Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, төр нийгмийн зүтгэлтэн Баатарван Наваан-Юндэнгийн намтар түүхийг эмхэтгэсэн “Баатарван Наваан-Юндэн” номыг залах ёслол боллоо. Энэ номыг түүний гэргий Н.Лхамсүрэн, доктор Ж.Саруулбуян нар бичжээ.
1930-аад оны үед Монголын шинэ цаг үеийн сор болсон зохиолч, яруу найрагч, сэхээтнүүдийн амьдралыг хэрхэн бусниулж, хэлмэгдүүлж байсныг зохиолч Наваан-Юндэнгийн жишээн дээр өгүүлжээ. Сэхээтнүүдийг төөрөгдүүлэх зорилготой энэ хэлмэгдүүлэлт Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Б.Ринчин тэргүүтэй түүний үеийн нөхдийг ч дайрчээ.
Харин эдгээрээс Баатарван Наваан-Юндэн түүх, уран зохиолд гүйцэтгэсэн орон зай их ч дурдагдах төдийхөн байсан үе бий гэж доктор Ж.Саруулбуян хэллээ. Баатарван Наваан-Юндэн бол 1914 оны эхэн үеэр аймаг, хошуу захирч явсан Чингисийн удмын сүүлчийн ноён гэж судлаачид онцолдог. Сайн ноён Хан Намнансүрэнд шавилж, манж, монгол хэл заалгаж байсан гээд тодорхой баримт олон бий. Энэ гарвалаар нь шинэ нийгэм журам байгуулагчид анхааралдаа авч, түүнийг 1938 онд “Германы тагнуул” нэрээр баривчлан 10 гаруй жил шоронд хорьсон юм.
Мөн энэ үеэр Сэлэнгэ нутгийн байгалийн сайхан, ан амьтан, тэр дундаа ус гол, мөрнийг дүрсэлсэн уран зургийн үзэсгэлэн нээлтээ хийсэн. Учир нь Баатарван Наваан-Юндэн одоогийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт төрж өссөн байна. Хараагийн Баатар ван, Насан-Очирын Наваан-Юндэн нь 1985 он хүртэл монгол хаадын угсааны хамгийн сүүлд амьд сэрүүн үлдсэн ноён гаралтай хүн юм. Ийнхүү түүний дурсгалд зориулж, уран зургийн үзэсгэлэн, түүхэн намтар номоор гавьяа зүтгэлийг нь нийтэд таниулж байгаа юм.
“Баатарван Наваан-Юндэн” номыг залах ёслол боллоо | ||
Үзсэн: 2104 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.