олон Нийтийн Радио

Д.Мэндбаяр: Би есдүгээр ангиасаа мэргэжлийн жүжигчин болох гараагаа эхэлсэн  
Үзсэн: 18254 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-08-20 23:51
Anhni nohroo dursag yavah heregtei
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2015-07-12 10:16
Жамъянсүрэн гуай яасан бэ? Зайлуул авгайдаа хаягдаад их л зовсон байхдаа Мэндбаяр гуай. Цэрэндагва гуай ч их ухаантай хүн юмаа. 2 хүүхдэд чинь сайн эцэг болоод. Аргагүй ш дээ ааваас нь салгачихсан юм чинь. Бас сайн эхнэртэй гээд эхнэрийнхээ дэргэд магтаад л хүүхэн хардаггүй дүр үзүүлээд. Жүжигчидээ гэж...
75.37.26.xxx [75.37.26.xxx] 2015-07-06 13:09
ehnii nuhruu yagaad dursdaggui yum bol, 2 huuhedtei bsan baih tegeed salaad Terendagva guyatai suusan, anhni nuhruug n; Jamyansuren bil uu tiimerhuu nertei. Odoo kinond toglohoo neeree bolimoor yum aa arai ; hugshin haragdaad bh yum
78.157.167.xxx [78.157.167.xxx] 2015-07-05 02:10
saihan ger buld az jargal husie.
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2015-06-14 06:36
Bi tanii jargal daahguin zovlon kinond ij durtai az jargal eteey
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2015-05-26 20:08
нохортойгоо кинонд тоглохоо боль бур дур гутаачихын. зогсох газараа зогсож сураач. харахаас дургуй хурэх юм Цэвээнжав гуайн дэргэд хэнч биш юуны АЖ бэ одоо блоио
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-05-22 16:38
ta on saraa byryy sanaad bn vaj 1986 on baih be 1976 ond ta ulgiid oghij bsn eej olon saihan yr hyyhed hymyyjyylsen hyn um aa said bsn batchylyyn ednii hyy tani dvv
124.158.91.xxx [124.158.91.xxx] 2015-05-20 15:30
би өөрөөсөө ахмад хүмүүсийн яриа сонсох их дуртай их гоё ярьдаг .муу муухай үг огт хэрэглэхгүй.хүн муулахгүй, хий хоосон дэвэргэн юм ярихгүй .ямар нэгэн таагүй зүйлийг шүүмжлэхээрээ тусгүй дээ,горьгүй дээ л гэж хэлдэг.манай залуус гадны нөлөөнд ороос хэл ярай их мухардмал модон хэллэгээр харилцдаг болоод байгаа.жишээ нь ;та бүхэнд баярлалаа гэж хэлмээр байна гээд байдаг баярлаж байгаа бол баярлаж байнаа л гээд хэлчихэж болмоор л юм
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-05-14 10:39
МЭНДБАЯР ГУАЙНХАА ЯРИЛЦЛАГЫГ УНШСАН ЧИНЬ ЕСТОЙ НЭГ САЙХАН АМРАХ ШИГ БОЛЖ ЕЕР ЕРТЕНЦЕД ОЧСОН МЭТ БОЛЛОО. ААВ , ЭЭЖЭЭ Ч ДУРСААД АВАВ. УГ НЬ МАНАЙ МОНГОЛ ЭНЭ Л ЮМ САН ДАА. ОДОО БОЛ БИД ШАЛ ХИЙМЛЭЭР АМЬДАРЧ ТУУНИЙХЭЭ БООЛ БОЛЖ БАЙГААГ Ч МЭДЭХГУЙ БАЙГАА ЮМ. ЮУ ГЭВЭЛ БУГД 24 ЦАГ ГАНЦХАН МЕНГЕ Л БОДНО, ХЭРЭЛДЭНЭ!!!! ТАНД БОЛОН ТАНАЙ ЕНЕР ЕТГЕН ГЭР БУЛД САЙН САЙХАН БУХНИЙГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХУСЭН ЕРЕЕЖ БАЙНА. БАЯРЛАЛАА, ТАНД
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-05-11 17:37
Yostoi saihan ger bul. Ta hoyoriig urgelj hundelj hairlaj baharhaj bdag shuu
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2015-05-11 17:37
Yostoi saihan ger bul. Ta hoyoriig urgelj hundelj hairlaj baharhaj bdag shuu
112.72.8.xxx [112.72.8.xxx] 2015-05-11 16:45
Сайхан сэтгэгдэл бичсэн байна. Та хоёр аз жаргалтай байж, уран бүтээл нь улам арвин байхыг ерөөе.
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2015-05-07 15:52
Залуугийнх нь кино дүрүүдийг харахад их сайхан, царайлаг, ухаантай, түшигтэй хүн шиг санагдаж хүндэлж явдаг шүү таныг. одоо ч гэсэн нас тогтсон сайхан эмэгтэй болж дээ та. Таны авъяасыг миний ээж их үнэлдэг, хайрладаг байлаа. одоо байсан бол таньтай ойролцоо хүн байх байж дээ. мундаг охин байсан учраас урлагийн акулууд олоод харж дээ. Та минь сайн сайхан урт удаан энх тунх байгаарай. Таны хань агуу жүжигчин шүү. Та хоёр минь аз жаргалтай байж, уран бүтээл нь улам арвин байхыг ерөөе.

Бидэнтэй нэгдээрэй