Шууд Chart

Н.Түвшинжаргал: Манай улс 2020 он гэхэд ДОХ-ын тархалтыг 90 хүртэлх хувиар бууруулна

2015-12-01 11:26:57

Өнөөдөр ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр. Үүнтэй холбогдуулан ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдлын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн “Улаан тууз эмнэлэг”-ийн ДОХ/БЗДХ-ийн их эмч Н.Түвшинжаргалтай ярилцлаа.

-Манай улсад ХДХВ/ ДОХ-ын  тохиолдол 1992 онд анх бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар хэд болж нэмэгдээд байна вэ?
-Өнөөгийн байдлаар  буюу энэ оны 9-р сарын байдлаар ДОХ-ын халдвартай 194 хүн бүртгэгдсэнээр 26 нь нас барсан байна. Эдгээрийн дөрвөөс тав өвчтөн гадаадад амьдарч байгаа бол үлдсэн буюу 85 хувь нь эрчимжүүлсэн эмчилгээнд хамрагдаад явж байгаа. Энэ бол бага тоо биш. Цөөхөн хүн амтай манай улсын хувьд ДОХ-ын вирус хурдацтай тархаж байна гэсэн үг юм.

-Их эрсдэлтэй дүр зураг байна. Тэгэхээр үлдсэн 85 хувь нь бүгд хяналтад байж чадаж байна уу?
-Үлдсэн хүмүүс нь эмчийн байнгын хяналтад байж, ретровирусын эсрэг эмчилгээнд /ДОХ-ын шинжилгээ/ хамрагдсан хүмүүсийн вирусын ачааллыг бууруулах ХДХВ-ын эсрэг эм бэлдмэлийг ууж, хэрэглэж байгаа. Энэ эм бэлдмэлийг Монгол Улсын Засгийн газраас 100 хувь үнэ төлбөргүй олгодог.  Гэхдээ энэ эм бэлдмэл нь өвчтэй, вирус тээсэн хүнийг эмчлээд эрүүл болгоно гэсэн үг биш. Амьдрах хоногийг уртасгаж байгаа хэрэг юм. Үзүүлж оношлуулах цагтаа ирж үзүүлээд явж байгаа.

-ДОХ-ын тархалт нэмэгдэхэд олон хүчин зүйл нөлөөлж байгаа байх?
-Үүнд маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Хүн амын зонхилох хэсгийг эрсдэлтэй гэж үздэг залуус эзэлж байна. Энэ нь залуус байнгын бэлгийн харьцаатай байна гэсэн үг. ДОХ-оос гадна бэлгийн замын үрэвсэлт өвчин маш их байна. Яагаад нэмэгдэж байна гэхээр нийгмийн шилжилт хөдөлгөөн, урин дулаан цаг болон баяр ёслолын үеэр архидан согтуурсны улмаас ийм байдалд хүрч байна. Нөгөөтэйгүүр хөдөө орон нутгаас шилжин ирсэн хүмүүс тэр бүр шинжилгээнд хамрагдаад байдаггүй зэрэг нь маш их нөлөөлж байна.

-Хөдөө орон нутгаас нэлээн хэдэн тохиолдол илэрсэн гэсэн?
-Одоогийн байдлаар бүртгэгдээд байгаа халдвартай хүмүүсээс цөөнгүй хэд нь хөдөө орон нутгийнх байсан. Харин ДОХ-ын вирустэй төрсөн эх орон нутагт байгаа. Тэндээ ч гэсэн эмчийн хяналтад ороод байж байгаа. Энэ бол хувь хүний нууц гэсэн үг.

-ХДХВ-ын халдвартай арван ээж хүүхэд төрүүлсэн гэж байсан. Энэ тоо нэмэгдсэн үү?
-Манай улсад ДОХ-ын халдвартай 10 эх 12 хүүхэд төрүүлсэн. Харин хүүхдүүдийн олонх нь эрүүл төрсөн. ДОХ-той ээжээс ДОХ-той хүүхэд заавал төрнө гэсэн ойлголт байхгүй. ДОХ-ын халвартай гэдгээ мэдсэн эхчүүд төрөн төртлөө эмчийн хяналтад байж урьдчилан сэргийлэх эмчилгээ хийлгэдэг. Энэ нь учирч болох эрсдлээс хамгаална гэсэн үг юм.

-Тэр ээжүүдийн гэр бүлийн тухайд...?
-Зарим нь хамтран амьдрагчтай. 4-5 нь нөхөртэй байсан. Эдгээрийн гурван нөхөр халдвартай гарсан. Тэд бүгд залуу гэр бүл. Ингээд үзэхээр бэлгийн хавьтлын идэвхтэй насны хүмүүс байгаа юм. Хамгийн гол нв залуус маань ямар ч тохиолдолд бэлгэвч хэрэглэх нь хамгийн найдвартай өөрийгөө хамгаалах арга.

-Манай улс ДОХ-ын  тархалт ихтэй улсын тоонд багтах уу?
-Дэлхийд ДОХ-ын тархалт ихэссэн. Үүнээс олон нийт цочирдохоо больсон гэж хэлж болно. Манай хойд хөрш ОХУ болон урд хөрш БНХАУ дэлхийд ДОХ-ын тархалтаараа тэргүүлдэг таван орны  хоёр нь шүү дээ. Энэ нь ч ДОХ болон бэлгийн замын өвчлөлийн тархцад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Харин НҮБ-аас дэлхийн улс орны тархалтаар нь их, дунд, бага гэж ангилдаг. Манай  улс бага тархалттай улсын тоонд орж байна. Гэхдээ бага гээд тайвширч болохгүй.

-ДОХ-ын өвчлөлд бэлгийн чиг хандлага хэр нөлөө үзүүлж байна вэ?
-Ерөнхийдөө ДОХ-ын халдвартай хүмүүсийг 100 хувь гэж үзвэл 80 гаруй нь эрэгтэй. Үүний дотор халдвартай хүмүүсийн 80 хувь нь гомо болон гей биесекс залуус байгаа юм. Тодруулбал, тэд эрэгтэй хүнтэй ч, эмэгтэй хүнтэй ч хавьтдаг гэсэн үг. Тийм болохоор ийм хүмүүс бэлгийн замын халдварт өвчин болон ХДХВ-ээр өвчлөх магадлал хамгийн их байгаа юм. Гэхдээ тэднийг ялгаварлаж болохгүй, хүний эрх зөрчих хэрэг болно.

-Залуус дунд БЗДХ өвчлөл сүүлийн үед нэмэгдэх болсон гэсэн. Ямар өвчлөл зонхилж байна?
-Залуучуудын хувьд зонхилон тохиолдох БЗДХ-ын 46 хувь нь тэмбүү байна. Насжилтын хувьд 25-35 насныхан буюу сурч, хөдөлмөрлөж байгаа идэр насныхан. Энэ маш харамсалтай. Үүний 64 хувь нь бүсгүйчүүд байгаа гэсэн статистик тоо баримт байна. Мөн тэмбүүтэй эхээс тэмбүүтэй хүүхэд төрөх тохиолдол сүүлийн үед ихсэж байгаа.

-Хүн анхны хавьтлаар ДОХ  болон БЗДХ тусах магадлал хэр өндөр байдаг вэ?
-Хүн 100 хүнтэй  бэлгийн харьцаанд орлоо гэхэд арван хүн халдвар авах магадлалтай байдаг. Тухайн халдвартай хүнтэй бэлгийн харьцаанд  орж байгаа хүн бэлгийн замын ямар нэг үрэвсэлт өвчинтэй бол ДОХ-ын халдвар авах боломж их гэсэн үг. Тиймээс залуучууд сардаа нэг шинжилгээнд хамрагдаж байвал өөрсдийнх нь эрүүл мэндэд тустай. Манай төвөөр өдөрт 200 орчим хүн шинжилгээнд хамрагддаг. Энэ бол бага тоо биш юм.

-БЗДХ/ДОХ-ыг бууруулахын тулд ямар бодлого баримталж байна вэ?
-НҮБ-ын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс дэвшүүлсэн хэтийн зорилгод 2020 он гэхэд ХДХВ-ын халдварын тархалтыг хяналтад авч, цаашид ямар ч улс орны хувьд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болгож вирусын тархалтыг 90 хувь хүртэл бууруулан, вирустэй хүмүүсийн 90 хувийг эмчилгээнд хамруулах зэрэг бодлого баримтлан ажиллах болсон. Манай улс мөн адил 2020 он гэхэд  ДОХ-ын тархалтыг 90 хувь бууруулна гэсэн зорилт тавин ажиллаж байна.

Э.Ариунзаяа


Н.Түвшинжаргал: Манай улс 2020 он гэхэд ДОХ-ын тархалтыг 90 хүртэлх хувиар бууруулна  
Үзсэн: 2322 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
137.186.121.xxx [137.186.121.xxx] 2015-12-21 06:29
Жалгын нэг тарсан замбраагүй монголчуудын халдварыг 90 хувь бууруулна гэж сэрүүн зүүлэх хэрэггүй. Тэмбүүгээ дийлэхгүй байж...

Бидэнтэй нэгдээрэй