“Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” гэх зарчим Монголын хөрөнгийн зах зээлд дутагдсаар ирлээ. Олон нийтийн тодотголтой компаниуд нэмэгдэж буй ч зах зээлийн нөөц бололцоо ханаагүй. Он гарсаар хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох нөөц бийг МИК, “Монгол шуудан” компанийн IPO харуулсан. Үүн дээр мэдээлэл технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай түүлс” компани олон нийтэд харьцаагаа санал болгохоор зэхэж буй. Гэвч хөрөнгийн зах зээлийн тоглолт хязгаарлагдмал нөхцөлд өрнөж байна. Үүнийг олон нийтийн оролцоо бага байгаатай холбодог ч, эсрэгээрээ хөрөнгө оруулагчдын сэтгэлд нийцэх бүтээгдэхүүн дутагдсан хэвээр. Тиймээс хөрөнгийн зах зээлд дотоодын компаниудын оролцоо, тэр дундаа лидерүүдийн манлайлал дутаж буй. Хөрөнгийн зах зээл бол цэвэр итгэлцэл. Тэр утгаараа компаниуд олон нийтийн тодотголыг ил тод байдлын шалгуураар авдаг. Энэ зарчмыг баримтлах нь тухайн компани төдийгүй, нийт эдийн засагтаа өгөөж өгдөг болохыг дэлхийн тэргүүлэх эдийн засагтай улс орнуудын туршлагаас харж болно.
Хэдийнэ хөгжилд хүрчихсэн орнуудын эдийн засгийг шинжихэд хөрөнгийн биржийнх нь голлох индексыг харахад л бол оо. Учир нь тухайн улсын хөрөнгийн биржид цар хүрээгээрээ хамгийн том, нэр хүнд бүхий компаниуд нь бүртгэлтэй байдаг бөгөөд олон нийтийн оролцоотойгоор үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, АНУ-ын хөрөнгийн биржийн голлох индекс буюу S&P500 индекс нь хамгийн том 500 компанийн эдийн засгийн байдлыг илэрхийлдэг бол Европын хамгийн том 100 компанийг FTSE100 индексээр дүгнэж болно. Японы Nikkei225, Хонгконгийн Hangseng индекс ч үүнийг илэрхийлдэг. Дээрх хөрөнгийн биржид хувьцаа нь арилжиж буй компанийн үйл ажиллагаа, томоохон гэрээ хэлцэл, удирдлагын мэдэгдэл, үйл ажиллагааны төлөвлөгөө, түүний биелэлт нь олон нийтэд ил байдаг. Түүнд үндэслэж хөрөнгө оруулах эсэхээ шийддэг. Тиймээс гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахад хамгийн том нөлөө үзүүлдэг зүйл бол хөрөнгийн зах зээл. Түүнд оролцож буй компаниудын ил тод байдал юм.
Харин манайд
Монголын биржийг бараагүй лангуутай зүйрлэх нь олон бий. Бараагүй учраас хөрөнгө оруулагч байдаггүй. Эсрэгээрээ манай компаниуд хөрөнгө оруулалтад дуртай. Гэвч тэд байгаа нөхцөл бололцоог ашиглалгүй ирсэн болохыг “Сүү” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга хэлжээ. Тус компанийн ТУЗ хэдхэн хоногийн өмнө хувьцааныхаа төвлөрлийг багасгахын тулд нэг нэгжийг нь 1000 дахин хуваахаар шийдвэрлэсэн. Ингэснээр компанийн хувьцааг олон жижиг эзэмшигч хүртэх боломж бүрдэнэ. Улмаар 150 мянган төгрөгийн хувьцаа ердөө 150 төгрөг болж, эрэлт нь өсөх юм. Олон хувьцаа эзэмшигчтэй, биржид хувьцаа нь идэвхтэй байх нь компанийн нэр хүндэд эерэг нөлөөлөх бөгөөд компанийн зах зээлийн үнэлгээг өсгөж, гадаадын банк санхүүгийн байгууллагуудтай харилцахад давуу талтай аж. Гэхдээ тус компанийн хувьцаа хуваах асуудал тодорхой хугацаагаар хойшлоод байгаа юм. Б.Гантулга “Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй байгаа дийлэнх хувьцаат компаниуд уламжлалт зарчмаар ажилладаггүй. Үүний гол шалтгаан нь хувьцаат компанийн үндсэн шаардлага, давуу талыг мэдэхгүй, ойлгохгүй байна. Мөн дотоодын компанийн эздийн гаргадаг нийтлэг алдаа нь энэ бол 100 хувь минийх гэдэг байдлаар хардаг.
Ашигтай ажиллавал ашгаа өөрөө ганцаараа авна гэж үздэг. Гэвч компанийн санхүүгийн тайланг задлаад харахаар дотоодын компаниуд 80 хувь нь бараг өнөөдөр олж байгаа ашгаасаа илүү их санхүүгийн зардал, хүүгийн зардал, ханшийн зөрүү гэх мэтэд алдаж байгаа. Түүнийг мэдэхгүйгээр ашгаа 100 хувь аваад байна гэж ойлгодог. Гэтэл ашгаа авахаасаа өмнө санхүүгийн зардал дээрээ асар их ашгийг банктай хувааж байгаа гэдгээ ойлгоогүй л байна. Энэ байдал удаан үргэлжлэхгүй, бизнес эрхлэгчид 25 жил алдсан. Харин одоо алдахгүй байлгүй дээ. Банк зээл олгохдоо барьцаа авч эрсдэлгүй болгож байдаг. Харин бизнесээ, төлөвлөсөн ажлаа хийгээд ашиг оллоо, түүнээс зээлийн хүүгээ төллөө гэхэд үлдсэн хэсэг нь л таны ашиг болж ирнэ. Хэрэв ямар нэг байдлаар зээл авч, төлөвлөсөн ажлаа хийж чадахгүй болоод таны бизнес бүтэлгүйтвэл банк барьцаалсан хөрөнгөө буцаан авч эрсдэлгүй болно. Харин компани бүх хөрөнгөө хураалгаад эрсдлээ өөрөө үүрдэг. Тэгвэл олон нийтийн өмчлөлтэй хувьцаат компани болсноор эрсдлээ нийтээрээ үүрнэ. Баланс дээр зардал гэж тусдаг байсан зүйл ашиг болж тусдаг болно. Ногдол ашиг болоод хуваарилагддаг болно. Хувьцаат компани хөрөнгийн зах зээлээс ихээхэн хөрөнгө оруулалт татах боломжтой. Товчхондоо урт хугацааны хөрөнгө оруулалтыг хувьцаа гарган татаж, харин богино хугацааны эргэлтийн хөрөнгийг банкны зээлээр шийдэх боломж байна” гэжээ.
Бараагүй лангуу
Түүний хэлснээр компаниудын гаргадаг алдаанаас болж хөрөнгийн захын хувьцааны арилжаа муудаж буй. Нэг этгээдэд төвлөрсөн хувьцаа нь ихэнх томоохон хувьцаат компанид 90-ээс дээш хувьтай байгаагаас зах зээлд эрэлт нийлүүлэлтийн зарчмаар үнэ бодитой тогтох боломж гарахгүй байгааг мэргэжилтнүүд хэлдэг. Ингэж хэдхэн тоглогчийн гарт том хөзрүүд төвлөрөх нь зах зээлд үнэ нь өсөхөд нөлөөлж, хэт өндөр үнэтэй хувьцааг олон нийт худалдаж авах магадлал буурч байгаа юм. Гэтэл үүний оронд хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд арилжааны банкны 24 хувийн хүүтэй зээлийг сонгож буй. Ингэснээр хүүгийн зардалд алдагдал хүлээж, цаашлаад хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах нөхцөлийг хязгаарлаж байгаа юм. Тодруулбал, Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд 66 хувийнх нь хувьцааны төвлөрлийн хэмжээ 80 хувиас дээш үзүүлэлттэй байна. Голлох компаниудыг багтаасан II ангиллын хувьцааны төвлөрлийн дундаж үзүүлэлт 83.52 хувь байгаа бол сулхан үнэлгээтэй III ангиллынх 81.45 хувьтай гарчээ. Дээрх хоёр ангилал бол Хөрөнгийн биржийн цөм юм.
Одоогийн Хөрөнгийн биржийн өнгийг тодорхойлж буй “Говь”, “Сүү”, “Шивээ-Овоо”, “Тавантолгой”, “Багануур” зэрэг нь олон нийтийн тодотголтой компаниуд дундаа зах зээлийн үнэлгээгээрээ хамгийн том нь. Харин хөрөнгийн биржид бүртгэлгүй “Эм Си ЭС”, “Монголын алт”, “Петровис”, “Мобиком”, “Гацуурт” зэрэг Монголын толгой компаниуд хаалттай хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс хөрөнгийн зах зээлд оролцох боломжгүй бөгөөд хөрөнгө оруулагчдын шаардлагыг хангадаггүй. Хэрэв үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн дээрх компаниуд олон нийтийн тодотголтой болж, хувьцаагаа нээлттэй арилжаалбал эрэлт өндөр байх магадлалтай болохыг судлаачид онцолдог байна. Угаасаа “Эм Си ЭС”, “Монголын алт”, “Юнител” зэрэг компанийн хөрөнгө эзэмших дуудлага худалдаанаас хэн гар татах билээ. Харин эдгээр хөрөнгийн эздэд “нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө” гэх зарчим л үгүйлэгдэж байна.
Нийт нь нэгийн төлөө, нэг нь харин... | ||
Үзсэн: 2387 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.