Уншигч тантай бид олон хүнийг уулзуулдаг. Энэ удаа сайхан сэтгэл, өр зөөлний “хүн гүүр” болсон нэгэн бүсгүйг уулзуулж байна. Энэ бол “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн тэргүүн Цэвэгдоржийн Сувд-Эрдэнэ.
-Та болоод танай сангийн зүгээс хүмүүнлэгийн аяныг нэлээд идэвхтэй өрнүүлж байна. Сүүлийн үед хийсэн гол ажил хэргээс тань яриагаа эхлэх үү?
-Өнгөрсөн оны 11 дүгээр сард бид “Бөмбөгөр” худалдааны төв дээр зай зарж, амьжиргаагаа залгуулдаг 90 настай эмээд долоохон хоногийн хугацаанд байшин барьж өгсөн.
Энэ хүнд туслахыг миний нэг найз бүсгүй санал болгосон юм. Ингээд би “Бөмбөгөр” рүү эмээтэй уулзахаар очсон. Тэр үед манай найз завгүй байсан болохоор би ганцаараа очиж, бараг цаг гаруй хайсан боловч олоогүй. Жаахан сэтгэл дундуур буцаж явтал буланд хоол гуйгаад сууж байгаа нэгэн өвөөтэй тааралдсан. Тэгээд “Би ерөөсөө л хүнд хоол унд авч өгөх зорилготой энд ирсэн юм чинь яадаг ч байсан энэ хүнтэй уулзъя” гэж бодоод очсон. Тэгсэн “Өвөө нь гурав хоног хоол идээгүй. Аргагүйн эрхэнд түмнээсээ буян хүсээд сууж байна” гэдэг юм.
Тэгээд өвөөг хоолонд оруулах зуураа түүний амьдралын талаар багагүй зүйлийг ярилцлаа. Гэртээ ирсэн хойно ч тэр өвөөгийн ярьсан зүйл нь бодогдоод байсан учир Фэйсбүүкд өвөөгийн ярианы хэсгийг зурагных нь хамт оруулсан. Тэр пост маш их хандалт авсан.
Өвөө юу ярьсан бэ гэхээр “Загасчлалын улсын уралдаанд орох гэсэн боловч 50.000 төгрөгийн татвартай юм билээ. Түүнийг нь өгөх мөнгөгүй байгаа. Бараг орж чадахгүй бололтой. Уг нь нэг ороод үзсэн бол...” гэсэн. Би энэ яриаг л олон нийтийн сүлжээгээр хүргэсэн. Хүмүүс их нааштай хүлээж авч зарим нь “Өвөөгийн тэмцээнд орох мөнгийг чиний данс руу явуулчихъя. Чи өгчихөөрэй” гэх зэргээр над руу утасдаж эхэлсэн.
Маргааш нь өвөөгөө хайсан боловч олоогүй. Харин нөгөө эмээ маань байж байлаа. Эмээтэй уулзаад, хүргэж өгье гэж бодсон учраас автобусаар гэрт нь очсон.
Очиход үнэхээр хэцүү нөхцөл байдалтай, орон гэр гэж тоймтой юм байсангүй. Цаасан хайрцгаар доторлочихсон, гадна талаар нь зэвтэй төмөр, хэдэн ширхэг банзаар сараалж шиг юм хийчихсэн тийм зүйл дотор өдий насны хүн амьдарч байсан. Түлээ, нүүрсний амбаар ч юм шиг санагдсан. Хүнд хэцүү амьдрал нүдэнд туссан. Энэ нөхцөл байдлын дүр зургийг аваад мөн л төрийн бус байгууллагынхаа хуудсаар нийтлэсэн. Энэ эмээд Улаанбаатар хотод суугаа болон дэлхийн 16 улсад суугаа монголчууд маань хандив өргөж эхэлсэн. Энэ эмээгийн байшинг босгоход ард түмэн сэтгэл нэгдэж дэмжсэн учраас ажил нь маш хурдан бүтсэн юм. 1200 гаруй хүн хандив өргөсөн гэдэг утгаараа маш олон хүний сэтгэл, гар, дэмжлэг орсон. Богино хугацаанд олон хүний хүч хөдөлмөрөөр эмээ байшинтай болсон доо.
-Эмээд байшин барьж өгсөн газар нь ямар газар байв. Өөрийнх нь байсан уу?
-Өөрийнх нь газар биш л дээ. Нийтийн эзэмшлийн нэр дээр байдаг газар. Тиймээс бид байшингийн суурь тавьж болохгүй болоод зөөврийн сууц барьж өгсөн юм. Дэнжийн мянгын “Цагаан байр”-ны ойролцоо газар л даа.
-Дэмжиж тусласан хүмүүсийн тухайд жаахан тодруулаач. Хэн юугаар тусласан бэ?
-Монголын үйлдвэрлэгч, пүүс компаниудаас эхлээд иргэн, албан хаагч, оюутан, сурагч бүр хоёрдугаар ангийн хүүхдүүд хүртэл тусламжийн гараа сунгасан. Тэр бүрийг нэр усаар нь дурдвал хэн нэгэн үлдэх магадлалтай учраас болохгүй байх.
-Эмээгээ ойрд эргэж очсон уу. Байшин барихад хэд орчим төгрөг цугласан бэ?
-Байшингийн хувьд долоон сая гаруй төгрөг бэлэн мөнгөөр цугласан. Эд материал, хэрэгслээр тусласан аж ахуйн нэгжүүд байгаа. Байшингийн дээвэр, хашааны хаалга гэдэг ч юм уу барилгын материалаа авч ирээд хийж өгсөн хүмүүс бий. Тиймээс энэ бүхнийг оруулаад эмээгийн байшин 10 сая төгрөгийн хүрээнд бүтсэн. Энэ ажлын дараа гаргасан тайланг интернэт ороод манай сангийн хуудаснаас харах боломжтой. Ер нь цаашдаа ч энэ бүхэн нээлттэй. Шилэн дансны аргаар явна.
-Сайны хажуугаар саар гэдэг дээ. Таныг сайхан сэтгэл өвөрлөөд хүнд туслаж байтал зарим талаараа хандив туслалцаагаар халхалж мөнгө төгрөг олж байна гэж бодох хүмүүс байхыг үгүйсгэхгүй?
-Тухайн үед хандив тусламж өгч байгаа хүмүүс пост дээр ил тодоор дэмжлэгээ сэтгэгдлээр үлдээгээд, энэ талаар мэдсэн хэн бүхэн туслах юмсан гэсэн халуун сэтгэлээр буцалж байсан болоод ч тэр үү ямар нэг хардлага, сэрдэлт гараагүй. Ер нь миний ажлыг хүмүүс их дэмждэг. Харин манай хэвлэл мэдээллийнхэн их шуугисан. Эд нар ер нь яачихав, юу хийгээд байна, хэдэн төгрөг хэдэн хүнээс цуглуулж вэ зэргээр хандаж байсан.
-Хүмүүнлэгийн өөр ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна вэ?
-Хорлоо эмээд тусласан энэ ажлын дараа яг энд идэвхийлэн оролцсон, хүч бололцоогоо дайчилсан залуус хамтраад “Итгэл сэтгэлийн гүүр” хэмээх санг байгуулсан. Тэгээд хамгийн эхний ажил Төв аймгийн Батсүмбэрийн асрамжийн газарт 128 өндөр настантай нэг өдрийг хөдөлгөөн эрүүл мэнд, соёлын арга хэмжээ, бэлэг дурсгалтайгаар зохион байгуулсан. Эмээд тусласан болон энэ мэт ажлаас хойш бидэнтэй иргэд, төрийн бус байгууллагууд нэгдэе, туслая, дэмжье гэж хандах болсон. Мөн тусламж хүссэн хандалт ч асар их ирсэн. Бид өнгөрсөн хугацаанд гэр нь шатсан гурван ч айлыг орон гэртэй болголоо. Хоол хүнсгүй өлсгөлөнгийн байдалтай байгаа айл өрхөд хүнс бараа, түлээ түлшээр дэмжлэг үзүүлсэн. Нийтдээ бидний зохион байгуулсан тус одоогоор 630 орчим хүнд хүрсэн. Энэ бол бүгд л ард түмний тус дэм шүү дээ.
Сүүлийн үед бидэнд хандаж буй хүмүүсийг тухайн бэрхшээлээ тодорхой бичээд ирэхэд нь санхүү мөнгө олох, асуудлыг нь ямар нэг байдлаар шийдэх үүднээс төлөвлөж, ажил эхлүүлж байгаа.
-Таны хувьд ингээд хүмүүст туслахын жаргал их байх. Яагаад заавал хүмүүнлэгийн ажил зохион байгуулах болов?
-Монголчууд эрт дээр үеэс л хүүхэд, хөгшид, зовж зүдэрсэн нэгэндээ гар сунгаж ирсэн уламжлалтай. Үр хойчдоо асар их зүйлийг үлдээж ирсэн. Бас нэг цаг үед амьдарч яваа элэг нэгтнүүдийнхээ зовлонгийн хажуугаар юу ч болоогүй мэт алхаад өнгөрдөг сэтгэл надад байдаггүй болохоор зүгээр сууж чаддаггүй юм. Нөгөөтэйгүүр залууст уриалах, үйлдлээрээ үлгэр дууриалал үзүүлэх, хүмүүнлэг энэрэнгүй хүн болж төлөвшихөд нь энэ мэт нийгмийн сайн сайхан үйлс чухал юм болов уу гэж би хувьдаа боддог.
Нэг нь өгөөд, нөгөө нь авах нь чухал биш. Өнөөдөр нийгэмд амин хувиа хичээх үзэл л ихсээд байх шиг. Хүн хүнээ гэх сэтгэл хаашаа ч юм алга болсон мэт санагдах үе бий. Үүнийг миний хийсэн гэлтгүй бүхий л сайн үйлс болоод эдгээр сайхан сэтгэлт хүмүүс, сэтгэл зүрхтэй залуусын үйл хэрэг зөөллөж байгаа гэдэгт итгэж байгаа.
-Та бариа засалч мэргэжилтэй гэсэн. Энэ бас хүнийг өвчин зовлонгоос ангижруулдаг буянтай ажил. Бариа засалч болоход юу нөлөөлсөн бэ?
-Аав, ээж хоёр маань улс орондоо олон жил ажилласан сайхан хүмүүс байсан. Миний аав нэгдэл гэж байхад 20-иод жил жолооч хийсэн, ээж цахилгаан холбоо хөгжиж байх үед сумын Холбооны эрхлэгч хийж байлаа. Тэгээд нэгдэл тарахад 10 ямаатай л гарч байсан гэдэг юм. Түүнээс хойш эцэг, эх маань ажил хөдөлмөр, үр хүүхдийнхээ төлөө их зүтгэсэн. Одоо бол хоёулаа байхгүй. Хоёулаа хүнд өвчний улмаас хорвоог орхисон. Тэгээд л би ямар нэг эмнэлэг, эрүүл мэндийн салбартай ойр хүн болох хүсэл төрсөн юм болов уу. Бариа засалч мэргэжилтэй болсон. Хэн нэгний өвчин зовлонгоос хагасалж явбал өвчин гэдэг тэр аюулт зүйлээр бурхан болсон аав, ээж маань ч баярлах байх гэж боддог.
-Бариа засал дийлэнхдээ өвлөгддөг гэдэг. Таны удамд оточ, бариач хүн байв уу. Энэ мэргэжлийн онцлог юу вэ?
-Бариа засалч хүн хүний өвчинтэй өөрийн гараар харьцдаг учраас ядрах, сульдах гээд хэцүү юм байдаг. Би таван настай ханиад нь хүндэрсэн хүүг барьж эдгээсэн. Тэр хүү төрснөөсөө эхлээд л ханиад салаагүй, байнгын эм тан хэрэглэдэг байсан. Ханиад барина гэхээр хүмүүс юуг нь барих уу гээд эргэлзэж гайхдаг. Гэтэл тийм биш. Ханиад бүү хэл, хүний дотор эрхтэн, саажилт, хорт хавдар гээд бүхнийг бариа заслын эмчилгээгээр эдгээх боломжтой. Би хувьдаа өөрийгөө бариач гэж олонд зарлах, зар сурталчилгаа хийх дургүй. Яагаад гэвэл миний үйлчлүүлэгч маш олон байна.
Бариа засал уламжлагдаж ирдэг байх. Харин олж авах мэдлэг, сурах зүйл байлгүй яахав. Тухайлбал, хүний биеийн мэдрэлийн цэг, эрхтэний байршил гэдэг ч юм уу. Миний өвөө Нямбуу гэж нэлээд нэртэй сайн лам, ардын эмчилгээний хүн байсан. Бариа заслаар хүнийг эдгээхэд цаг хугацаа, тухайн хүний сэтгэлзүй, өөрийн тэвчээр гээд олон хэцүү зүйл тулгарах нь бий.
-Таныг Монголдоо бас л манлайлж яваа залуусын нэг гэж би хувьдаа үнэлдэг. Та гэр бүлийнхнийгээ танилцуулна уу?
-Би хоёр сайхан охинтой. Том охин маань зургаан настай, ирэх есдүгээр сард сургуульд орно. Бага маань нэг ой хүрэх гэж байна. Тэд миний амьдралын бас нэгэн утга учир, эрч хүч байдаг даа.
-Залуу хүний хувьд амьдралд шантрах үе байдаг уу. Та юунаас сэтгэлийн эрч хүч авч, магадгүй юунд урам хугардаг вэ?
-Би ер нь аливаа ажлын ачаалал болон бүтэхгүй байгаа зүйлд хэзээ ч шантарч явсангүй. Бусдаар хүнд сэтгэлээр унах янз бүрийн л юм байна. Өөрөөсөө эрч хүчээ нэрэн байж, хэн нэгэнд тус хүргэхэд тухайн хүн “баярлалаа” гэж хэлэхгүй өнгөрөх тохиолдолд урам хугардаг. Гэхдээ тэр хүнээс хариу нэхсэн хэрэг биш. Нөгөөтэйгүүр хэн нэгнийг баярлуулаад, дээрээс нь үүнийг би хийж чадсанаа мэдрэх тэр эгшинд хамгийн их жаргалтай, сэтгэлийн өөдрөг үзэлтэй хүн болж чаддаг.
-Та бүхэн “Харанхуйн гэрэл” номын аяныг эхлүүлсэн. Аян хэр үр дүнтэй явагдаж байна?
-Саяханаас хүүхэд, эмэгтэйчүүд, эрчүүдийн хорих ангийн хүмүүжигчдэд өгөх юм.
-Мэдээж ном байгаа газар болгондоо л хэрэгтэй. Хүмүүжигчдэд ном хандивлах болсон шалтгаан юу вэ?
-Энэ аяныг эхлүүлэхээс өмнө хорих газруудад очиж танилцсан. Тэгэхэд хуучин нийгмийн үеийн цөөн хэдэн ном байсан. Энэ маш хангалтгүй гэж бодож байгаа.
Яагаад гэвэл хорих ангиудад ял эдэлж байгаа хүмүүс ном унших юм бол ял шийтгэлээс нь хоногоор хасагддаг журамтай юм байна лээ. Тэгэхээр тэдний оюунд хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй тэдний хичээл зүтгэлийг үнэлэх боломжтой болж, мөн элэг бүтэн амьдрах хугацааг нь нэмж өгч буй хэрэг биз дээ.
-Номоо хэрхэн хүлээн авч байна. Одоогоор хэд орчим ном цугласан бэ?
-Иргэдээс өгч байгаа номыг Чингэлтэй дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт буюу 17-р сургуулийн чанх ард “Хантайшир” сургуулийн байранд хүлээн авч байгаа. Авч ирж өгөх боломжгүй хүмүүсээс очоод авсан ч болно.
Саяхан Чингисийн талбайд ном хүлээж авах өдрүүдийг зохион байгуулсан. Өнөөдрийн байдлаар 1025 ширхэг ном цуглаад байна. Номоо хандивлаж, халуун сэтгэлийн буян хийж байгаа хүмүүст талархсанаа илэрхийлье. Аянд нэгдэх сэтгэл зүрхтэй хэн бүхэн нийгмийн цахим сүлжээгээр бидэнтэй холбогдох боломжтой гэдгийг энэ завшаанаар дуулгая.
-Та хүнд их тусладаг. Ер нь танд хэн нэгэн туслах талаар бодож байв уу?
-Тусламж хэрэггүй хүн гэж байдаггүй байх аа. Хүн хүндээ л дэм өгч амьдардаг байх. Надад нэг хувийн үзэл байдаг. Яагаад гэвэл би өөрийн хүч хөдөлмөрөөр энэ амьдралд зорьсондоо хүрэх ёстой гэсэн хатуу баримтлал бий. Гэхдээ тус дэм гэдэг хүнд мэдэгдэхгүйгээр ирдэг ч байж болох. Та бүхэн ч надад туслаж байна. Учир нь би элэг нэгт хүмүүсийнхээ төлөө хийж буй сайн үйлс, хэн нэгэнд туслаж байгаа тэрхүү үйл хэргийг та бүхэн бусдад түгээж байгаагаараа надад бас туслаж байгаа хэрэг шүү дээ.
-Таны хобби юу вэ. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?
-Спорт тал руугаа их сонирхолтой доо. Хөдөлгөөн хийж чөлөөт цагаа өнгөрөөхийг аль болох хичээдэг. Гэвч ажил ундраад л байдаг. Хүн тэр бүрийг зохицуулж өөртөө цаг гаргаж чаддаг байвал сайн. Бас ээжийн тухай дуунд дуртай. Хааяа ганцаараа хэн ч байхгүй үед дуулж суух дуртай шүү.
-Та ямар шашин шүтдэг вэ?
-Нэг их туйлширсан шашны үзэлтэй биш л дээ. Гэхдээ өвөө лам байсан болохоор шарын шашин талдаа. Мөн зан заншил, өв уламжлалтай минь гүн гүнзгий холбогддог хамгийн эртний шашин болох бөөгийн шашинд хүндэтгэлтэй ханддаг юм. Хүнд санаж сэрж явах олон зүйл байдаг шиг. Би нутагтаа очоод ирсэн. Аав, ээжийнхээ газарт мөргөж, нутгийн уул усандаа сүү өргөсөн.
-Хүмүүнлэгийн энэ сайхан ажлын ард дандаа л талархсан сэтгэл үлддэг байх. Ярилцлагын төгсгөлийн танд нээлттэй үлдээе?
-Монголд маань хүмүүсийн сайн нь олон юм гэдгийг энэ хугацаанд мэдэрсэн. Монгол хүний сэтгэлд байдаг тэр элэг нэгтнээ гэсэн үзэл үнэхээр аугаа гэдгийг хэлмээр байна. Энэ бүхнийг би ганцаараа хийж ирсэнгүй. Олон зуун хувь хүн, хамтрагч байгууллагуудад чин сэтгэлээсээ баярлалаа.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Сувд-Эрдэнэ: Монголд маань хүний сайн нь олон юм гэдгийг мэдэрсэн | ||
Үзсэн: 8983 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.