Шууд Chart

М.Цэндсүрэн: Утаа ихтэй нөхцөлд хамраа байнга цэвэрлэж байх хэрэгтэй

2015-10-16 10:09:53

“Сонгдо” эмнэлгийн чих, хамар хоолойн эмч М.Цэндсүрэнгийн зөвлөгөөг хүргэж байна.

-Хүйтэн сэрүүний улирал эхлэхээр чих, хамар хоолойн өвчлөл ихсэх хандлагатай болдог. Ялангуяа хүүхдүүдийн хоолой өвдөх гээд байдаг. Тэгэхээр үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, өвдсөн тохиолдолд хэдийд нь эмчид хандах нь зөв вэ?

-Хоолойны мах буюу гүйлсэн булчирхайн архаг үрэвсэл бол манай орны цаг агаар, агаарын бохирдол болон хүйтний улиралтай холбоотойгоор нэлээн түгээмэл тохиолддог. Зөвхөн насанд хүрсэн хүн төдийгүй бага насны хүүхдүүд бүр нярай байхаасаа хоолой нь өвдөөд эхэлдэг. Яг хоолой өвдсөн, хурц үрэвсэлтэй байх үед нь эцэг, эхчүүд хүүхэддээ, насанд хүрсэн хүмүүс бол өөртөө зөв гүйцэд эмчилгээ хийж байх хэрэгтэй. Тэр үед нь дутуу эмчилснээс өөрөөр хэлбэл, хоолой идээлүүлээд байгаа нянг дутуу устгаснаас болоод архаг гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй болдог.

-Иргэд хоолойны мах ургадаг гэж ойлгодог. Зарим хүүхдүүд бол төрөхдөө л хоолойны махтай байдаг шүү дээ?

-Үүнийг гүйлсэн булчирхай буюу тагнайн гүйлсэн булчирхай гэж нэрлэдэг. Тагнайн гүйлсэн булчирхай үр хөврөлийн явцад бий болоод дөнгөж төрсөн нярай хүүхдэд бол том байдаг. Томролоор нь гурван зэрэгт хуваана. Хэтэрхий том байх юм бол үрэвсэж идээлэхгүй хэрнээ унтахдаа амаа ангайх, дэрэн дээр нь шүлс нь гоожих ч гэдэг юм уу зовиурууд илэрдэг. Үрэвсэх гэдэг нь хоолойн махтай эсэхийн гол шалгуур биш. Харин яг үрэвсээд идээлээд байна уу, үгүй юу гэдэг нь л анхаарах ёстой зүйл. Манай иргэд нэгнийхээ амыг нээж харж байгаад л үрэвсэлтэй, үрэвсэлгүй гээд байдаг. Гэтэл тэр булчирхай нь зарим хүнд жижиг үрэвсэлтэй, заримд нь том үрэвсэлтэй байдаг.  Тэгэхээр хэмжээ бол хоолойн махтай, махгүйн шалгуур бас биш.

-Сүүлийн үед манай залуус чихэвч их зүүдэг болж. Гудамжинд хүртэл зүүгээд л явж харагддаг. Аюулгүй байдал талаасаа бол их хэцүү харагддаг юм. Харин эрүүл мэнд талаасаа хэр сөрөг нөлөөтэй байдаг бол?

-Чихэвч их зүүдэг болсонтой холбоотойгоор гадна чихний сувгийн үрэвсэл ихсэх болсон. Гадна чихний суваг гэж бидэнд харагдаж байгаа чихний дэлбээнээс цааш насанд хүрсэн хүн бол 2.5 см-ийн урттай, нүүрний арьсны үргэлжлэлийг хэлдэг. Гэхдээ энэ хэсэг бол хулхи, хөлс, тосны булчирхайн агууламжтай. Үүн дээр байнга чихэвч үрээд яваад байхаар гадна чихний сувгийн үрэвсэл үүсгээд энэ нь цаашаа хэнгэрэг рүү дамжих хандлагатай болдог.

-Ер нь чихэвчийг зүүх зохимжит хугацаа нь хэр байдаг юм бол?

-Нэг удаадаа нэг цаг 30 минутаас илүү зүүх хэрэггүй. Ингэх юм бол өмнө дурдсан булчирхайн үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй. Мөн чихэвчнийхээ түвшинг тааруулж сонсохгүй бол хэнгэргэн хальсны цааш нь шууд дамжуулах үйл ажиллаагаанд сөрөг нөлөөтэй.

-Өвөл утаа ихэсдэг. Ийм үед иргэд амьсгалын замын эрхтнүүдээ хамгаалж байх шаадлагатай болдог. Тэгэхээр хамраа ер нь яаж  цэвэрлэж, арчилж байх ёстой юм бэ?

-Хамар бол өөрөө амьсгалж байгаа агаарыг бүлээсгэх, шүүх, дулаацуулах, дамжуулах үүрэгтэй. Тэгэхээр нэн түрүүнд хамрын бүтэц үйл ажиллагаа хэвийн байх ёстой. Ердийн бүтэц үйл ажиллагаатай хамар бол энэ үүргүүдээ сайн гүйцэтгэнэ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр утаатай байсан ч эрсдэлд хүргэх нь бага байдаг. Гэтэл хамар нь гадна талаасаа ямар нэг эмгэггүй мөртлөө дотор талдаа таславчийн муруйлттай иргэд манай улсад маш их байдаг. Мөн манай орны цаг уурын онцлогтой холбоотойгоор хамрын самалдаг агаараа дулаасгахын тулд хэт их ажилласнаас болж хөөж, хавагдаж томордог. Эдгээр шалтгаанаас болж хамрын үндсэн үйл ажиллагаанууд алдагдахаар агаараа дотогш нь шүүх ажиллагаа нь алдагддаг. Тэгэхээр нэгдүгээрт таны хамар бүтцийн хувьд бүрэн бүтэн байх ёстой. Хоёрдугаарт, хялбархан аргаар угааж байх хэрэгтэй.

-Гэрийн нөхцөлд хялбар аргаар хамраа угааж цэвэрлэх ямар боломж байдаг вэ?

-Гэрийн нөхцөлд бол маш сулруулсан давсны уусмалаар угааж болно.

-Таны түрүүний хэлсэн хамарны доторх таславчийн муруйлт юунаас үүсдэг юм бол?

-Энэ бол төрөлхийн буюу ураг байх үедээ үүссэн байж болно. Мөн төрөх замынх байж болно. Эсвэл санамсаргүй байдлаар спор тоглоом тоглож байхдаа ч юм уу, хүүхэд анх хөлд орж байхдаа санамсаргүй юм мөргөснөөс ч юм уу үүсдэг. Мэдээж хамгийн гол шалтгаан нь гэмтэл байдаг.

-Эцэг, эхчүүд ер нь хүүхдийнхээ чихийг яаж цэвэрлэж байвал зөв юм бэ?

-Нярай хүүхдүүдэд бол чихэнд нь хулхинаас гадна төрөх замын эхсийн, салианы үлдэгдлүүд үлдээд тэр нь хатчихдаг. Зарим  эцэг, эх тэрэнд хүрэхээс эмзэглээд байдаг. Мөн хулхи бас хоёр янз байдаг. Хуурай хулхийг бол эцэг, эхчүүд амархан цэвэрлэдэг. Харин тослог хулхи нь нэлээд томорчихсон бол эцэг, эхчүүд заавал мэргэжлийн эмчид хандаж соруулах буюу угаалгаж цэвэрлэсэн нь зөв.  

-Зөвлөгөө, мэдээлэл өгсөнд баярлалаа.


М.Цэндсүрэн: Утаа ихтэй нөхцөлд хамраа байнга цэвэрлэж байх хэрэгтэй   
Үзсэн: 2428 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2015-10-16 13:59
Ajliin amjilt hvsie dvvdee ld
122.201.22.xxx [122.201.22.xxx] 2015-10-16 10:35
Шарга морьт зусланд цэвэр агаарт шалнаасаа халдаг, халуун хүйтэн устай, 00 душтэй, харуул хамгаалалттай,машины зогсоол дулаан гражтай, цэвэр тохилог 1-2 өрөө байруудыг 6 сарын хугацаагаар түрээслүүлнэ.утас: 99118457

Бидэнтэй нэгдээрэй