Шууд Chart

Д.Бум-Эрдэнэ: Монголчуудын хамгийн муу зан нь хувиа хичээсэн байдал

2015-12-25 11:10:02

“Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн дугаарт “MMCG” үндэсний судалгааны компанийн гүйцэтгэх захирал Д.Бум-Эрдэнийг урилаа.

-“MMCG” судалгааны компанийн тухай яриагаа эхэлье?
-Манай компани 13 жил үйл ажиллагаагаа явуулж байгаа үндэсний судалгааны компани. Улс орнуудад тухайн оршин сууж буй газрын иргэдийн санаа бодол, зах зээл, хэрэглээний төлөв байдал зэргийг судалдаг бие даасан судалгааны байгууллагууд байдаг. Тэдгээрийн нэгэн адил Монгол Улсад дэлхийд үнэлэгдэхүйц судалгааны компани байгуулах зорилготой ажилласаар өнөөг хүрсэн байна. Тэр зорилгодоо ч хүрч, бидний үйл ажиллагаа олон улсын түвшинд нэлээд дөхөж очжээ. Жишээлбэл, бид 2015 онд "Wingallup" гэх 76 орныг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хамгийн том судалгааны эвсэлд эх орноо төлөөлөн ажиллаж байна. Тухайн эвсэлд орон орны хамгийн том судалгааны байгууллагууд элсдэг.

Үүнээс гадна Маркетинг, олон нийтийн санаа бодол, социологийн судалгаа үйлчилгээний ISO 20252:2012 стандартыг Монголд нэвтрүүлсэн зэрэг амжилтыг өнгөрөгч 13 жилийн хугацаанд гаргажээ.

Судалгаа гэдэг маш ёс зүйтэй ажил. Яагаад гэвэл тухайн хүний бодож байгаа зүйлийг худлаа гаргаж болдоггүй. Судалгааны ажилд тулгуурлаж тухайн улс орны, хотын, компанийн томоохон шийдвэрүүд гарч явдаг. Тиймээс судалгааг бид үнэн зөв, ёс зүйтэй хүргэх хэрэгтэй.

Нөгөөтэйгүүр тухайн судалгааныхаа нууцыг хадгалах ёстой. Тиймдээ бид Недарландад төвтэй дэлхийд томоохонд тооцогдох ESOMAR гэх ёс зүйн байгууллагад гишүүнээр элссэн. Үүгээрээ бид олон улсад данстай болж, хүлээн зөвшөөрөгдөж чадсан юм. Бидний судалгааны үр дүнг бариад дэлхийн хаана ч, улс төрийн ямар ч хүнтэй уулзах боломжтой гэж ойлгож болно.

-Хамгийн сүүлд танай компани ямар судалгааг хийв?
- Wingallup-ийн 1977 оноос хойш хийж буй дэлхийн 65 орны дунд явуулсан дэлхийн аз жаргалын индекс, эдийн засгийн индекс, итгэл найдварын индекс, дэлхийн топ 10 удирдагчийн рейтингийг тогтоох судалгаанд эх орноо төлөөлөн анх удаагаа оролцлоо. Эдгээр судалгааны дэлхийн топ 10 удирдагчийн рейтингийг өнгөрөгч өдрүүдэд дэлхий нийтээр зэрэг зарласан бол үлдсэн судалгааны үр дүнг 30-ны өдөр зарлана. Үүнийг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд ч тэсэн ядан хүлээдэг юм билээ.

-Хэн дэлхийн шилдэг удирдагчаар нэрлэгдэв ээ?
-Дэлхийд хамгийн рейтинг өндөртэй удирдагчаар АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, хоёрдугаарт нь Германы Канцлер Ангела Меркелийг нэрлэсэн байгаа юм. Гэтэл Монголчуудын хувьд хамгийн нэгдүгээрт ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин орсон.

Бүр дэлгэрүүлээд Обамад хэн ингэж сайн хандсан болоод рейтингээрээ гараад ирэв гээд үзэхээр түүнд Европын орнууд, Вьетнам, Канад зэрэг орны иргэд санал өгсөн байгаа юм. Харин Оросууд, Пакистин, Сирби зэрэг улс Обамад дургүй гэсэн дүн гарсан.

Бидний дэмжсэн Путин дэлхийд тавдугаарт жагсаж байгаа. Яагаад гэхээр Европын орнууд түүнд 50-иас доош эсрэг санал өгсөн байгаа юм. Гэтэл монголчууд Оросуудаас илүү дэмжсэн. Үүнээс харахад бид Путинд их хайртай юм байна гэх дүгнэлт гарлаа.  

Мөн бидний хамгийн дургүй удирдагч гэж боддог Си Зиньпиний хувьд дэлхийд зургаадугаарт бичигдэж байна. Түүнийг Оросууд их дэмжсэн. Гэтэл Япон, Вьетнамчууд хятадуудад маш их дургүй гэж гарсан. Бүр хачирхалтай нь монголчууд тийм ч дургүй биш. Дундаж түвшинд байдаг юм билээ.

Энэ мэтээр манай улс дэлхийн хэмжээнд судалгаанд оролцож, өөрсдийн санаа бодлоо хуваалцдаг болсон дэвшилт гарч ирээд байна даа.

-Өмнө нь танайх "Монгол хүний сайн муу зан араншин"-гийн талаар судалгаа хийсэн. Үр дүн нь ямар байв?
-Монгол хүний хамгийн муу араншингийн нэгдүгээрт хувиа хичээсэн байдал гарч ирсэн. Дараа нь залхуу орж байгаа. Хувиа хичээсэн араншин нь бусад зан араншингаасаа хол илүү гарч ирсэн. Гэтэл хамгийн сайн зан нь тусч гэж гарч ирсэн. Хувиа хичээсэн атлаа тусч. Үүнийг тайлбарлах гээд дахиад нарийвчлан судалсан л даа. Тэгэхэд ер нь бид бол тусч ард түмэн юм. Гэхдээ ойр хавийн, дотны хүмүүстээ л тусч юм байна. Нийтийн тусдаа бол муу. Энэ нь монголчуудыг хувиа хичээсэн болгож харуулдаг юм байна. Монголчууд нийтээр амьдарч сураагүй нь магадгүй үүнтэй холбоотой байх л даа. Тухайн муу араншинг арилгахын тулд улс орны хэмжээнд төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байгаа. Жишээлбэл, иргэдийн дунд битгий ийм хувиа хичээсэн байгаач ээ гэх уриалгыг хүргэх ч юм уу. Тухайн хувиа хичээсэн зантай хүнийг ичтэл нь яг тэрхүү араншинг нь харуулах ч юм уу. Үүнд медиа хэрэгслүүд маань бүгд нэгдэх хэрэгтэй л дээ. Ерөөсөө сэтгэхүйгээр нь өөрчлөх хэрэгтэй.

Бидний МҮОНТ-тэй хамтарч ажиллаж байгаа маань нийгмийн оюун санааг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрчлөх зорилгыг ч агуулж байгаа. Ер нь олон нийтийн санаа бодлыг гудамжинд таарсан 2-3 хүний санаа бодлоор хязгаарлаж дүгнэж болохгүй. Тиймээс олон нийтийг хамарсан судалгаатай саналыг хүргэх боломжийг бүрдүүлж байна.

-Монголчуудын хувьд өөрөөс нь бага албан тушаалтай ч насаар ахимаг ажилтныг хүндлэх байдал хэр байдаг вэ. Судалгааныхаа үр дүнгээс иш татаач?
-Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Иргэнийг яс үндэс, шашин шүтлэг, арьсны өнгө зэргээр нь ялгаварлан гадуурхах ёсгүй гээд заачихсан байдаг. Үр дүнг нь яръя л даа.

Монголчууд шашин шүтлэгээр нэгнээ ялгаварлан гадуурхдаггүй юм байна. Энэ тал дээр иргэн бүр эрх чөлөөтэй байдаг. Чингисийн үеэс сууж ирсэн тэр үзэл санаа одоо ч хадгалагдаж буй юм байна. Гэтэл ялгаварладаг юм нь албан тушаал гэж байгаа. Албан тушаалын зэрэг дэв, өнгө үзэмжээр бие биенийгээ айхтар ялгаварладаг. Насаар ахмад байдал бол огт нөлөөлдөггүй. Тухайн байгууллагын дарга нь ахмад хүн биш байсан ч хүндлэх нь л дээ.

-Бусдын амжилтаар үнэн сэтгэлээсээ бахархдаг байдал судалгаагаар ямар гарсан бэ?
-Бид бусдынхаа амжилтаар бахархаж, талархаж чаддаг гэх эерэг үр дүн гарсан.

-Ер нь судалгаандаа хэдээс хэдэн насныхныг, хэрхэн сонгож оролцуулдаг юм бэ?
-Жишээлбэл, манай брэнд медиа хэрэглээний үндэсний судалгаа байна. Энэ судалгаа хамгийн өргөн түүвэртэй хийгддэг. Үүнд, 15-60 насны хүмүүс хамрагддаг. 9 дүүрэг, 16 аймаг, 22 сум сууринг хамруулж байж тухайн медиа хэрэглээний судалгааг гаргаж байгаа. Энэ судалгааг хийхийн тулд багаа, түүврээ хуваарилж хийдэг. Нэг айлд буугаад авчихаад буцаад явдаг юм биш. Бид Монголбанктай хамтран түүврийг хэрхэн хийх талаар 13 жилийн туршид ажиллаж байна. Монгол орны газарзүйн байршил ямар билээ, түүнээсээ шалтгаалан судалгаа авах хүмүүсээ хэрхэн түүвэрлэхээ шийддэг.

Судалгаа хийхэд бэрхшээлтэй нэг зүйл нь хороон дээр очоод түүврээ сонгох. Иргэдээ бүртгэж чадахгүй хороо ч байна. Тухайн хороонд 5 жил амьдарч байгаа хэрнээ бүртгэлгүй байгаа айл 10 орчим хувьтай байгаа юм. Энэ бол маш өндөр хувь. Ийм буруу бүртгэлтэй хороонд очиж судалгаа хийхээр үр дүн нь буруу гардаг. Бид эхлээд хорооны бүртгэл дээр тулгуурлаж судалгаа хийдэг байснаа болиод сүүлд нь өөрсдөө хороодоор явж, өрхүүдийг тоолоод өөрсдийн бүртгэлээсээ түүвэрлэж судалгаагаа хийдэг болсон.

Ер нь сүүлийн үед судалгааны байгууллага олон болсон. Гэхдээ хамгийн чухал нь тухайн судалгаа хийдэг байгууллагууд хэр үнэн бүртгэл дээр суурилсан юм, хэр ёс зүйтэй юм гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүмүүсийн тархийг угаах зорилготой олон судалгааны компани байна.

Бидний хувьд өнгөрөгч 13 жилийн хугацаанд барьж ирсэн ганц хэв маяг бол судалгааны байгууллага ёс зүйтэй байх явдал. Хэзээ ч судалгааны үр дүнг засварлаж, задалдаггүй. Тиймдээ ч өдийг хүртэл явж ирсэн байх.

-Монголчуудын улс орондоо талархах байдал нь ямар байдаг юм бол?
-Монголчууд Монгол Улсад төрсөндөө баярладаг юм байна. Харин төр засагтаа итгэх итгэл нь нэлээд буурсан байсан. Энэ нь ирэх жилийн сонгуулийн ирц хүрэх үү гэх асуудалтай тулгарч магадгүй гэж бодож байгаа. Тэгэхээр үүнийг зохих хүмүүс нь анхаарах л хэрэгтэй байх.

-Танайд улс төрчид хэр их хандаж, судалгаа хийлгэж байна?
-Маш их. МАН, АН аль, аль нь ирнэ. Манай байгууллага хамгийн гол нь төвийг сахисан судалгааны байгууллага. Гарсан үр дүнг нь шууд л хэлчихдэг. Судалгааны үр дүнг задалдаггүй.

-Тэгвэл тухайн нэг намд олон нийтийн санаа бодол муу хандлагатай гарчихлаа гэхэд танай байгууллага тухайн хандлагыг сайжруулах санаа оноог хэлж өгдөг үү?
-Хүсвэл хэлж болно. Бид судалгаа хийхийн сацуу маркетингийн үйл ажиллагаа ч эрхэлдэг. Тиймээс тухайн байгууллага, хувь хүн хүсвэл рейтингийг нь өсгөх санааг өгч болдог.

-Монголын хамгийн шилдэг улс төрч, найрсаг аймаг зэргийг судалсан уу?
-Аймгууд руу арай ороогүй байна. Эхний ээлжинд хотоо найрсаг болгочих гээд л судалж байна. Энэ индексийг анх Сингапурт хийж байсан юм билээ. Улс төрчдийн судалгааг бол байнга хийдэг. Гэхдээ хувь хүний нууцыг дэлгэх боломжгүй.

-Тэгвэл тухайн судалгаа хийлгэсэн иргэн, байгууллага судалгааныхаа үр дүнг засварлаад олонд нийтэд зарлах, эсвэл танай гаргасан судалгааг өөр байгууллага ашиглах зэрэг зөрчил илэрч байв уу?
-Тийм тохиолдол байхгүй. Бид судалгаа хийлгэж байгаа иргэн, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулдаг. Судалгааны үр дүнг өөрчилбөл эргээд тооцох хариуцлагууд гэрээнд тодорхой заагдсан байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Д.Бум-Эрдэнэ: Монголчуудын хамгийн муу зан нь хувиа хичээсэн байдал  
Үзсэн: 3516 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-01-05 15:31
ухаан муутай хүмүүс хувиа хичээнэ ухаантай хүн илүү алсыг хардаг учир үргэлж бусдад боломж олгодог
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-01-02 14:49
VNEN SHV DANDAA AMIA BODOJ BUSDINXAA XIISNIIG XULGAILJ DAGAN XUULDAG TOLGOI AJILLADGGUI XVMVVS BAS BUSDIN ZVILIIG MEDEJ AVAAD CHADAXGUI XIIX GEJ OROLDOJ XAYADAG
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2015-12-31 12:07
Онолын өндөр түвшинд маш хариуцлагатай хийхгүй бол бодит байдлаас тасархай үр дүн гарвал хор уршиг ихтэй шүү

Бидэнтэй нэгдээрэй