Жүжигчин Л.Дэмидбаатар эхнэр М.Анхтуяагийнхаа хамт энэ сарын 27, 28-нд УДЭТ-ын тайзнаа “Оршихуй” нэртэй тайлан тоглолтоо хийх гэж байна. Л.Дэмидбаатартай тоглолтынх нь талаар ярилцсан юм.
-УДЭТ-ын хамт олон театраасаа төрж гарсан жүжигчдийнхээ нэрэмжит тоглолтыг үзэгчдэд хүргэдэг уламжлал тогтжээ. Миний мэдэхийн Монгол Улсын Ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан нарын тоглолт үзэгчдээс сайн үнэлгээ авсан. Таны тоглолт удахгүй болох гэж байна. Тоглолтын тань онцлог юу вэ?
-УДЭТ нь Монголын мэргэжлийн ууган байгууллага. Манайхаас хүүхэлдэй, ДБЭТ, ҮДБЭТ зэрэг байгууллага салбарласан. Түүхт 85 жилийнхээ ойг ирэх арваннэгдүгээр сарын 12-нд тэмдэглэнэ. Энэ жилийн хувьд тус ойд зориулсан ажлын анхных нь миний тоглолт болж байна. Уран бүтээлчдийн энэхүү тоглолт дээр үеэс улбаатай. Тус театрын 50, 60, 70, 80 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Г.Гомбосүрэн, Ардын жүжигчин Л.Жамсранжав агсан болон Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Гантөмөр нарын зэрэг мундагуудын тоглолтыг үзэгчдэд хүргэсээр ирсэн. Миний хувьд эхнэртэйгээ хамтарч тоглох гэж байна. Энэ бол тоглолтын маань онцлог.
-Тоглолтоо яагаад “Оршихуй” гэж нэрлэсэн юм бэ?
-Миний уран бүтээл оршсоор байх болно гэдэг санааг л агуулсан хэрэг. Гэр бүлийн хүн маань нийслэлийн “Улаанбаатар” чуулгын гоцлол дуучнаар ажилладаг. Хоёулаа уран бүтээлч болохоороо бид хамтарч уран бүтээлийн тайлан тоглолтоо хийе гэсэн санааг олон жилийн өмнө олсон. Тэр хүсэл маань тун удахгүй биелэх гэж байгаад баяртай байна. Тоглолтод “Улаанбаатар” чуулгын “Хангарьд” үндэсний найрал хөгжим оролцоно. Эхнэр маань чуулгынхантайгаа дуулалт жүжигт оролцож байсан болохоор энэ тоглолтод дуулахаас гадна жүжиглэнэ. Харин би жүжиглэхээс гадна дуулна. Мөн хошин урлагийн “Эмоци”, “Мөрөөдлийн театр”, УДЭТ-ын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно. Би урлагтай амьдралаа холбоод 27 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Батзаяа ахтай хамтарч “Батзаяа ба түүний нөхөд”, “Шинэ үе”, “Өнгөт инээд” зэрэг хамтлагийг байгуулахад хүчин зүтгэсэн. Тиймээс дээр нэр дурдсан хоёр отгон хамтлаг оролцох юм.
-УДЭТ гэх их айлтай хувь заяагаа холбох болсон үеэ та эргэн дурсаач?
-Театр, киноны нэрт найруулагч Г.Доржсамбуу гуай, “Гарын таван хуруу” уран сайхны кинонд Шагдарын дүрээр алдаршсан Л.Лхасүрэн багш нар маань намайг театрт ороход нөлөөлсөн. Г.Доржсамбуу багш тухайн үед УДЭТ-ын Ерөнхий найруулагчаар ажиллаж байсан. СУИС-ийн анхны ангийг 1992 онд төгсөхөд шалгагч багш нар бидний дипломын ажлыг үзээд л ажилд авах хүүхдүүдээ сонгосон. Театрт орсноор миний анхны уран бүтээл А.Галины “Өглөөний тэнгэрийн одод” жүжиг байлаа. Үүнд Монгол Улсын Гавьяат Жүжигчин У.Уранчимэг, жүжигчин С.Өлзийхүү, Х.Ганхуяг нартай хамт тоглосон. Тэр цагаас хойш Ардын Жүжигчин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдорж, Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж нарын зэрэг олон найруулагчийн санал болгосон дүрд тоглосон.
-Найруулагчдаа загнуулдаг байв уу?
-Найруулагч хүн бол багш, сурган хүмүүжүүлэгч, удирдагч. Миний хувьд аз болоход эрүүний шөл бага уусан. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Б.Баатар ахыг уран бүтээлчид ширүүн ааштай гэдэг. Зарим нь ч айдаг. Би түүний найруулсан “Харанхуй хад”, “Амьгүй албат” зэрэг жүжигт тоглохдоо загнуулж байснаа санахгүй байна. Тэгэхээр хамгийн их загнах магадлалтай хүнээс хатуу үг сонсоогүйг бодоход хүний үг авахдаа сайн байж. Би ийм чанартай болсон нь Г.Доржсамбуу, Л.Лхасүрэн багш нарын маань “Хүнээр хүн хийх” гэсэн их хөдөлмөр, гавьяа нөлөөлсөн. Тэд залуучуудтай хамтарч ажиллахдаа загнахаасаа өмнө зөв талаас нь ойлгуулдаг байсан. Тэгээд ч киноны нэрт найруулагч Х.Дамдин багш дээхэн нэг удаа надад “Чи хөрвөх чадвартай жүжигчин юм” гэсэн нь магадгүй ч юм шиг.
-Хөрвөх чадвар тань таны авьяастай холбоотой юу, эсвэл хөдөлмөртэй холбоотой юу?
-Аав, ээж маань намайг эрүүл саруул өсгөсөн нь гол ач холбогдол. Тэгээд ч тэд маань намайг бага байхад ном их уншуулсан нь нөлөөлсөн байх. Бага зэрэг авьяас байсныг маань тэд ном уншуулаад өнгөлсөн гэсэн үг л дээ. Тавдугаар ангидаа “Номын сайн нөхөр” ч болж байлаа.
-Та нийт хэдэн бүтээлд дүрээ үлдээсэн байна. Тоолж үзсэн үү?
-80 гаруй жүжигт тоглосны 10 гаруй нь сонгодог бүтээл. 30 гаруй уран сайхны кино, 200 гаруй хошин урлагийн жүжигт тоглосон.
-Та бүтээлээсээ алийг нь онцлох вэ. Хамгийн хайртай дүр гэдэг ч юм уу...?
-Найруулагч Ч.Найдандорж 1996 онд “Ромео, Жульетта” жүжгийн үзэгчдэд хүргэсэн. Энэ нь тус жүжиг манай улсад хоёр дахь удаагаа тайзнаа мэндэлсэн мөч байлаа. Үүнд би Тибалдигийн дүрд орлон тоглогчгүйгээр 10 жил тоглосноо эргэн санахад сайхан байна. Тухайн үед мэдээлэл хомс байсан болохоор хөлсөө их ч шавхаж ажилласан даа. Мөн Г.Гомбосүрэн агсантай “Отелло” жүжгийн Ягод тоглосноо мөн нэрлэх байна.
-Та хүүхдийн жүжигт ч тоглосон. Хошин урлаг, драм, кино зэргээс хэцүү юу?
-Ер нь аль, аль нь хэцүү. Гэхдээ хамгийн хэцүү нь хошин урлаг. Чимээгүй сууж байгаад хүнийг инээлгэнэ гэдэг асар их хөдөлмөр. “Х-Түц” продакшны “Хортой алим” жүжгийн хадам ээжийн дүрд тоглох амар байгаагүй.
-Аав тань бөх хүн. Танд энэ удмаа залгуулахыг хүсдэг байсан уу?
- Аавыг 1964 онд Дархан аварга Б.Түвдэндорж агснаар улсын начин цолны босго алхсаныг уншигчид мэднэ байх. Намайг хүүхэд байхад Дархан аварга Х.Баянмөнх, улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гуайгаас эхлээд чөлөөт бөх, хүндийн өргөлтийн олон тамирчин манайд ирдэг байлаа. Тийм орчинд өссөн болоод ч тэр үү би бөх болно гэж мөрөөддөг байсан. Гэтэл аав, ээж намайг “Миний хүү дуучин бол” гэж захисан. Тэгэхээр нь би Монгол гуравдугаар сургуульд сурч байхдаа банзан гитар тоглоод дуулдаг болсон. Дараа нь чөлөөт бөхийн спортоор хичээллэх гээд чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Нацагдорж, улсын арслан Б.Ганбаатар багш нарын удирдлага дор хичээллэсэн. Надтай Монгол Улсын Гавьяат тамирчин, кёкүшюзан Д.Батбаяр хамт явдаг байлаа. Нэг байранд амьдардаг байсан болоод ч тэр үү бид дотны найзууд. Чөлөөт бөхийн төрлөөр миний үзүүлсэн хамгийн том амжилт дүүргийн аварга. Түүнээс дээш ахихгүй болохоор нь улсын циркт ажиллаж үзсэн. Дараа нь агаарын теннис, шатар, даам, тэшүүр, боксоор ч өрсөлдөж үзсэн. Ингэж, ингэж өөрийгөө уран бүтээлч болох ёстой юм байна гэдгээ хүлээн зөвшөөрч жүжигчин болсон.
-Жүжигчид дүрд их шунадаг. Та одоо ямар дүрд тоглохыг мөрөөдөж байна вэ?
-Морь унаж, монгол ахуйг харуулсан дүрд тоглохыг хүсч байна. Бодит амьдралаас сэдэвлэсэн дүр байвал бүр ч сайхан. Хөдөө өссөн болоод ч тэр үү ийм дүр сэтгэлд минь илүү ойр санагддаг. Одоо ч хэдэн малтай болохоор аавыгаа дагуулаад хөдөө явах сайхан шүү. Залуудаа “Гамлет” жүжгийн гол дүрд тоглохыг хүсч, зүүдэлдэг байсан бол одоо ийм болж дээ. Өмнө нь би “Үхэж үл болно” киноны нялх Сэнгүмийн дүрд тоглосон бол өнгөрсөн жил “Саятан болох дамжаа” кинонд таксины жолоочийн дүрд хувирсан. Ер нь би уран сайхны кинонд тоглохдоо ихэвчлэн баян хүний, харамч эдгээдийн, хот газрын ааш муутай аавын дүрд тоглосон байдаг.
-Гэхдээ тань шиг туршлагатай жүжигчин уран бүтээл өөрөө найруулж, хүссэн дүрдээ тоглож болно шүү дээ?
-Найруулагч гэдэг чинь тусгай мэргэжил шүү дээ базарваань. “Олон тэнэг хүн байхад урдаас нь хараад үг хэлсэн хүнийг найруулагч гэдэг юм” гэсэн үг ч бий. Тиймээс найруулагч, жүжигчин хоёр тэс өөр. Найруулагч хүн жүжигчнээ төрүүлдэг. Тэгээд ч найруулагч болох хүн тусгай төрдөг. Надад кино найруулах санал ирдэг ч би өөрийгөө бүрэн бэлтгэжсэн гэж бодоогүй болохоор зөвшөөрдөггүй. Гэхдээ хэн мэдэх вэ. “Давахгүй гэсэн даваагаараа гурван удаа давдаг” гэсэн биз дээ. Хэзээ нэгэн цагт миний найруулгаар дэлгэцийн бүтээл төрөх ч юм бил үү.
-Таныг дууны клипэд тоглосныг би лав санахгүй байна. Зөвшөөрдөггүй юм уу, санал ирэхгүй байна уу?
-Санал ирдэг ч би татгалздаг. Энэ бол миний тоглох ёстой төрөл биш. Рекламд ч бараг тоглодоггүй. Гэхдээ найзуудын гуйлгаар хоолны рекламд хэд тоглосон ч согтууруулах ундаа, тамхины сурталчилгаанд хэзээ ч, хэнийг ч гуйсан тоглохгүй. Энэ миний зарчим.
-Эхнэрийнхээ дууны клипэд ч тоглохгүй гэж үү?
-Эхнэр дуулж байхад би тогловол онигоо биз дээ. Гэхдээ дээрх тоглолтдоо би эхнэртэйгээ хамтарч “Нандин хайр” нэртэй шинэ уран бүтээлийг дуулна. Яруу найрагч Г.Энхтуяа бидний амьдралаас сэдэвлэж шүлгийг нь бичсэн бол Д.Баасандорж аяыг нь зохиосон. Клипний зураг авалт хөдөө хийгдхэд би продюсерээр ажиллаж, гол дүрд нь өдгөө гарч буй “Ромео, Жульетта” жүжгийн Ромегийн дүрд тоглож байгаа О.Шинэбаяр тоглосон. Энэ залуу миний шавь болохоор би хүсэлт тавьсан юм.
-Тэгвэл хамгийн сүүлд ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Тоглолтдоо анхаараад жүжиг, киноны саналаас түр татгалзаад байгаа. Үүний дараа таалагдсан дүрд санал ирвэл тоглоно. Тэр цагт үзэгчидтэйгээ дахин уулзана аа.
-Ярилцсанд баярлалаа.
Л.Дэмидбаатар: Монгол ахуйг харуулсан дүрд тоглохыг хүсч байна | ||
Үзсэн: 3873 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.