Шууд Chart

Ж.Мөнхбадар: Тооллогын үр дүнд иргэд олон үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдэнэ

2015-10-21 11:06:06

Монгол Улсын хэмжээнд хүн амын тооллого эхэлсэнтэй холбогдуулан ҮСХ-ны тооллогын товчооны дарга Ж.Мөнхбадартай ярилцлаа.   

-Хүн амын тооллогын судалгааг таван жилд нэг удаа хийдэг. Энэ жил завсрын тооллого хийнэ. Энэ ажил ямар шатанд явагдаж байна?   

-Статистикийн тухай хууль, хүн амын орон сууцны улсын тооллогын тухай ээлжит тооллогыг хуулийн дагуу арван жил тутамд нэг удаа, арван жилийн хооронд таван жилд нь завсрын тооллого явуулах хуультай. Энэ жилийн хувьд анх удаа завсрын тооллого явуулах он, цаг тохиож байна. Тооллогын бэлтгэл ажил өнгөрсөн оноос хангагдаж эхэлсэн. Энэ онд өмнөх уламжлалт тооллогуудыг бодвол илүү технологийн дэвшилт, бүртгэлд суурилсан хэлбэрээр тоолж байна. Өөрөөр хэлбэл, Европын орнуудад хэрэгжүүлж байгаа технологийн давуу тооллогыг явуулах бэлтгэл хангаад байгаа юм.   

-Энэ жилийн тооллого өнгөрсөн жилүүдийнхээс юугаараа онцлог вэ?

-Тооллогын тухай хуульд гурван аргаар тоолохыг хуульчилсан байдаг. Уламжлалт буюу айл өрх бүрт орж ярилцлага авах арга бий. Мөн хүн амын бүртгэлд суурилсан арга байна. Нөгөө нь түүвэр судалгааны аргаар тоолох юм. Энэ жил бид хүн амын регистрийн бүртгэлд суурилсан аргаар анх удаа тооллого явуулах бэлтгэлийг хангаад байгаа. Өөрөөр хэлбэл, баг, хороо болон өрх бүр дээр хөтлөгддөг хүн амын бүртгэл бий. Энэ бүртгэлийг 2015 онд улсын хэмжээнд нэгдсэн онлайн сан болгож авсан. Үүнд үндэслээд тооллогынхоо дүнг гаргахаар бэлтгэл ажлаа хангаж байна даа.

-Тооллогыг улсын хэмжээнд хийнэ гэхээр их цаг хугацаа шаардагдана байх. Энэ их ажлыг амжуулахын тулд бэлтгэлийг их сайн хийнэ биз?  

-Тэгэлгүй яахав. Тооллогын бэлтгэл ажил үндсэндээ бол тооллогоос тооллогын хооронд үргэлжилдэг. Өнгөрсөн тооллого 2010 онд явагдсан. Энэ тооллогын дараа, дараагийн тооллогыг ямар технологиор, эдийн засгийн хэр их хэмнэлттэй, ямар өндөр түвшинд гаргах вэ гэдэг дээр голчлон ажилладаг юм. Энэ удаагийн тооллогын бэлтгэл ажлыг үндсэндээ 2013 оноос нэлээн эрчимжүүлсэн. Дээр хэлсэнчлэн баг, хороон дээр хөтлөгддөг хүн амын өрхийн бүртгэлийн сан бол 2006 онд анх баг, хороон дээрээ л ашиглагддаг байлаа. 2014 онд энэ санг тооллогын бэлтгэл ажлын хүрээнд улсын бүртгэлийн регистрийн сантай нягт уялдуулж өнөөдөр улсын онлайн сан болж байна. Баг,  хороон дээр хэн нэгэн хүн шилжих, төрөх, нас барахад энэ сан дээр шинэ мэдээлэл баяжигддаг онлайн сайт болж байгаа.

-2010 оны тооллогыг 2015 оны тооллоготой харьцуулахад ямар үр дүн, өөрчлөлт гарсан байна?

-2010 онд нийтдээ 18 мянга орчим тоологч, шалгагч нарыг улсын хэмжээнд бэлтгэж долоо хоногийн хугацаанд бүх айл өрхөөр орох том ажлыг зохион байгуулж байсан. Энэ удаагийн тооллого дээр ийм олон хүн хүчийг ашиглахгүйгээр өөрөөр хэлэх юм бол улсын регистрт суурилсан ийм тооллогыг явуулж байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Энэ утгаараа энэ удаагийн тооллого хөрөнгө хүч, цаг хугацааг хэмнэх, мөн орчин үеийн шинэ технологи руу шилжиж байна. Тооллогын үр дүнд үндэслээд иргэд олон үйлчилгээг цахим хэлбэрээр авах бололцоо ирэх оноос бүрдэнэ гэж бид үзэж байгаа.

-Таван жил болон арван жил тутам Монгол Улсын хүн амын дундаж өсөлт хэд байдаг вэ?  

-2005 оны тооллогоор хүн ам эрчимтэй өсөлтөөсөө хойш өөрөөр хэлбэл, 1970-аад оноос хойш хамгийн доод түвшинд ирсэн. Энэ онд бол улсын хэмжээнд нийтдээ 45 мянга орчим хүүхэд мэндэлсэн гэсэн тооцоо байдаг л даа. Төр засгаас хүн амын төрөлтийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой бодлогуудыг хэрэгжүүлсэн. 1980 онд 80-аад мянган хүүхэд мэндэлж байлаа. Эдгээр хүүхэд 2005 оноос хойш нөхөн үржихүйн насанд орж ирсэнтэй холбоотойгоор хүн амын өсөлт нэмэгдсэн. 2014 онд нийтдээ 82 мянга орчим хүүхэд мэндэлж Монгол Улсын түүхэнд байгаагүй хамгийн олон хүүхэд төрсөн оноор бүртгэгдсэн.  

-Эдийн засгийн байдал ч юм уу, цаг үеийн онцлог хүн амын өсөлтөд хэр нөлөөлдөг бол?

-Хүн амын төрөлтөд олон зүйл нөлөөлдөг. Ялангуяа бодлогын арга хэмжээнүүд нэлээн нөлөөлнө. Насны бүтцийн онцлог гэж бий. Өөрөөр хэлбэл, 2020 он хүртэлх хугацаанд хүн амын өсөлт нэлээн өндөр түвшинд хадгалагдах таатай нас нь явагдсан байгаа юм. 20-30 насны хооронд маш олон эмэгтэй нөхөн үржихүйн насанд байгаа ийм он жилүүд тохиож байна. Үүнд бодлогын нөлөөлөл бий. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хүүхэд болгонд өгч байгаа мөнгөний бодлого байна. Залуу гэр бүлийг дэмжсэн бодлого бас байсан. Эдгээр зүйлүүд бол хүн амын өсөлтөд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.

-Хүн амын өсөлтийг бүсчлэн ангилдаг уу?

-Ангилна. Хүн амыг бүсээр нь аваад үзэх юм бол баруун бүс нэлээн өндөр байдаг. Ялангуяа Хөвсгөл аймаг хамгийн их хүн амтай. Баруун бүсэд төрөлт их байх хандлагатай бий.  

-Ярилцсан танд баярлалаа.  

Б.Дулмаа


Ж.Мөнхбадар: Тооллогын үр дүнд иргэд олон үйлчилгээг цахим хэлбэрээр авах боломж бүрдэнэ  
Үзсэн: 2069 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Shinejargal.D [202.70.46.xxx] 2016-10-22 23:22
Amjilt husey naizdaa
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-10-21 23:17
amjilt husie ene tom ajild ni

Бидэнтэй нэгдээрэй