Шууд Chart

Ш.Доржсүрэн: Гэр бүлийн үнэ цэнэ гэдэг дутуу, дутуугаа л нөхөх юм байна

2015-10-19 11:33:19

“DOZ” интертайментийн захирал Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул нартай гэр бүлийн үнэ цэнэ хийгээд шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.

- “Элэг нэгтэн” шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хийгээд удаагүй байна. Энэ киноны зураг авалтыг бас гадаадад хийсэн харагдсан. Бусад уран бүтээлээс ялгарах онцлог нь юу вэ?

Ш.Доржсүрэн: -Гадаадад зураг авсан нь ямар нэгэн байдлаар гадна талын хэлбэр хөөж байгаа зүйл биш л дээ. Хэдийгээр гадаадад зураг авч байгаа хэдий ч монголчууддаа л зориулж кино хийхийг хүсдэг. Нэг өвөрмонгол хүн надад хэлсэн юм. Та нар Монгол орондоо амьдраад, хаашаа л харна монгол хүн байгаа болохоор бие биенийгээ тоодоггүй байх гэж. Өвөрмонголд амьдарч байгаа хүмүүс хаашаа л харна хятад хүн байдаг. Тийм болохоор би монгол хүнтэйгээ таарахдаа сүйд болдог. Нэгийгээ хайрлаж, дэмжиж явдаг гэж байсан. Бид яагаад гадаадад  киногоо хийгээд байдаг вэ гэхээр гадны нөхцөлд очсон монгол хүний төрөлх зан  яаж гардаг, тэд эх орноо хэрхэн санадаг, тэдэнд ямар зан араншин байдаг вэ гэдгийг үзэгчдэд хүргэхийг илүү зорьдог юм. Үүнийг харуулахын тулд гадаадад кино хийх нь тохиромжтой. 

А.Мөнгөнзул: -“Элэг нэгтэн” өмнөх кино уран бүтээлүүдийг бодвол Азийн шилдэг жүжигчид оролцсоноороо онцлогтой. Бид тухайн оронд киногоо хийх тусгай зөвшөөрлийг нь авч хийсэн. Гадаадад кино хийгээд байгаагаа тайлбарлавал бид уран бүтээлээс, уран бүтээлийн хооронд суралцах хэрэгтэй болдог. Тиймээс гадаадын уран бүтээлчдээс суралцах нь их чухал байдаг. Бас кино үзэгчдээ хүндлэх ёстой. Тийм ч утгаараа бид сонирхолтой, өвөрмөц объектууд, жүжигчин, сонирхолтой зохиолуудыг, мөн гадаад оронг сонгон авдаг. Бусад улс орны уран бүтээлчидтэй хамтарч байж өөрсдийн монгол киногоо сурталчлах гарцыг бас бий болгодог.

-Гэр бүлийн санхүүгээ та хоёрын хэн нь барьдаг вэ?  

Ш.Доржсүрэн: -Уламжлалт ёсоороо бол эхнэрүүд барина. Тэр уламжлалыг дагаж байна. Манай ээж, аав хоёрын хувьд ээж маань санхүүгээ барьдаг байх жишээтэй. Манай гэр бүлийн хувьд ч Мөнгөнзул маань санхүүгээ барина даа. Би гэдэг хүнд энэ бүхэн ямар ч хамаагүй ш дээ. Манай хүн зөвхөн гэр бүлийн санхүү гэлтгүй киноны ажлын санхүүгээ ч давхар барина даа. Санхүү тооцоо чинь толгой өвдмөөр ажил шүү. Сар бүрийн 25 эмэгтэйчүүдэд “аймшигтай” өдөр байдаг болов уу. Яагаад гэвэл ус, цахилгаан, байр гээд бүхий л зүйлийнхээ төлбөр тооцоог хийдэг шүү дээ /инээв/.

-Гэр бүлийн хайр, халамж, үнэ цэнэ юун дээр тогтдог бол ?

Ш.Доржсүрэн:- Хүний амьдрал гэдэг чинь нас насандаа л байдаг юм байна шүү дээ. Бид хоёр чинь өглөө хамт гараад,  өдөржин хамт яваад орой ч гэртээ хамт л орж ирж байна. Бүх зүйл дээр хамт яваад байхаар бас сонин. Гэр бүлийн үнэ цэнэ гэдэг бол дутуу, дутуугаа л нөхөх юм байна. Мэдээж хүн бурхан биш. Алдаа, оноо, сайн, муу тал зөндөө л байгаа. Гэр бүлийн хоёр тэр болгоныгоо нөхөж, харц харцаараа ойлголцдог болчихдог юм байна. Гэр бүл гэдэгт үр хүүхдүүд маань орж ирснээр бүтэн болдог юм байна. Энэ бүгд нийлээд үнэ цэнэ юм болов уу даа.  

А.Мөнгөнзул: -Миний бодлоор гэр бүл гэдэг бол нэг байгууллага л даа. Дооёо гэдэг хүн нэг өөр үзэл бодолтой, Зулаа гэдэг хүн бас өөр үзэл бодолтой. Энэ хоёр өөр үзэл бодол нийлж нэг байгууллага болж байна. Тэр байгууллага дотроо гишүүд үр хүүхдээ хүмүүжүүлэх, хэрхэн боловсрол эзэмшүүлэх вэ гэдэг нь энэ байгууллагын хоёр хүнээс шалтгаалах гээд байна л даа.

-Та хоёрт сул тал байна уу. Магадгүй уран бүтээл, ажил гээд үр хүүхдээ орхигдуулах үе гарч байж болох юм?  

А.Мөнгөнзул: -Арван хуруу тэгш хүн гэж байдаггүй гэдэг шүү дээ. Тэгэхээр аливаа зүйл төгс байна гэж байхгүй. Бурханы авралаар сайн ээж, аав, сайхан хувь тавилантай хүмүүс гэж өөрсдийгөө боддог. Дутуу зүйлээ найз нөхөд, гэр бүлийнхнийхээ хүрээллээр нөхөж чаддаг.  

-Хүүхдүүддээ цаг гаргаж чадаж байна уу?

Ш.Доржсүрэн: -Манай хоёр хүүхэд чинь эмээ, өвөөгийн хүүхдүүд шүү дээ. Хүүгээ бага байхад Германд сурахаар явсан.Охиноо төрсний дараа эхнэр маань гадуур  ажилтай гээд явчихдаг байлаа. Би охиноо тэврээд л үлддэг байсан. Одоо харин хүүхдүүддээ цаг их гаргадаг болж байгаа шүү.

-Хэрэв таныг ханиа магтаач гэвэл юу гэж хэлэх вэ?

Ш.Доржсүрэн: -Миний хань их зөөлөн ш дээ. Сэтгэлийг нь хөдөлгөсөн зүйл хараад л уйлчихдаг. Тэнд ч очиж хүнд туслая. Хүүхдийн асрамжийн газар очъё гээд л байдаг хүн. Эмэгтэй хүн, тэр тусмааа монгол эмэгтэйчүүдэд нийтлэг байдаг нэг сайн чанар энэ байх. Бас эхнэр маань их дайчин, хичээнгүй хүн.

А.Мөнгөнзул: -Миний нөхөр найруулагч хүн. Ухаантай, сайн найруулагч гэж би боддог. Энэ хүний эхнэр нь, тэгээд жүжигчин мэргэжил сонгосондоо, ер нь энэ их хувь заяаг атгаж төрсөндөө баяртай байдаг. Миний ханийн бусдаас ялгарах зүйл нь урагшаа байнга тэмүүлдэг нь гэж би хэлнэ. Нөхрийн маань хувьд “За байж бай. Бодъё, тунгаая, хүлээе” гэх үгс аливаад ул суурьтай ханддагийг нь илэрхийлэх болов уу. Ханьд маань байдаг энэ хоёр араншин нийлэхээрээ их зөв бланс болдог гэж ойлгодог. Урагшаа тэмүүлье, хийж бүтээе гэдэг дээр бодож тунгаая, “шанагадъя” гэдгийг нь нэмэхээр их зөв шийдвэр гарна. Тийм болохоор миний ханийн оюуны маш том шүүлтүүрээр уран бүтээлүүд маань гардаг гэж ойлгож болно.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Дулмаа

 


Ш.Доржсүрэн: Гэр бүлийн үнэ цэнэ гэдэг дутуу, дутуугаа л нөхөх юм байна   
Үзсэн: 3259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй