Шууд Chart

Р.Амарбаяр: Ширэн цартай морин хуураар хуурч бүр тоглохыг хүсч байна

2016-01-20 08:45:12

Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлч, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт Р.Амарбаяртай ярилцлаа. Тэрбээр энэ сарын 28-нд ДБЭТ-ын тайзнаа “Жингийн цуваа” нэртэй ширэн цартай морин хуурын тоглолтоо үзэгч түмэндээ толилуулах гэж байна.

-Манай хуурчид олон мянган жилийн тэртээгээс үүсэлтэй ширэн цартай морин хуурыг тоглох нь ховордоод байх шиг санагддаг. Харин таныг энэ хуураар дагнасан тоглолт хийх гэж буйг дуулаад ихэд олзуурхаж байна?

-Миний хувьд модон цартай буюу шинэ цагийн морин хуураар тоглодог. Хуурдаж сурахдаа ч модон цартай хууртай байлаа. Тиймдээ ч Монгол Улсын ардын жүжигчин, алдарт морин хуурч Г.Жамьян, Ц.Батчулуун нарын зэрэг багшийн тоглож байсан уртын болон ардын дууг модон цартай морин хууртай хоршуулж үзсэн. Гэтэл арай л өөр сонсогдоод байхаар нь ширэн цартай морин хуураар тоглосон чинь яг таарсан. Тэгэхээр ардын дууг уламжлалт хөгжимтэй хослуулбал ая дан нь ч жигтэйхэн тохирдог нь нотлогдож байгаа биз. Тиймээс би ширэн цартай морин хуурыг илүү онцолсон доо. Туршиж үзэхийн тулд Улсын филармони, Япон, Тайландад болсон хамтарсан тоглолтод татаж үзсэн. Филармонд болсон тоглолтод олуулаа байвал илүү чимэгтэй сонсогдох болов уу гэсэн үүднээс наймуулаа оролцсон. Тэгэхэд үзэгчид маш сайхан хүлээж авсан.

-Ширэн цартай найман хуурч тоглуулахад хүндрэл байсан уу?

-Манайхан модон цартайгаар тоглоод дасчихсан болохоор ширэн цартайгаа бараг мартсан байна билээ. Гэхдээ би улсынхаа хуурчдаас сурагласаар байгаад наймыг олсон шүү.    

-Модон цартай морин хуур дарах нь манай улсад хэдэн оноос хойш эхэлсэн юм бэ?

-1960-аад оны үеэс. Ширэн цартай морин хуурын нэг сөрөг тал нь чийг авахаараа дуугаралт нь мууддаг. Харин модон цартай нь хугалж гэмтээхгүй л бол гайгүй. Тэгээд ч манайхан олон газар аялан тоглохын тулд модон цартайг нь илүү онцлох болсон. Гэхдээ дуугаралтын хувьд ширэн цартай нь илүү. Нүүр нь битүү ширлэгдсэн болохоор дуугаралт нь чавхдасынхаа хоёр талаар цацарч сонсогддог бол модон цартай нь нүхтэй тул дотроосоо цуурайтаж сонсогддог. Ширэн цартай хуурын бас нэгэн давуу тал нь доогуур хөглөгддөг болохоор эрэгтэй дуучны хоолойнд илүү тохирдог.  

-Тоглолтын тань талаар яриагаа үргэлжлүүлье. Хэдэн хуурч оролцох вэ?

-Манай чуулга 14 хуурчтай, тэд бүгд оролцоно. Өмнө нь би гадаад, дотоодын хамтарсан тоглолтод ширэн цартай хуураараа ганцаарчилж тоглоод болж байсан юм чинь энэ удаа бүр олуулаа тогловол улам сайхан сонсогдоно байх. Тэгээд ч ширэн цартай нь модон цартайгаасаа дуугаралтын хувьд ямар онцлогтой байдгийг үзэгчдэд харуулах нь миний тоглолтын зорилго.

-14 хуурыг та захиалгаар хийлгэж байна уу. Эсвэл хуучны эдийг сэргээн засварлуулсан уу?

-“Khan music” компани урлаж өгсөн. Энэ компани хөгжмийн ихэнх зэмсгийг үйлдвэрлэдэг. Ялангуяа морин хуур үйлдвэрлэдэг болохоороо миний саналыг таатай хүлээж авсан. Олон жилийн өмнөх хийцийг судалж, бүтээж өгсөнд нь баяртай байна. Хөг буусан үед нь ямар арга хэмжээ авах ёстойг ч шинэ технологиор боловсруулсан байна билээ. Үүнээс гадна “ЭДКС” компани ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа.    

-Тоглолтын нэр “Жингийн цуваа”. Яагаад ингэж нэрлэх болов?

-Энэ нэрийг сонсохоор танд тэмээн жин бодогдож байна уу.

-Харин тийм ...

-Хүн бүр л ингэж бодсон. Энэ нэрийг манай чуулгын морин хуурч Н.Хосбаяр сонгосон. Зөвлөхөөр Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай ажиллаж байгаа. Энэ хүн тоглолтын нэрийг сонсоод “Та нар зөв нэр сонгожээ. Үүнийг хэн нэгэн заавал тэмээгээр төсөөлшгүй. Ширэн цартай хуур нь дээр үеэс тэмээн жингийн цуваа адил цуварч өвлөгдөн, эгшиглэсээр байна. Ширэн цартай хуураар тоглож байсан болон тоглодог уран бүтээлчдийн нэг нь Р.Амарбаяр мөн. Энэ хүн тэмээн жингийн цувааны нэг байж гэж үзвэл энэ удаа тоглолтоороо дамжуулж, үзэгчдэд аяныхаа үүцийг задлах нь ээ” гэж тайлбарласан.

-Тоглолтод хэдэн уран бүтээл эгшиглэх вэ?

-20 гаруй. Ардын, уртын дуутай хоршуулахаас гадна дотоод, гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлнэ. Мөн 17 минутын концерт бэлдсэн. Өмнө нь ширэн цартай хуураар концерт тоглож байгаагүй болохоор үзэгчдэд сонирхолтой санагдах болов уу.

-Энэ тоглолт цаашид уламжлал болох уу?

-Ямартай ч эхний хугацаанд тун удахгүй болох тоглолтоо үзэгчдэд өргөн барина. Миний алсын санаа бол ширэн цартай морин хууранд ямар төрлийн бүтээл хоршиж болохыг харах, эртний уламжлалаа улам сэргээхийн тулд морин хуур тоглодог хүмүүсээ ширэн цартай хуурт дурлуулах. Ингэж чадвал бид мартагдах шахсан уламжлалт хөгжмөө аварч чадна.      

-Энэ хуурыг чухам ямар малын ширээр бүрдэг юм бэ. Уншигчдад сонирхолтой санагдах байх?  

-Нэршил нь ширэн цартай гэдэг ч ихэвчлэн ямаа, зээр, ботгоны арьсаар бүрдэг гэдэг. Миний хувьд зөвхөн тоглодог болохоор урчуудын хийж байхыг дэргэдээс нь харж байсангүй.

-Манай улсад ер нь ширэн цартай хуурыг тоглодог хүн хэр олон байгаа бол. Энэ талаар та судалж үзэв үү?

-БНХАУ-ын ӨМӨЗО-д түр оршин суугаа Х.Баттулга, ҮДБЭЧ-ын уран бүтээлч О.Баатархүү нар. О.Баатархүүг би танихгүй ч фейсбүүкээс нь мэдсэн. Бусад уран бүтээлчийн хувьд гэвэл зөвхөн уралдаанд оролцохын тулд л тоглож байна. Хамгийн гол нь уламжлал болсон энэхүү ширэн цартай морин хуур маань ямар их үнэ цэнэтэй гэдгийг хэн, хэн нь сайн ойлгох хэрэгтэй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Р.Амарбаяр: Ширэн цартай морин хуураар хуурч бүр тоглохыг хүсч байна  
Үзсэн: 3337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-01-20 21:46
uran buteeliin amjilt

Бидэнтэй нэгдээрэй