Улсын ахлах байцаагч О.Нямдаваагаас "Үдийн цай" хөтөлбөрийн талаар дараах тодруулгыг авлаа.
-“Үдийн цай” хөтөлбөр хэрэгжилтийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?
-“Үдийн цай” хөтөлбөр хэрэгжээд 10 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хөтөлбөр сүүлийн хоёр жилд “Үдийн хоол” болж, сургуулийн цайны газрыг аж ахуйн нэгжүүд түрээслэн халуун хоол, цай хийж өгч эхэлсэн. Үүнийг хууль, стандарт журмын дагуу шалгаж үзэхээр чанарын шаардлага хангахгүй байна. Зориулалтын барилга байгууламж ч алга. Зай талбай, багтаамж хүрэлцээгүй газар хоол үйлдвэрлэл явуулж байна. Жишээлбэл, түүхий эд, материалыг хүлээж авах, түүнд анхан шатны боловсруулалт хийх зориулалтын байр байхгүйгээс болоод халуун ажиллагаатайгаа хамт нэг дор явагдах болдог. Энэ нь хоол хүнсэнд гадны бохирдол орох нөхцөлийг бүрдүүлж байна. Сая шалгалтад хамрагдсан байгууллагын 45 хувьд нь ийм зөрчил илэрсэн. Тэнд ажиллаж байгаа хүмүүс мэргэжлийн, ажлын үнэмлэхтэй байгаа боловч бага насны хүүхдийн биед тохирсон хоол хүнс үйлдвэрлэж, олгох тал дээр мэдлэг муу байна. Үйл ажиллагаан дээрээ эрүүл ахуй, зөв зохистой дадлыг мөрдөж хэвшүүлээгүй зэрэг зөрчил нийтлэг байлаа. Энэ тал дээр аж ахуйн нэгж, байгууллагууд анхаарууштай.
-Өнөөдрийн байдлаар хичнээн зөрчил илрүүлээд байна?
-Гурван гол зөрчил байна. Эхнийх нь барилга байгууламжийн асуудал. Дараагийнх нь ажиллаж буй тогооч нарын мэргэжил, мэдлэгийн талаарх асуудал. Гурав дахь нь хэрэглэж буй сав суулга, ариун цэвэр, угаалга цэвэрлэгээтэй холбоотой асуудал байна.
-Эдгээр зөрчлийг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Илэрсэн зөрчилтэй холбогдуулаад 45 байгууллага, аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлээд байна. Гүйцэтгэл, хэрэгжилтэнд хяналт тавиад ажиллаж байгаа.
-Хүүхдүүдэд ер нь ямар бүтээгдэхүүн өгөх ёстой байдаг юм бэ?
-Эрүүл мэндийн сайдын 2013 оны 207 тоот тушаал бий. Энэ тушаалаар сургуулийн гуанз, цайны газруудад их тосонд хуурсан, шарсан бүтээгдэхүүн бага насны хүүхдэд олгохыг хориглосон байдаг юм. Мөн хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн жүүс, бохь, шоколад зэргийг хориглодог. Бага насны хүүхдийг бие физиологийн хувьд насанд хүрсэн хүнтэй адилтгаж авч үзэж болдоггүй. Их эмзэг байдаг. Хүүхдүүдэд эрүүл хоол хүнс өгөх шаардлагатай. Тосонд хайрч, хуураагүй бүтээгдэхүүнээр үйлчлэх ёстой. Энэ тал дээр тэнд ажиллаж буй тогооч, ажиллуулж байгаа байгууллагууд хангалтгүй ажиллаж байна гэсэн дүгнэлт гарсан.
-Зөрчлүүдийг багасгахын тулд ямар үйл ажиллагаа зохион байгуулж байна?
-Хэрвээ “Үдийн цай” хөтөлбөрөө үргэлжлүүлээд явна гэх юм бол холбогдох төрийн байгууллагууд энэ асуудлыг цэгцлэх ёстой. “Үдийн цай”-ны хэрэгжилтийг дүгнэх хэрэгтэй байна. “Үдийн цай”-гаа үргэлжлүүлэх үү, “Үдийн хоол” болгох уу гэдэг асуудлыг эхлээд авч үзэх хэрэгтэй. Хэрвээ “Үдийн хоол” болгох бол хоолыг хүүхдүүдэд яаж хүргэх юм, нэг бол нэгдсэн үйлдвэр, кабинет, цехэд хоол хүнсээ бэлтгээд сургуулиудад түгээх, сургуулиудын цайны газруудыг стандартын дагуу болгох уу гээд олон асуудал урган гарч ирнэ. Энэ бүхэнд эрх бүхий төрийн байгууллагууд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж бодож байна.
Б.Дулмаа
О.Нямдаваа: Хүүхдийг бие физиологийн хувьд насанд хүрсэн хүнтэй адилтгаж болохгүй | ||
Үзсэн: 1520 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.