Шууд Chart

Нэг сумаар хоёр туулай агнах боломж

2015-09-17 10:41:54

Монгол мах өнгөрсөн долоо хоногийн гол сэдэв байлаа. Ерөнхий сайд урд хөршид нэг тэрбум ам.долларын мах экспортлох хэлэлцээр хийсэн бол Гадаад хэргийн сайд хойд хөршөөс хэмжээ харгалзахгүй мах нийлүүлэх боломжтой тухай мэдээтэй ирлээ. ОХУ-ын Хөдөө аж ахуйн дэд сайд С.Левин “Манай хоёр орны хувьд квотгүй буюу чөлөөт харилцааг эрхэмлэдэг. Хэрэв монголчууд хүсвэл, хичээвэл, монгол малын махыг бэлтгэж чадсан хэмжээгээрээ, ямар ч квотгүйгээр ОХУ-ын бүх мужид адуу, үхэр, хонь гэж ялгалгүй нийлүүлэхэд нээлттэй” хэмээжээ. Харин БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нэг тэрбум ам.долларын мах нийлүүлэх саналыг ажил хэрэг болгохыг дэмжсэн байна. Хоёр хөршийн эрх бүхий албан тушаалтнуудын хэлсэн эдгээр үгс одоогоор зөвхөн хэлэлцээ. Харин манай улсын махны экспортыг ажил хэрэг болгох нь зайлшгүй хоёр шалтгаантай аж.  


Эдийн засаг уу, экологи уу

Ерөнхий сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд зэрэг эрх бүхий албан тушаалтан махны экспортыг эдийн засгийн талаас нь биш, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлж буй экологийн тэнцвэрт байдлын өнцгөөс тайлбарласангүй. Уг нь дээрх мэдээний ард нэг тэрбум ам.долларын орлогоос ч илүү том боломж нуугдаж байгаа юм. Тодруулбал, малын тоо толгой 40 саяыг давсан 2007 оноос л Монгол Улс маань эх үндэс болсон газар нутгийнхаа экологийн тэнцвэрт байдлаа алдаж эхэлснийг салбарын эрдэмтэд хэлэх болсон. Гэтэл энэ асуудлыг нэг тийш болгох тал дээр өнөөг хүртэл ямар ч бодлого, шийдвэр гараагүй байна.

Экологийн тэнцвэрт байдал өнөөдөр ямар түвшинд хүрсэн бэ... “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан-2015” судалгааны хүрээнд 1450 цэгийн бэлчээрийн төлөв байдлын мэдээллийг авч үзжээ. Эдгээрийн 65 хувийн бэлчээрийн төлөв байдал нэлээд өөрчлөгдөж доройтсон байна. Мөн ашиглалтыг бүрмөсөн өөрчлөх замаар сэргээн сайжруулахад хамгийн багадаа гурваас доошгүй жил шаардлагатай бэлчээрийн хэмжээ 40 хувиас давжээ. Харин бэлчээрийн зориулалтаар ашиглах боломжгүй болж, цөлжсөн бэлчээр долоо орчим хувийг эзэлж байна гэх цочром дүн гарсан байгаа юм. Үүнийг улсын хэмжээнд авч үзвэл байдал үнэхээр ноцтой болсон гэдгийг судлаачид онцолжээ.

Монгол орны 126.6 сая га талбай бүхий бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдсанаас болж бэлчээрийн ургамлын ургац хэд дахин буурч, 70 гаруй сая толгой малын тодорхой хэсэг тэжээлээр хомсдож, малын тоо толгой, ашиг шим буурахад нөлөөлсөн талаар албан мэдээ бий. Дээрх судалгаануудаас үзэхэд мал аж ахуй нь уул уурхайгаас ч дутахгүйгээр цөлжилт авчирсан байна. Энэ талаар  ХХААЯ-ны Мал аж ахуйн бодлого хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн П.Ганхуяг “Бэлчээрийн даац 2-5 дахин хэтэрсэн. Тухайлбал, Архангай 4.4 сая малтай. Төв, Өвөрхангай, Хөвсгөл аймаг дунджаар 4.2 сая малтай. Бусад аймаг ч ийм байдалд орсон. Иймээс малын тоо толгойг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай” гэсэн юм.


Малын тоог бууруулах

Малын тоо толгойг зохистой хэмжээнд хүртэл бууруулах зохицуулалт хийхгүйгээр бэлчээрийн төлөв байдлыг хадгалах, сэргээхэд хэцүү, бараг боломжгүй гэдгийг судлаачид онцолж буй. Энэ оны урьдчилсан дүнгээр  Монгол Улс 70.6 сая толгой малтай болжээ. Үүнийг хонин толгойд шилжүүлэхэд /Бог малд буюу хонин толгойд шилжүүлэх аргачлалаар нэг тэмээг таван хонь, нэг адууг долоон хонь, нэг үхрийг зургаан хонь, нэг ямааг 0.9 хоньтой тус тус дүйцүүлэн тооцдог/  бараг 90 сая хоньтой гэсэн үг. Тэгвэл Монгол Улсын бэлчээрийн даац үүнээс хоёр, гурав дахин бага малд хүрэлцээтэй аж. Цаг сайхан байх үед бэлчээр 30 сая малын даацтай байсан бол одоо энэ тооцоо улам багассан нь тодорхой.

Социализмын үед малын тоо толгойд онцгой анхаарч, зохицуулдаг байжээ. Мал хувьд шилжсэн буюу 1991 оноос өмнө малын тоо толгойг 26 саяас давж байгаагүйг статистик харуулж байна.  Тодруулбал, 1970-1990 оныг хүртэл Монгол Улсын мал сүрэг 25.8 саяас илүүгүй байж. Тиймээс өнөөдөр малын тоо толгой судлаачдын хувьд шүдний өвчин болоод буй. Харин бодлого тодорхойлогч төр засгаас анхаарч харалгүй өдий хүрснийг 70 сая гэх тоо, мал хазах юм үлдээгүй бэлчээр харуулна. Эдийн засгийн утгаараа ч бэлчээрийн ачаалал хэтрэх нь ядуу малчдын амьжиргаанд тулдаг нийтлэг зүй тогтолтой аж. Улмаар малын ашиг шим, эрүүл мэнд доройтож, ган, зуд гэх мэт байгалийн эрсдлийг даах чадвар нь мууддаг байна. Ашиг шим нь ч буурна. Идэх өвсгүй малаас сүү, мах гарахгүй нь ойлгомжтой. Цаашлаад биологи, соёл, ахуй зэргээр нүүдэлчний аж амьдралд олон талаар нөлөөлж, улс үндэсний аюулгүй байдалд сөргөөх нөлөөлөх эрсдэлтэй. Малын тоо толгой одоогийнх шиг өссөөр байвал, экологийн тэнцвэрт байдал улам бүр алдагдана уу гэхээс эргэж сэргэхгүй. Нэг ёсондоо, мал аж ахуйн салбар өөрөө өөрийгөө устгаж байна. Тэгвэл малын тоо толгойг хорогдуулснаар малчдын орлого найм дахин өсдөг болохыг судалгаагаар баталсан байдаг аж. Эдүгээ экспортын ачаар малын тоог бууруулах боломж бүрдэж байна. Тэгээд ч мал аж ахуй бол шавхагдах бус сэргээгдэх баялаг.


Өрөөсгөл ойлголтыг өөрчлөх

Малаа өсгөх нь малчдын амьжиргааг сайжруулдаг гэх өрөөсгөл гэмээр төсөөлөл оршсоор байгаа билээ. Малын тоо толгой өсөхөд эрэлт, нийлүүлэлтийн хуулиар бүтээгдэхүүний үнэ буурч, орлогын хэмжээ багасна. Орлого буурснаас үүдэлтэй орлогын алдагдлаа нөхөх ганц талын оролдлого малаа өсгөхийн хойноос хөөцөлдөхөд хүргэдэг байна. Малын тоо нь хурдтай өсөж буй Монгол Улсын одоогийн дүр төрх энэ. Судлаачид үүнийг өөрөө өөрийгөө хөнөөх механизм буюу эдийн засаг, экологийн доройтуулах үйл явцын гүнзгийрэл хэмээн тодорхойлжээ.

Энэ маань тэрний төл, тэр нь ингэж өснө гэсээр мянган малаас идэх юм олддоггүй гэдэг.  Тиймээс хот, суурин газрын иргэд өндөр үнэтэй мах хүнсэндээ хэрэглэж ирлээ. Өөрөөр хэлбэл, малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах бус мянгатын жагсаалтад багтахыг илүүд үздэг. Төрийн одон медалиар бол тэднийг сайн малчин гэдэг. Сүүлийн зургаан жилд Монгол Улсын мал 40 орчим саяар огцом өсөж, түүхэнд байгаагүй статистик харуулсан. Энэхүү статистикийг төрийн түшээд өөрөө мал хариулаад өсгөсөн мэт бахархалтайгаар зарлах жишээтэй. Бас салбарын яамнаас хэрэгжүүлсэн бодлогын үр дүн гэх нь ч байна. Гэтэл мал аж ахуйн салбар бодлогогүй хөгжлийн үр дүнд талхлагдсан нутаг, туранхай малтай хоцорлоо хэмээн ахмадууд уурсан сууна. Мал аж ахуй бол нөхөн сэргээгдэх баялаг бөгөөд эдийн засагт өгөх үр өгөөж нь олон зууныг дамжин хөгжиж ирсэн салбар. Харин хэрхэн нөхөн сэргээгддэг талаар бид бодоогүй нь өнөөдөр асуудал болжээ.

Манай орны хувьд өргөн уудам нутаг дэвсгэрээ ашиглан уламжлалт буюу бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг. Тиймээс малын тоо толгой өсөхийн хэрээр бэлчээрийн асуудал босож ирэх нь тодорхой. Тиймээс бэлчээрийн ачааллыг зохистой түвшинд барьж ашиглалтыг зохицуулах бодлого явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Үүнийг дагалдан үйлдвэрлэл, эдийн засгийн үр ашиг нь өсөх өгөөжтэй эргэлтэд мал аж ахуйг оруулах боломжийг нээж өгдөг байна. Энэ нь ДНБ-ий өсөлтөд томоохон байр суурь эзэлж буй мал аж ахуйн салбарт тогтвортой өсөлт авчрах юм. Мал аж ахуй суурьтай Монгол Улсын хувьд энэ нь холын зорилт бус ойрын зорилго байх учиртай. Үүнийг хэрэгжүүлэх хэд хэдэн алхмыг эрдэмтэд дэвшүүлсэн байна.


Махаа экспортлох

Монгол Улс жилд дунджаар 11 сая мал хүнсэндээ бэлтгэдэг. Бэлчээртээ 70 сая малтай. Иймээс экспортод гаргах махны нөөц хангалттай байгааг ХХААЯ-ны  судалгаа баталсан байдаг. Урд хөрш рүү нэг тэрбум ам.долларын мах гаргах бололцоотой гэлээ. Энэ хэмжээний мөнгөөр 10 сая орчим мал, махаар бодвол 250 мянга орчим тонн мах худалдах боломжтой. 70 сая малаас 11-ийг хүнсэндээ хэрэглээд, 10 саяыг экспортолж болж байгаа юм. Бэлчээрт 49 сая мал үлдэх нь. Бэлчээрийн малаас дараа нь 17 сая төл авах боломжтой аж. Ингэхээр жил бүр 20 сая төл бойжуулж, энэ тооны малыг дотоод, гадаадын хэрэгцээнд зориулахад хотойх шалтгаан алга. Байгалийн гамшиг зэргээс хамааралтай хорогдлоо тооцоод шүү дээ. Тэр дундаа хонь, ямааны махыг экспортлох нь тэргүүний асуудал болсон. Нийт сүргийн 45.9 хувийг хонь, 42.3 хувийг ямаа бүрдүүлж байгаа юм. Тэгэхээр 87 орчим хувь нь бог гэсэн үг.

Тиймээс махны экспортод бог малын махыг нэмэгдүүлэх шаардлага яалт ч үгүй бий болжээ. БНХАУ-ын тал ч энэ саналыг хүлээн авсан талаар ХХАА-н сайд Р.Бурмаа дуулгалаа. Нөгөө талаас бэлчээрийн даацыг зөв зохицуулж, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад малын тоо толгойг зохистой барих шаардлагатай болоод байгаа талаар дахиад сануулъя. Хэрэглээнээсээ хэтэрсэн махны нөөцийг гадаад зах зээлд гаргах нь зөв алхам болохыг “Монгол орны бэлчээрийн төлөв байдлын үндэсний тайлан 2015”-д ч онцгойлон дурдсан байна. Энд дурдсанаар гадаад зах зээлд гарах боломжийг ашиглах нь малын тоог богино хугацаанд буюу 4-6 жилийн дотор бууруулах ач холбогдолтой гэнэ. Одоогоор өөр боломж харагдахгүй байгаа юм. “Махсаг” монголчуудын жилийн хэрэгцээ идээд, идээд 12 саяас хэтрэхгүй. Харин 1.5 тэрбум хүнтэй БНХАУ, 100 гаруй сая иргэнтэй ОХУ-д эрэлт бий. Гэхдээ  дотоодын хүнсний аюулгүй хэрэгцээ гэх нэн тэргүүний эрх ашгаа мартах учиргүй.   


Тоо бус чанар чухал

Засгийн газар саяхнаас хэрэгжүүлж эхэлсэн арьс шир, ноос ноолуурын гэх мэт урамшуулал олгох хөтөлбөрийг мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүний тооны өсөлтөөс илүүтэй чанарт чиглүүлснээр малын тооны өсөлтийг хянах, зохицуулах боломжтой. Жишээлбэл, махны үүлдрийн үхрийн ширэнд илүү урамшуулал олгоно гэдэг ч юм уу. Өнгөрсөн хугацаанд төрөөс олон төрлийн урамшууллын арга хэрэгсэл хэрэглэж малын тоо толгойг өнөөдрийн түвшинд хүргэсэн байдаг. Тэгвэл өнөөдөр мал аж ахуйн хөгжлийг тооны өсөлтөөр хэмжих нь учир дутагдалтай болж байна.

Харин байгаль экологидоо тааруулан малын тоо толгойг зөв зохистой хэмжээнд барих замаар үр шимийг нь нэмэгдүүлэх шаардлагатай болжээ. Эдүгээ Монголын тал дүүрэн малтай байгаа ч ашиг шим нь тийм ч арвин биш аж. Хөгжингүй орнуудад, XXI зууны мал аж ахуйн буюу үндсэндээ шинжлэх ухаанд суурилсан арга техник хэрэгжүүлж байна. Харин малчин Дондог хүн төрөлхтөн олон зууны өмнө орхисон арга барилаар малаа өсгөж буй. Тиймээс тэнгэр хангай ивээсэн өнгөрсөн зургаан жилийн хугацаанд мал овоо өслөө. Хэрэв байгалийн давагдашгүй хүчин зүйлс тохиолдвол урьдын адил хэдэн хонио өргөл барьц болгоно. Тэгвэл бидэнтэй угсаа нэг Өвөрмонголд хоёр үхрийн идэх өвсөөр нэг үхэр тэжээдэг. Харин үр өгөөж илүү өндөр байх жишээтэй.


Эрх зүйн зохицуулалт

Монгол Улс өргөн дэлгэр нутаг дэвсгэртэй, хүн амд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. Мөн газрын хэвлий болон гадарга дээрээ хэмжээлшгүй их баялагтай. Гэтэл эдийн засгийн хүндрэл, экологийн аюул нүүрлэхэд ойрхон ирсэн тухай мэдээлэл чих дэлсэх болов. Тиймээс малын тоо толгойг бууруулах замаар бэлчээрийн даацыг зохих түвшинд авчрах чухал байна. Гэхдээ мал бол хувийн өмч. Тиймээс бодлогын зохицуулалт мал аж ахуйн салбарт дутагдаж байгаа юм. Цаашид бэлчээрийн тухай бие даасан хууль батлах, бэлчээрийн газрын ангилал өөрчлөгдсөн тохиолдолд нөхөн олговор, татварын асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага байгаа юм.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл Хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн хүрээнд малын татварыг нэмэгдүүлэх талаар яригдсан. Тус хуулийн төсөлд  500, эсвэл мянгаас дээш малтай бол Малын хөлийн татвар авна гэсэн зааг ялгаатайгаар тогтоох талаар тусгасан байдаг. Энэ мэт хуулийн төслөөр малын тоо толгойд хяналт тавьж болох юм. Мөн бэлчээрийн харилцааг Үндсэн хууль, Иргэний хууль, Газрын тухай хууль, Газрын төлбөрийн тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль болон Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар зохицуулах боломжтой талаар судлаачид санал дэвшүүлэх болсон. Харин төр, засгийн зүгээс олон жил яригдаж ирсэн цөлжилт гэдэг мангасыг эрдэнэ хэмээх таван хошуу мал маань үйлдвэрлэж ирснийг анзааралгүй өдий хүрсэн нь харамсалтай.
Тэгвэл УИХ-аас баталсан баримт бичгүүдэд мал аж ахуйн салбарыг байгаль, уур амьсгалтай хэрхэн уялдуулан хөгжүүлэхийг заасан байдгийг хүргэе.  


Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого 

2.Монгол Улсын хөдөө аж ахуйн хөгжлийн үндсэн загвар нь өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд болон өөрийгөө бүрэн тэтгэх чадвартай аж ахуйд тулгуурласан, байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон, үр ашигтай, найдвартай, бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан байна.


Төрөөс малчдын талаар баримтлах бодлого

3.1.2.хувь хүний орлогын албан татвараас малчин өрхийг чөлөөлж, бэлчээр ашигласны төлбөрийг эдийн засаг, экологийн үнэлгээнд үндэслэн ялгавартай тогтоох, уг төлбөрийн 30-аас доошгүй хувиар сумын бэлчээр хамгаалах, сэргээх болон мал аж ахуйн эрсдэлийн сан байгуулж, зарцуулж байхаар эрх зүйн зохицуулалтыг бий болгох; 


“Монгол мал” үндэсний хөтөлбөр

-Тус хөтөлбөрийн тэргүүн зорилтод “Мал аж ахуйг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр хангаж, экспортыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино” хэмээн тусгасан байдаг билээ.

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Нэг сумаар хоёр туулай агнах боломж   
Үзсэн: 3502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
27.123.213.xxx [27.123.213.xxx] 2015-09-19 14:26
malin too xudlaa gardag. Malchid ulsaas uramshuulal8 1000 maltan shagnal avaxiin tuld malaa xudlaa tooluuldag tuxai xuduu malchid uursduu yaridag um bilee.

Бидэнтэй нэгдээрэй