“Хоймор өнжих нар” телевизийн олон ангит киноны найруулагч Л.Ариунжаргалтай ярилцлаа.
-“Хоймор өнжих нар” уран сайхны кино таны хэд дэх уран бүтээл вэ. Киноны зураг авалт хэзээнээс эхлэв?
-Киноныхоо бэлтгэл ажлыг 2014 оны зунаас эхэлж явсаар есдүгээр сард жинхэнэ зураг авалт эхэлсэн. Одоо дэлгэцэнд гарахын зэрэгцээ монтажийн ажил хийгдээд явж байна. Энэ кино миний телевизийн хоёр дахь бүтээл. Өмнө нь “Хэцүү анги”-ийн найруулагчаар ажиллаж байсан.
-Хоёр ч телевизийн олон ангит киног найруулсан байна. Ер нь олон ангит кино найруулах нэг ангитай кино хийх хоёрт ялгаа байх уу. Хүнд хэцүү зүйл нь юу байдаг бол?
-Хугацааны хувьд ялгаатай л даа. Олон ангит киноны хувьд бага цаг хугацаанд олон үйл явдлыг зэрэг харуулах хэрэг гардаг. Нэг зураг авсан газраа эхний нэгдүгээр ангийг авсан бол зэрэгцээд төгсгөлийн ангийн зургийг авч байх жишээний. Тэгж мөнгө хөрөнгөө хэмнэх үйл ажиллагаа бас явагдана. Ийм учраас төлөвлөгөөгөө маш сайн хийдэг. Тэгэхээр найруулагч маш сайн төлөвлөгөөтэй, бодолтой, хянамгай ажиллах ёстой. Нэгдүгээр ангийг хийж байхдаа энэ хэсэг төгсгөлийн ангид гарах бил үү, үгүй бил үү гэдгийг бодож байх хэрэгтэй. Үүнд л гол ялгаа нь оршиж байгаа юм.
-“Хоймор өнжих нар” нэрийн тухайд ярилцъя гэж бодож байна. Хойморт бус хоймор өнжих гэж нэрлэсний учир юунд байна?
-Киноны нэр, дуу хоёр бараг киноны зохиол гарахаас өмнө бэлэн болчихсон байсан л даа. Зохиолч маань гэр бүлийн жилд зориулан бичсэн зохиолоо ингэж нэрлэнэ гээд эртнээс бодчихсон байсан юм билээ. Зохиолчийн маань хэлснээр “Хүмүүс нарыг хоймортоо аль болох удаан өнжүүлээсэй. Хүмүүний амьдрал хойморт тусаад өнгөрдөг тэр нар шиг богинохон хугацааг туулдаг. Тэгвэл тэрхүү тусаад өнгөрч байгаа нарыг хоймортоо удаан байлгах уу, эсвэл хоймороо сүүдэртэй байлгах уу гэдэг нь хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаална” гэх санааг илэрхийлсэн гэсэн. Бид тэрхүү санааг алдалгүй авч явсан. Жүжигчдийн маань хэлж буй үг ч энэ утга агуулгыг илэрхийлж байгаа.
-Ер нь энэ киногоор дамжуулаад ямар мессежийг олон нийтэд хүргэхийг зорьсон бэ?
-Хэдийгээр өөр өөр орчинд амьдарч ажиллаж байгаа хүмүүсийн тухай өгүүлэх ч хамгийн чухал нь гэр бүл юм шүү. Алдаж, оносон ч гэр бүлийн уур амьсгал, гэр бүлийн халуун дулаан харилцааг орхиж болохгүй юм шүү гэх санааг олон нийтэд бодуулахыг зорьсон.
Ер нь бид энэхүү киногоороо сенсаци хөөж, эсвэл олонд сурталчилъя гэж бодоогүй. Хамгийн гол нь хэлж байгаа үг, үйлдэл нь амьдралын үнэнийг өгүүлсэн, хүмүүст нээрээ надад ийм зүйл тохиолдвол би ямар шийдвэр гаргах вэ гэдгийг тунгааж бодох сэдлийг өгөөсэй гэж хүссэн.
-Кинонд нэлээд олон хүүхэд тоглож байгаа. Ер нь найруулагчийн хувьд хүүхдүүдтэй ажиллах ямар байдаг бол. Мэргэжлийн биш тэр дундаа бяцхан хүүхдүүдийг жүжиглүүлнэ гэдэг хэцүү байх?
-Гэр бүлүүдээ сонгосны дараа хүүхдүүдийг сонгодог. Тэгэхдээ авьяас чадвар, юм ойлгохдоо хэр вэ зэргийг нь харгалзаж үзнэ. Мэдээж нэг айлын хүүхдүүдийг сонгохдоо царай зүс ойролцоо сонгох зэргээс эхлээд олон асуудал бий. Гэхдээ хүүхдүүдтэй ажиллахад тийм хэцүү биш ээ. Анх сонгохдоо л юу хийж чадах вэ гэдгийг нь мэдчихсэн байдаг болохоор тэр бүр асуудал гараад байдаггүй. Хамгийн гол нь тэр кинонд юу болж байгааг нь л ойлгуулах хэрэгтэй. Энэ гэр танай гэр учраас чи гэртээ яаж байх уу, аав, ээж чинь загналаа чи ямар хариу үйлдэл үзүүлэх вэ гэх мэтээр тайлбарладаг. Тэгэхээр хүүхдүүд ойлгочихдог л доо. Манай кинонд хамгийн бага нь ой хүрээгүй хүүхэд байна. Тэд эхлээд бүх зүйлийг ойлгохгүй байдаг ч яваандаа дасаад энэ хүмүүс ингээд л байж байдаг юм гэсэн маягтай болчихдог. Зарим жаахан хүүхдүүд нь хэлсэн үгийг дагаж хэлэх гээд эсвэл камер руу харах гээд байдаг хэдий ч хэсэг хугацааны дараа дасан зохицоод зүгээр болчихдог юм.
-Зохиолчийн зохиол, найруулагчийн зохиол болохдоо нэлээд өөрчлөгддөг талтай. Энэхүү киноны зохиолыг та хэр өөрчлөв?
-Зохиолчийн зохиолоос өөрчилсөн зүйл байхгүй. Яагаад гэхээр бид давхар ажиллаж явсан. Энэ дүрийг хэрхэн өөрчлөх вэ, баяжуулах уу гэдгийг зохиолчтойгоо ярилцаж байсан учраас зохиол бараг өөрчлөгдөөгүй.
-Манай улсад телевизийн олон ангит кино хөгжих нөхцөл бололцоо хэр байдаг юм бол. Арилжааны телевизээр гардаг Солонгосын олон ангит киноны урсгалыг монголчуудын бүтээсэн олон ангит кино хааж чадах болов уу?
-Нэлээд хэдэн жилийн өмнө “Хэцүү анги” киног гарч байхад хүмүүс их сонирхож үзэж байсан. Учир нь Солонгос кино, Венесуэль кино гээд үзэж байтал гэнэт Монгол кино буюу монголчуудын ахуй амьдралыг гаргасан кино гараад эхэлсэн чинь их сонирхсон. Нэг их сонирхолтой болсондоо бус Монгол хүмүүс Монгол бүтээлээр дутчихсан байсан болохоор тэгж их үзсэн байх гэж боддог. Миний бодлоор Солонгос киног хүмүүс яагаад их үзээд байна вэ гэвэл улсынх нь бодлого бүх талаараа тэрхүү киногоо дэмжээд өгдөгт байгаа байх. Хөгжим, хувцаслалт гэх мэт зүйлс нь анхаарал татахуйц байдаг. Нэг драмын гол дүрийн жүжигчний өмссөн хувцсыг маргааш нь дэлгүүрүүдэд тавихад хүн бүр авна, тэр хувцсаа Вьетнам руу гаргана. Учир нь вьетнамчууд тэр жүжигчинг танина гэх мэтээр анхнаасаа цогц бодлого баримталж уран бүтээлээ дэмждэг. Хэн нэгэн хувь хүн, байгууллага бус бүхэл бүтэн улсын бодлого явж байгаа учраас өнөөдөр Солонгосын драмын жүжигчдийг бараг дэлхий нийт мэддэг болж байна.
Манай улсын хувьд Солонгосоос илүү олон сэдэв байна. Тиймээс телевизэд ажиллаж байгаа найруулагчид монгол хүний зан араншинг үзүүлсэн монгол хүний дүрийг гаргаж ирэх ёстой. Эхлээд хүмүүс нэг их үзэхгүй байж болох л юм. Угаасаа нэг дор бүтчихдэг зүйл гэж байдаггүй шүү дээ. Эхлээд аав, ээж, хөдөө орон нутгийн үзэгчид үзэж байгаа. Яваандаа бүх хүн түүнийг үздэг болно гэдэгт итгэдэг. Тиймдээ ч манай телевизийг хөдөөгийн оршин суугчид сайн үзэж байгаа гэж бодож байгаа. Тэр дундаа манай сериалыг сайн үзэж байгаа гэж боддог.
Бид яваандаа үе үеийнхэнд зориулсан уран бүтээл хийнэ гэж бодож байна. Тэр үед Монгол хүнд зориулсан монгол бүтээлийг хүн бүр сонирхоно байх.
-Телевизийн найруулагч хүний хувьд тайзны уран бүтээл найруулахсан гэх бодол байдаг байх?
-Хүүхдийн жүжиг тавихыг хүсдэг. Ан амьтантай, тайзны засал чимэглэл нь яг байгальд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц болгоод хүүхдүүдэд Маугли, Араатны хаан арслан гэх мэт хүүхэлдэйг тайзнаа амилуулж, хүргэхийг мөрөөддөг. Түүнд шаардагдах гайхалтай гэрлийн хөгжил Монголд хэзээ бий болно тэр үед нь энэ мөрөөдлөө биелүүлнэ гэж боддог.
-Ярилцсанд баярлалаа.
Л.Ариунжаргал: Алдаж, оносон ч гэр бүлийн халуун дулаан харилцааг орхиж болохгүйг хүмүүст хүргэхийг зорьсон | ||
Үзсэн: 15474 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.