Сүүлийн жилүүдэд “Яаралтай тусламж”-ийн утсаар тоглож, хуурамч дуудлага өгөгсдийн тоо олширчээ. Ийм ухамсаргүй үйлдлийн цаана тусламжийн багийнхны хөлс хүч, хөдөлмөр, цаг хугацаа гээд тооцоолж болох хохирлоос гадна өөр нэг эрдэнэт хүний амь эрсдэх аюултай юм. Өнгөрсөн жил Нийслэлийн түргэн тусламжийн төвд нийт 300 мянга гаруй дуудлага иржээ. Үүний ойролцоогоор хоёр хувь буюу 6000 орчим нь хуурамч дуудлага байсан аж. Хүн хүч цөөнтэй ч зохицуулаад тусламжийн багийнхныг очиход зарим айл “Манайх дуудлага өгөөгүй” хэмээн мэлзэж, эсвэл тусламжийн баг очсон хойно эмчийн тусламж авахаас татгалздаг аж. Тэр ч бүү хэл, дуудлагын дагуу очиход гэртээ байхгүй байх, тусламжийн баг замд гарсан хойно дуудлагаа цуцлах, зарим нь бүр гэртээ ганцаардаж, уйдсан үедээ түргэн тусламж дууддаг гэх.
Түргэн тусламжийн нэг дуудлагын өртөг хамгийн багадаа 28000 төгрөг байдаг ажээ. 6000 орчим дуудлагыг энэ тоогоор үржүүлээд үзэхэд бага мөнгө гарахгүй байна. Өнгөрсөн гурван сарын хугацаанд нэг хүн 56 удаа дуудлага өгсөн тохиолдол ч бүртгэгдсэн байгаа юм. Мэдээж дуудлага өгсөн хүн болгонд хүрч үйлчлэх учиртай тул албаныхан очихоос өөр аргагүй байдаг аж. Гэтэл олон удаа дуудлага өгсөн тэр эмэгтэй тусламж дуудахаар тийм хүнд өвдөөгүй байжээ. Хуурамч дуудлагын цаана олон хүний амь нас яригддаг гэдгийг иргэд хэзээ ч мартах учиргүй.
Олон улсын стандартаар 10 мянган иргэн тутамд яаралтай тусламжийн нэг баг үйлчлэх ёстой. Гэтэл өнөөдөр сая хоёр зуун мянга гаруй иргэн нийслэл хотод амьдарч байна. Үүн дээр хөдөөгөөс хот руу зорчигч явуулын иргэдийг оролцуулбал энэ тоо нэлээд нэмэгдэнэ. Энэ тоогоор бол Улаанбаатарт багадаа 120 гаруй тусламжийн баг ажиллах ёстой боловч одоогоор гурав дахин бага буюу 40-өөд баг хотын иргэдэд үйлчилдэг юм. Хүрэлцээ муутай тусламжийн үйлчилгээг иргэд өөрсдөө улам саатуулдаг талаар яаралтай тусламжийн газрын мэргэжилтэн ярьж байна. Хотын нөгөө захад байдаг ач нь эмээгээ өвдсөн гэдгийг сонсоод өөрөө очихоосоо өмнө шууд л түргэн тусламж дууддаг. Тусламжийн баг очиход эмээ нь зүв зүгээр, дуудлага өгөөгүй гээд сууж байх нь бий. Гудамжаар явж байгаа хүмүүс “Энд зодоон болж байна, хүн бэртэж гэмтлээ” зэргээр дуудлага өгдөг ч тусламжийн багийнхныг очиход хэн ч байхгүй байх тохиолдол олон гардаг ажээ. Бүр ямар ч өвчингүй, настай хүмүүс өөрсдөө дуудлага өгдөг тохиолдол ч бий гэнэ. Тэд үүнийгээ уйдаад, ярилцахыг хүссэн гэж тайлбарладаг байна. Энэ мэт үйлдлүүдэд цагдаагийн газраас ямар ч арга хэмжээ авдаггүй аж. Шүүхэд дуудаж болох хэдий ч 6000 хуурамч дуудлагын эзний хэнтэй нь ч зууралдах завгүй ажилладгаа албаны хүмүүс учирлаж байсан.
Энэ салбарт тулгамддаг бас нэг асуудал бол дуудлага өгсөн иргэд “Эмнэлэг рүү авч яваагүй” гэх гомдол гаргадаг явдал гэнэ. Толгой нь өвдсөн болгоныг эмнэлэгт хүргэдэггүй, ямар өвчний үед, ямар шинж тэмдэгтэй өвчтөнийг эмнэлэгт аваачих тодорхой заалт байдаг. Яаралтай тусламж үзүүлэх болон яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдийг нэн тэргүүнд эмнэлэгт хүргэдэг гэдгийг ард иргэд ойлгож, түргэн тусламжийн үйлчилгээнд саад учруулахгүй байх нь зүйтэй юм.
Цаашид иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарч, ийм зохисгүй үйлдэл гаргуулахгүй байхыг уриалах, мөн хуурамч дуудлага өгснөөр энэ салбарт учруулсан хохирлыг барагдуулж байх, өөрөөр хэлбэл, хариуцлага тооцох дүрэм журам боловсруулах зайлшгүй шаардлага урган гарч байгаа нь дээрх жишээнээс тод харагдаж байна. Хэрэв ингэж чадвал бусдын амиар “наадагсад”-ын тоо багасах биз ээ...
Бусдын амиар “наадагсад”... | ||
Үзсэн: 3681 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.