Шууд Chart

Л.Цогзолмаа: Хөдөлмөрийн баатар цол надад дэндүү ахадсан

2016-01-04 16:57:52

Л.Цогзолмаа гуайнд очлоо. Гэхдээ очих хүсэлтэйгээ өглөө нь утсаар дуулгахад "Та нар ямар юм бичих гэж байгаа бол доо. Юу ч гэсэн хүрээд ир. Удвал би гарчихна шүү" хэмээсэн. Ингээд орой ажил тарсны дараа тэднийд зочиллоо. Тэрбээр цагаан шap өнгийн дээл өмсчээ. Зээ охинтойгоо амьдардаг юм билээ.

Намайг зочны өрөөндөө урих зуур галын өрөөнөөсөө тавгийн чихэр авч ирж өмнө тавиад "Манай ахмад уран сайханчдын "Эртний сайхан" нэртэй чуулга байдаг шүү дээ. Хааяа тэнд очихоос өөрөөр гэрээс гарахгүй юм даа. Тэгэхээр сонирхуулах ч юмгүй шахам байна. Сүүлийн үед хэвлэлд ярилцлага ч өгөөгүй. Танай сайтад юу ярьдаг юм билээ дээ" гэсээр бидний яриа өрнөв.

Л.Цогзолмаа гуайн талаар ард түмэн мэдэх ч гэлээ энэ гайхалтай хүний гайхамшигтай амьдралын түүхээс яриагаа эхэллээ. Тэрбээр 1924 онд Төв аймгийн Угтаалцайдам сумын Улаанхад хэмээх газар төржээ. Ээж нь түүнийг төрүүлээд бурхан болсон аж. Ээж нь өөрийгөө хорвоод удаан амьдрахгүйгээ мэдэрсэн болохоор зэргэлдээ орших Сэргэлэн сумын Лувсанжамц гэдэг танилындаа охиноо өргүүлсэн гэдэг.

Тэгээд Л.Цогзолмаа гуай энэ хүнээр овоглон тэднийд зургаан жил амьдарчээ. Лувсанжамц гуай бие томтой, маани мэгзэм тавьчихдаг, Гандан хийдэд суугаагүй ч өөрөө өөртөө лам болсон хүн байжээ. Түүний өргөсөн аавыг баргийн морь даахааргүй биерхүү нэгэн байсан тул зөвхөн өөрөө унадаг сэтэртэй ганц морьтой байсныг дурсан ярьж байлаа.

Харамсалтай нь Л.Цогзолмаа гуайг зургаан нас хүрдэг жил аавынх нь морь үлийнд бүдэрч унаснаар аав нь хорвоог орхижээ. Харин "Өргөсөн ээжийг Долгоржав гэдэг. Хоёр давхрын шатнаас унаад хазгар болчихсон хөгшин байсныг бүдэг бадаг санадаг юм. Гэхдээ надтай хамт нэг их удаагүй ээ, хөөрхий. Ааваас хойш хэдхэн сарын дараа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн" гэв.

Гэвч Л.Цогзолмаа гуай "Аав, ээж маань зургаахан жил хамт байсан ч асар олон жил болсон юм шиг л санагддаг. Бага гэж намайг гололгүй олон зүйл сургасан болохоор л тэгж боддог юм шүү дээ" гэж гэгээн дурсамж өгүүлсэн. Хорвоо түүний зовлонд ханаагүй ч бас нэгэн боломж олгосон бололтой.

Лувсанжамц гуайнх Л.Цогзолмаа гуайгаас өмнө Маамаа гэдэг охин хүүхэд өргөж авчээ. Тэд нэг айлын өргөмөл охид болохоор Маамаа дүүгээ өөртөө татан авч, хөдөөнөөс нийслэл хотыг зорьжээ. Л.Цогзолмаа гуай багаасаа дуунд дуртай, дуулах сонирхолтой байсныг нь ах нь гадарлаж "Залуучуудын соёлын ордон"-ы хөгжмийн ангид оруулжээ.

Ийнхүү тэрбээр урлагийн зам дахь гэгээн харгуйгаа нээсэн гэдэг. Түүнд хөгжмийн "А" үсгийг заасан багш нь Солгойбаяр гэдэг тухайн үедээ алдартай хөгжимчин байжээ. 1940 онд манай улсын цирк үүсэн байгуулагдах үед театруудаас авьяастай гэсэн хүүхдүүдийг сонгон авахад тэрбээр Жааз хөгжмийн бүлэгт хуваарилагджээ.

Тэнд саксафон хөгжим тоглодог болсноор хүсэн хүлээсэн жинхэнэ хөгжимчин болох үүд нь нээгдэв. Циркэд хоёр жил ажиллаад удаагүй байхад ихэнх ажилчдыг Орос руу тоглолтоор явуулсан байна. Урлагт дуртайг ч хэлэх үү, анх удаа хилийн дээс алхаж байгаа тэрбээр учиргүй их баярлажээ.

Гэвч түүнийг гэртээ ирэхэд алган дээр нь бөмбөрч, ачлуулж өссөн эгч нь бурхан болсон байжээ. Хэдий харуулж, асруулах хүнгүй ч ажилтай болсон болохоор өөрийгөө авч явж дөнгөөд байв. Хоёр жил наашаа гэсэн таньдаг айлаараа явсны эцэст Төрийн шагналт зураач Л.Гаваа гуайтай гэр бүл бололцож нэг охин төрүүлжээ.

Урлагт хамаг л зүрх сэтгэлээ зориулсан тэрбээр гэр бүл, үр хүүхэддээ анхаарал халамж тавих нь тун бага. Тиймдээ ч охиноо есхөн сартай байхад нь хүнд өвдсөнийг нь мэдэлгүй явсаар алдсан гэдэг. Түүнээс хойш хоёр сарын дараа тэдний гэр бүл хоёр тийш болов.

Гэсэн ч залуу хүн гутрал гэдгийг үгүйсгэж, амьдралын хатууд сөхрөлгүй зүтгэжээ. Иймээс хослон амьдрах жам ёсоор 1946 онд Намын Төв Хорооны даргаар ажиллаж байсан Намсрай гуайтай гэр бүл болж ёстой л заяаныхаа ханийг олсон байна.

Тухайн үед хурим гэж мэддэггүй байсан болохоор анхны хуримыг шинэ жилийн баяртай давхцуулан хийсэндээ одоо хэр бэлгэшээдэг юм билээ. Хуримын зочдоор нь Ю.Цэдэнбал, нутгийн найз Ш.Сүрэнжав нар уригдаж байжээ. Тэд таван хүүхдийн аав, ээж бололцсоныг уншигч та бүхэн сайн мэдэж буй биз ээ.

Намсрай гуай 1990 онд бурхан болсон хэдий ч 40 гаруй жил ханилсандаа ч тэр үү "Миний амьдралын сайн, муу бүхнийг үүрэлцэж явсан хөгшиндөө их баярлаж явдаг юм. Би гэдэг хүн урлаг гээд гэрийн бараа бараг харахгүй. Гэсэн ч намайг ойлгож байсанд нь үнэхээр талархахгүй байхын аргагүй" хэмээсэн нь амьдрал гэдэг ойлголцол дээр л тогтдог юм гэсэн бодлыг залуу хосуудад төрүүлэх гэснийх биз ээ.

Том охин Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувдыг хүн бүр андахгүй. Дараагийнх нь "Монгол ньюс" группийн ерөнхийлөгч Ц.Балдорж агсны гэргий Н.Шүр. Тэрбээр урлаг судлаач мэргэжилтэй. Охин Н.Ганчимэг нь төгөлдөр хуурч мэргэжилтэй бөгөөд одоогоор Хөгжим бүжгийн коллежийн сургалт хариуцсан дэд захирлаар ажиллаж буй.

Түүний нөхөр нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Мөнхжин. Харин ганц хүү Н.Ганхуягийг нь ард түмэн дуучин гэдгээр сайн таних биз ээ. Одоогоор олон улсын харилцааны чиглэлээр ажиллаж байгаа гэнэ. Бага охин Н.Туяа нь кино судлаач мэргэжилтэй. Үүнээс гадна 10 гаруй ач, зээтэй болсон шүү хэмээн ярианыхаа завсар хавчуулна билээ.

Урлагийн их ажлын зэрэгцээ таван хүүхдийг яаж өсгөсөн юм бол гэж хүмүүс гайхаж магадгүй. Тэгвэл "Хадам эгч Өлзийсүрэн хэдэн хүүхдийг минь өсгөсөн их гавьяатай хүн. Зөвхөн хүүхэд ч бус ач, зээ нарыг минь хүртэл өсгөлцсөн болохоор тэр хүнтэй учрах хувьтай л юм гэж бэлгэшээдэг. Тэр хүн байгаагүй бол би урлагт ингэж олон жил зүтгэж чадахгүй байсан" гэлээ.

Мөн тэрбээр Сувдыг "Мандухай цэцэн хатан" кинонд тоглоно гэдэгт итгэл муутайхан байсан гэдгээ ч нуугаагүй. Тухайн үед Сувд ОХУ-д жүжигчний анги төгссөн, орос "школтой" байсанд аж. Гэлээ ч чадварлаг жүжигчин дүрийг биш, дүр жүжигчнээ голдог юм гэдгийг яруу тодоор харуулж, ээжийнхээ энэ бодлыг үгүйсгэж чаджээ.

Л.Цогзолмаа гуайг Монголын сайхан эмэгтэй гэдэг. Одоо ч гэсэн наснаасаа залуу харагдаж байгаа болохоор сайхан байхын гол утга учир юундаа байдгийг асуулгүй өнгөрч чадаагүй юм.

Тэрбээр "Миний сайхан гэж юу байх вэ. Урлагтай л холбоотой. Ээжээсээ зөв төрхтэй төрсөн болохоор дээхнэ үед сайхан харагддаг байсан юм байлгүй. Урлагт ороогүй бол өдийд бүлтгэр нүдтэй, хөх авгай болчихсон байна биз. Урлаг хүнд сайхан харагдах үүргийг өгдөг юм шүү дээ. Наад зах нь тайзан дээр гарчихаад халтайсан юм зогсч байвал эвгүй биз дээ" хэмээн инээж суусан.

Урлаг хүнийг дотроос нь гэрэлтүүлдэг болохоор хэн бүхнийг сайхан харагдуулдаг нь ийм л учиртай ажгуу. Түүнийг тайзнаа ид оргилж явахад одоогийнх шиг гоо сайхны бүтээгдэхүүн ховор байсан нь мэдээж. Хамгийн гол хэрэглээ нь Оросоос орж ирдэг нэг л янзын энгэсэг. Дайны үед пудр ховордоход нь шүдний 00 хатааж байгаад нүүрэндээ түрхдэг ч үе байсан гэж хуучилсан.

Хүний амьдралд олон сайхан зүйл тохиолдоно. Л.Цогзолмаа гуайн амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл нь заяаныхаа ханьтай учирч, үр хүүхэдтэй болсноос гадна урлагийн буянаар олон орноор аялан тоглолт хийж явсан үе нь гэсэн. Дуунд дуртай хүн дуунд мөнхөрнө гэдэг сайхан байх.

Л.Цогзолмаа гуай гурван ч дуунд мөнхөрчээ. Миний санаж буйгаар Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Сүрэнжав гуай "Манлай явсныг чинь мартахгүй" гэдэг нэртэй дуу зориулан бичсэн байдаг.

Ийн дуунд мөнхөрсөн талаараа "Тэр үед нэртэй дууны уралдаан болж миний тухай гурван яруу найрагч дуу зохиосны нэг нь энэ. Өөрийнхөө тухай дууг сонсоод сууж байхад тийм ч сайхан санагддаггүй юм билээ" гэж даруухнаар хариулж инээвхийлсэн.

Харин нутгийнхаа тухай ярихдаа хачин их дуртай. Манай нутгаас салбар бүхэнд авьяастан тодорсон хэмээн магтаад эхлэв. "Яруу найрагч Б.Лхагвасүрэн "Манай нутгаас яруу найрагчид цэцэг ургаж байгаа юм шиг төрдөг" гэж хэлсэн байдаг.

Энэ үгнээс л бодоод үзэхэд манай нутгийн алдартнуудыг тоолоод барахгүй. Нэг сул тал нь иргэд маань өөрсдийгөө "би" гээд цээж дэлдээд байдаггүй болохоор олонд танигдаагүй авьяастан олон бий. Тэднийг оролцуулбал улам их болно. Байгаль нь ч сайхан болохоор тэр байх" гэж ярьсан нь нэлээд нутгархах үзэлтэй юм болов уу гэх бодлыг төрүүлж байлаа.

Хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм алдар хэн бүхэнд оногддоггүй. Харин өөрөө энэ цолоороо дуудуулж тайзан дээр гарахдаа "Ард түмнийхээ буянд хүртсэн шагналдаа баяртай байдаг ч яс хавтайдаг юм. Энэ шагнал надад дэндүү ахадсан" гэж өөрийн хийсэн бүтээснээ голонгуй ярьсан. Үүгээрээ өчүүхэн зүйл хийчихээд гавьяат цол авч цээжээ дэлдээд байгаа нөхдөд нэгэн зүйл хэлэх шиг бодогдсон.

"Зовсны эцэст жаргадаг гэдэг үнэн юм шиг. Би сайн хань, сайхан үр хүүхдүүдийнхээ буянд одоо сайхан амьдарч байна. Намайг юугаараа баян бэ гэж асуувал сэтгэлээрээ баян гэж хариулна" хэмээсэн.

Л.Цогзолмаа гуай дуунд дуртай болохоороо дуулалт жүжиг бүтээхийг чухалчилдаг байжээ. Хамгийн хайртай, өөрийгөө тоосон дүр нь 1950 онд бүтээсэн "Учиртай гурван толгой" жүжгийн Нансалмаа, 1951 онд амилуулсан "Жаргалын зам" жүжгийн Халиуны дүр гэлээ. Энэ мэтчилэн зүйл хүүрнэлдэх зуур гэрийнх нь утас дуугарч хүн ирэх гэж байгаа нь мэдэгдэв. "Хөл дээр хөл болоод яах вэ" гэх бодол төрж, түүнд урт удаан наслахыг ерөөн гэрээс нь гарлаа. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Л.Цогзолмаа: Хөдөлмөрийн баатар цол надад дэндүү ахадсан  
Үзсэн: 6329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.24.xxx [122.201.24.xxx] 2016-01-08 19:23
яасан муу амьтан зохиож шахуу бич ээ вэ? гЯг уулзаж бичсэн ажил биш байна. энд тнэдээс цуглуулж нийлж бичихдээ их алдаа гаргажээ. Бага охиныг нь Туяа биш Энхтүвшин гэдэг юм. Зээ охинтойгоо биш бага охин хүргэн Баясгалан болон зээ охинтойгоо амьдардаг юм. Энэ сэтгүүлчид жаахан чадваржиж бас үнэн зөв мэдээлж байл даа хөөрхийс
202.131.244.xxx [202.131.244.xxx] 2016-01-07 16:58
Зүгээр дээ. Гуншаа баньд төрийн шагнал авч байхад түвдийн гүнжид баатар цол ахадахгүй
202.179.28.xxx [202.179.28.xxx] 2016-01-07 15:34
ҮОНРТ-ийн сайтан дээр нийтэлснийг бодоход тэдний "сэтгүүлч" бичсэн юм болов уу? Арай л болхи "ажил" болж дээ. "тавгийн чихэр авч ирж тавиад" - чихрээ тавагтай нь авчралгүй, ганц нэгийг ч юм уу, хэсгийг ч юм уу атгаад ирсэн юм болов уу? "Ээж нь түүнийг төрүүлээд бурхан болсон аж. Ээж нь өөрийгөө хорвоод удаан амьдрахгүйгээ мэдэрсэн болохоор танилындаа охиноо өргүүлсэн" - эхний өгүүлбэрийг нь уншихаар ээж нь төрөхийн хүндрэлээр өөд болсон ч юм шиг, тэгснээ, арай өөр ч болоод явчих шиг. "дуулах сонирхолтой байсныг нь ах нь гадарлаж" - ямар ч ахын тухай яриа байхгүй байснаа гэнэт нэг ах гараад ирэх юм, хаана байсан хүн бэ? "Л.Цогзолмаа гуай энэ хүнээр овоглон тэднийд зургаан жил амьдарчээ." - түүнээс хойш энэ хүнээр овоглохоо больчихсон хэрэг үү? "Лувсанжамц гуай бие томтой, маани мэгзэм тавьчихдаг" - маань мэгзмийг тавьдаггүй, уншдаг, "Солгойбаяр" - солгой гэдэг бол Баяр гэдэг хүний хоч болохоос нэр биш, хэрэв сохор Баяр гээд ярьсан бол бас Сохорбаяр болгож бичих нь ээ.
202.70.37.xxx [202.70.37.xxx] 2016-01-07 10:28
Ард түмнийхээ буянд хүртсэн шагналдаа баяртай байдаг ч яс хавтайдаг юм. Энэ шагнал надад дэндүү ахадсан" Цогзолмаа гуай мөн даруухан байна шүү Гэхэд одооны урлагынхан гэж эрээ цээрээ алдсан юмнууд мөнгөний төлөө зүтгэж зүтгэчихээд би гавьяат болох ёстой хүн гэж цээжээ дэлдэнэ Ядаж олсон орлогоо татварын албанд зөв тодорхойлчихож чадахгүй байж
59.153.112.xxx [59.153.112.xxx] 2016-01-06 19:48
Үнэн шүү!.арай ч бас хөдөлмөрийн баатар авахаар гавьяа байгуулаагүй!
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-01-06 17:49
Юу ч мэдэхгуй юу ч уншаагуй хэн гэдэг сэтгуулч мал уунийг бичээ вэ?цогзолмаа гуйн муис д найруулагчийн ангид суралцаж тогссон УАДБЭЧ д уран сайхны удирдагчаар ажиллаж Хангайн дуу Аллтайн дуу Говийн дуу зэрэг алдарт концертуудаа найруулсан он жилууд Соелын Яаманд ажиллаж байсан бутээж туурвиж байсан Дэлхийн Оюутан Залуучуудын удаа дараагийн ИХ наадмуудад оролцож дэлхийд гайхагдаж явсныг нь бичдэггуй юмуу? Гаваа гуйтай хэдэн сар суугаад салсан нь тийм сонин юмуу? МНВ яагаад ийм чадваргуй малнуудыг тэжээж байна вэ зайлуулал даа
202.131.230.xxx [202.131.230.xxx] 2016-01-06 14:26
агуу хүн гэж энгийн байдаг,энгийн хүн гэж агуу байдаг,танд урт удаан наслахын ерөөл дэвшүүлье
203.129.129.xxx [203.129.129.xxx] 2016-01-06 09:50
URT NASLAARAA UHAANTAI HUN JARGASAN HUN GEJ ENE HUNIIG HELNEDEE
108.31.84.xxx [108.31.84.xxx] 2016-01-05 23:31
ene hun ulsiin buteen baiguulaltad gar bie orolzson geheesee gargasan 5 huuhed n gar bie orolzjee gej bodogdloo ene niitleliig unshaad. bie daasan yamar negen koncert esvel mash sain shavi surgasan geh yum bn uu? manai ulsiig delhiin tavtsand ene hunii zohioson duugaar tanigdsan tiim duu bii geh yum bii yu norovbanzad gyai shig?
108.31.84.xxx [108.31.84.xxx] 2016-01-05 23:31
bi yu ch medehgui sonsoogui unshaagui tiim medeelel tegsen hirnee zuvhun ter Tsogt taij kinonii shaldan hatnii dureer l baahan pr udiig hurtel yavaad l ene baih daa huurhun nuur ch ih ih l hol yavdag yum bn da. bas nariihan bie!! nuguu oyodolchnii oyoson huvtsas umsuud taizan deer gardag odgerel ene 2-iig bid bur odoo neeg ih zuil hiigeed baishin bariad guur bosgood hurungu bosgoj huuhed humuujuuleed l buun yum hiisen met setgegdel turtul bichih yumaa!!! ternii orond huuli batalj bui ih hurliin heden huuhnuud huvtsas oyoj bui oyodolchin ohid esvel negen emchiin sain uiliig ingej olon jil bichih baisan yum. getel ene 2 megejliin hureenii yashk hotiin yashk unelegch 2-iig hugshniig ni 1940 onoos 1990 onoos hoish yag l 50 jiliin naana zaana bichij!! tegeed l bid tarhia ugaalgaj dee yu ch hiigeeguig ni medseer bj yum hiisen huuhnuudiin hemjeend huleej avch aa tiim ene tsootsoo ene odgerel geed hain!!!
103.229.122.xxx [103.229.122.xxx] 2016-01-05 23:08
танд сайн сайхныг хүсье!
202.131.238.xxx [202.131.238.xxx] 2016-01-05 17:00
эрүүл энхийг хүсье
183.177.101.xxx [183.177.101.xxx] 2016-01-05 09:17
сайхан хүн шүү, ухаантай хүний яриа нь хүртэл өөр шүү дээ
49.0.160.xxx [49.0.160.xxx] 2016-01-05 08:31
урт удаан наслаарай

Бидэнтэй нэгдээрэй