Шууд Chart

Иргэн бүр "хүнс идэж байна уу, хоол идэж байна уу" гэдгээ онцгойлон анхаарах хэрэгтэй

2015-10-16 12:29:46

Өнөөдөр дэлхийн хүнсний өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Хүнс, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Ц.Баярмаатай цөөн хором ярилцлаа.

-Дэлхийн хүнсний өдрийг хэзээнээс тэмдэглэн өнгөрүүлдэг болсон юм бэ?

-Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэдэг болоод 34 жилийн нүүрийг үзэж байна. НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага байгуулагдсан 10 дугаар сарын 16-ны өдрийг 1981 оноос ёслол төгөлдөр тэмдэглэдэг болсон юм. Энэ өдөр улс төрчид болон хүмүүсийн анхаарлыг хүнсний асуудал руу төвлөрүүлж чаддаг гэж би боддог. Ядуурлыг бууруулах, ажилгүйдэл, хүнсний аюулгүй байдал, өлсгөлөнг гэтлэн давах сэдвийн хүрээнд олон байгууллагын анхаарлыг бас хандуулдаг.

-Энэ жил манай улс энэ өдрийг хэрхэн тэмдэглэж байна вэ?

-Хөдөө аж ахуй үйлдвэрлэгчид, ялангуяа малчид, тариаланчид руугаа чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, донор орнуудын төлөөлөгчдийг оролцуулсан томоохон хэлэлцүүлэг, ярилцлагыг өнөөдөр зохион байгуулж байна.   

-Хүнсний аюулгүй байдал өнөөдөр Монголд ямар түвшинд байна вэ?  

-Гадны олон улстай хамтарч ажиллан импортоор бараа оруулж ирч байгаа энэ нөхцөлд хүнсний аюулгүй байдлыг ихээр ярих болсон. Байгаль хувьсан өөрчлөгдөж байгаа энэ цаг үед хүнсний аюулгүй байдал дээрээ анхаарахаас аргагүй байна. Хүнсний аюулгүй байдал гэдэг бол тариалангийн талбайгаас, малын бэлчээрээс, зоогийн ширээ хүртэлх бүх сүлжээг хамардаг.  Засгийн газраас 2012 онд Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг батлан гаргаж, мөн олон улсын болоод үндэсний стандартыг батлаж гаргасан гээд томоохон ажлууд бас хийгдсэн.

-Хэрэглэгчдэд хүнсний аюулгүй байдлын талаар таниулах, сурталчилах сургалт ойлголтыг хэр өгч байна?

-Энэ асуудал манайд хамгийн чухлаар яригдах зүйл гэж бодож байна. Сайлаа бэлдэхээс саваа бэлд гэдэг шиг хамгийн түрүүнд энэ асуудлыг ярих хэрэгтэй. Манай яаманд сайдын тушаалаар “Хүнсний аюулгүй сав” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлээд явж байна. Үүний тулд химмийн хортой бодистой хуванцар савуудыг хамгийн түрүүнд хэрэглэхээ болъё гэх уриалгыг гарган ажиллаж байгаа.

Манайхны хувьд химмийн хортой саванд ус, айраг цагаа, сүү сүүн бүтээгдэхүүнээ хийж, хадгалдаг. Хуванцар сав хүнсний зориулалттай сав биш учраас хорт бодисуудыг хүнсэнд шингээдэг байх юм. Яагаад гэхээр химмийн бодисын савыг анх үйлдвэрлэхдээ тээвэрлэхэд хагарч гэмтэхгүй, дотор нь бодис хийхэд ууршиж, гадагшуулахгүй зэргээр элдэв бодисын нэгдлийн урвалд оруулсан байдаг. Ийм савыг хүнсэнд хэргэлвэл тэрхүү агуулагддаг бодис нь хүнсэнд шингэх аюултай юм. Гэтэл манайхан амар талыг нь бодоод хорт бодисын нөлөөг нь тоодоггүй. Хүнсэнд хэргэлсэн химмийн урвалд орсон хуванцар саванд ус, айраг, хүнсээ хийснээр үргүйдэл, хавдар, харшлын гаралтай өвчинд нэрвэгдэх аюултай. Тиймээс иргэд энэ хуванцар химмийн сав уу, эсвэл хүнсний зориулалтын бүтээгдэхүүний сав уу гэдгийг маш их анхаарах хэрэгтэй. Магадгүй үйлдвэрлэгч компани тэрхүү хуванцар савыг маш сайн хийсэн байлаа ч тээвэрлэлтийн явцад бохирдсон байх эрсдэлтэй тул аль болох хуванцар савнаас татгалзах хэрэгтэй юм. Тиймээс иргэн та өөрөө “Хор идэж байна уу, хоол идэж байна уу” гэдгээ тунгаан бодож үзэхийг онцгойлон анхааруулж байна.

Үүнээс гадна бүтээгдэхүүн дээр байгаа хугацааг маш сайн харж, хэрэглэж байх ёстойгоос гадна хэрвээ таны хэрэглэж буй бүтээгдэхүүний хугацаа дууссан тохиолдолд худалдан авсан газартаа буцаж хандаж, арга хэмжээ авдаг байх хэрэгтэй. Хүн бүр ингэж идсэн хоолондоо эзэн болж чадвал хүнсний аюулгүй байдал төлөвших бүрэн боломжтой болно.

-Нэг хэсэг “Цэнхэр сав” гэж хөтөлбөр хэрэгжиж байсан. Үр дүн хэр ажиглагдаж байна?

-Үүнд мэргэжлийн олон байгууллагууд хамтарч, дүгнэлт хийж байгаа. Хэдийгээр хүмүүст аюултай гэж сурталчилаж, ямар хуванцарыг хэрэглэж болох вэ гэдгийг анхааруулж, хэлсээр байгаа ч хэрэглээ буурахгүй л байна. Яагаад гэхээр энэ хуванцаруудын үнэ ханш харьцангуй бага, үүнийг орлуулах бүтээгдэхүүн бага байгаатай холбон тайлбарлаж байгаа. Ер нь орлуулах бүтээгдэхүүн байлаа ч асар үнэтэй байдаг. Жишээлбэл, сүү хадгалахад хамгийн тохиромжтой бидний ярьж заншсан 40-ийн бетон гэхэд л зах зээлийн үнэ нь 150-200 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Гэтэл хуванцар сав түүнээс хэд дахин хямд буюу 20-30 мянган төгрөгийн хооронд худалдаалагддаг. Тэгэхээр бид үйлдвэрлэлийг дотооддоо хөгжүүлж, хүнсний зориулалтын бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэрэгтэй. Бид үүнтэй холбоотой бодлого, хөтөлбөрийг төсөвт дэвшүүлсэн байгаа.

Агаарын бохирдлыг бууруулахын тулд утаагүй зуух үйлдвэрлэсэн шигээ, хүнсний аюулгүй байдлыг хангах бүтээгдэхүүн хийх асуудлыг төр засгаас дэмжиж ажиллах цаг ирсэн байна.

-ХХААЯ-наас өөр ямар ажлуудыг зохион байгуулж байгаа вэ?

-Ер нь бид үйлдвэрлэлийн, эрүүл ахуйн зохистой дадлуудыг бүх үйлдвэрийн сүлжээнд нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Тэгэхээр энэхүү стандартуудыг бүх газарт л нэвтрүүлэх ажлыг хийж байна. Жишээлбэл, мах экспортлох асуудлыг ярьж буй энэ үед махны үйлдвэрүүдийн стандартыг сайжруулж байгаа.

Мөн стратикийн хүнс гэж байдаг. Үүнд монголчуудын түгээмэл хэргэлдэг гурил, улаанбуудай, сайн чанарын хуурай сүү, мах, цэвэр ус зэрэг ордог. Тэгэхээр энэ бүгдэд бид байнга хяналт тавьж явдаг. Дутагдаж байгаа үед нь хэдэн хувийг оруулах, илүүдэж байгаа бол хэрхэн зохицуулах вэ зэргийг  шийдвэрлэж байгаа. Түүнчлэн хүнсний чиглэлээр ажиллаж байгаа боловсон хүчнийг чадамжуулах сургалт, дамжааг холбогдох сургууль, сургалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Мөн орхигдож байдаг хоол үйлдвэрлэлийн салбарынханы зөвлөгөөнийг зохион байгуулсан байгаа.

-Ярилцсанд баярлалаа.


Иргэн бүр "хүнс идэж байна уу, хоол идэж байна уу" гэдгээ онцгойлон анхаарах хэрэгтэй  
Үзсэн: 1513 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй