"Монголын мэдээ"сувгийн бэлтгэсэн "Бичин жилийн тэргүүн зочин" нэвтрүүлэгт Төрийн дээд “Чингис хаан” одонт, СГЗ, яруу найрагч Г.Мэнд-Ооёо уригдан ярилцсан юм.
-Таны хувьд хонь жил уран бүтээлийн олз омог дүүрэн сайхан жил байлаа. Өнгөрсөн жилийг дүгнээд яриагаа эхлэх үү?
-Миний идэр залуу нас, дурсамжтай сайхан үе танай радио телевизтэй холбоотой. Арав гаруй жил энэ салбарт ажилласан. Энэ тогоон дотор чанагдаж л ажлын ачаа, нуруу тэнг давж сурсан даа. Үүргээрээ бахархдаг юм.
Өнгөрсөн жил миний ажилладаг салбар болоод Монголын оюуны салбарт, уран бүтээлчдийн хувьд томоохон амжилтын жил байлаа. Хонь жилд монгол хүүхдүүд “Дэлхий рүү яваад л” аварга нь болчих юм. Дуурийн дуучин дэлхийд цахиур хагалж гарч ирлээ. Шатарчин хүүхдүүд аварга боллоо, оюуны спортын нь дээд амжилтуудыг эвдлээ. Ардын урлаг, морин хуур маань дэлхийд гайхуулж байна. Энэ бүхэн монголчуудын оюуны “сэргэн мандалт” эхэлж байна гэж би хувьдаа харж байгаа юм.
-Та өнгөрсөн жил томоохон бүтээлүүдээ өлгийдлөө шүү дээ...
-Би өнгөрч байгаа жилийн хугацаанд уран бүтээлийн хоёр томоохон ном хэвлүүллээ. “Шилийн богд” роман гэхээр зарим хүн мэдэж байгаа байх. Би энэ романаа олон жил бодож явсан. Бичихийн хувьд нэг их түдээгүй дээ. Нэг онцлог нь энэ зохиолын гол баатар “Оройн ганц мод”, “Торой банди”, “Шонхор шувууд”, “Жаахан шарга морь” байгаа юм. Нэг ёсны байгаль эхийн бүтээлүүд. Үйл явдал болж байгаа талбар нь Дарьгангын шар тал. Цаг хугацаа нь гэвэл бүх цаг үе гэж хэлж болно.
Миний зохиолчийнхоо үүднээс хэлэх гэсэн зүйл нь бидний үнэт зүйл, экологи, ахуй, соёл, өв уламжлал, шүтээн, эх орныг өвөг дээдэс минь хэрхэн авч ирсэн юм. Бид үүнийг хэрхэх ёстой юм гэсэн асуултад хариулахыг хичээсэн.
Нөгөө нэг бүтээл нь “Гол ус тунгалагших цаг” гэж оны сүүлээр хэвлүүлсэн эссэ, баримтат зохиолуудын эмхтгэл. Уран бүтээлийн хувьд ийм байна даа.
-Та Ганга нуурын байгаль экологийн тэнцвэр алдагдаж байгаа талаар нэлээд хүчтэй дуугарчбайгаа.Энэ нуурын байдал хэр доройтсон юм бэ?
-Ганга нуурын байдал одоогоор түгшүүртэй байна. Хуурайшсан, ус нь татарсан. Энэ байдлаараа юу юугүй ширгэж мэднэ. Тиймээс уран бүтээлчийн хувьд сэтгэл шимширч, төр засаг, ард түмний тодорхой хэсэгт хандаж түгшүүрийн хонхыг цохисон юм. Ганга нуурыг хамгаалах асуудлыг нэлээд дуулиантайхан тавьсан. Энэ асуудал нааш эргэнэ байх гэж хүлээж байгаа. Ер нь нуурын экологийг сэргээхийн түрүүнд нутгийн зон олны “экологи”-д санаа тавих хэрэгтэй шиг. Миний соёлын ажлын нэг үйл амьдрал гэх үү дээ. Энэ хүрээндээ намар “Ганга нуурын чуулга” түүх соёл, байгаль экологийн томоохон хөтөлбөрийг хоёр дахь удаагаа зохион байгуулсан юм.
/Сүхбаатар аймаг, Ганга нуур/
Төрөлх нутаг Дарьгангын ард түмнийхээ үндэс язгуур, угсаатны өв соёлын алдагдаж байгаа зүйлсэд харуусал төрж, дахин сэргээх, төрөлх хэв маягаар нь хадгалах чиглэлд нутаг усныхантайгаа хамтран ажилласан. Энэ мэт хонь жилд овоо хэдэн ажлын ард гарлаа даа.
-Сүхбаатар аймаг, Дарьганга талаа баривал таны удам угсаа үзэмчиндээ орчих уу?
-Ер нь Дарьгангачуудл гэдэг юм.
-Сар шинэ гараад удаагүй байна.Таны бодлоор бичин жилийн өнгө ямар байх вэ?
-Энэ цаг үед оволзож байгаа, эрдэм оюуныг дэлхий дахинд гаргах, бодлого хөтөлбөр болгож яваасай л гэж хүсдэг юм. Ирж байгаа бичин жилд монголчууд бидний хамтын оюун ухаанаараа бүтээсэн Мэгжид Жанрайсиг бурханы 20 жил тохиож байгаа. Ер нь бид энэ бүтээн байгуулалтыг нийгмийн шилжилтийн цаг үед эхэлж, 1996 он хүртэлх хугацаанд хийж дуусгасан байдаг. Тарчигхан цаг үе ч байсан. Монголын ард түмэн халуун сэтгэлээрээ хоёр саяулаа хандиваа өргөж, “Эрдэнэт” үйлдвэр маань зэсээ өгч, Монгол газар нутгийн 2000 гаруй үнэт чулууг үүнд шингээсэн шүү дээ.
-Энэ бурханыг бүтээн байгуулсан цаад үзэл санаа нь юу юм бэ?
-Мэгжид Жанрайсиг бурханы цаад утга нь “Билгийн мэлмийг нээгдүүлнэ”гэдэг. Тэгэхээр энэ бурханы тигийг бүтээлгэснээр манай ард түмний билгийн мэлмий нээгдэж байгаа юм гэсэн агуулгатай. Үнэхээр ч спорт, тэр тусмаа урлагийн салбарт монгол залуус үнэмлэхүй байж чадаж байна. “Супер нэгдлийн онол” томоохон гаргалгааг дэвшүүллээ гэх мэт зах зухаас нь өгүүлэхэд нийгэмд гэрэл гэгээ ихээртусч эхэлсэн.
Тиймээс Монголын ард түмэн бүгдээрээ оролцсон ийм урлагийн бүтээн байгуулалт үеийн үед хэрэгтэй байна. Гадныхан манай урлагийн хөгжил цэцэглэлтийг айхтар олж харж байна. Тиймдээ ч гадагшаа зөөх хандлага бий болчихлоо.
Ирэх жилд бид эрдэмтэн зохиолчдынхоо хөдөлмөрийг дэмжих хэрэгтэй байна. Төв номын сан, “Д.Нацагдоржийн номын сан” гэдгээс өөрөөр нийслэлийн хэмжээний болоод үндэсний номын сан ховор байна. Орчин үеийн номын сан, хүүхэд залуус, ард түмний сэтгэхүйд нөлөөлөх бүтээн байгуулалтын ажлууд дутмагшиж байна.
-Тэгэхээр таны хувьд бичин жилийг дээр өгүүлсэн зүйлсийг хийж хэрэгжүүлсэн он байгаасай гэж хүсэж байна уу?
-Ялангуяа эрдэм мэдлэгдэлгэрсэн, Монголын ард түмэн төр засгаа зөв сайхан сонгосон, хүн төрөлхтний их спортод амжилт үзүүлсэн, урьд өмнөх бэрхшээл зовлонгийнхоо гарц хаалгыг нээсэн жил болоосой гэж туйлаас их хүсч байна даа.Улс орны удирдах хүмүүсийн хувьд ч түүхэн сонголтын жил байх болтугай гэж бодож байна. Уран бүтээл, эрдэм оюун, соёлыг дээдэлсэн жил байх болтугай
-Хувь хүнийхээ үүднээс та энэ жилд та ямар ажил төлөвлөсөн бэ?
-Нутагтаа “Ганга нуурын чуулган хөтөлбөр”-өө дахин хийнэ. Ганга нуурыг хамгаалах асуудлаа үргэлжлүүлнэ.Миний удирдан зохион байгуулдаг “Монгол сувдан сондор” гэж түүх соёлын дурсгалыг сэргээх, хамгаалах, мэдээллийн сан бүрдүүлэх аялал байдаг. Энэ аялалдаа гарна. Энэ бүхэн бол миний уран бүтээлчийн, нийгмийн хүний хувьд хүлээсэн үүрэг гэж ойлгодог.
Мөн энэ онд Испани улсын Мадрид хотод миний томоохон яруу найргийн ном хэвлэгдэнэ. Түүний зэрэгцээ өнгөрсөн онд Унгарын их сургуулийн эрдэмтэд миний ном, бүтээлийн орчуулга дээр ажилласан. Тэр ном оюутнуудад сурах бичиг, унших бичиг байдлаар хүрэх юм билээ. Ийм ажлууд өрнөх байх.
-Та дэлхийн яруу найргийн дээд шагналтай хүн. Тэгэхээр Монгол яруу найраг ер нь дэлхийн дэвжээнд ямар байна вэ?
-Дэлхийн яруу найргийн шилдэг уран бүтээлийн“Алтан титэм” гэдэг шагнал байдаг. Энэ шагналыг надад олгосон л доо. 21 дүгээр зууны гарааны жилүүдэд утга зохиол, соёл урлагийн бүх салбарт дэлхийн нүд, чихэнд хүрсэн үйл явдлууд ихээхэн болж байгаа. Энд Монголын уран зохиолын бүх цаг үеийн бүтээлүүдийг дэлхий дахинд таниулахад чиглэх “юм” хийж байгаа.
Тухайлбал, дэлхий нийтийн урлаг, соёлынай сав дотор Аман зохиолын дурсгалууд тэр дундаа “Монгол тууль”танигдаж, дэлхийд гайхагдаж эхэллээ. Үүнтэй адил үндэсний уран зохиолынхоо бүх цаг үеэ дэлхийд танилцуулах гарц, боломж ч нээгдсэн.
Монголчуудын зохиол бүтээл дэлхийн сонгодог “зэрэг”-ээс дутахгүй. Энэ “юм”-аа бид сайтар танилцуулж, зэрэг дараалалд нь оруулж, сэнтийд нь залах л ёстой.
-Таны багадаа авч байсан хамгийн дурсгалтай бэлэг юу байв?
-Биднийбага ахуйд амттан шимттэн ховор л доо. Настай улс хүүхдийн бэлгэнд зориулж боов хайрдаг, түүн дээрээ ганц нэг ёотон “үсэргэчихэд” бас л гоё харагддаг байлаа. Хааяа нэг айл еэвэн өгдөг. Энэ бол онцгой юм. Хичээл сургууль цуглахаар сумын төв орж айл хэснэ. Үүгээр тухайн жилд хэрэглэх дэвтэр, харандаагаа олчихдог байлаа даа. Бидний үед настай хүмүүсийн хэлдэг зүйл гол нь хүүхдийн алгыг дээш харуулж, гар дээр нь “юм” тавьж баярлуулах л чухал гэдэг байсан даа. Түүнээс биш их юм өгөхдөө гол биш л байж.
-Сар шинээр танайхан олуулаа цуглав уу. Ач зээ хэд хүрч байна?
-Олуулаа. Хүүхдүүд, хамаатан садан, шавь нараас эхлээд миний салбарын нөхөд гэр дүүргэнэ. Ач, зээ нийлээд 10 хүрч байна.
-Та Монголын хойч үед хандаж юу хэлэх вэ?
-Эцэг өвгөдөөс бид эх хэл, түүх шаштир, утга зохиол, ахуй соёлоо өвлөж авсан. Энэ бүхнийг л цагийн саадаас ажралгүй үр ачдаа болоод Монголын бүх залуусдаа үлдээхийн төлөө явна. Хамгийн гол нь хүүхдүүд минь эх монгол хэлээ зөв сайхан эзэмшээрэй, хичээл зүтгэлээ зориулаарай. Тэр суурин дээр бид өвлүүлэх, үлдээх ёстой зүйлээ хийж чадна.Монголын гал голомт тулгандаа байхын сацуу сэтгэл дотор чинь байх учиртай юм шүү.
-Таагүй зүйл хэлэхэд, цахим хэрэглээ ба бидний үнэт зүйл, соёл зөрчилдөх болсон. Үүнийг та хэрхэн харж байна?
-Би “Чулуун хүн ба интернэт” гэж шүлэг бичиж л байлаа. Ер нь техник технологийн дэвшил, даяарчлалын зарим зүйлийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Гэхдээ хэрэглээгээ л тохируулах ёстой байх.Энэ дундаас нүүдэлч, малчдын ахуйг уламжлалт зан заншил, амьдралын хэв маяг, дүр төрхтэй нь тэр дотор орших бүх язгуур зүйлийг нь хадгалж авч үлдэх л ёстой. Хэтэрхий цаг завыг интернэт рүү хандуулчихвал бүх зүйл дээр хор хөнөөл болно. Энд тэнцвэрийг л их зөв зохистой барихад хүн бүр санаагаа чилээх хэрэгтэй дээ.
-Санаа сэтгэлдээ байнга авч явдаг өөрийн мөртүүдээсээ ярилцлагын төгсгөлд хэлж өгнө үү?
-“Уруул давсан дуу
Уул давдаг
Уул давсан дуу
Дэлхий тойрдог...”
“Атийж суугаа хүний дээр
Аргийн чинээ тэнгэр байдаг
Дуулж яваа хүний дээр
Дуулим их тэнгэр байдаг юм шүү...”
-Баярлалаа.
Г.Мэнд-Ооёо: Монголчуудын оюун санааны “сэргэн мандалт” эхэлж байна | ||
Үзсэн: 3751 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.