Шууд Chart

Биржийн улаан өдрүүд

2016-04-21 11:25:50

Үнэт цаасны арилжаа 62.2 тэрбум төгрөгөөр буурсан болохыг Монголын хөрөнгийн бирж энэ оны эхний улирлын тайландаа тусгажээ. Эхний улирлын байдлаар хөрөнгө оруулагчид 49.5 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна. Өнгөрсөн оны эхний улиралд Хөрөнгийн биржээр 111.7 тэрбум төгрөгийн арилжаа хийж байсан юм. Хэдийгээр үнэт цаасны үнийн дүн буурсан ч арилжсан үнэт цаасны тоо ширхэг өссөн. Тодруулбал, өнгөрсөн оныхоос 2.6 дахин өссөн үзүүлэлттэй гарав. Уг нь арилжсан үнэт цаасны тоо хэмжээ өсөхийн хэрээр хөрөнгийн зах зээл тэлэх учиртай. Гэвч хөрөнгийн зах зээлийн чиг хандлагыг илэрхийлдэг Топ-20 индекс өмнөх оны мөн үетэй  харьцуулахад 15.37 хувиар буурч, 11082.62 нэгж болсон.

Мөн зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа хувьцаат компаниудын үнэт цаасны нийт үнэлгээ 1.29 их наяд төгрөг болж, нэг хувиар буурчээ. Үүнийг 1000 нэгжээс тооцож эхэлсэн нийт зах зээлийн үнэлгээ буюу MSE All индекс анх удаа 700 руу орсон бууралт илтгэв. Ийнхүү зах зээлийн үзүүлэлт буурахад уул уурхайн компаниудын үнэлгээ 50-иас дээш хувиар унасан нь голлон нөлөөлжээ. Тухайлбал, “Тавантолгой”-н нэгж хувьцааны ханш 76 хувиар унасан бол “Могойн гол”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” зэрэг компанийн хувьцаа 50-60 хувиар буурсан байна. Дээрээс нь “Монголын цахилгаан холбоо”, “Бөөний худалдаа” зэрэг худалдааны салбарын компаниудын хувьцаа ч 50 орчим хувиар унажээ. Харин АПУ, “Сүү” зэрэг өргөн хэрэглээний, тэр дундаа хүнсний салбарын компаниудын хувьцаа өссөлттэй гарсан.

Гэвч олонх компанийн үнэлгээ буурч байгаа нь эдийн засаг халуурч, компаниудын зах зээлийн үнэ цэнэ буурч байгаатай шууд холбоотой. Хөрөнгийн зах зээл тухайн эдийн засгийн өнгийг илтгэдэг. 2014 оны сүүлчээс тасралтгүй буурч байсан хөрөнгийн захын үзүүлэлтүүд өнгөрсөн жил сэргэсэн ч эхний улирлын байдлаар байдал бүр дордов. “Маркетинфо”-гийн шинжээчид өнөөгийн хүндрэлийг 2008 оны хямралтай дүйцүүлсэн байх юм. Ингэхдээ “2011 оны өндөр өсөлтөөс хойш тогтмол унаж буй хандлага, ялангуяа, эрдэс түүхий эдийн үнэ унасан, дотоодын улс төрийн нөхцөл байдлаас үүдэлтэй уул уурхайн салбарын хүндрэл нь хөрөнгийн зах зээлийн томоохон компанийн хувьцааны ханшид илүүтэй нөлөөлж, тэдгээрийн ханш 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын үеийн хэмжээнд дөхлөө” гэжээ. Хамгийн гол нь энэ удаагийн богино хугацаанд үзүүлсэн уналт нь 2008-2010 оны хоорондох 2-3 жил үргэлжилсэн ханшийн уналтын төвшинтэй ижил хэмжээнд байгаа аж. Эхний улиралд 90 компанийн үнэт цаас  арилжсанаас 26 хувьцааны ханш өнгөрсөн оныхоос өсч, эсрэгээрээ 61-ийнх унаж, гурван компанийн хувьцаа ханшаа хадгалсан нь хөрөнгийн зах зээлд улаан гэрэл асаав.

Нийт арилжааны 15.8 хувийг хувьцаа эзэлж, 84.2 хувийг Засгийн газрын бондын анхдагч болон хоёрдогч арилжаа эхний улиралд дангаараа бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгийн зах зээл Засгийн газрын бондын арилжаанд  тогтож байна гэсэн үг. Засгийн газрын бондын анхдагч зах зээлийн арилжаа 12 удаа болж, 37.4 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өнгөрсөн оныхоос мөн л  буурсан үзүүлэлт. Энэ нь хамгийн баталгаатай, өндөр хүүтэй зэргээс шалтгаалан харьцангуй эрэлттэй байсан энэ төрлийн бондоос хөрөнгө оруулагчид гар татах болсныг илтгэж байна. Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар өнгөрсөн сард 1.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн нь өмнөх сарынхаас 74.6 хувиар буурсан дүн юм. Учир нь хөрөнгө оруулагчид гурван сар буюу бага хугацаатай бонд худалдаж авах хүсэлтэй байгаа бол Сангийн яамны зүгээс урт хугацаанд эргэн төлөх сонирхолтой байгаа. Харин хувьцааны арилжааны 88.9 хувийг IPO,  үлдсэн 11.1 энгийн арилжаа бүрдүүлсэн байна.

Өмч хувьчлалын хүрээнд гаргасан “Монгол шуудан” ХК-ийн 6.26 тэрбум төгрөгийн IPO нийт хувьцааны арилжааны үнийн дүнгийн 74.9 хувийг эзэлжээ. Тиймээс энэ онд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хийхээр төлөвлөсөн өмч хувьчлал хөрөнгийн зах зээлийг сэргээх магадлалтай аж. Хувьчлах төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын жагсаалтад нийгмийн суурь дэд бүтцийн аж ахуйн нэгжүүд багтсан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Тухайлбал, Дархан, Эрдэнэтийн, нийслэлд дулааны II, III, IV цахилгаан станцын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах ажил өрнөж байгаа.

Уул уурхайн компаниудаас их хэмжээний нөөцтэй нүүрсний ордын лиценз эзэмшигч “Шивээ-Овоо”, “Багануур” компанийн 49 хувьтай тэнцэх хувьцааг хөрөнгийн зах зээл гаргах юм. Мөн “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн 10 хувийг ажиллагсдад, үлдсэн хувийг хөрөнгө оруулагчдад санал болгох, “Монголын цахилгаан холбоо” компанийн төрийн эзэмшлийн хувьцааг БНСУ-ын хөрөнгө оруулагчдад санал болгох, татгалзсан тохиолдолд биржээр нээлттэй худалдаалах зэрэг хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах хувьчлал хүлээгдэж байна.

 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Биржийн улаан өдрүүд  
Үзсэн: 3713 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-04-21 21:38
Yaandaa yan

Бидэнтэй нэгдээрэй